Дэн аслаа

-Харанхуйд тэмтчиж явахад минь асаасан ганц дэнгээ дэмнэн бадраах уу, эсвэл бие биенийхээ эрэмдэг зэрэмдэг болсон ёс суртахууныг харахгүй гэсэндээ дэнгээ үлээж унтраах уу гэдэг сонголтыг Р.Амаржаргал гишүүн монголчуудад гаргаж тавилаа-

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт (арванхоёрдугаар сарын 12-нд) авч хэлэлцээд ёсоор болгосонгүй. Тэгэх ч болов уу гэж олон хүн таамаглаж байлаа. Харин хэдэр гишүүн маань дахин хүсэлтээ гаргана хэмээн хэвлэлээр мэдэгдсэн.

Хэдэн төгрөг ч хамаагүй зарлагадаад, юу ч хамаагүй амлаад УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүмүүс Монголоор нэг байна. 12 онд чадсангүй тэгвэл 16 онд, бүүр болохгүй бол 20 онд гэх мэтээр амьдралын зорилтоо тодорхойлсон хүмүүсийн тоо хэдэн УИХ бүрэлдүүлэхээр байгаа. Харамсалтай нь хүслийг биелүүлэгч УИХ 76 гэсэн тоотой нь гачлантай. Гэтэл олон хүний мөрөөдлийн суудал болсон 76-гийн нэг болсон Р.Амаржаргал яагаад ийнхүү хэдэрлэх болов. Улс орноо залаад яваарай хэмээн итгэл хүлээлгэсэн, хамгийн хариуцлага­тай, хамгийн шударга, хамгийн дэг журамтай байх ёстой УИХ байх ёстой бүх үндсэн шинжээ гээсэн учраас “Ичих булчирхайтай хүний гаргах ёстой шийдвэр” хэмээн Р.Амаржаргал гишүүн тайлбарлаж байна. Нэн ялангуяа ёс суртахуун, ёс зүй гэдэг ойлголт парламентийн төвшинд үгүй болсоныг онцлон хэлэхийг хүссэн. Р.Амаржаргал гишүүний хэлээд байгаа ёс зүй, ёс суртахуун гэдэг бол үнэндээ Монголын нийгмийн бүхий л салаа мөчирт арчигдан алга болж байгаа нь үнэн юм.

Цагдаа, шүүх, эрүүл мэнд, боловс­рол, хэвлэл мэдээлэл, банк санхүү гээд бүх салбар ийм маягаар цааш явбал бүрэн дампуурна гэдгээ ойлгож, мэдэрч байгаа хүмүүс байна. Чухам ийм хүмүүст Р.Амаржаргалын үйлдэл тэсрэлт хийх эр зориг, үлгэр дууриал болсонд талархал илэрхийлье. Энэ чигээр нүдэн балай, чихэн дүлий цааш явсаар ангалд унаж үхэх үү, эсвэл бартаа ихтэй замыг туулж хамтдаа хэдэн үеэрээ зөв амьдрах уу гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байгаа нь үнэн. Харанхуйд тэмтчих явахад минь асаасан ганц дэнгээ дэмнэн бадраах уу, эсвэл бие биенийхээ эрэмдэг зэмдэг болсон ёс суртахууныг харахгүй гэсэн­дээ дэнгээ үлээж унтраах уу гэдэг сонголтыг Р.Амаржаргал гишүүн монголчуудад гаргаж тавилаа.

“Улс орны хөгжлийн бодит шаард­лагыг ярих уу,  эсвэл урьдын адил хоосон, олон нийтэд таалагдах уриа ярьж популизмаа үргэлжлүүлж хийх үү, мэргэж­лийн, мэргэшлийн ур чадвар­тай парламент байх уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамт­лаг, циркийн манеж хэвээр цааш явах уу, ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, бусдаас чанга хашгирдаг “эх орончдод” дөрлөгдөөд явах уу, эсвэл технократуудаа сонсч тууштай бодлого тулхтай зарчим хэрэгжүүлэх үү, цээжний пан, үзсэн харснаараа өнгөцхөн шийдвэр гаргах юм уу эсвэл шинж­лэх ухааны үндэслэл тооцоо харгал­зах уу, алсын хараатай үндэсний стратеги уу, эсвэл түр зуурын ашиг хонжоо хөөх үү, дэлхийн эдийн засгийн мөчлөгийг харгалзах уу эсхүл сонгуулийн мөчлөгийн дөрвөн жилдээ хөтлөгдөх уу, шинэчлэл ба уламжлалыг хослуулах чадвартай парламент уу, эсвэл шинэчлэлийн хэлбэр хөөсөн парламент байх уу, Нам, фракцийнхандаа сахилга хариуцлага тооцох уу, эсвэл бие биен­дээ барьцаалагдан аалзны тороо сүл­жээд явах уу”.

Р.Амаржаргал гишүүний асуусан эдгээр асуултад эрүүл ухаанаар хариу­лахад л сонголт тодорхой болох юм. Зөв сонголт хийхэд нийгмийн зөвшил­цөл хэрэгтэй. Нийгмийн зөв­шил­цөл хийх санаачилгыг Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээн томъёолон гаргаж тавиад байна.

Үнэхээр монголчууд дараагийн хувьсгалын өмнө иржээ.

Д.НАРАНТУЯА 

Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №042

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply