Ерөнхий сайд хууль зөрчсөн бол огцрох ёстой

Зууны Мэдээ сонинд өгсөн ярилцлага.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдад Монголын талаар эерэг дохио очно хэмээн хууль тогтоогчид үзэж байна. УИХ-ынгишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар баталлаа. Зах зээлд ямар дохио очсон бол?

Энэ хуульд хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгье гэсэн санаа байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль маань гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээд сөрөг дохио өгсөн. Ингэхдээ “Ер нь Монгол Улс хөрөнгө оруулалтаа сүрхий авч үзэж байгаа юм байна. Хэр баргийн юмыг оруулахгүй юм байна, дэмжихгүй юм байна” гэсэн ойлголт өгсөн юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын гол сонирхдог салбар болох уул уурхай, бусад салбарыг хүртэл оруулаад, дээрээс нь харилцаа холбооны салбар, санхүүгийн зах зээлийг хүртэл оруулаад стратегийн салбар гэчихсэн. Энд хөрөнгө оруулвал заавал УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг байх ёстой гээд хүнд суртлын механизмуудыг нь нэмэгдүүлээд өгчихсөн учраас буруу дохиолол маягийн юм байсан. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард батлагдсан хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ огт аваагүй. Тэр утгаар нь үзвэл хууль маань осолгүй батлагдчихсан ч аваад хэрэгжүүлье гэхээр юу ч хийгдээгүй. Хүмүүсийн анхаарал нааш цаашаа хандаж, үүнийг тойроод маргаан ч юм шиг, танин мэдэхүйн чанартай ч юм шиг хэлэлцүүлэг маягийн юм өрнөөд, эцэст нь шинэ Засгийн газар яаж шийдэх вэ гэдэг нь хурцаар тавигдлаа. Шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдыг дэмжихээ илэрхийлэх гэж энэ хуулийн төслийг өргөн бариад УИХ-аар түргэн шуурхай хэлэлцүүлж баталлаа. Нэгэнт хүмүүс өмнө нь энэ хууль буруу, бүтэхгүй гэдгийг ярьж л байсан. Хоёрдугаарт, энэ хуулийг өөрчлөгдөнө гэсэн хүлээлт байсан. Тэр хүлээлтийнхээ дагуу энэ асуудлыг шийдээд явж байна.

Хуулийн өөрчлөлтүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээн авав. Тэдний хүсэн хүлээж байсан үр дүн гарав уу?

Хуулийн өөрчлөлтөөр 100 сая гэсэн босгыг арилгалаа. Бас төрийн өмчийн компани биш л юм бол 49 хувь зэрэг бүх асуудал нь Засгийн газраараа шийдэгдээд явах бололцоог нь нээж өгсөн. Гадаадын хөрөнгө оруулагчид ерөнхийдөө сайшааж байна. Хоёр дугаарт, либералчлал талын шоу хийж байгаа юм боловуудаа гэсэн дүгнэлт өгч бай-на. Гуравдугаарт, хамгийн гол нь ямар асуудлыг, юуг шийдэж байгаа нь тодорхойгүй үлдлээ гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад стратегийн салбар гэж байх юм уу, үгүй юу, тэр салбараа яаж хамгаалах гээд байгаа юм, улсын үйлдвэрийн газар гэж юуг хэлээд байгаа юм, гадаадын төрийн өмчит компани гэдэг чухам юу юм, тэрний тодорхойлолт нь хүртэл өнөөдөр ойлгомжгүй байгаа юм. Хуулийг тойроод гаръя гэвэл түмэн бололцоо байгаа л даа. Улсын үйлдвэрийн газар гэж хэлэхгүйгээр үүсмэл нэг компани байгуулчихаад түүгээрээ хөрөнгө оруулалт хийгээд энэ салбарт ороод ирвэл яах юм. Энэ мэт олон асуулт шийдэгдээгүй бөгөөд хариулагдаагүй байгаа. Энэ бүгдийг хариулж чадахгүй байгаа учраас өнгөрсөн жил баталчихаад бүтэн жил хууль хэрэгжүүлэх журмыг нь гаргаж чадаагүй байна. Хуульд өөрчлөлт оруулсан ч хэрэгжүүлэх нэг журам гарч таараа шүү дээ. Энэ нь хэзээ гарах юм, чухам ямар хэлбэртэй байх нь нээлттэй үлдчихээд байна.

Тэгэхээр хууль батлагдлаа ч ардаа олон нэхэлтэй, эргэлзээтэй үлдэхээр үр өгөөж нь ямар байдаг юм бол?

Нэг бодлын урагшаа алхаж байгаа алхам. Гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж байгаа эерэг дохио гэдэг үүднээс нь бид олзуурхаж байгаа. Түүнээс өөр сүрхий агуулгын чанартай юм байхгүй.

“Хуулиа өөрчиллөө гээд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх юм уу?” гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нэлээн эргэлзээтэй байна лээ. Харин та ямар байр суурьтай байна?

Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг тодорхойлж байгаа дөрвөн зүйл байгаа. Нэгдүгээрт, энэ хууль. Энэ хуульд өөрчлөлт оруулах ёстой байсан, ойлгомжтой, хоёр уншигдахааргүй болгох байсан юм. Хоёрдугаарт, Ашигт малтмалын хуулийн төсөл бараг жил гаруй яригдсан ч “Их буруу төсөл боловсруулсан юм байна. Больё, дахиад шинээр хийе” гээд авчихсан. Гуравдугаарт, Оюутолгой. Дөрөвдүгээрт, Тавантолгой. Миний бодлоор энэ дөрвөн зүйлд Засгийн газар хоёр уншигдахааргүй маш тодорхой байр сууриа илэрхийлж байж гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл гарч ирэх байх. Итгэл нь сэргээд, ойлгомжтой болоод, буцаж Монголд орж ирээд үйл ажиллагаагаа эхлээд, өргөжүүлээд явна гэхэд миний ойлгож байгаагаар 2014 оны хоёрдугаар хагасаас наашгүй.

Хууль батлагдсан ч олон тодорхойгүй зүйл үлдлээ. Үүнийг хэзээ шийдэх вэ? Энэ парламентаар шийдэгдэхгүй юм бол дахиад хүлээлт үүсгэх нь?

Үүнд би байр сууриа дээр үед илэрхийлсэн. Бид өөрсдөө чухам юу хүсээд байгаагаа маш тодорхой ойлгох ёстой. Оюутолгой, Тавантолгойд бид юу хүсч байгаа юм, гадаадын хөрөнгө оруулалтад бидний байр суурь чухам юу юм. Энэ бүх зүйлээ маш тодорхой, цэгцтэй ойлгож авсан нөхцөлд үйл ажиллагаа нэг их төвөггүй явна гэж би ойлгож байна. Үүнийгээ цэгцлээгүй нөхцөлд энэ асуудал Ерөнхийлөгч нь ч үсчиж ороод, УИХ нь ч байн байн яриад, Засгийн газар нь дээш, доошоо хэлбэлзээд үймээд л байна. Энэ бол бодлого нь тодорхой биш байгаагийн гай. Ярьж байгаа нь хоорондоо зөрдөг, “Би энэ талаар бусдаас илүү мэдэлтэй, мэднэ” гэж дайрдаг байдал чинь л энэ бүхнийг улам холион бантан болгоод байна. Үндсэндээ бүх юм нь тодорхой байвал Засгийн газрын төвшинд яригдах асуудал байхгүй. Яамдын төвшинд яригдах асуудал тун цөөхөн л байх байх. Ихэнх нь агентлаг, газар хэлтсийн хэмжээнд л яригдчих байхгүй юу. Гэтэл манайд бодлого нь тодорхой биш байгаагаас өнөөдөр яриа хэлэлцээр хаана хүрч байна гэхээр УИХ дээр ирдэг, сайд нар нь ярьдаг, Ерөнхийлөгч нь УИХ-д танин мэдэхүйн чанартай хэлэлцүүлэг болгож хувиргадаг зүйл яваад байгаа байхгүй юу. Асуудлыг шийдье гэвэл бодлогоо л маш тодорхой болгох хэрэгтэй.

Хэвлэл мэдээлэл гэдэг олон талын байр суурийн огтлолцлын цэг байдаг шүү дээ. Зарим хүн энэ хуулийн өөрчлөлтийг хараад гадаадын хөрөнгө оруулалт саарсан юм байхгүй. Оюутолгой л маш иххөрөнгө оруулалт хийж байгаад түр завсарлага авсан нь ингэж ажиглагдаад байна гэх юм. Энэ үнэн юм уу?

Үгүй. Энэ бол цээжний бангаар л ярьж байна гэсэн үг. Нэгдүгээрт, Оюу¬толгойн хөрөнгө оруулалт буурсан нь буурсан. Хоёрдугаарт, Оюутолгойг дагаад нийлүүлэгчдийнх нь хүрээнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт байгаа, тэр нь ихээр буурсан. Бусад салбарыг авч үзье л дээ. Тухайлбал, санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт буурсан нь бүр нүдэнд ил байгаа шүү дээ.

НҮБ-аас өгсөн хөрөнгө оруулалтын зөвлөмжид уул уурхайгаас бусад салбараа яаралтай хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байсан. Тэгвэл хуульд өөрчлөлт хийснээр эдийн засгаа олон морьтой болгоход яаж нөлөөлөх юм бэ?

Тийм зөвлөгөөг миний мэдэхээр сүүлийн хориод жил өгч байгаа. Манайхан ч тэрнийг нь цээжилчихсэн. Үүнд буруу ч юм байхгүй л дээ, угаасаа эдийн засгийн салбаруудаа хөгжүүлж, байгаагаа улам бэхжүүлэх хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлдэг гол арга хэрэгсэл нь юу юм гэхээр ердөө л хөрөнгө оруулалт. Нэг бол дотоодынх, нэг бол гадаадынх, хамтарсан гэсэн энэ гурав маань зэрэг л явж байдаг учиртай. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа дэмжиж байж эдийн засгийнхаа бусад салбараа босгож ирнэ.

Хуулиа өөрчиллөө, одоо хөрөнгө оруулагчид Монголд хэзээнээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхлэх бол?

Ямар ч гэсэн дохио бол очлоо. Хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгээ илэрхийлчихлээ. Энэ бол ер нь тунхаглалын л чанартай юм шүү дээ. Жинхэнэ ажил хэрэг болгох зүйл нь энэ хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн актууд, дүрэм журмууд нь гарах ёстой. Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд ямар ч дүрэм, журам гараагүй. Өнөөдөр энэ хуулийг үнэхээр хэрэгжүүлье гэвэл тэр дүрэм журмыг нь гаргах ёстой. Ингэхийн тулд яам, Тамгын газрын ажил нь жигдрэх учиртай юм.

Яамд, Тамгын газрын ажил гэснээс төрийн бүтэц нь улам л данхайснаас биш ажил нь нэг их урагшлахгүй байна гэж хэвлэлээр нэг шүүмжлээд л байна?

Ганц ч яам, Тамгын газрын ажил жигдэрсэн юм харагдахгүй байна. Ялангуяа, яамд хамтраад ажиллахдаа бүр холион бантан болоод байна. Засгийн газар хамгийн түрүүнд яамдын үйл ажиллагааг жигдрүүлэх, тэнд очсон хүмүүсийг төрийн албан хаагч гэдэг байр сууринд нь маш яаралтай тавих хэрэгтэй байна. Энэ чиглэлийн ажилд их дутуу ач холбогдол өгч байна. Энэ бол их чимхлүүр, өдөр тутам хийгддэг,сонин хэвлэлийн нэгдүгээр нүүрт гардаггүй ажил байдаг. Тийм болохоор энэ ажлыг барьж авахаасаа халшраад байна уу гэж харагдаад байгаа юм. Ура хашгирсан юманд нь илүү ач холбогдол өгчихөөд, өдөр тутмын хар бор ажлаа барьж авахгүй байна.

Төрийн албанд анхаарал хандуулахгүй байх, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлах ашиг сонирхол байгаад байна уу гэж хардах хүн байх юм. Та ер нь үүнийг юу гэж ойлгодог вэ?

Мэдэхгүй болоод л тэгж байгаа байх. Нэг төрийн албан хаагч ажиллаж байгаад өөрчлөгдөөд явахад түүнтэй хамт хоёр жилийн бүх мэдээлэл алга болчихоод байна. Дараа нь дахиад өөр хүн гардаг, тэр нь мэдээллийн урсгалаа нөхөж авах гэж, шинэ нөхцөл байдалдаа уялдуулаад дүгнэлт хийх гэхээр ажил нь жигдэрч өгөхгүй байна л даа. Ямар нэг хурал зөвлөгөөнд ороод, эсвэл гэрээ хэлэлцээр хийх гээд төрийн албан хаагч маань ямар асуудлаар ярих гээд ямар газар ирчихснээ ч мэдэхгүй байна шүү дээ. Тухайн асуудлаа хэрхэн томъёолдгоо ч мэдэхгүй хүн гадаадынхантай хэлэлцээр хийх гээд сууж байна.

Таны яриандаа дурдсан стратегийн гэдэг үг ер нь энэ хуульд цаашдаа байх юм уу, эсвэл авах юмуу?

Энэ чинь ойлгогдохгүй байгаа зүйлийн нэг нь. Бодлогынхоо хувьд яах юм, стратегийн салбар гэж юу байх юм, байх юм уу, үгүй юу гэдгээ тодорхой болгох ёстой.

Хөрөнгө оруулалтын талаар ярьсных “Чалко”-гийн тухай асуумаар байна. Нүүрсээ гаргахаар болчихлоо. Уг нь их л алдагдалтай гэрээ гээд байсан шүү дээ?

Нэгэнт гэрээ байгуулчихсан юм чинь одоо өөр яах юм. Гэрээг биелүүлэх гэж л байгуулдаг шүү дээ.Тэр гэрээгээ зөрчөөд байвал хэн ч чамайг тоохгүй шүү дээ. Эдийн засгийн нэг гол амин сүнс нь хэлцлийн асуудал. Тиймээс хэлцлээ гарцаагүй л дагаж мөрдөх ёстой. Харин тэр буруу хэлцэл байгуулсан, эх оронд ашиггүй хэлцэл байгуулсан юм бол тэр хүмүүс нь нэртэй устайгаа л байгаа байх. Тэр хүмүүстээ хариуцлага тооцох учиртай.

Тэр хариуцлагыг үүрэх хүмүүс нь хэн юм бэ. Парламентын тогоонд энэ асуудал огт яригдахгүй юм. Танд нэрлэх хүн байна уу?

Би андуураагүй бол Тавантолгойн асуудлыг өнгөрсөн Засгийн газарт Тэргүүн Шадар сайд нь хариуцаж байсан санагдаад байх юм. Тэр Тэргүүн Шадар сайд нь өнөөгийн Ерөнхий сайд л байгаа биз дээ. Энэ гэрээ хэлэлцээр олиггүй болсон бол энэ хүн мэдэх ёстой.

Гэхдээ Ерөнхий сайд маань саяхан “Надад ярих юм байгаа шүү. Тавантолгойг бүгдээрээ нийлж гэрээ хийсэн шүү” гэж, би ганцаараа хариуцлага үүрэхгүй шүү ухааны юм яриад байна шүү дээ?

Тэгээд хэлэх юм байгаа бол хэл л дээ. Ганц хүн гэлтгүй хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь бүгдээрээ хариуцлагаа хүлээх л ёстой.

Ер нь гадаадын хөрөнгө оруулалт буурлаа, эдийн засгийн өсөлт саарлаа гэсэн энэ мэдээлэл Ерөнхий сайдыг огцруулах гол үндэслэл гэж МАН мэдэгдээд байх юм. Энэ үнэхээр бодит шалтгаан нь юм уу?

Ийм юмнаас болж Ерөнхий сайдыг огцруулна гэдэг арай учир дутагдалтай байх гэж бодож байна. Ерөнхий сайдыг огцруулна гэдэг бол хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг л асуудал. Тэр хүн Монгол Улсын ямарч хууль зөрчсөн ямар нэг үйлдэл хийсэн бол түүнийг огцруулах үүрэг УИХ бөгөөд УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд, УИХ-ын гишүүдэд ногдож байгаа.

Таныхаар Ерөнхий сайд хууль зөрчсөн юм уу?

Хэлэлцэж байгаа асуудал нь эдийн засгийн өсөлт саарсан гэдэг үндэслэлээр ярьж байгаа бол миний хувьд учир дутагдалтай үндэслэл. Бусад юмыг нь үнэнийг хэлэхэд би сонирхоогүй, бусад асуудлаас нь би тун хол байгаа. Тэр хүн Монгол Улсын хуулийг зөрчсөн ямар нэг үйлдэл хийсэн бол өөрөө огцрох хүсэлтээ гаргах учиртай. Хууль зөрчсөн гэдэг нь нотолгоотой, баримттай байгаа юм бол би кнопоо гозойтол нь дараад л өгнө.

Ж.Цогзолмаа

Зууний Мэдээ 2013-04-25 10:39:23

One comment

  1. Чухал ярилцлага болжээ. Унших хүн л ховор байхдаа. Улс төрд байгаа хүмүүс бүгдээрээ ингэж цэгцтэй сэтгээд, үндэслэлтэйгээр шийддэг болох л хэрэгтэй байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *