Төсвийн бодлогоор бодит эдийн засгийг хөл дээр нь босгох цогц арга хэмжээ хэрэгтэй.

Ринчиннямын Амаржаргал /МҮХАҮТ-ын эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх/

Твиттер, бусад сошиал медиагаа нээгээд хамгийн эхэнд юу хардаг вэ? Тэр нь юу тренд (өөрөө өөртөө чиг баримжаа, хандлага, нэг хэсэгтэй л олны амны “зугаа” болох сэдэв гэж орчуулаад байгаа юм) болж байгааг анзаардаг биз. 2017 оны талаар нэг юм бичээд өгөөч гэхлээр ямар үзмэрч биш юу бичдэг юм гэж бодож байсан хэдий ч амласан болохоор гарцаагүй л нэг зүйл бичих ёстой боллоо. Тэхээр 2017 онд чухам юу тренд болохыг тоочвол бараг болох юм байна гэж үзсэн учраас зарим нэгэн таамгаасаа хуваалцмаар санагдав.

Юм ном ёсоор өрнөвөл улс төр, эдийн засгийн хаос уналтаас салан эдийн засгийн шинэ дэглэм тогтоох бололцоо бүрдэх учиртай. Энэ утгаар шийдвэрлэх жил ч гэж хэлмээр. Харин эдийн засгийн шинэ дэглэм нь хуучин нэр томьёогоор бол “төрийн монополит капитализмын” хэлбэртэй байх болов уу, ямар ч болсон чөлөөт зах зээлийн тухай хэсэгтээ мартах ёстой болно. Бас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг жилийн турш санан санан ажиллах жил байгаасай.

Нөхцөл байдал амаргүй байх учраас шинээр сэтгэж, зоригтойхон, ажиллахгүй бол болохгүй. Ёстой нөгөө стандарт бус шийдэл сэтгэлгээ хэрэгтэй болно. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэх, дотоод зах зээлээ тэлэх арга зам, гадаад эдийн засгийн түншээ зөв сонгох, дэлхийн болон бус нутгийн хүрээнд үүсээд байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг олон олон асуудал шинэ сэтгэлгээ шаардах юм. Үнэндээ түүхий эдэд тулгуурласан эдийн засаг явуургүй гэдгийг бид өөрсдөө өнгөрсөн жилүүдэд амслаа.

Энд дурдсан бүгдийг задлаад эхэлбэл хэдэн боть судалгааны ажил бичих хэрэгтэй болно биз. Тиймээс гарч байгаа онд бидний амьдрал ахуйг тодорхойлох хүчин зүйлээс онцлон дөрвөн санаа хэлье.

Нэг. Засаг дорвитой арга хэмжээ авч чадах уу?

Үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалд Монгол Банк, Сангийн яамны зүгээс ихэвчлэн аргацаасан, цаг хожих гэсэн үйлдлүүд үзүүлж байна. Асуудалд бүхлээр нь хандаж дорвитой арга хэмжээ авахгүй бол 2017 онд ямар ч өсөлт дэвшил хүлээгээд нэмэргүй. 2016 оны Төсвийн тодотгол, 2017 оны Төсөв хэлэлцэж буй байдлаас үзэхэд төр засаг тун сул, дайвсан харагдаж байсан. Төр, засгаа чадалтай зангарагтай боловсон хүчнээр бэхжүүлэх, дорвитой улс төрийн дэмжлэг үзүүлэх замаар Засгийн газраа тамиржуулан тэнхээжүүлж, хүчтэй болгохгүй бол горьгүй л дээ.

Мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгийг идэвхжүүлэх магадгүй хамгийн хялбар зүйл байх. Залгаад төсвийн бодлогоор бодит эдийн засгийг хөл дээр нь босгох цогц арга хэмжээ хэрэгтэй. Гэхдээ нэн түрүүнд эдийн засгийн бодлогыг тодорхойлогч, хэрэгжүүлэгч институтуутад иргэдийн алдарсан итгэлийг сэргээх амаргүй юм. Итгэл байхгүй бол явахгүй шүү.

Өмнөх засгийн үед босгосон бондын төлбөр энэ оноос төлөгдөж эхлэх учиртай. Бондоос орж ирсэн мөнгийг Хөгжлийн банканд төвлөрүүлж бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлсэн бөгөөд тодорхой хэсгийг арилжааны банкаар дамжуулан зээл хэлбэрээр хөрөнгө оруулсан. Уг мөнгөний зарцуулалтыг хэрхэн хийсэн гэдгийг дэлхийн томоохон зээлдэгчид болон санхүүгийн байгууллагууд анхааралтай ажиглаж байгаа. Төрийн өндөрлөгүүд өнгөрсөн оны төгсгөлд хэд хэдэн улсаас тодорхой үнийн дүнтэй зээл өгөхийг хүссэн ч олигтой хариулт авч чадаагүйн шалтгаан ч үүнтэй холбоотой. Иймээс 2017 онд Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэрхэх нь бондын ханшинд чухал нөлөөтэй.

Нөгөөтээгүүр бондын өрийг хойшлуулах тухай зээлдэгчидтэй хэлэлцээр хийж болох юм. Одоо байгаа нөхцөл байдалд 2017 онд төлөх ёстой төлбөрийг барагдуулах бололцоогүй бөгөөд төлөхийн тулд нэмж зээл авах шаардлага тулгарна. Харамсалтай нь 2016 онд манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын санхүүгийн байгууллагууд бууруулсантай холбоотойгоор өмнө авч байсан шиг хөнгөлөлттэй эсвэл таатай нөхцөлтэй зээл олдох бололцоо бага байна.

Товчхондоо, 2017 онд Засгийн газрыг хүлээж буй хамгийн хүндрэлтэй тренд болох асуудал бол өр төлбөр, түүнийг дагасан ханшны хөдөлгөөн, төсвийн алдагдал юм.

Засгийн газрын 2017 онд анхаарлаа хандуулах ёстой бас нэгэн чухал чиглэл нь эдийн засгийн коридорын асуудал юм. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд 2 ч удаа уулзалт хийж уг асуудлаар санамж бичигт гарын үсэг зурцгаасан боловч одоог хүртэл ажил хэрэг болж чадаагүй байна. Энэхүү төсөл хурдан хэрэгжих тусмаа уул уурхайгаас цэвэр хамааралтай байгаа Монгол Улсын эдийн засгийг “солонгоруулах” ойрын ирээдүйд харагдаж буй хамгийн бодит боломж юм.

Бид 2 хөрштэйгөө чухам яаж харилцах ухаанаа нэг л олохгүй явсаар өдийг хүрлээ. Эдийн засгийн коридорын асуудлыг тодорхой болгох нь эдийн засгийн итгэлцэл, хамтын ажиллагааны цар хүрээг цоо шинэ шатанд гаргах бололцоо юм. Томоохон асуудлыг шийдэх түүхэн гэж хэлж болох цаг хугацаа ирээд байгаа энэ үед дээрх ажлыг Ерөнхий сайд өөрөө гардан хариуцах хэрэгтэй бөгөөд тодорхой шийдвэрт хүргэх учиртай юм.

2017 онд Засгийн газрыг хүлээж буй хамгийн хүндрэлтэй тренд болох асуудал бол өр төлбөр, түүнийг дагасан ханшны хөдөлгөөн, төсвийн алдагдал юм.

Хоёр. Улс төрийн үйл явдал

Үнэндээ эрх баригч, сөрөг хүчний намуудын зөрчилдөөн гэхээсээ эрх баригч нам доторх бүлэглэлүүдийн зөрчилдөөн төр, засгийн урагшлах замд маш их саад болдог. Жишээ нь хэдий УИХ-д 65 суудалтай “супер олонх” гээд байгаа ч чухам юуг супер олонх гэж хэлээд байгааг ойлгож байгаа хүн алга. УИХ-ын гишүүдийн 85% буюу 65 гишүүнээс бүрдсэн МАН-ын бүлэг, уг намын Удирдах зөвлөл нь Засгийн газраар хүссэн хууль, тогтоомжоо хэрэгжүүлүүлэхийг хэлээд байна уу? УИХ-ын 65 гишүүнээр ар фоноо хийсэн Засгийн газар нь бүрэн дүүрэн гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ эдэлж чадах эсэхийг хэлээд байна уу? Харамсалтай нь бодит байдал дээр дээрх хоёр нөхцөл байдлын аль аль нь бүрдсэнгүй, харин эсрэгээрээ УИХ дахь МАН-ын бүлэг, “Мэргэжлийн гэх” Засгийн газар хоорондын эрх мэдлийн “тэмцэл” 2016 оны Төсвийн тодотгол, 2017 оны Төсөв, мөн нэр бүхий хуулийн төслийн хэлэлцүүлэг УИХ-ын чуулганд явагдах үед анзаарагдлаа.

УИХ-д 65 суудал бүхий олонх гэдэг бол ямар л бол ямар асуудлыг өөрсдийнхөөрөө шийдвэрлэж чадах улс төрийн үнэмлэхүй хүч юм, гэтэл энэ их хариуцлагыг үүрэх учиртай МАН-ын дарга нь “хойш сууж” Засгийн газрыг жолоог өөр хүнд атгуулсан нь Ардын намд үл ойлголцол, ард түмний дунд үл итгэлцэл бий болгосон юм. Өөрөөр хэлбэл төрийн ажлыг явуулах улс төрийн нөлөө зангарга, төрийн ажлыг гүйцэтгэх эрх мэдэл өмнөх Засгийн газрын адил дахиад 2 тусдаа субъектэд хуваагдлаа. Одоо улс төрийн манлайллыг хэн үзүүлж, хэрхэн шийдвэр гаргах вэ?

Өөр нэг шийдлээ хүлээж буй асуудал бол 2016 оны УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялагдлын дараах Ардчилсан намын өөрчлөн шинэчлэл юм. Өнгөрсөн 26 жилийн турш Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн үзэл санааны манлайлан чиглүүлэгч нь АН байсаар ирсэн, харин цаашдаа тийм байж чадах уу? АН-ын шинэчлэл гэдгийг АН-ын дарга, удирдлагыг солих хэмжээнд ойлгоод АН-ын даргын сонгуулийг 2017 оны 1-р сард зохион байгуулж байна уу? Эсвэл АН-ын VI Их хурлаар эхлүүлсэн намын дотоод дүрэм журмыг өөрчлөх үйл явцаар дамжуулан АН-ын шат шатны удирдлага, намын дотоод ардчиллыг өргөжүүлэхийг ойлгож байна? Бүр эсвэл АН-ын үнэт зүйл, үйл ажиллагааны үндэс суурь болсон улс төрийн үзэл баримтлалд шинэчлэл хийхийг хэлээд байна уу? Чухам үзэл баримтлалаа өөрчлөлөө гэхэд өмнө нь удирдлага болгож байсан либерал, баруун төвийн бодлогоо улам төгөлдөржүүлж чадах болов уу? Ямар ч болсон АН доторх хөдөлгөөн 2020 хүртэл намжихааргүй тренд байж магадгүй.

Гурав. Ерөнхийлөгчийн сонгууль

Энэ оны бас нэгэн чухал үйл явдал нь гарцаагүй долоо дохь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монгол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэдэг утгаараа өнөөдрийн ард түмний төр, засагт итгэх итгэл үнэмлэхүй хэмжээгээр унаад байгаа явдлыг сэргээх учиртай гэж үзэж байна.

Гэхдээ мэдээж нэр дэвшиж гарсан улс төрч бүр тэгж чадахгүй нь ойлгомжтой. Үүнээс гадна олон улсын тавцанд, тэр дундаа хоёр хөршийнхөө хувьд унаад буй нэр хүндээ эргүүлэн олох, хоёр хөрштэйгээ “хэл нэвтрэлцэж” чадах тийм Төрийн тэргүүн бидэнд нэн шаардлагатай байна.

Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгч нь гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөх /Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1.4 дэхь заалт/ эрх мэдэл бүхий субъект юм. Мөн шинээр сонгогдох Ерөнхийлөгч нь хүссэн, хүсээгүй улс төрийн эрх мэдэл, хүчний харьцааг тэнцвэржүүлэгчийн үүргийг хүлээдгээс гадна УИХ, Засгийн газар, Шүүх зэрэг төрийн гурван салаа эрх мэдлийг тэнцвэржүүлэн хөдөлгөх гол хөшүүрэг нь юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг гадаадын хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглах нь дамжиггүй бөгөөд үр дүнгээс хамаарч манай улсын гадаад нэр хүнд дээшлэх эсэхэд нөлөөлнө.

Дөрөв. Дэлхийн эдийн засаг

Дэлхийн эдийн засаг дахь хөдөлгөөн, түүхий эдийн үнийн хөдөлгөөн Монголын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг. Нэг төрлийн алдааг бид олон дахин давтсаар л байна. Шинээр үүсэж буй боломжуудыг олж харах, урьдчилан таамаглах, үүнд зохицсон бодлого бидэнд асар их дутагдаж байгаа. Энэхүү бодлогыг боловсруулах нь 2017 оны ерөнхий өнгийг тодорхойлоход том дэмжлэг болох учиртай юм.

Тренд болох өөр бишгүй олон зүйлс, үйл өрнөлийг та нэмээд нэрлэх биз дээ. Хамгийн гол нь дарга нарын шагшаад л магтаад яриад байдаг зүйл нь хэзээ хэрэгжиж хэзээ бодитой үр дүнгээ өгөх вэ гэж олон түмэн харж хүлээж байна. Олсон ололт амжилт ч байгаа хэдийч нэг л санаанд хүрэхгүй элдэв амлалтууд нь хэтэрхий өндөр хүлээлт үүсгэсэн одоо түүнээсээ салж хөрсөн дээрээ бууж чадахгүй байгаа юм.

Энэ жилдээ бишгүй сорилттой учир нь, гэхдээ:

1. ДНБ өсөлт нь эцсийн зорилго бус харин ард иргэдийн амар амгалан амьдрах ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах нөөцийг гаргаж өгдгийг санах,
2. Энэхүү өсөлт, үр шим нь шударга хуваарилагдаж байвал нийгэмд эрүүл мораль дэлгэрэхийг санах,
3. Газар шороо унаган байгаль бүхий эх нутгаа эзний ёсоор хайрлан худалдчихгүй байх,
4. Шинжлэх ухаан, техник асар хүчирхэг үйлдвэрлэх хүчин болоод байгааг санах,
5. Тив дэлхийн улс орнууд юуны өмнө хоёр хөрштөйгөө хамтран ажиллах,
зэрэг хамгийн шилдэг арга замыг байнга эрэлхийлж чадвал Монголчууд санасандаа хүрнэ.

“Business Times” сонин
2017 оны 1 сарын 17.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *