Зайлшгүй Нуралт: Захиргаадалтын Тогтолцоо

Зайлшгүй Нуралт: Захиргаадалтын Тогтолцоо

Сүүлийн үед, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаа нь захиргаадалтын тогтолцоо руу буцаж байна. Захиргаадалтын тогтолцоо нь өөрийн онцлог шинж чанар, дотоод зөрчилтэй байсан бөгөөд явуургүй болж нуран унасан түүхтэй. Гэсэн хэдий ч, түүнийг сэргээх хүсэл эрмэлзэлтэй, тодорхой ашиг сонирхлын бүлэг байж болох юм.

Захиргаадалтын Тогтолцооны Мөн Чанар
Захиргаадалтын тогтолцоо нь туйлын төвлөрсөн, босоо удирдлагатай, иерарх бүхий удирдлагын систем юм. Нийгмийн сайн сайхныг тунхаглаж байсан хэдий ч бодит байдал дээр өөрийн дотоод логик, ашиг сонирхлоор хүнд суртлын хүчирхэг аппаратад хувирч, өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэдэг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцааны агуулгаар нөхцөлдсөн, төрийн бүтэц юм. Энэхүү бүтэц тогтолцооны үндсэн үүрэг нь захиргаадалтын систем, түүний эздийн эрх мэдлийг гуйвалтгүй хамгаалах, бататгах явдал юм.

Уг системийн амин сүнс нь төвлөрсөн шийдвэр, чанд гүйцэтгэл гэдэг бөгөөд дээрээс ирсэн тушаал, шийдвэрийг эргэлзээгүй, үг дуугүй, шуурхай биелүүлэх, үүнийг тулд бүх эрх мэдлийг төвд, нэг гарт төвлөрүүлэх тухай юм. Түүний зарим нэг давуу тал нь дайчилгааны мөн цэрэг дайны эдийн засгийн үед илэрч байсан. Дайчилгааны эдийн засаг нь богино хугацаанд хүн, үйлдвэрлэл, санхүү зэрэг байж болох бүхий л нөөцийг “чинэртэл нь шахаж”, асар их хүчин чармайлтаар эргэлтэд оруулдаг, эдийн засгийн үр ашгийн ашгийг хойш тавьдаг онцлогтой. Төвлөрсөн төлөвлөгөө, дээрээс ирж буй шийдвэрийн зөв бурууг шүүх эрхгүй, системд чин үнэнч байдлаа тасралтгүй илэрхийлж байх учиртай удирдлагууд зөвхөн системийн төлөө зүтгэхээр амьдрал ахуй нь зохион байгуулагдана. Тушаалыг эргэлзээгүй, үг дуугүй дагах доод шатны ажилтны үүрэг. “Ангийн дайсанд” өрөвч сэтгэл гаргах, хүн чанар харуулах тухай санах ч ёсгүй, тэднийг устгах, алж хядахдаа бэлэн гүйцэтгэлийн сахилгыг хангах үүрэгтэй бүхэл бүтэн залхаан цээрлүүлэлтийн арми ажиллана. Нэг ёсны фанатууд юм.

Гүйцэтгэлийг хангах үндсэн хэрэгсэл нь тотальный хардлага, айдас, дарамт ачаалал байдаг. Үүнээс үүдэн хүн хоорондын энгийн харилцааг албан ёсны формаль харилцаагаар орлуулна. Хэн нэгний үг, үйлдэлд байнга сэрэмжлэн, хардах нь түгээмэл. Матаас түгээмэл. Доод шатны ажилтны алдааны төлөө дарга нь хариуцлага хүлээдэг тул их дарамттай. Дарга сайд нь өөрийн хариуцсан салбарын бүх нарийн ширийн, өдөр тутмын асуудалд заавал оролцож хутгалдаж байхаас өөр аргагүй. Стратегийн хөгжлийн чанартаа асуудлыг анзаарах боломж хомс учраас олон чухал асуудал орхигдож, удирдлагын үр нөлөө буурна. Ажлын тэр их ачаалал дарамтыг давах, хамаг анхаарал хүч чадлаа системийн төлөө зориулах боломж олгох үүднээс дарга нарыг ахуйн чанартай асуудлаас чөлөөлсөн тусгай хангамж, онцгой эрх (тусгай дэлгүүр, орос дэлгүүрийн үнэмлэх) эдлүүлнэ.

Энэ тогтолцоонд хүний амь нэг их үнэтэй зүйл биш. Тиймээс “хүн байхгүй бол асуудал байхгүй” гэсэн Сталины зарчим үйл ажиллагааны нэг удирдамж болно.

Хүнд суртал нь энэхүү тогтолцооны цөм, мөн чанарыг бүрдүүлдэг аппарат юм. Гэхдээ хүнд суртал нь, яваандаа, үндсэн тогтолцооноос хараат бус болж, өөрийн зүй тогтол, эрх ашгийн дагуу орших систем байдаг. Хүнд суртал нь маш нарийн эрэмбэ, зохион байгуулалттай, үйл ажиллагааны олон жил туршигдсан практиктай, өршөөлгүй шинжтэй. Сталины үеэс захиргааны тогтолцоо нь өөрөө хүнд суртал болж хувирсан бөгөөд энэ аппарат нь өөрөө үйлчлэх ёстой нийгэм-эдийн засгийн хүчнээс тусдаа орших болсон. Хүнд суртал нь өмчлөлийн харилцаа, шинж чанарыг хувиргаж албан ёсоор нийгмийн боловч үнэндээ хэнд ч харьяалагддаггүй, эзэнгүй өмчийг буй болгон захиран зарцуулах эрхийг эдэлдэг байсан юм.

Захиргаадалтын системийн явуургүй байдлын шалтгаанууд
Захиргаадалтын систем нь гадна талаасаа логиктой, зохион байгуулалттай харагдаж байсан ч түүний дотоод зөрчил, бүтцийн гажуудал нь түүнийг сөнөөсөн.

Энэхүү тогтолцоо нь хувь хүнийг “машины эрэг шураг” мэт үзэж, сэтгэл зүрх, хүсэл эрмэлзэлгүй дуулгавартай дагах албатууд байхыг шаарддаг байлаа. Гэтэл хүн өөрийн гэсэн үзэл бодол, сэтгэл хөдлөлтэй амьд бодгаль юм. Улаан хувьсгалын ямар ч “улаан фанат” хэн байсан ч гэсэн дотоод сэтгэл ба албан тушаалын эрх ашгийн шаардлагын зөрчил тэмцэлд байнга өртөж байжээ. Дийлэнхдээ албан тушаалын “ажлын эрх ашиг” нь ялна. Дотоод зөрчилд байнга өртөж, сэтгэл зүйн аймшигт дарамтыг тэсэн гарах арга нь ихэвчлэн өөрийн бодлоос бүрмөсөн татгалзах, үзсэн ч үзээгүй, сонссон ч сонсоогүй, зөвхөн нам засгийн мэргэн бодлого гэдгээр бүхнийг зөвтгөх байр суурь байв.

Хувь хүн иймэрхүү ачааллыг удаан тэсэхгүй нь ойлгомжтой бөгөөд кадрыг ротаци хийх, ойр ойрхон солин шинэчлэх нь нэг шийдэл байв. Хувьсгалын анхдагч нар ертөнцийн жамаар цөөрөх хирээр дараагийн шинэ үе гарч ирэх болгондоо чанар чансаа нь доройтож, давжаарсан субьектууд олширно. Зовлон зүдүүр, үг даах нэгэн цөөрнө. Томилгооны систем нь чадварлаг мэргэжилтнүүдээс гэхээс илүү дуулгавартай, үнэнч “цүнх баригчдыг” шаардаж, үүний үр дүнд шинэ удирдагчид өмнөхөөсөө дордсон, шийдвэр гаргах чадвар муутай хүмүүс болж, субъективизм газар авч эхэлсэн захиргаадалтын систем шууд үр дагавар юм.

Айдсын механизм нь захиргаадалтын тогтолцооны салшгүй хэсэг байв. Системийн логик нь “хянагчдыг хянаж” байх ёстой гэсэн зарчимд тулгуурладаг байсан нь хүчирхийллийн тойрог үүсгэдэг байв.
Фридрих Хаек төвлөрсөн төлөвлөгөөт систем бүтэлгүйтнэ гэдгийг тайлбарлахдаа – хэдэн зуун сая хүний хуримтлуулсан, түгээсэн, нуусан хаасан мэдлэгийг ямар ч төвлөрсөн эрх мэдэл цуглуулж, боловсруулж чадахгүй, боломжгүй гэсэн байдаг. Ганц жишээ татахад, 1980-аад оны үеийн компьютерыг ашиглаад Зөвлөлтийн эдийн засгийн төлөвлөгөөг оновчтой байлгах тооцоолол хийхэд 10^93 жил шаардагдах байсан гэдэг тооцоо байдаг бөгөөд энэ бол бидний орчлон ертөнцийн наснаас хавьгүй урт хугацаа юм. Хэчнээн суут ухаантныг дээд зэргээр дайчлав ч энэхүү мэдээллийн дутагдал хэрэгцээт бараа ажил үйлчилгээний бүрэн хомсдолыг буй болгосон. Унгарын эдийн засагч Янош Корнай тодорхойлсон алдарт “хомсдолын эдийн засаг” ингэж буй болсон.

БНМАУ хувьд өргөн тархсан хомсдол, барааны гачигдал хэвийн үзэгдэл байв. Дангаараа 70 гаруй жил засгийн эрхийг атгаж байсан МАХН эх сурвалжуудад “бүх юм” хомсдол, гачигдалд өртөж байсан тухай хүлээн зөвшөөрсөн байдаг (МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он.). Шүдний оо, саван зэрэг энгийн хэрэглээний зүйлс хүртэл ховор байжээ (МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он.). Хүмүүсийн мөнгөн орлого өссөн хэдий ч, түүнийгээ зарцуулах боломжгүй байсан нь хэрэгцээт бараа, төлбөрт үйлчилгээ хангалттай байхгүй байсантай холбоотой байв (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он.). Үйлдвэрүүд материалын хомсдолоос болж зогсох, энгийн өргөн хэрэглээний бараа байхгүй болох нь хэвийн үзэгдэл болж байсныг эрх баригч нар албан ёсоор хүлээн зөвшөөрч байв. (МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он.). Энэ нь төвлөрсөн төлөвлөгөөт, захиргаадалтын бүтэлгүйтлийг илтгэнэ.

Принципал-Агент Асуудал гэж байдаг. Энгийнээр эзнийхээ ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй агент нь тэр болгон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэдэггүй тухай юм. Эзэн нь төлөвлөгөө үг дуугүй биелүүлэх үүрэг өгөхөд агент нь үйлдвэрлэлийн ашигт ажиллагаа, чанарыг хөсөрдүүлэхээс өөр аргагүй байдал ордог байсан нь захиргаадалтын системийн гажиг билээ. Зөвхөн тоогоор хөөцөлдөх, бодит хэрэгцээнээс илүү их нөөц, ажиллах хүчийг нөөцлөх, амжилттай харагдахын тулд худал статистик мэдээллийг мэдээлэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд саад болж болох шинэчлэлээс зайлсхийх зэрэг нь гэм биш зан болсон юм.

Тухайлбал, Харвардын Абрам Бергсоны судалгаагаар 1970-аад он гэхэд Зөвлөлтийн эдийн засаг ижил төстэй гарц үйлдвэрлэхийн тулд өрнөдийн эдийн засгаас 2.1 дахин илүү орц зарцуулдаг байж. Дэлхийн Банкны судалгаагаар 1985 он гэхэд дундаж Зөвлөлтийн ажилтан дундаж Америкийн ажилтны 1,959 цагт үйлдвэрлэдэг зүйлийг 4,304 цагт үйлдвэрлэж байсан бөгөөд энэ нь бүтээмжийн 54%-ийн зөрүү юм.
Захиргаадалтын тогтолцооны үед хөрөнгө оруулалт болон улсын өмчийн үр ашиггүй байдал Монголд газар авсан тухай тухайн үеийн эрх баригчид албан ёсоор мэдэж байсан ч юу ч хийж чадаагүй юм.

Тухайлбал, МАХН зарим бүгд хурлын материалд дурдахдаа: Их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч улсын өмчийн үр ашиг тасралтгүй буурч, ноцтой хохирол учруулж байна (МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он., МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он.). Энэ үр ашиггүй байдлын нэг тод илрэл нь дуусаагүй барилгын хэмжээ өсөж байсан явдал юм. Өөрөөр хэлбэл, ашиглалтад орсон барилга, хүчин чадал нь нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс хол хоцорч байв (МАХН-ын Төв Хорооны 9 дүгээр бүгд хурал, 1984 он., МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он., МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он.). Жишээлбэл, жилийн хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь дуусаагүй үйлдвэрийн хэлбэрээр он дамждаг байна (МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он.), мөн эрчим хүч, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн салбарт дуусаагүй барилгын хэмжээ эдгээр салбарын жилийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс ч давж байлаа (МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он.). Үргүй зарцуулагдсан хөрөнгө оруулалтын тодорхой жишээнүүдээс дурдвал: 500 гаруй сая төгрөгөөр баригдсан 141 услалтын системийн ихэнх нь төсөлд тусгагдсан хүчин чадалдаа хүрээгүй бөгөөд 1987 онд тэдгээрийн 60% нь алдагдалтай ажиллаж байна (МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он.). Зарим услалтын систем, мал бордох аж ахуйнууд их хэмжээний хөрөнгөөр баригдсан боловч алдагдалтай ажиллах буюу бие дааж ажиллах чадваргүй болж, нэгдэл, сангийн аж ахуйг санхүүгийн хувьд хүндрүүлж байна (МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он.). Их хөрөнгөөр баригдсан олон барилга байгууламж муу ашиглагдах буюу огт ашиглагдахгүй байна (МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он.). Хэнтий аймгийн Биндэр суманд 2 жилийн өмнө 2 сая гаруй төгрөгийн өртгөөр барьсан 400 үнээний энгийн фермийг одоог хүртэл ашиглаагүй байна (МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он.). Намагжуулсан бэлчээр сайжруулах ажилд зориулан 10 гаруй сая рублийн техник тоног төхөөрөмж авч ирсэн боловч ашиглаж чадахгүй байна (МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он., МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он.). Чанар муутай баригдсан хашаа, худаг их хэмжээгээр жил бүр актлагдаж байна (МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал, 1987 он.). Тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын үед төмс, хүнсний ногоо болон сүүний үрэгдэл хорогдол их гарч байсан (МАХН-ын Төв хорооны 10 дугаар бүгд хурал, 1985 он). Зарим албан тушаалтны буруугаар технологи зөрчиж, чанаргүй бүтээгдэхүүн гаргаж, барилгад нийлүүлсний улмаас барилгын чанарт гологдол гарч, улмаар эргүүлж нураах, улсын их хөрөнгө үрэгдэхэд хүрсэн тухай ноцтой баримт цөөнгүй байсан (МАХН-ын Төв хорооны 6 дугаар бүгд хурал, 1989 он.).

Улс орны хөгжлийг инноваци, техникийн дэвшил хангадаг. Захиргаадалтын систем эл салбарт ч мөн бүтэлгүйтэж, эдийн засгийн өсөлтийн чөдөр болж байсан билээ.

Шинэ санаа, инноваци технологийн дэвшил нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг бол төлөвлөгөө биелүүлэх үүрэгтэй улсын үйлдвэрийн хувьд ямар нэгэн эрсдэлтэй юмруу орохгүй байх, бүх юм нь тодорхой байх нь удирдлагын үндсэн сонголт байсан юм. Судлаачид болон салбар хоорондын мэдээллийн урсгал хязгаарлагдмал, хэн хаана юу санаачлан туршиж байгаа нь нууцын зэрэглэлтэй, шинэ санаануудыг хэрэгжүүлэхэд хүнд суртлын түмэн бэрхшээлийг даван ирэх 5 жилийн төлөвлөгөөнд тусгах зэрэг нь шинэ бүхний өмнө тавьсан захиргааны саад хориг юм. Бүтэлгүйтлийг хатуу шийтгэх хуультай учраас эрсдэл хийхээс зайлсхийх сэтгэлгээ давамгайлсан эдийн засаг дампуурах нь зүй ёсны юм.
Ганц жишээ дурдахад 1985 он гэхэд ЗХУ жилд ердөө 33 олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн патент бүртгүүлсэн бол Япон 17,400, АНУ-ын 16,500 бүртгүүлсэн байдаг.

Захиргаадалтын тогтолцооны үр ашиггүй байдал нь байгаль орчинд ноцтой хохирол учруулсан байдаг. Нөөцийн ховордлыг илэрхийлэх үнийн механизм байхгүй тул захиргаадалтын эдийн засаг нь байгалийн нөөцийг замбараагүй, хяналтгүй хэрэглэдэг байв. Дэлхийн Банкны тооцоогоор 1980-аад оны сүүлчээр ЗХУ нэгж эрчим хүч үйлдвэрлэхдээ Америкаас 2.4 дахин илүү ДНБ хэрэглэж байжээ. ДНБ-ий нэгж тутамд гангийн хэрэглээ нь зах зээлийн эдийн засгаас 4.3 дахин өндөр, хөдөө аж ахуйн гаралтын ДНБ-ны нэгж тутамд Баруун Европоос 3.7 дахин илүү ус хэрэглэж байжээ. Арга ядаад “Экономика должна быть экономной” гэсэн уриаг Л.И.Брежнев 1981 онд дэвшүүлж байхав даа.

Монгол улсад нөхцөл байдал туйлын гунигтай байсан юм. Социализмын амин сүнс болох социалист өмч ямар байдалтай байсныг МАХН бүгд хурлын материалаас уншиж болно. “Нүдний цөцгий мэт нандигнан хайрлаж” байх ёстой социалист өмч нь эзэнгүйдэж, үр ашиг нь тасралтгүй буурч байсан (МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он). Нийгмийн урагшлах хөдөлгөөнд саад болж байгаа харш үзэгдлүүдийн дотор өмч хөрөнгө үрэгдүүлэх явдал багтжээ (МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он). Шударга бус орлогоор амьдрагч зальт этгээдүүдэд идэж ашиглах, хулгайлах боломж олгох зэрэг зохисгүй үзэгдлийн эсрэг тэмцлийг бүх шугамаар хүчтэй болгох шаардлагатай байв (МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он).

Улс хоршооллын өмч хөрөнгийг янз бүрийн хэлбэрээр үрэгдүүлдэг, социалист өмчид хүйтэн, цэвдэг сэтгэлээр ханддаг байсан (МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он.) бөгөөд үүний эсрэг бүртгэл, хяналт, аж ахуйн тооцоог гол хэрэгсэл болгох ёстой (МАХН-ын Төв Хорооны 3 дугаар бүгд хурал, 1987 он).

Хоршоодын болон хувийн хөдөлмөр эрхлэх нэрийн дор зарим зальт этгээдүүд улсын өмч хөрөнгийг хямд үнээр авах, дамлах, завших зэрэг аргад шилжих бололцоог бүх талаар хориглох ёстой (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он), хөдөлмөрийн бус орлогоор амьдрах, социалист өмчийг бүрэлгэх, нийгмийн шударга ёсыг зөрчих зэрэг харш үзэгдлүүдтэй тэмцэх шаардлагатай гэж тунхаглаж байжээ (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он).

Социалист өмч эзэнгүйдэж, хуваарилалтад тэгшитгэл бий болж, хөдөлмөрөөр хуваарилах социалист зарчим алдагдаж, социализмын шударга ёс зөрчигдөхөд хүрсэн байдал (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он). Амин хувийн сонирхлыг нийгмийн сонирхлоос дээгүүр тавих нь социалист өмчийг үрэгдүүлэх, идэж шамшигдуулах, эрх тушаалаа хортойгоор урвуулан ашиглах зэрэг харш үзэгдлүүд гарах үүд хаалгыг нээхэд хүргэж байна гэж дүгнэжээ (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он). Хулгай, дамын наймаа хийх, хээл хахууль авах, өгөх, нийгмийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулах үрэгдүүлэх, албан тушаалыг хортойгоор ашиглах зэрэг гэмт хэрэг үйлдэх явдал байсаар байжээ (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он).

Сахилга, дэг журам, зохион байгуулалтын доголдлоос болж улс хоорондын улс хоршооллын өмч хөрөнгө үрэгдэх явдал цөөнгүй тохиолдож байв (МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он).
Улсын болон иргэдийн өмчийг хулгайлах, идэж ашиглах зэрэг аливаа харш үзэгдлийн эсрэг явуулах тэмцлийг улам хүчтэй болгох нь зүйтэй бөгөөд (МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он) эдийн засгийн алдаа хохирлын эзэн олдохгүй байх тохиолдол элбэг байсан юм (МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он). Хүүхдийг бага наснаас нь өмчид эзний ёсоор хандах хариуцлага үүргээс хөндийрсөн хүмүүс болгож (МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он), өмчийг эздээс нь салгаж захиргааны мэдэлд өгснөөр захиргааны гэж хэлж болох ганцхан хэлбэрийн өмчтэй болсон (МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он) тухай хэлхээс өөр аргагүй байдалд оржээ. Энэ нь зээл тусламжаар социализм байгуулах бодлогын үед тодорсон захиргааны өмчийн хэлбэр илрэл байв (МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он).

1990-д онд яаралтай өмч хувьчлал хийх, өмчийг ямар нэгэн байдлаар эзэнтэй болгох бодит шаардлагын тайлбар эндээс тодорхой харагдаж байна.

Авлига ба сүүдрийн эдийн засаг нь захиргаадалтын тогтолцооны шууд үр дүн билээ. Албан ёсны сувгууд иргэдийн үндсэн хэрэгцээг хангаж чадахгүй болсон үед албан тушаалтнууд хүртэл захиргааны хориг саад бэрхшээлд тойрон гарах арга замыг хайж эхэлсэн байдаг.

Тухайлбал, ЗХУ-д албан бус эдийн засаг (блат, по блату гэж нэрлэдэг, манайд – арын хаалга) нь өдөр тутмын амьдралд зайлшгүй, салшгүй нэг хэсэг болсон юм. Далд, сүүдрийн гэх эдийн засаг ДНБ-ий 10-15%-ийг эзэлдэг байсан гэсэн тоо явдаг байсан. Энэхүү сүүдрийн эдийн засаг нь төвлөрсөн төлөвлөлт, төрийн легитим чанарыг сулруулсан, улмаар захиргаадалтын системийг булшлах, системийн авилгыг бий болгосон юм. Системийг авч явах үүрэгтэй албан тушаалтнууд нь хамгийн нарийн ур чадвартай луйварчид болдог байв. Тэд байгуулж байгаа социализмдаа итгэдэггүй хэдий ч нийгмийг, ард иргэдээ үзэл суртлаар хахаж цацтал нь цутгадаг байсан. Аман дээр социализм, ах дүүгийн найрамдал, даян дэлхийд энх тайван гэх мэтээр майн 1 баяраар улайран орилдог байсан ч жинхэнэ сонголт нь америк джинс, кока-кола байсан юм.

Социалист Монголд хариуцлагагүйтэл, авлига, эрх мэдлийг урвуулан ашиглах албан бус байдлаар албажсан байсан. Мөн л эрх баригч МАХН-ын том дарга нар социалист өмчийг хайхрахгүй байх, үрэх, шамшигдуулах, албан тушаалыг урвуулан ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа тухай (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он.) хулгай, дамын наймаа, хахууль, хувийн ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалыг урвуулан ашиглах зэрэг үзэгдлүүд өргөн тархсан тухай (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он., МАХН-ын Төв Хорооны 11 дүгээр Бүгд хурал, 1985 он., МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он.) бүгд хурал дээрээ хэлэлцэж байжээ.. Ажил хийж байгаа дүр үзүүлээд хариуцлагаа бусад руу түлхдэг хүмүүстэй намын байгууллага болон хамт олон нь эвлэрдэг байсан нь ноцтой асуудал байжээ (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он.). Цаашлаад, ёс суртахууны эрхээ алдсан албан тушаалтнуудыг хуучин ажилд нь үлдээх буюу тэр хэмжээний ажилд шилжүүлдэг дутагдал газар авсан (МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он., МАХН-ын Төв хорооны 5 дугаар бүгд хурал, 1988 он.) энэ хариуцлагагүй байдал болон сөрөг үйлдлүүд системийн ерөнхий үр ашиггүй байдалд нөлөөлж, олон нийтийн итгэлийг алдагдуулж байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улс, нийгэмд учирсан хохирлын эзэн нь тодорхойгүй байсан нь байнгын асуудал байжээ (МАХН-ын Төв хорооны 7 дугаар бүгд хурал, 1989 он., МАХН-ын Төв Хорооны 8 дугаар бүгд хурал, 1990 он.). Энэ мэтчилэн шүүмжлэн ярьж байсан ч МАХН буюу өнөөгийн МАН засаж залруулах аргаа ололгүй 90 онтой учирсан юм.

Захиргаадалтын тогтолцооны аюул занал нь эдийн засгийн үр ашиггүй байдал, инноваци, хөгжил дэвшлийн сааталд хүргэж улмаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, дэлхий ертөнцөөс биднийг тусгайлна.

Түүхийн туршлага харуулснаар, захиргаадалтын тогтолцоо нь урт хугацаанд тогтвортой байх боломжгүй юм. Хэдийгээр богино хугацаанд үр дүнтэй мэт харагдаж болох ч, түүний дотоод зөрчил, бүтцийн гажуудал нь эцэстээ бүтэлгүйтэлд хүргэдэг. Эдгээр түүхэн алдаануудаас суралцахгүй, сургамж авахгүй бол үе үе давтагдах эдийн засаг, нийгмийн хямралуудыг бий болгох аюултай.

Захиргаадалтын системийг дахин сэргээх хүсэл эрмэлзэл
Захиргаадалтын тогтолцоо 1990 онд явуургүй болж дампуурсан ч түүнийг сэргээх, сэхээн амьдруулах хүсэл эрмэлзэлтэй ашиг сонирхлын тодорхой бүлгүүд өнөөг хүртэл оршсоор байна. Засгийн газрын үйл ажиллагаа энэхүү систем рүү аажмаар гулсан орж байгааг ажиглахгүй өнгөрч болохгүй. Яагаад ийм явуургүй систем рүү буцах хандлага байна вэ?

“Цаг сайхан байсан” мэтээр санагалзаж, захиргаадалтын арга барилыг нэг үе одоо болтол байгаа. Тэдний ой санамжид социализмын үеийн “баталгаатай байдал”, “үнэгүй үйлчилгээ, хямд үнэ” зэрэг үзэгдлүүд хадгалагдаж үлдсэн боловч тэр бүгд нь ямар үнээр олдож байсныг мэдэхгүй. Нөгөө талаас шилжилтийн үеийн бэрхшээлүүд, зах зээлийн эдийн засгийн тэгш бус байдал нь өнгөрсөн үеийг илүү гэгээтэй харуулж буй нь ил. Түүхэн ой санамжийн алдагдах тун аюултай. Цаг хугацаа өнгөрөх тусам захиргаадалтын тогтолцооны өдөр тутмын хүнд хэцүү бодит байдлыг шууд мэдэрч амссан хүмүүсийн тоо цөөрч байна. Шинэ үеийнхэн түүхийн бодит байдлыг мэдэхгүй, тиймээс тэднийг чиглэсэн үзэл суртлын суртал ухуулгад хүчтэй өрнөж байна.

Энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл гэж үгүй. Шилжилтийн үеийн хүндрэлүүд нь бидний олон арван жил буруу замаар будаа тээж байсны төлбөр юм. Зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоо руу шилжих үеийн хүндрэлүүд, алдаа оноо нь олон хүний АМЬ АМЬДРАЛ ХҮНД ТУССАН. Зах зээлийн тогтолцоонд учраа, “хөлөө олохгүй яваа” хүмүүс одоо я байгаа.
Гэхдээ өнөөгийн гажуудал, бүтэлгүйтлийн учир шалтгааны буруу дүгнэж болохгүй. Одоогийн нийгэмд тулгарч буй авлига, гүйцэтгэлийн сахилга бат алдагдах, үр ашиггүй байдал зэрэг асуудлуудыг олон хүмүүс “хяналт сул”, “чөлөөт зах зээл”-ийн уршигтай холбон дүгнэдэг. Гэвч К.Марксын “үхэгсэд үйлдэгсдийгээ чангаана” гэгчээр өнөөгийн асуудлуудын уг сурвалж, эхлэл нь захиргаадалтын тогтолцооноос үүдэлтэй бөгөөд нэг хэсэгтэй орших болно.

Нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хялбар арга замыг хайх нь захиргаадалтын тогтолцоог сэргээх үзлийг өөгшүүлнэ. Эдийн засгийг эдийн засгийн аргаар нь удирдах ёстой. Энэ нь цаг хугацаа тэвчээр шаардсан нөр их үйл хэрэг. Ажлаа түргэтгэх гээд, тэвчээр алдан захиргаадалтын аргыг сэргээх санаа сайд дарга нарт байж болно. Гэхдээ эцсийн дүндээ, захиргаадалтын систем нь хүний мөн чанар, эдийн засгийн бодит байдалтай зөрчилддөг, дотоодоосоо ялзарсан тогтолцоо гэдгийг санах ёстой. Түүний нуралт, сүйрэл зайлшгүй байсан ч түүний зарим элементийг сэргээх оролдлого нь өнгөрсөн үеийн сургамжийг мартсаны илрэл бөгөөд ирээдүйд ч үр дүнд хүрэхгүй нь тодорхой юм.

Эрх мэдэл ба хувийн ашиг сонирхол, шуналдаа дөрлөгдсөн нэг хэсэг захиргаадалтын тогтолцоог сэргээн түүн дотор онцгой эрх дарх, байр суурь эзэлж, ашиг хонжоо олох хүсэлтэй, тийм ч боломжтой. Ажил хэргийн мэдлэг ур чадвар гэхээс нутаг ус, хамаатан садан, нам гэх мэт холбоо хэлхээс үүсгэн, “цүнх барих” замаар карьер хийх боломжийг захиргаадалтын тогтолцоо олгож байдаг. Энэ нь эрх мэдэлтэй цөөн хүмүүст томоохон давуу талыг олгодог бөгөөд тэд өөрсдийн байр суурийг бэхжүүлэхийн тулд захиргаадалтын системийг дэмжиж, сэргээхийг эрмэлзэж, чөтгөрийн тойрогт автагдана. Захиргаадалтын тогтолцоо нь шийдвэр гаргах эрх мэдлийг цөөн хүмүүсийн гарт төвлөрүүлдэг. Энэ нь улс төрийн элитүүд болон тэдэнтэй холбоотой ашиг сонирхлын бүлгүүдэд ихээхэн давуу тал олгодог. Тэд аливаа шийдвэрийг хурдан, бусдын оролцоогүйгээр гаргаж, хэрэгжүүлэх боломжтой болдог. Ямар ч хяналтгүй нийгмийн баялаг аа хуваан идэх хүсэл асар хүчтэйг санаж сэрэмжлэх шаардлага байна.

МАХН-ын Бүгд хурлын материалаас 1984-1990

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *