Р.Амаржаргал гэх ФРАКЦ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын дарга З.Энхболдод хаяглан УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр албан ёсоор гаргалаа.

Нэгэнтээ, хүнд чинь тэвчээрийн хязгаар гэж байдаг юм хэмээн өгүүлж байсан түүний тэвчээрийн хязгаар нэг жилийн дараа ийн алдрав бололтой. Саяхан намынхаа ҮЗХ-ноос татгалзах өргөдлөө Ховд нутгийнхаа намын даргад хаяглан хүргүүлсэн ч “АН-ын нүүр царай болсон, УИХ-д намаа төлөөлөн ажиллаж байгаа хүний хувьд таны өргөдлийг бид хүлээж авах боломжгүй, харин ч Ховд аймгийн АН-ыг төлөөлүүлэн ҮЗХ-нд байлгахыг бид хүсч байна” гэсэн албан ёсны хариу авсан тэрээр намдаа хэрэгтэй нэгэн гэдгээ маш сайн ухаарсан хүн гэдэгтэй маргалтгүй. Гэлээ ч түүний тэвчээрийн хязгаарыг “ханзлах” шалтгаан нь юу байв. Нэг хэсэгтээ л АН засаг төрийг авчихаад байхад Р.Амаржаргал  сул гишүүн хэвээр байсаар. Намдаа их гомдож яваа гэнэ лээ хэмээн баалуулах болсон тэрээр хэд хэдэн удаа энэ талаараа ярьж би ийм юманд хууртах хүн биш шүү хэмээн намын удирдлагууддаа хатуухан анхааруулж байсан. Шинээр байгуу­лагдсан Шинэчлэлийн Зас­­­гийн газрын сайдын суудлыг Н.Алтанхуяг биш Ц.Элбэгдорж надад санал болгосон юм шүү. Гэхдээ би очихгүй л гэсэн. Би муу ч сайн ч Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. Сайдын суудалд ахиж очихгүй гэсэн байр суурьтай байдаг хэмээн хатуухан хэлдэг. АН-д эзлэх миний байр суурь сайдын суудал биш шүү хэмээн “пээдийж” суусан эрхэм гишүүн энэ удаад Сүхбаатар дүүргийн хэдэн мянган сонгогчдоо бодолгүй ийм шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэж л байна.


УИХ-ын даргын суудал бол би очих байлаа хэмээн шударга хэлсэн шигээ намын удирдлагуудаа хатуухан шүүмжилж, ялангуяа АН-ын чангахан лидер гэгддэг З.Энхболдын өөдөөс “бөмбөг” өшиглөж суугаа хүн.  УИХ-ын гаднаас нь харахад ажил урагшлаад байгаа мэт үнэндээ доголон парламент л ажиллаж байна. Сөрөг хүчнийхээ гишүүдийн эрхийг  хязгаарласнаа нэг байгууллагад бичиг өгөөгүй төдийгээр тайлбарлаж, агуулга биш хэлбэр талаас харж, улс төрийн зорилгодоо ашиглаж байгаа чинь энэ төрийг бэхжүүлж байгаа юм биш. УИХ-ын дарга Би гэдэг байр суурь байж болохгүй. Тэр нэг талд үйлчилдэг хүн биш хэмээн шуудхан хэлчихээд удирдлагын төвшиндөө үзэл бодол санаагаа ойлгуулж чадахаа больчихсон хүн УИХ-ын гишүүнээс татгалзаж байна аа хэмээн хаалга хаахаар шийдэв бололтой. Тэрээр олон нийтийн цахим ертөнцийг ашиглан хэд хэдэн удаа УИХ-ын даргад хатуухан үг дайж үзсэн.

Зөвхөн УИХ-ын дарга ч гэлтгүй Засгийн газрын тэргүүнд Монгол Улсын хөгжлийн долоо хоногоор харж, шоу маягаар ажил хийж байгааг нь сануулж, төсвөөс дутсан 1,4 их наяд төгрөгийн хариуцлагыг хүлээх хүн энэ Засаг, төрд олдохгүй бол би хүлээе хэмээн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийнхээ нэг учир шалтгаан хэмээн тайлбарласан.

Гэхдээ тэрээр УИХ-ын даргад өргөн барьсан хүсэлтдээ “УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 заалтыг үндэслэн УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэж бичсэн байлаа. Энэхүү заалтад “ Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; “ хэмээсэн байдаг.

Тэгэхээр түүний хүсэлтийг Ховдын АН-ын дарга шиг УИХ-ын дарга буцаах нь юу л бол. Буцаалаа гээд ч Р.Амаржаргал гишүүн ашгүй дээ сайн айлгаж авлаа гэхгүй л байлгүй.
Монголын төрд 24 жил зүтгэлээ. Одоо л Монгол төрийн тогтолцоо гэж юу вэ гэдгийг харах төвшинд хүрлээ хэмээн тэр хэлсэн ч улс төрд буй халуун суудлаасаа бослоо.

“Зовлон үзсэн чавганц” нараа Ардчилсан нам хамгийн чухал байр суурин дээрээ аваачаад, тэднийхээ зангараг, нэр нөлөө, зарчимч зан чанарыг ашиглаж байж, гол гол ажлуудаа хийх ёстой гэсэн зүйл нүдэнд харагдаж байсан л даа. Санаснаар болохгүй байна гэсэн гомдлын үгтэйгээр тэр энэ удаагийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хугацааг өндөрлөх бололтой.

2012 оны сонгуулиар УИХ-ын 23 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүргээс АН-аас сонгогдож, АН-д нэр хүндтэй суудлыг нэгээр нэмж байсан гишүүн албан ёсоор УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхийг хүслээ. Хүсэлтийг ёсоор болгож гэмээнэ УИХ-д ахиад нэг суудал онгойж, шинэ эзэн нь сонгуулийн сурталчилгаа хийж, нөхөн сонгуульд ялалт байгуулж орж ирэх болох нь.

Р.Амаржаргал бол АН-ын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан хоёр дахь гишүүн боллоо. Эхнийх нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан билээ.
Мөн 2012 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын УИХ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн мөн хоёр дахь гишүүн нь болж буй юм. Тэр өөрийнх нь хэлснээр АН-ын удирдах төвшний хувьд ганц гишүүнтэй Р.Амаржаргал гэдэг фракцын  тэргүүн нь бас гишүүн. УИХ дахь  хувийн бизнесгүй бас ганц гишүүн нь. Гэхдээ тэр өөрийнхөө гардаж байгуулсан намаас гарахгүй гэдгээ тодотгосон бас энэ нам арай ч Амаржаргалын хөөчих хэмжээнд тулаагүй ч учраас АН-ын жирийн гишүүн болж үлдэнэ.

Н.Бат

АРДЧИЛАЛ Сонин

2013 оны Арваннэгдүгээр сарын 12. Мягмар

№226 (1845)

www.ardchilal.com

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply