АДАЙР АМАРААГ СӨРӨГ ХҮЧИН Л ҮНЭЛДЭГ

2015.01.30 Negdsen chuulgan -21
Төрийн бодлого зангидахаар УИХ-д сонгогдоно гэдэг амаргүй даваа. Тэр дундаа нэр дэвших эрхээ намаасаа олж авна гэдэг чинь ёстой “алаан байхгүй юу” гэдэг болох шиг боллоо. Өнөөгийн парламентад тохой залган суугаа 76 эрхмийн 68 нь дахин даагаа нэхнэ гээд зүтгэж яваа. Харин найм нь халаагаа өгч, хөндлөнгөөс ажиглаж бас туршлагаа хуваалцахаар болсон.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Түүнийг энэ удаа намынхан нь нэр дэвшүүлэхийг хүссэн. Гэвч тэрбээр ҮЗХ-ныхоо хурлын үеэр нэрээр татаж, нэгэнтээ квот нь хүрэхгүй байсан хийгээд чадварлаг хүн тойргийн гадна үлдэж буй зэргээс шалтгаалан УИХ-ын гишүүн М.Батчимэгийг сойхыг хүссэн. Тэр ч утгаараа Р.Амаржаргалыг энэ долоо хоногийн гол дүрээр нэрлэхийг зорьлоо. Р.Амаржаргалыг салбарынхан нь шагшин магтдаг эдийн засагч. Бас дээр нь Ерөнхий сайд асан. Зарим нь түүнийг адайр ааштай, АН-ынхантайгаа ч таардаггүй гэх юм билээ. Үнэн хэрэгтээ энэ парламентад суух нь түүнд тийм чухал асуудал биш гэдгийг тэр өөрөө хэлж орхисон.
Гэхдээ Р.Амаржаргал сонгогчдын төлөөлөл болж төрд оччихоод ажиллахгүй гэж хошуу цорвойгоогүй. Харин хамтран ажиллахад төвөгтэй учраас 2013 оны сүүлээр УИХ-ын дарга З.Энхболдод “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх” өргөдлөө өгч байв. Сарын дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэхэд 65 гишүүний 34 нь эсэргүүцсэн. Тиймээс мань хүн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллаж буй.
Р.Амаржаргалыг энэ удаагийн сонгуульд заавал өрсөлдөнө. АН-аас биш бол бие даасан ч тэр аль ч тойргоос гарна хэмээн сонгогчид найдаж байхад, надтай өрсөлдчих вий гэж эмээх улстөрч ч байсан биз. Харамсалтай нь Р.Амаржаргал нэр дэвшихгүй болсон. Оронд нь УИХ-ын гишүүн М.Батчимэг тойрогт нь өрсөлдөнө. Сүхбаатарчууд М.Батчимэгийг харж сонгох уу, Р.Амаржаргалд саналаа өгөх үү гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан. Гэсэн ч Р.Амаржаргал нэрээ татсан. Өөрийнхөө оронд бүсгүй хүнийг дэмжихээ илэрхийлсэн.
Түүний энэхүү үйлдлийг зарим хүн тохиролцоо хийчихсэн болохоор тойргоо бэлэглэчихлээ гэж хардах нь ч бий. Юутай ч Р.Амаржаргалд бол сонголт хэзээ ч гарч ирнэ гэдгийг тэр хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ харуулсаар ирсэн. Өрсөлдөгч намынхан ч мань эрийг гаргууд сайн эдийн засагч гэдгээр нь үнэлдэг. Тиймээс үнэхээр эх орноо бодсон улстөрч байгаа л бол Р.Амаржаргалын “тархийг” нам харгалзахгүйгээр ашиглах нь тодорхой.
АН-ыг дотроо алаан хийж, нанчилдахаас аварсан түүнийг дараагийн удаа ямар алхам хийх бол гэж харж, хүлээх хүн олон. Түүнтэй тохироо хийнэ гэдэг хэцүү. Хэдэн нүүдлийн цаадахыг хэдийн мэддэг болчихсон, АН-д шинээр хүч түрэн, амны салиа нь арилаагүй шахам орж ирж буй залуус ямар аргаар ардчилсан хувьсгал гэх үгийг чулуудаж буйг ч тэр мэднэ.
Р.Амаржаргал гэх нөхөр төрийн ордонд ч амьдарна, түмний дунд ч амьдарна. Харин АН-д Р.Амаржаргал шиг шударга нөхөд тийм ч олон байхгүй. Тэр тусмаа сандал суудлын төлөө л өрсөлдөнө үү болохоос сонгогчдын төлөө “ган” хийж дуугарахгүй. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг тэд хэзээ эвээ эрхэмлэж чадахгүй. Тийм болохоор тэрслүү ч болсон тэд туршлагатай улстөрчөө аваад үлдсэн бол алдах юмгүй л байх байлаа.
Б.Төгөлдөр
“Өглөөний сонин”
2016 оны зургадугаар сарын 03. Баасан гараг.
Дугаар 106 (2367)

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply