Р.Амаржаргалын үнэ цэнэ хэлсэн үгэндээ байлаа, гэвч…

Монгол Улсын Их хурал сүүлийн хоёр сарын турш ганц л асуудлыг “хэлэлцэж” өнгөрөөв. Тэр нь Р.Амаржаргалын өргөдөл. Хариуцлага хүлээж эрхэм гишүүний сэнтийгээс чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн түүнийг Их хурал “Явуулахгүй” гэж шийдвэрлэв.
Ардчилсан намынхан, дээрээс нь “Шударга ёс” эвслийн нэрээр парламентын гишүүн болсон зарим хүн ч Р.Амаржаргалгүй Их хурал байх боломжгүй гэснээр дээрх шийдийг гаргасан хэрэг.
Чухамдаа тэднээс Р.Амаржаргалыг лут ланжгар улстөрч, төрийн өндөр алба хашиж байсан, учраа олохгүй байгаа шинэ гишүүддээ сургааль, дадлагаасаа хайрлан энэ дөрвөн жилийг хамт өнгөрүүлэх хэрэгтэй гэсэн хуурай үгс унаж байв.
Намынхаа өмнө, сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж бүрэн эрхээ дуусга ч гэцгээлээ.
Харин тэр юуны учраас ингэх болсон, шалтгаанаа хэрхэн тайлбарлав гэдгийг анхаарах хүн сөрөг хүчний хэдийг эс тооцвол гарсангүй.


Р.Амаржаргал чөлөөлөгдөх хүсэлтийг нь “албан ёсоор” хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд бид анхаарч, тэд ичихээс аргагүй үгийг хэлсэн. Монголын томоохон улстөрч, эдийн засагч түүний өнөөдрийн “төр”-ийн үнэн байдлыг хэлсэн үгийг товчлон сийрүүлж, дахин сануулъя.

1. УИХ сайн дурын уран сайханчдын хамтлаг, циркийн манеж хэвээр цааш явах уу. Ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, бусдаас чанга хашгирдаг “эх орончдод” дөрлөгдөөд явах уу, эсвэл технократуудаа сонсч тууштай бодлого тулхтай зарчим хэрэгжүүлэх үү. Цээжний пан, үзсэн харснаараа өнгөцхөн шийдвэр гаргах юм уу эсвэл шинжлэх ухааны үндэслэл тооцоо харгалзах уу. Нам, фракцийнхандаа сахилга хариуцлага тооцох уу, эсвэл бие биедээ барьцаалагдан аалзны тороо сүлжээд явах уу.

Энэ утгаар үзвэл бидний 24 жилийн ардчиллын чанар чансаа он цаг улирах тусам булингартаж байна. Дахин давтахад, хүчирхэгжсэн хоёр том гүрний дунд буй Монголын улс төрд зөвшилцлийг үгүйсгэн хүч түрэх, олонхиороо хүч түрэх нь Монголын ардчиллыг гутаан сулруулах, улмаар сөнөөж буй, Монгол төрийн эсрэг гэмт хэрэг гэж хатуухан хэлье.

2. Засаглалын харьцаа, тэнцвэрийн асуудлаар бид баримжаа зүг чигээ алдаад удлаа. Улсын төсвөөс илүү шахам мөнгө төсвийн гадуур эргэлдэж байгаа нь төр засгийн байгууллага олон түмний хараа хяналтаас гарсаны тод жишээ. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болбол эдгээр асуудал нэг мөр шийдэгдэж, популизмаас ангид ажил хийх боломж, цаг хугацаа гүйцэтгэх засаглалд ядаж нэг жилээр нэмэгдэнэ шүү дээ.

Ялалт байгуулсан улс төрийн намын дарга нь Ерөнхий сайд болдог парламентын засаглалыг би зүйтэй гэж үздэг. Өнгөн талаас нь харахад өнөөдөр энэ зарчим үйлчилж байгаа мэт. Өнгийгөөд харвал Ерөнхий сайдад хоёр гол хэрэгсэл алга. Нэгд, парламентыг тараах эрх, Хоёрт, өөрийн бодож төлөвлөснөөр Засгийн газрын танхимаа бүрдүүлэх эрх. Бие биеэ барьцаалсан бүлэглэлүүд өнөөдрийнх шиг төрийн ажлыг дампууруулсан хэвээр л цааш явах болно. Ер нь гүйцэтгэх засаглалын гүйцэтгэл, хариуцлага манайд тун суларч доройтсон доо.
УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд тодорхойлсон.

Миний ойлголтоор УИХ гагцхүү хууль тогтоох дээд байгууллага юм. Үүнийг цэгцлэхгүй бол УИХ-ын дарга нь Ерөнхий сайд шиг аашлаад байна. Олон толгойтой байх юм бол төр дампуурдаг түүх бэлхнээ бий.

3. Эдийн засгийн асуудал. Энэ сэдвээр хэдэн өдөр ч ярихад бэлэн байна. Байдал тун ярвигтай, эвгүй өрнөж байгаа шүү. Төсвийн алдагдал бараг 7-8 хувьд хүрлээ. Өрийн дарамт урьд өмнө үзэгдээгүй төвшинд хүрсэн. Арван сарын өмнөхөөс бараг 30 гаруй хувиар хөрөнгө оруулалт хорогдсон, Гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн бус салбарт 70 хувь, уул уурхайн салбарт 30 хувь буурсан. Хөрөнгө оруулагчдын хүлээлт, сэтгэгдэл тун таагүй байгаа. Оюутолгойн хоёрдугаар ээлж үндсэндээ зогссон, хамгийн өөдрөгөөр харж, одоо гэрээ хэлцэл байгуулж чадна гэж үзвэл бодит ажил эхэлтэл дахиад хоёр жил хэрэгтэй боллоо. Тавантолгойн дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх ёстой нь тун ч бүрхэг.
Банкны салбар тун сул дорой, эмзэг байна. Саяхан тав дахь том банк дампуурсан. Одоо байгаа дөрвөн том банкны хоёр нь асуудалтай. Манай арилжааны хэдэн банкны Төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна. Төгрөгийн сулрал зогсох янз алга. Гэтэл нийт зээлийн гуравны нэг нь ханшинд шууд өртөхөөр байгаа. Инфляц нэмэгдээд хоёр оронтой болсон. Нуух аргагүй боллоо.
Байдал ингэтлээ доройтоход, эдийн засгийг тэгтлээ боймлоход хүргэсэн этгээдүүд чуулганы танхимд сууж л байгаа. Тэд хариуцлага хүлээх ёсгүй хэрэг үү.
Бид ядаж ганц литр бензин шатахуун үйлдвэрлэж, технологийг нь эзэмшээд авмаар байна. Цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангамаар байна. Энэ хоёрыг л өөрсдөө хангаж чадвал, хэнтэй ч, юу ч ярих хэмжээнд Монгол Улс хүрч чадна. Тийм боломжтой. Стратегийн энэ зорилтыг ойлгодоггүй сайд нар явах ёстой, өчиггүй явуулах ёстой. Сайд нарын зарим нь улс орны хөгжил гэхээсээ илүү өөрийн, гэр бүлийнхээ, эсвэл бизнес бүлгийнхээ сонирхлыг хангахын төлөө сайд болсон мэт авирлаж байгааг саяхан Ерөнхийлөгч маань шүүмжилж байсныг бүгд сонссон биз. Өөрөө баяжиж буйгаа улс орон хөгжиж буйтай хутгаад байна.
Эдийн засгийн аюулгүй байдлыг яаж хангах вэ. Төрийн оролцоо зохицуулалтыг л нэмэгдүүлэх тухай ярих юм. Өөр шийдэл олох чадваргүй байна. Төр нь өөрөө дампуу, дээр нь юм юманд оролцоод явахаар бүр ч дампуурна. Хувийн өмч, үндэсний хөрөнгө оруулагчид босож чадвал манай эрх ашиг, тодруулбал улс төрийн, эдийн засгийн эрх ашиг хангагдана.

4. Шинээр гарч ирсэн нөхдүүд үнэндээ төрийн албанд төрийн хүн шиг хандах сэтгэх, хариуцлагатай сахилгатай байх соёлыг эзэмшээгүй байна. Төрийн албанд намын мандат намируулан, хэн нэгэн улстөрчийн нөмөр нөлөөнд шигдэн шинээр орж ирэгсэд зүгээр л ажиллаж мэдэхгүй байна. Төрийн хүн шиг сэтгэж чадахгүй байна. Үнэнийг хэлэхэд гарын үсгээ яаж мөнгө болгох вэ, хэтэвчээ яаж зузаатгах вэ гэхээс өөр юм боддог юм уу гэж асуумаар байна.
Авлига хэвийн үзэгдэл боллоо. Бид нарын “идэх цаг ирсэн” гэж нэг нь хэлэхэд нөгөө нь “тиймээ” гээд үг дуугүй хүлээн зөвшөөрдөг болжээ. “Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд” гэж Д.Бямбасүрэн гуайн ишлээд байдаг энэ шүү дээ.
Төрийн албыг цэвэрлэх, бүх талаар бэхжүүлэх ажлыг системтэй өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх цаг болсон. Хамгийн үнэтэй энэ капиталаа намаар нь ялгаварлан гадуурхаад гудамжинд гаргажээ. Намын харьяаллаас үл хамааран чадалтай хүнийг бүрэн хэмжээгээр ашиглах тогтолцоо буй болгох нь гуравхан сая монголчуудын хувьд орших, эс оршихын асуудал юм шүү.

Р.Амаржаргал ийм дөрвөн үндэслэлээр хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөр шийдэж. Уг нь эхэлж дуугарсан нь л Р.Амаржаргал болохоос төр өнөөдөр энэ зэргийн дампууралд хүрсэн гэдгийг хүн бүр мэдэж буй.
Р.Амаржаргалын оноосончлон эрх мэдэлгүй Ерөнхий сайд, түүний эрхийг булаалдсан УИХ-ын дарга, эдийн засгийг ийм болтол боймлосон эрхэм гишүүд, гэр бүлээ, бизнесийн бүлэглэлээ дэмжигч сайд нар, хэн нэгэн улстөрчийн нөмөр нөлөөнд шигдэн шинээр орж ирсэн, гарын үсгээ яаж мөнгө болгох вэ, хэтэвчээ яаж зузаатгах вэ гэсэн төрийн албан хаагчид бүгд мэдэж байгаа билээ.
Харин тусгаж аваад хэрэгжүүлэх, алдаагаа засахыг оролдох “ичих булчирхай” бий эсэх нь эргэлзээтэй үлдэж байна. Учир нь чуулганы танхимд суугсад хийгээд гаднаас намын харьяаллаар тал засагчид Р.Амаржаргалыг авч үлдэхээр дуугарахдаа энэ талаар ганц ч үг ганхийгээгүй билээ.

Нөгөө талаар эрхэм гишүүн гэдэг хэнбугай ч бай, намын аясаар хөдөлдөг хүүхэлдэй болохыг Р.Амаржаргалаар жишээлж үзүүлсэн нь энэ төр нэгэнт ийм дор ортол дампуурсныг бэлхнээ илэрхийлэв. Гэхдээ түүний хэлсэн үг ард түмний, өөрөөр хэлбэл олон нийтийн эрх ашигт ихээхэн нийцэж үлдлээ.

Б.ДАМДИН-ОЧИР
Зууны Мэдээ Сонин
2013.12.16

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply