Р.Амаржаргал: Хамтраад шийддэг механизмын нэг гол элемент нь бие биендээ хяналт тавих

aa

Хэмнэлтийг УИХ, Засгийн газар өөрөөсөө эхэлж, үлгэр жишээ болох ёстой

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинээр бүрэлдсэн Засгийн газрын 100 хоног дөхөж байна. Энэ хугацаанд хийсэн, шийдвэрлэсэн ажлуудыг нь та хэрхэн дүгнэж байна вэ?
-Аливаа улс төрийн нам гарч ирээд өөрийнхөө санасан бодсон зүйлийг хийх ёстой. Энэ Засгийн газар санасан бодсоноо хийг гэж бодож, хандаж байгаа. Олны өмнө тийм, ийм гэж яриад байхгүй л байна. 100 хоног нь ерөнхийдөө дуусах гэж байх шиг. Сонгуулийн өмнөх эдийн засаг, өнөөгийн эдийн засгийн байдал өөрчлөгдсөнгүй. “Өнөө, маргаашгүй асуудлыг шийднэ, диваажинд амьдруулна” гэх маягийн л зүйл ярьж байсан шүү дээ. Гэтэл нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл алга, хийсэнгүй. Ерөнхий дүгнэлт ердөө энэ. Яахав энэ 100 хоногт олон шийдвэр гаргасан байх. Гэхдээ л өмнөх байснаас өөрчлөгдсөн, болсон зүйл алга. Энэ юу хэлээд байна вэ гэхээр, “Мориноосоо буулгүй дэлхийн талыг эзлэх амархан. Мориноосоо буугаад тохинуулна гэдэг амаргүй” гэдгийг хэлээд байгаа юм. Үүнийг эрх биш мэдэж байгаа байх.
-“Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар олон шийдвэр гаргаж байна. Гэвч гаргасан шийдвэрүүд нь ард түмэнд таалагдахгүй, амьдралд нийцэхгүй байна гэсэн шүүмжлэл дагаж байна. Магадгүй ажил хийхэд хугацаа хэрэгтэй шүү дээ?
-Мэдээж суух, босохын хооронд байдал өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь байдал ямар байгааг, оношоо зөв тогтоох нь чухал. Ямар янзтай байсныг эрх баригчид мэдэж байсан. Засгийн газарт нь орж ажиллаж байсан, ялангуяа эдийн засгийн блокоо хариуцаж байсан Сангийн сайд нь одоогийн Ерөнхий сайд шүү дээ. Бусад гишүүн нь ч Сангийн сайдын албыг хашиж байсан. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Яг юунаас болоод байна, юунаас үүдээд байна вэ, ямар шийдэл байж болох вэ гэдэгт оновчтой дүгнэлт хийж чадаагүй болов уу гэсэн сэтгэгдэл төрөөд байгаа юм. Анхны авсан арга хэмжээнүүд төсвийн тодотголтой дагалдаж орж ирсэн хууль эрх зүйн актуудыг харж байхад нөгөө л улиг, домог болсон арга байв. Энд хасахад, нөгөө талд нь нэмсэн байх жишээтэй. Сонгуульд оролцох гээд өчнөөн аж ахуйн нэгж, хувь хүнээс хандив авсан байх. Тэр өрөө төлье гэсэн л байдалтай байна. Эдийн засгийн суурь нь ийм байгаа, үүнийг ингэж шийдье гэсэн шинэ ажил юу ч гаргаж ирээгүй. Тэр утгаар нь харахад юугаараа ялгагдаад байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирж байна.
 
-Сонгуулиар иргэдийг өрөөр айлгаж байсан бол өнөөдөр өөрсдөө өрийн таазыг 88 хувь болгох гэж байна. Энэ нь ард түмнийгээ хуурсанаас ялгаагүй юм биш үү?
-Хуурахдаа ч гайхамшигтай хуурдаг. Юмыг хаанаас, ямар өнцгөөс нь тайлбарлаж байна гэдэг асуудал. Өнөөдрийн байгаа өрийг тэдний өдрийн байдлаар тэдэн төгрөгийн өртэй гээд яривал нэг хэрэг. Ерөнхий динамикаар нь яривал бас өөр хэрэг. Тэр тохиолдолд бид аль өнцгөөс нь ярих вэ гэдэг л асуудал. Яг өнөөдөр Монгол Улсын өр 24 их наяд төгрөг болсон байна. Засгийн газар ийм их хэмжээний өртэй, энэ нь болохоо байж, бүтээхээ байж гэж хэлж болно. Нөгөө талаас нь өр угаасаа яаж бүрдсэн юм. Хэзээ, хаанаас өр аваад ийм болов гэдгийг харвал өөр дүгнэлт гарна. 1990 оноос хойш засаг барьж байсан он жилүүдэд нь хуваагаад үзвэл бас өөр динамик гарч ирнэ. Тэгэхээр өр гэдэг асуудлыг улс төрийн зорилгоор гаргаж ирээд, тэмцлийн бай болгоод явж байгаа нь ний нуугүй хэлэхэд арчаагүй л арга. Цааш нь ухаад үзвэл ороогдох хүмүүс нь эрх баригчдын дунд дэндүү олон байгаа.
-Дэлхийн бусад оронд цалин, тэтгэврээ танах замаар эдийн засгаа өөд нь татдаг жишиг байдаг уу?
-Тийм зүйл байдаг. Гэхдээ л хөгжлийн тодорхой түвшнээс хамаарна. Монголын эдийн засаг ямар билээ, ямар бүтэцтэй билээ, ДНБ-д эзэлж байгаа хувийн жин ямар билээ, хэрэглээ, хуримтлал нь ямар байна гэдгийг харж байж шийдэх ёстой. Дотоодын зах зээлээ тэлье гэж байгаа бол цалинг танах биш нэмэгдүүлэх ёстой юм. Тэгж байж дотоодын зах зээлээ тэлдэг, тэр хэрээрээ ажиллах хүчнийхээ чанар чансааг өөрчилнө. Хамгийн наад зах нь идэж ууж байгаа зүйл нь чанартай байвал хүн эрүүл байна, тэр хэмжээгээрээ ажиллах хүчний чанар чансаа өөр, мэдлэг боловсролтой байвал ажиллах хүч нь ондоо байна. Гэх мэтчилэн асуудал байна. Цалинг хасч, танаад байхаар өвчтэй хүн мянга байгаад яах юм бэ, ажил хийж чадахгүй, хөдөлмөрийн бүтээмжийн тухай ярих ч хэрэггүй. Тэгэхээр тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлаас нь хамаараад чухам ямар бодлого явуулах вэ гэдгийг ойлгох ёстой. Таван төгрөгөөр нэмж, хасахад үр дагавар нь ямар байх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Компани удирдаж байгаа хүн, эдийн засагч хүн хоёрын ялгаа энэ шүү дээ.
Хүүхдийн мөнгө бол ирээдүйн иргэндээ зориулж байгаа хөрөнгө оруулалт
-Ардчилсан намыг Засаг барьж байх хугацаандаа халамжийг хавтгайруулсан гэж эрх баригчид маш олон хөтөлбөрийг зогсоолоо. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна?
-Стратегийн шинж чанартай томоохон эхлэлүүд байдаг. Хэрэв тэр нь эдийн засгийн бүтцийг өөрчилж байгаа томоохон өөрчлөлт байвал түүнийг шүдээ зуугаад цааш нь аваад явах л ёстой. Тухайлбал, ипотекийн зах зээл. Энэ нь өөрөө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудал. Монголын эдийн засаг дотор үл хөдлөх хөрөнгө гэж биеэ даасан том сигмент гараад ирлээ. Үүнийг яаж өргөжүүлэх вэ, яаж хөдөлгөөнд оруулах уу гэдэг нь чухал. Энэ бол Монголын эдийн засгийн ирээдүй гарцаагүй мөн. Орчин үеийн эдийн засгийн хэлбэр рүү оръё гэвэл үүнийг хийх л ёстой. Харин ямар хурдтай хийх үү, санхүүгийн ямар арга хэлбэрийг ашиглах уу гэдэг нь техникийн асуудал. Тэгэхээр тодорхой нэг улс төрийн шалтгаанаас болоод энэ бүхнээс татгалзана гэдэг нь туйлын харалган бодлого.
-Хүүхдийн мөнгийг бас л зогсоолоо. Үүнийг хүүхдийн ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт гэж харахаасаа илүүтэй, халамж гэж хараад байх шиг байна.
-Тийм. Хүүхдийн мөнгийг нөхдүүд ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Нарийн яривал халамж, тэтгэмж өгөөд байна гэж хараад байна. Хөрөнгө оруулалт гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүүхдэд хөрөнгө оруулж байна, гэр бүлд оруулж байна гэж унших ёстой. Нэг хүүхэдтэй айл ямар байдаг билээ. Дөрөв, таван хүүхэдтэй айлын хүүхдийн хүмүүжил ямар байдаг билээ. Төр ямар бодлого явуулаад байгаад байна гэхээр Монголын үрс олон болтугай, хүний зан чанар, мөстэй холбоотой зүйлүүд давхар харагдаж байгаа юм. Ах, эгчтэй хүүхдийн хүмүүжил ямар байдаг билээ. Тэр утгаар нь үүнийг хөрөнгө оруулалт гэж хэлээд байгаа юм. Хүүхдийн мөнгө бол ирээдүйн иргэндээ зориулж байгаа хөрөнгө оруулалт. Түүнээс өнөөдөр талх авч идээрэй гээд өгч байгаа халамж биш ээ. Тиймээс энэ өнцгөөс нь л хараасай. Үүнийг олж харж чадахгүй байгаа бол туйлын гунигтай хэрэг.
-Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөөд явах боломж байсан уу?
-Санхүүгийн эх үүсвэр байгаа. Хамгийн гол нь санхүүгийн эс үүсвэрээ хаанаас юуг нь дайчлах уу гэдгээ тодорхой болгох ёстой. Тэгэхээр төрийн зардлыг үнэн хэрэгтээ танаж чадахгүй байна уу. Өөрсдийнхөө тансаг хэрэглээг танахгүй байж, хүүхдийн мөнгө рүү дайрна гэдэг бол байж болохгүй зүйл гэж ойлгоод байгаа? -Их хэмнэлээ, бага хэмнэлээ гэдэг нь чухал биш. Төр, засаг нь эдийн засаг руугаа дохио өгч байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хэмнэлтийн горимд шилжье, хатуу хэмнэлтийн горим руу оръё, илүү дутуу зардлаа хасъя. Үүнийгээ Засгийн газар, УИХ-аасаа эхэлье, яам тамгын газраасаа эхэлье, аймаг сумаасаа эхэлье гээд нийгэмдээ үлгэр жишээ болоод явбал ард иргэд төрдөө итгэх итгэл бий болно. Удирдаж байгаа хүмүүстээ итгэж эхэлнэ. Нэг арга хэмжээний цаана давхар давхар бодлогын чанартай зүйлүүд бий. Түүнийг олж харах хэрэгтэй.
 
-МАН-д иргэд итгэж санаа өгсөн. Илүү тулхтай, туршлагатай гэж их зүйлийг хүлээж байсан байх. Гэтэл иргэдийн сэтгэлд нийцсэн зүйл хийхгүй байна. Энэ нь эргээд иргэдэд харамсал төрүүлээд байна уу гэсэн бодол байна?
-Тэр ч ойлгомжтой л доо. Ер нь сүүлийн 20-иод жил ийм л байдалтай байна. Нэг л учраа олохгүй, аль ч нам нь. Зөв хүнээ ч гаргаж чадахаа байж. Гайгүй хүн гарч ирээд юм хэлэхээр сонсохоо байж. Улс төрийн намууд нь бие биетэйгээ харшилдаж, сөргөлдөж байвал тэрийгээ улстөр гэж үздэг болж.
Товчхондоо “Би энэ улс орныг удирдаж чадахгүй байна” гэж хэлж байгаа юм
-Улстөрийн нам гэж хэтэрхий туйлширдаг болсон шиг. Түүнээсээ болоод улс төрийн намууд нь, нам удирдаж байгаа удирдагчид нь төрийн алба руу дайрч халаа сэлгээг учир дутагдалтай хийж байна. Үүнд таны байр суурь ямар байна вэ?
-Төрийн албан хаагчдыг өөрчилж, шинэчлэхийн нэг аюултай тал нь юу вэ гэхээр төрийн ой санамж үгүй болчихоод байдаг юм. Дорж, Дондогийг ажлаас нь чөлөөлж, сольж байгаа хэрэг биш. Тэр хүнтэй хамт энэ салбарт хэрэгжиж байсан бодлого, ямар хөрөнгө оруулалт оруулж байсан, урсгал зардал нь юу байсан гэдэг нь хамт үгүй болдог. Тэр хүнтэй хамт засгийн бодлого алга болчихдог л доо. Зарим нэг гунигтай жишээ бий. Дөрөвхөн жилийн дотор нэг яамны удирдах шатны албан тушаалтныг гурван удаа сольсон байх жишээтэй. Сүүлдээ гадны хүмүүс ирж, танайх энэ салбарт ийм бодлого явуулж байгаа шүү гэж хэлж байх. Тиймээс боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нь маш чухал. Нөгөө талаар үр ашгийн тухай асуудал. Сайн ч бай, муу ч бай энэ албан тушаалд нэг жил ажилласан хүн гэдэг бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ажлаа мэддэг, чаддаг, сураад авчихсан байхад нь дараагийн хүн оруулж ирэхэд дахиад л зардал гарна. Материаллаг зардал гардаггүй юм аа гэхэд цаг хугацааны зардал гарна шүү дээ. Энэ бүхнийг шийддэг механизмыг бид олж чадахгүй байна. Намчирхдаг тогтолцооноосоо салж чадахгүй байна. Төр засгийг удирдаж байгаа нөхдүүд нь “Одоо боллоо” гэж хэлээд байгаа хүмүүсээ дайчлаад ажиллуулж чадахгүй юм.
-Сүүлийн үед “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь гэсэн яриа гараад байна. Энэ хөтөлбөрийн онцлог, сайн муу талыг нь хэлж өгөөч?
-“Стэнд бай” хөтөлбөрөөр гадаадаас мөнгө авна л гэсэн үг шүү дээ. Гадны хүн юу гэж зүгээр мөнгө өгөв гэж. Мөнгө өгөхдөө тодорхой нөхцөлүүд зангидаж өгнө. Тэр нөхцлийг нь үгүй дуугүй хүлээж авна л гэсэн үг, өөр арга байхгүй. Валютын сан юу гэх вэ гэхээр “манай “стэнд бай” хөтөлбөр өөрчлөгдсөн. Авч байгаа орны онцлог байдлыг тусгасан” гэх мэтээр янз янзын л юм хэлэх байх. Гэхдээ агуулга нь өөрчлөгдөөгүй шүү. Товчхондоо бол “Би энэ улс орныг удирдаж чадахгүй байна. Чи хүрч ирээд удирдаад өгөөч” гэж хэлж байгаа юм, гадны хүнийг. Монголын төр, монголын эдийн засаг тийм байдалд хүрсэн гэж бодохоор үнэхээр миний сэтгэл гонсгор л байна.
-“Стэнд бай”-д хамрагдахаас өөр сонголтгүй болчихсон юм бол, цаад үр дүн нь яаж гарах бол?
-Нийгмийн дарамт, ард иргэдийн нуруун дээр ирж байгаа дарамт улам л нэмэгдэнэ. Эдийн засгийн хүндрэлээс гарч байгаа арга замын асуудал нь юу байдаг вэ гэхээр хэнд ачаа үүрүүлэх вэ, хэний нуруунд илүү их ачаа үүрүүлэх вэ гэдэг л асуулт. Миний мэдэхээр мөнгөтэй төгрөгтэй, баян чинээлэг, эрхтэй дархтай хүмүүс ачаа үүрээд гарч байсан түүх байхгүй. Би хорин хэдэн жилийн хугацаанд хараагүй. Бусад орны туршлага ч тийм л байдаг юм билээ.
» Эдийн засгийн блокоо хариуцаж байсан Сангийн сайд нь одоогийн Ерөнхий сайд шүү.
» Гэтэл 100 хоногт нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл алга, хийсэнгүй.
» Өр гэдэг асуудлыг улс төрийн зорилгоор гаргаж ирээд, тэмцлийн бай болгоод явж байгаа нь ний нуугүй хэлэхэд арчаагүй л арга.
-Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Энэ сонгууль бол иргэдийн хувьд өөрт байх хамгийн ойр төрийн нэгжийг сонгох хэлбэр байх. Тэгэхээр улстөрчийн хувьд иргэд сонгогчдод хандаж юу хэл вэ?
-Монгол төрийн тогтолцоог иргэд өөрсдөө сайн ойлгож, учир начрыг нь боддог байгаасай л гэж хүсч байна. Бид төрийн тогтолцоог аль болох өөрөө удирдах ёсны тухай асуудлыг тусгаад байгаа. Ардчилсан нийгмийн амин сүнс нь нийгмийн өөрөө удирдах ёсонд тулгуурлаж авч явдаг. Түүний анхдагч хэрэгжүүлж байгаа механизм нь орон нутагт байдаг. Чи ямар орчинд амьдрах вэ гэдэг нь орон нутгийн сонгуулиас хамаатай, чамаас л хамаарна. Би чухам ямар үүрэгтэй юм, бусад нь үүрэгтэй вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхээр хүний амьдралд хамгийн ойр нь орон нутгийн сонгууль. Харамсалтай нь үүнийг ерөөсөө ойлгодоггүй. УИХ сонгууль гэхээр бүгд л бужигнаад, орон нутгийн сонгууль гэхээр хойшоо суудаг. Тиймээс би иргэд, сонгогчдод хандаж хэлэхэд, сонгуульдаа идэвхтэй оролцоорой, ирцээ сайн бүрдүүлээрэй. Магадгүй таны амьдралд хамгийн их наалдацтай сонгууль бол орон нутгийнх. Мөн манай Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг дэмжиж өгөөрэй гэж хүсч байна.
Бид сая УИХ-д дүнгээ тавиулсан. Статистик дүнг аваад үзвэл тооны зөрүү хол биш шүү. Сонгуулийн тогтолцооноос хамаараад хол зөрүүтэй гарсан л даа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэгтэй адил, бид тийм тогтолцоог сонгоод унасан. Үүнээс нэлээд сургамж авсан гэж боддог. Цаашид ч засч залруулах зүйл бидэнд бий. Түүний нэг илрэл бол манай нам орон нутгийн сонгуульд залуучуудыг, эмэгтэйчүүдийг илүү их гаргаж ирсэн. Энэ нь бусад намаас ялгарах том шинж чанар. Тиймээс Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжээд өгөөрэй. Энэ хүмүүс бол төрийн ажилд системтэй бэлтгэгдэх хүмүүс. Төрийн ажилд анхан шатнаас нь явж байгаа залуучууд юм. Улс орны эдийн засаг ямар байгаа билээ. Цаашид шийдэх ёстой зорилтууд маань ч ямар байх билээ. Үүнийг хамтдаа шийддэг механизм байх ёстой. Хамтраад шийддэг механизмийн нэг гол элемент нь бие биедээ хяналт тавих. Тэр утгаараа хүчний харьцааг түвшин, түвшинд нь тэнцвэржүүлж өгөх ёстой.
-Ардчилсан намын сонгуулийн уриа их сонин байна л даа. Яагаад заавал ийм уриа дэвшүүлэв?
-Яг ч шинэ томъёолол биш. Гэхдээ таны амьдралд тулгараад байгаа зүйлийг л энэ уриагаар илэрхийлсэн. Өнөө, маргаашийн тухайн моментыг илэрхийлсэн томъёолол. Түүнээс ирээдүйг хэлж байгаа юм биш л дээ. Шинэ Засаг гарч ирээд бярдаад иргэд рүүгээ дайраад эхэлж байгаа учраас ард иргэдийг хамгаалдаг улс төрийн хүчин байгаа гэдгийг илэрхийлж байна л даа. Харин ирээдүйгээ харсан иргэдийн оролцоотой хөгжлийн асуудлыг хөндсөн лоозон бий. Түүнийг их аятайхан уриа гэж ойлгож байгаа.
https://ubinfo.mn/read/3451

Leave a Reply

Your email address will not be published.