20200427NL

Даваагаас Даваа хүртэл

2020 оны 4-р сарын 27-ны Даваа гариг

Миний блогоор зочлон буй эрхэм танд шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Өөрийн блогоороо дамжуулан өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох болон сонирхолтой үйл явдлуудын хураангуйг тогтмол хүргэхээр шийдлээ. Ингээд өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан үйл явдлуудыг хамтдаа харцгаая.

COVID-19

Дэлхий дахиныг түгшээгээд буй COVID-19 – ээр өвчлөн өөд болсон нийт хүний 200,000-ыг давлаа. COVID-19-ээр өөд болсон эхний 100,000 хүн нас барахад 91 хоног болсон бол 200,000 хүрэхэд ердөө 16 болжээ. Одоогоор өвчлөлийн төв болоод АНУ-д нас барсан хүмүүсийн тоо 50,000 даваад байгаа бөгөөд энэ тоо 200,000 хүрэх ч боломжтой гэж өмнө мэдэгдэж байсан юм. 

Дэлхий дахинд

COVID-19 -аас гадна өнгөрсөн долоо хоногт дэлхий дахиныг шуугиулсан гол сэдэв бол БНАСУын удирдагч Ким Жун Ун -ы таалал төгссөн тухай мэдээ байлаа. Уг мэдээлэлтэй холбоотой БНАСУын зүгээс удирдагчийн бие эрүүл байгаа тухай мэдээлэл хийсэн ч Ким Жун Ун одоог болтол олны өмнө гарч ирээгүй байгаа бөгөөд 4-р сарын 15-д болсон Ким Ир Сэн-ий төрсөн өдрийн арга хэмжээнд анх удаа оролцоогүй юм. Олон эх сурвалжууд түүнийг зүрхний хүнд мэс засалд орсон мэс заслын дараа комын байдалтай байгаа гэсэн мэдээллүүд гараад байгаа юм. Эдгээр мэдээллүүдтэй холбоотойгоор олны анхаарлыг татсан хүн бол түүний охин дүү Ким Ёо Жун юм. Уул нь гэр бүлийнхээ хамгийн отгон нь ч улс төрийн карьерын хувьд бусад ах нараасаа хавьгүй өндөр карьертай уг бүсгүй удирдагчийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг төдийгүй 2014 онд ахынх нь бие өвдөхөд ахыгаа орлож байсан юм.

Монгол улсад

2016-2020 оны парламентын эцсийн буюу 2020 оны УИХ-ын хаврын чуулган үргэлжилж байгаа билээ. Чуулганы хурлын үеэр ХХАХҮЯ-ны сайд Ч.Улааны “Хэзээ Архангайн ноолуур 100,000 хүрч байсан юм” гэх мэдэгдсэн нь олны бухимдлыг нэлээд төрүүлэв. Уул нь Ч.Улаан сайд сар хүрэхгүй өмнө “Малчдын ноолуурыг 100,000 төгрөгөөр худалдаж авна” гэж мэдэгдэж байсан юм. Жил болгоны ноолуурын үнэ зүүн гурван аймгаас эхлэн тогтож бусад аймгуудад харилцан адилгүй үнээр арилжаалагддаг өнгөрсөн жилийн хувьд ноолуурын салбарын шинэ тоглогч зүүн аймгуудад ноолуурын үнийг 140,000 төгрөгөөр тогтоон үнийн хөөрөгдөл үүсгэсэн бөгөөд одоогийн байдлаар нэг килограмм ноолууран утасны үнэ 500,000 төгрөгт хүрээд байна. Уул нь дэлхий нийтийг хамарсан өвчлөлийн үеэрх шинэ нөхцөл байдалтай уялдан Монгол Улс төсвийн тодотгол хийн, бүр мөсөн сөнөчхөөс нь өмнө эдийн засгаа хөдөлгөх оролдлого хийх нь хаврын чуулганы үед илүү оновчтой байсан ч нэгэнт сонгуулийн жил тул дух нийлүүлсэн андуудаа хөшөөгөө барьж байгаад наадмын дараах шинэ парламентад хамаг лай ланчигаа үүрүүлэх нь тодорхой болов.

Улаанбаатар хотод

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн засварын ажил үргэлжилсээр байна. Эдийн засаг зогсонги үед цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод 3.2 тэрбум төгрөг зарлагадах нь оновчтой эсэх маргаан бараг бүтэн гурван долоо хоног үргэлжилж байгаа бөгөөд нэгэнт ухаад, нураагаад, засаад эхэлсэн тул энэ асуудалд одоо хойноос нь халаглаж суух нь өнгөрсөн асуудал болов уу? Ямартай ч сонгуулийн өмнө ус зөөгөөд ч хамаагүй оргилдог усан оргилууртай болох нь. Ус зөөхтэй холбоотой өөр нэгэн асуудал нь хаврын хуурайшилттай холбоотойгоор Улаанбаатарын газар нутагт дараалан түймэр гарав. Ням гаригийн өдөр Яармагийн Арцатын аманд гарсан түймрийг унтраахад Онцгой байдлын хэлтэс, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс зэрэг сайн дурын 200 гаруй иргэд нийт 304 хүн оролцон унтраажээ. Сайн дураараа гал түймэр унтраахад оролцсон залуустаа талархал илэрхийлье. Гинжин холбоо үүсгэн ус зөөж буй залуусын зураг бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж олон түмэн бахдаж байгаа ч нөгөө талаас 21-р зуунд хотынхоо төвөөс 20 километр хүрэх үү үгүй юу зайтай газар бас ч гэж уулын өөдөө ус гараар зөөхгүй байх шаардлага байгааг илтгэсэн асуудал боллоо. Тэгээд хотын төв талбай дээрээ байгаа 3.2 тэрбумын усан оргилуур луу ус зөөх гэж сэтгэж чадсан удирдлагад нэг их ялгаа байгаа ч юм уу үгүй ч юм уу.

Онцлох нийтлэл

Өнгөрсөн долоо хоногт гарсан нийт нийтлэлүүдээс iToim.mn сайтад нийтлэгдсэн, сэтгүүлч Г.Отгонбаярын “Тавдугаар сарын 25-нд юу болох вэ, У.Хүрэлсүх ‘власть’-аа бүтэн авна” нийтлэлийг онцоллоо. 

Онцлох Видео

Онцлох видеогоор өөрийн оролцсон 25-р суваг телевизийн Урт Цагааны Гудамж нэвтрүүлгийг нэрлэлээ. Олон мэргэжлийн хүмүүстэй хамтдаа сууж сонин сайхан яриа өрнүүллээ.

"Урт цагааны гудамж" нэвтрүүлэг 4/25

"Урт цагааны гудамж" нэвтрүүлэг 4/25

Posted by 25 дугаар суваг телевиз / Channel 25 Television on Saturday, April 25, 2020

Онцлох Кино

“The Last Dance”!!! Өнөөх Коронагийн уршгаар спортын тоглолт үзээгүй нилээд удаан хугацаа өнгөрчээ. Энэ үеэр олны анхаарлыг хамгийн татсан кино бол домогт сагсан бөмбөгч Майкл Жордан, Чикаго Буллс багийн сүүлийн аварга авсан улирлаар хийсэн “The Last Dance” баримтат кино юм. Долоо хоног болгоны даваа гаригт хоёр, хоёр ангиар гарах нийт 10 ангитай энэ баримтат кино, спортын хорхойтнуудын анхаарлыг яалт ч үгүй татах буйз аа!

Онцлох дуу

Залуу уран бүтээлч Magnolian -ыг өнгөрсөн жил нэгэн арга хэмжээн дээр сонссоноос хойш дуунуудыг нь тун ч таашаах болоод Монголд төдийгүй Олон улсад ч танигдаж яваа дуучны шинэ видео өнгөрөгч бямба гаригт YouTube платформд нээлтээ хийжээ.

Р.Амаржаргал 

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply