Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хэлсэн үг

“УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хэлсэн үг”

Миний бие Монголын нийт ард түмэн, тэр дундаа намайг төрд илгээсэн Сүхбаатар дүүргийн сонгогчдодоо гүнээ хүндэтгэлтэй хандаж буйгаа юуны өмнө илэрхийлье. Та бүхний итгэл найдвар, өмөг түшгээр би УИХ-д 4 удаа сонгогдсоноос гадна Монгол Улсын Ерөнхий Сайд хэмээх хариуцлагатай албыг хашсан билээ. Энэ нь, өдий зэрэгтэй яваа нь ганцхан Амаржаргал гэж хувь хүний эрийн сайнынх биш юм. Монголын ард түмэн та бүхний хатуу дэмжлэг, халуун дулаан итгэлээс гадна миний гар бие оролцон үүсгэн байгуулсан ШДХ, МҮДН, МҮАН, АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдвар юм гэдгийг гүнээ ухамсарлан хүндэтгэн талархаж явдаг  билээ.

Миний бие УИХ-д анхлан сонгогдсон цагаасаа л сонгогч, иргэд та бүхнийхээ итгэлийг алдахгүй, нүүрийг улайлгахгүй, тууштай зарчимч, чигч шулуун, шударга ажиллахыг эрхэмлэж ирлээ.

I.          УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан нь содон цочирдмоор сонсогдож магадгүй. Гэхдээ нягтлан, тунгаан бодвол  гайхах зүйл үгүй юм. Бас гэнэтийн шийдвэр ч байгаагүй юм.

Субьектив талаас нь үзвэл, ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавараас ичээд өргөлдлөө бичих л болов уу. Ялангуяа, буруутай эвлэрэхгүй, өөрийн гэсэн бодолтой, бусдыг аялдан дагалгүй, тууштай зарчимч бай гэж сонгогчдынхоо захиа даалгавартай, “тэгж чадна” амлаад ард түмнээсээ мандат авч энэ танхимд хөл тавьсан эрхэм гишүүд өнөөгийн төр засгийг бүхлээр нь нөмөрсөн хариуцлагагүйн байдлын төлөө, түүний гаргасан алдаа завхарлын төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцоръё гэж өнөөдөр биш ч, маргааш хэлэх л байх.

Обьектив талаас нь үзвэл, Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ.  Бидний даган дуурайх дуртай хөгжингүй орнууд өнөөдөр глобаль улс төр, эдийн засгийн хямралыг даван туулахуйц сайн засаглалын эрэл хайгуул хийж байна. Харин хүнд сорил, бэрхшээлтэй тулгарч явсаар өдийг хүргэсэн Монголын парламентын засаглал өнөөдөр салаа замын уулзварт ирээд байна.

  • Улс орны хөгжлийн бодит шаардлагыг ярих уу,  эсвэл урьдын адил хоосон, олон нийтэд таалагдах уриа ярьж популизмаа үргэлжлүүлж хийх үү,
  • Мэргэжлийн, мэргэшлийн ур чадвартай парламент байх уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамтлаг, циркийн манеж хэвээр цааш явах уу
  • Ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, бусдаас чанга хашгирдаг “эх орончдод” дөрлөгдөөд явах уу, эсвэл технократуудаа сонсч тууштай бодлого тулхтай зарчим хэрэгжүүлэх үү
  • Цээжний пан, үзсэн харснаараа өнгөцхөн шийдвэр гаргах юм уу эсвэл шинжлэх ухааны үндэслэл тооцоо харгалзах уу
  • Алсын хараатай үндэсний стратеги уу, эсвэл түр зуурын ашиг хонжоо хөөх үү,
  • Дэлхийн эдийн засгийн мөчлөгийг харгалзах уу эсхүл сонгуулийн мөчлөгийн дөрвөн жилдээ хөтлөгдөх уу,
  • Шинэчлэл ба уламжлалыг хослуулах чадвартай парламент уу, эсвэл шинэчлэлийн хэлбэр хөөсөн парламент байх уу,
  • Нам, фракцийнхандаа сахилга хариуцлага тооцох уу, эсвэл бие биендээ барьцаалагдан аалзны тороо сүлжээд явах уу

Энэ мэт улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хууль эрхзүйн маш олон асуудлыг хойшлуулашгүй шийдэх чадвартай парламент Монголд хэрэгтэй байна. Гэтэл тийм чадвартай парламент бүрдүүлэх ажлыг бид хийж чадсангүй. Үүний төлөө улс төрийн хариуцлага би хүлээх ёстой гэж үзэж байна.

Энд нэгэн зүйлийг зориуд онцлоход манай парламентын ардчиллын өнөөгийн шатанд ёс суртахуун, ёс зүй хамгаас илүүтэй үгүйлэгдэж байна. УИХ цаашдаа үйл ажиллагаандаа зөв буруугийн ёс зүй, шударга ёсны ойлголт ухагдахуун, категориудыг шалгуур болгож ашигладаггүй юм аа гэхэд, ядаж ийм ойлголтууд байдаг гэдгийг санаж байгаасай гэж хүсч байна.

Ардчилсан үнэлэмж, үнэ цэнэт зүйл түгээмэл гэж ойлгогддог ч Монгол хөрсөнд буух учиртай. Тэр бууж буй хэлбэр, Монголын ардчиллын онцлог, амин сүнс бол – нийгмийн зөвшилцөл, улс төрийн зохицол толерантность, ёс зүйн харилцан ойлголцол, эдийн засгийн тэнцвэр байх ёстой. Үүнийг би өргөн утгаар нь – улс төрийн бусад хүчин, иргэний нийгмийг багтаан ойлгож байгаа юм шүү.

Энэ утгаар үзвэл бидний 24 жилийн ардчиллын чанар чансаа он цаг улирах тусам булингартаж байна. “Бидэнд амьралын хүнд бэрхийг нийгмийн хэсэг бүлгүүдэд эн тэнцүү үүрүүлж, нам хүчний харьцааг тэнцүүлж хянадаг, нийгмийн зөвшилцөлд хүргэдэг ёс суртахууны үнэлэмж, сахилга хариуцлагаас эхлээд өмчийн болон улс төрийн соёлыг хүртэл агуулсан хариуцлага дэг журамтай тогтолцоо үгүйлэгдэж байна.  Бидэнд дутагдаад байгаа зүйл бол нийгмийн зөвшилцөл. Бид үүнийг бүрдүүлж чадахгүй бол улс төрийн тогтвортой байдалд, ардчилалд хохирол учирна” гэж би 1999 онд УИХ индэрээс хэлж байсан билээ.

Дахин давтахад, хүчирхэгжсэн хоёр том гүрний дунд буй Монголын улс төрд зөвшилцлийг үгүйсгэн хүч түрэх, олонхиороо хүч түрэх нь Монголын ардчиллыг гутаан сулруулах, улмаар сөнөөж буй, Монгол төрийн эсрэг гэмт хэрэг гэж хатуухан хэлье.

II.        Засаглалын харьцаа, тэнцвэрийн асуудлаар бид баримжаа зүг чигээ алдаад удлаа. Үүнийг засаж, Үндсэн хуулийн утга санаа, үг үсгийн дагуу сэргээж хамгаалах цаг болжээ. Жишээ нь, УИХ бүхний дээр гарч Засгийн газарт ажиллах боломж олгохгүй байна гэх хэсэг байхад, өөр нэг нь Засгийн газар даварлаа гэж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч 20 жилийн дотор ямар их өөрчлөгдсөнийг хүн бүр мэдэж байгаа. Улсын төсвөөс илүү шахам мөнгө төсвийн гадуур эргэлдэж байгаа нь төр засгийн байгууллага олон түмний хараа хяналтаас гарсаны тод жишээ. УИХ олон нийтийн санаа бодлын тусгал болдоггүй, нээлттэй, тунгалаг байж чадахгүй байгааг бэлээхэн жишээ. Байдал ийм маягаар өрнөж буй хариуцлагыг УИХ хүлээх ёстой.

Засаглалын тэнцвэрийг нэг тийш болгоочээ гэж миний бие 2004 онд УИХ-д хандан уриалга гаргаж байсныг зарим хүн мэдэж байгаа л байх. Тухайн үед “Хаан сонголт” гэж  хөөрсөөр байгаад өнгөрснийг ч санаж л байгаа байх.

Монгол улс одоо парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг эргэлт буцалтгүй сонгомоор байна. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болбол эдгээр асуудал нэг мөр шийдэгдэж, популизмаас ангид ажил хийх боломж цаг хугацаа гүйцэтгэх засаглалд ядаж нэг жилээр нэмэгдэнэ шүү дээ.

Ялалт байгуулсан улс төрийн намын дарга нь Ерөнхий сайд болдог парламентын засаглалыг би зүйтэй гэж үздэг. Энэ тухай би 1998 нийтлэл бичиж байсан. Өнгөн талаас нь харахад өнөөдөр энэ зарчим үйлчилж байгаа мэт. Өнгийгөөд харвал Ерөнхий сайдад хоёр гол хэрэгсэл алга. Нэгд, Парламентыг тараах эрх, Хоёрт, өөрийн бодож төлөвлөснөөр Засгийн газрын танхимаа бүрдүүлэх эрх. Нэгэнт л УИХ итгээд Ерөнхий сайдыг томилсон л юм бол Засгийн газраа хүссэнээрээ байгуулах бололцоог түүнд олгох нь логик юм. Эс бөгөөс бие биеэ барьцаалсан бүлэглэлүүд өнөөдрийнх шиг төрийн ажлыг дампууруулсан хэвээр л цааш явах болно. Ер нь гүйцэтгэх засаглалын гүйцэтгэл, хариуцлага манайд тун суларч доройтсон доо.

Хэн нь Засгийн газрын гишүүн байх асуудал байнга яригддаг. Би хувьдаа ард түмнээсээ мандат аваагүй Засгийн газрын гишүүн гэдэг бол нонсенс гэж үздэг. Эрүүл саруул ухаанаар бодсон ч тийм л байх ёстой. Зарчим бол маш тодорхой байх ёстой. Ард түмнээсээ мандат авч чадаагүй Засгийн газрын гишүүн гэж байх ёсгүй. Энэ зөрчлийг шийдэхийн тулд дутуу алсан могой шиг өнөөгийн байдлаас сонгуулийн системээ гаргах хэрэгтэй. Улс төрийн намууд ч гэсэн төрийг бохирдуулж байгааг дурьдах ёстой юм.

УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд тодорхойлсон. Миний ойлголтоор  УИХ гагцхүү хууль тогтоох дээд байгууллага юм. Үүнийг цэгцлэхгүй бол спикер нь Ерөнхий сайд шиг аашлаад байна. Олон толгойтой байх юм бол төр дампуурдаг түүх бэлнээ бий.

III.       Эдийн засгийн асуудал. Энэ сэдвээр хэдэн өдөр ч  ярихад бэлэн байна. Байдал тун ярвигтай эвгүй өрнөж байгаа шүү:

  • Төсвийн алдагдал бараг 7-8 хувьд хүрлээ. Өрийн дарамт урьд өмнө үзэгдээгүй түвшинд хүрсэн. Үнэндээ өрөө ч тооцож чадахгүй, энэ талаар үнэнийг хэлэх чадваргүй болжээ.
  • 10 сарын өмнөхөөс бараг 30 гаруй хувиар хөрөнгө оруулалт хорогдсон, Гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн бус салбарт 70 хувь, уул уурхайн салбарт 30 хувь буурсан. Хөрөнгө оруулагчдын хүлээлт сэтгэгдэл тун таагүй байгаа.
  • Оюутолгойн хоёрдугаар ээлж үндсэндээ зогссон, хамгийн өөдрөгөөр одоо гэрээ хэлцэл байгуулж чадна гэж үзвэл бодит ажил эхэлтэл дахиад хоёр жил хэрэгтэй боллоо.
  • Тавантолгойн дэд бүтцийн асуудал яаж шийдэх ёстой нь тун ч бүрхэг. Хүрэн нүүрсний үнэ ашиг өгөхгүй, коксжих нүүрсний үнэ хэтэрхий доогуур байна
  • Банкны салбар тун сул дорой, эмзэг байна. Саяхан 5 дахь том банк дампуурсан. Одоо байгаа 4 томын 2 нь асуудалтай. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна.
  • Банкны активын 21 хувийг Монголбанк үндсэндээ өмчилж байна. Манай арилжааны хэдэн банкны төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна.
  • Төгрөгийн сулрал зогсох янз алга. 1740 төг. Гэтэл нийт зээлийн 1\3 нь ханшинд шууд өртөхөөр байгаа.
  • Инфляци нэмэгдээд хоёр оронтой болсон. Нуух аргагүй боллоо.

Байдал ингэтлээ доройтоход, эдийн засгийг тэгтлээ боймлоход хүргэсэн этгээдүүд энэ танхимд сууж л байгаа. Тэд хариуцлага хүлээх ёсгүй хэрэг үү? Өнгөрсөн 4-р сард эвгүй дохио сонсогдож эхэлсэн тухай ярьж бичиж л байсан. Тун удахгүй том компаниуд нэг нэгнээ татаад унагаад эхлэх бий дээ.

Хөндөхгүй байх аргагүй нэг асуудал байнаа. Эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг хөндье. Өнөөдөр Монголын эдийн засгийн аюулгүй байдлын амин сүнс нь түлш, эрчим хүч.

Өөрсдөө ядаж ганц литр бензин шатахуун үйлдвэрлэж, технологийг нь эзэмшээд авмаар байна. Цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангамаар байна.  Энэ хоёрыг л өөрсдөө хангаж чадвал, хэнтэй ч, юу ч ярих хэмжээнд Монгол Улс хүрч чадна. Тийм боломжтой. Энэ тухай 2000 онд УИХ-ын  индрээс Ерөнхий Сайдын хувьд хэлж байсан. 13 жилийн дараа ч энэ асуудал шийдэгдээгүй,  ач холбогдлоо алдаагүй байна. Ирээдүйд өөр асуудал чухал болно биз, өнөөдөр ойрийн ирээдүйн хувьд бол эрчим хүч, шатахуун.

Стратегийн энэ зорилтыг ойлгодоггүй сайд нар явах ёстой, өчиггүй явуулах ёстой. Сайд нарын зарим нь улс орны хөгжил гэхээсээ илүү өөрийн, гэр бүлийнхээ, эсвэл бизнес бүлгийнхээ сонирхолыг хангахын төлөө сайд болсон мэт авирлаж байгааг саяхан Ерөнхийлөгч маань шүүмжлэж байсныг бүгд сонссон биз. Өөрөө баяжиж буйгаа улс орон хөгжиж буйтай хутгаад байна.

Манай эдийн засаг хичнээн эмзэг хэврэг болохыг 2007-2013 өрнөсөн үйл явдлууд харууллаа. Нэг бол бахархамаар гозойгоод босоод ирдэг. Гэтэл маргааш нь яачив гэмээр унаад өгдөг. Эрхбиш үүнийг харж баймаар. Хамгийн сүүлийн жишээ гэхэд сая баталсан 2014 оны төсвийг хар. Заримдаа  бухимдах ч багадаад байна шүү.

Өнгөрсөн 23 жилд бид уул уурхайн бүтээгдэхүүний урьд өмнө үзэгдээгүй үнийн өсөлтийн хоёр удаагийн супер мөчлөгийн гэрч боллоо. Харамсалтай нь гэрчээс хэтэрсэнгүй.  Энэ алтан боломжийг  уургалан эдийн засгаа тогтвортой хөгжилд хөтлөх ирээдүйтэй  цогц арга хэмжээ хэрэгжүүлж чадсангүй. Монголчууд хуримтлал бүрдүүлж чадсангүй. (1990 оны дунд, 2010\2011 эхэн үеийн тухай хэлж байна.)

Анхаарал татах бас нэг зүйл байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан 2012\2013 онд манай эдийн засгийг нөгөө л хөдөө аж ахуй тодруулбал, мал аж ахуй авч гарлаа. Хэдэн малчид, мал аж ахуйгаа бүү ад үзээрэй.

Эдийн засгийн аюулгүй байдлыг яаж хангах вэ? Төрийн оролцоо зохицуулалтыг л нэмэгдүүлэх тухай ярих юм. Өөр шийдэл олох чадваргүй байна. Төр нь өөрөө дампуу, дээр нь  юм юманд оролцоод явахаар бүр ч дампуурна. Энэ замаар мөн ч олон жил будаа тээлээ дээ. Аюулгүй байдал нэмэгдсэн юм алга харин ч эмзэг болоод байна. Миний ойлгож байгаагаар хувийн өмч, хувийн үүсгэн байгуулагч идэвх санаачлага дээр тулгуурласан шийдэл байх ёстой. Хувийн өмч, үндэсний хөрөнгө оруулагчид босож чадвал манай эрх ашиг, тодруулбал  улс төрийн,  эдийн засгийн эрх ашиг хангагдана. Манай үндэсний хөрөнгөтнүүдийн активын нийлбэр 6 млрд ам доллар байгаа нь ядаж 60 млрд хүрэх ёстой юм.

Төрийн оролцоо бол бие биенийхээ юмыг булаахгүй, төрийн хүчийг ашиглан дээрэмдэхгүй байхад л чиглэх ёстой. Төр бол эдийн засаг, хувийн секторын бойжилт, өсөлт хөгжлийн хөрс платформ нь байх ёстой юм.

IY.       Төр засгийг бэхжүүлнэ гэдэг нь шудрага ёс, түүнийг хангах асуудал юм. Саяхан нэгэн санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 84 хувь нь шүүхийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр сэтгэл ханамжгүй байна гэжээ. Засаг төр л бол зөв байдаг гэсэн ойлголт эл салбарт амь бөхтөй байна. Нөгөө хараат бус, бие даасан байдал нь агуулгын хувьд хэрэгжихгүй байна. Шүүх нь Засгийн газар, төрийн захиргааны шийдвэрийг хүчингүй болгоод гүйцэтгэлийг нь хангуулж чадаж байвал иргэд шудрага ёсонд итгэж эхэлнэ. Тэгж байж захиалгат шүүх алга болно.

Төр, засгийг бэхжүүлэх нь боловсон хүчний чанар, шилж сонгох дэвшүүлэх тогтолцоогоор тодорхойлогдож байдаг. Яам тамгын газар, албан байгууллагыг удирдан засаглах социализмын үеийн энерци шавхагдан ширгэж байна. Шинээр гарч ирсэн нөхдүүд үнэндээ төрийн албанд төрийн хүн шиг хандах сэтгэх, хариуцлагатай сахилгатай байх соёлыг эзэмшээгүй байна. Төрийн албанд намын мандат намируулан, хэн нэгэн улс төрчийн нөмөр нөлөөнд шигдэн шинээр орж ирэгсэд зүгээр л ажиллаж мэдэхгүй байна. Төрийн хүн шиг сэтгэж чадахгүй байна. Үнэндээ хэлэхэд гарын үсгээ яаж мөнгө болгох вэ, хэтэвчээ яаж зузаатгах вэ гэхээс өөр юм боддог юм уу гэж асуумаар байна.

Авилга хэвийн үзэгдэл боллоо. Бид нарын “идэх цаг ирсэн” гэж нэг нь хэлэхэд нөгөө нь “тиймээ” гээд үг дуугүй хүлээн зөвшөөрдөг болжээ. Ийм эдийн засагт хөрөнгө оруулалт хийх бизнесмэн олох хэцүү, санаачлан эхлүүлсэн болгоныг төрийн нэрээр дээрэмдээд байхаар зугтахаас өөр яах билээ. “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэж Д.Бямбасүрэн гуайн ишлээд байдаг энэ шүү дээ.

Төрийн албыг цэвэрлэх, бүх талаар бэхжүүлэх ажлыг системтэй өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх цаг болсон. Энэ бол тэргүүн зэргийн зорилт. Учир нь монголд хамгийн ховор нандин зүйл бол хүн. Ялангуяа мэдлэг боловсролтой, ур чадвартай, ёс суртахуунтай, өндөр сахилга бат, хариуцлагатай боловсон хүчин. Хамгийн үнэтэй энэ капиталаа намаар нь ялгаварлан гадуурхаад “гудамжинд гаргажээ”. Энэ бол Монголын хувьд хэтэрхий тансаглал. Намын харьяалалаас үл хамааран чадалтай хүнийг бүрэн хэмжээгээр ашиглах тогтолцоо буй болгох нь гуравхан сая монголчуудын хувьд орших, эс оршихын асуудал юм шүү.

Төрт ёс, тэгш хандах, хатан зориг, удам угсаа, дэг жаяг, дэв зэрэг, эрэмбэ дараалал, ах зах, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, нэр төр, ханилах нөхөрлөх, бат ёс журам, эелдэг тусч, өгөөмөр сэтгэл, заншил, цээр,  шудрага үнэн, эв эе гэх мэт үг, ойлголтууд тэр болгон анзаарагдахгүй, тэр болгон үзэгдэхгүй мэт боловч эд бүгд бол боловсон хүчний шүүлтүүр, монгол төрийг бат бэх байлгах бэхжүүлэх амин чухал эд эс нь юм шүү. Энэ ойлголтууд үгүй болохоор төр засаг цуурч, ан цав гарч, хэмхэрэн үлбэгэр, сул, цог жавхаагүй сүр сүлдгүй болж улмаар сөнөж мөхдөг гэдгийг сануулан хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Миний дээр хэлсэн бүгд өнөөдөр бий болсон зүйл биш ээ. Олон жил хуримтлагдсан, шийдэх хүсэлгүйгээс угжирсан, шийдэх гээд одоо ч  чадахгүй байгаа асуудлууд. Тийм ч учраас ард иргэд бухимдлаа илэрхийлж 12 жилийн дараа АН-д саналаа өгч засаг барих эрхийг олгосон юм. Монголчууд АН-д маш их найдаж, өндөр итгэл хүлээлгэсэн. Тэр хэрээрээ хүлээлт үүсгэсэн. Бид тэр хүлээлтийн хэмжээнд ажиллах ёстой юм. Үлгэрлэх учиртай юм. Хариуцлага, сахилга зохион байгуулалт маш өндөр байх учиртай. Харамсалтай нь бид тэгж  чадахгүй байна. Харин ч бүр дордуулж байна. «АН гарч ирээд ялгаа алга байна ш дээ» гэж цөхөрсөн иргэд ярьж байна. Үүний төлөө АН-аас хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой.

Төгсгөлд нь нэг зүйл хэлье. Ардчилсан намын гишүүн байж намаа шүүмжлэв, дөнгөж засаг аваад босох гэж байхад нь өөрийн байгуулсан засгаа шүүмжлээд гээд над руу дайр ч байна. Тэдний шүүмжлэлийг хүндэтгэж байна. Гэхдээ би:

-Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг учраас,

-Зөв шудрага яваарай гэж сонгогчдоосоо захиа даалгавар авсан учраас

-Хамгийн гол нь  нь надад совесть байгаа учраас УИХ гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Улс төрийн хариуцлагын үлгэрлэл үзүүлэх алхам хийж, УИХ, Засгийн газрын хариуцлагагүй шийдвэр, үйлдлийн өмнөөс хариуцлагыг би хүлээе гэж байгаа юм. Улс төрийн соёлын стандарт гэж байх учиртай. Би улс төрийн соёл, хариуцлага, энгийн ёс зүй, жудаг талаасаа зөв алхам хийсэн гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Сүхбаатар дүүргийн миний сонгогч нар намайг ойлгон дэмжсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

 

 

One comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *