Цэцийн шийдвэр үнэхээр инээдтэй санагдаж байна

Өнөөдөр (өчигдөр)-ийн  бүлгийн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж, маргаашийн хуралдаанд Ерөнхий сайдыг тус хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлгэх шийдэлд хүрчээ. Ер нь энэ хуульд өөрчлөлт оруулах асуудал аль тал руугаа шийдэгдэх нь вэ?

-Асуудал нь юунд байна гэхээр Монгол Улсад УИХ гэдэг байгууллага байх уу, үгүй юу, эсвэл хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдэг асуудал байна л даа. Уг нь үндсэн хуульд УИХ гэдэг байгууллага нь төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдэл зөвхөн энэ байгууллагад хадгалагдана гэсэн заалт бий. Үүнийхээ дагуу УИХ нь хууль, тогтоолоо хэлэлцээд баталчихлаа. Харин одоо хэрэгжүүлэх үүрэг нь гүйцэтгэх засаглалд ирж байгаа юм. Гэтэл яагаад хууль хэрэгжихгүй байгаа юм. Хэрэв баталсан хууль нь хэрэгжихгүй юм бол УИХ гэж байхын хэрэг юунд байна вэ. Яах гэж хууль гаргаад сууж байдаг юм.

орон нутгийн сонгуулийн тухай хуулийг дөрвөн жилийн өмнө баталсан. Ний нуугүй хэлэхэд тухайн үед одоогийн МАН, тэр үеийн МАХН олонхи байсан. Олуулаа сууж байгаад л баталсан. Гэтэл баталсан хуулиа хэрэгжүүлэхийн оронд өнөөдөр УИХ-ыг ийм байдалд оруулчихаад сууж байна шүү дээ.

            УИХ дээр орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ, хэлэлцэхгүй, хамт явуулна, явуулахгүй гэсэн маргаан нь эцсийн эцэстээ хөндлөнгөөс харж байгаа хүнд бол Монголын төр их л гунигтай харагдаж байгаа байхгүй юу. Ийм ч төр, УИХ, Засгийн газар байх ч гэж дээ. Тэр хэмжээгээрээ ард иргэдийн төр засагтаа итгэх итгэл гээч зүйл байхгүй болж байна. Итгэл байхгүй бол аливаа ажил яаж урагшлах вэ, яаж улс орноо хөгжүүлнэ гэж ярих вэ. Нэг иймэрхүү л байдалд хүрчихэж гэж би хувьдаа ойлгоод байгаа.

-Хуулийн дагуу хамт явуулах нь санал тоолох явцаас авахуулаад өөр өөр зохицуулалттай учир бүтэхгүй гэж МАН-ынхан яриад байгаа?

-УИХ шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэрийг гүйцэтгэх ёстой. МАН-ынхны яриад байгаа техникийн хувьд болно, болохгүй гэдэг асуудал бол 30 дугаарт ярих яриа. Энэ бол зүгээр л нэг шалтаг, тайлбар өгч байгаа явдал. Түүнээс бус зохион байгуулаад явуулъя гээд ажлаа хийвэл бид ямар анх удаа сонгууль хийх гэж байгаа биш дээр, доргүй бүгдээрээ л мэддэг болчихсон зүйл. Тийм учраас УИХ гэж байдаг бол, тэр нь хууль тогтоох байгууллага мөн л юм бол гаргасан шийдвэр нь биелэгдэж байх учиртай. Ингэж биелүүлэхийн тулд УИХ нь өөрөө явж байх ёстой гэж үзэж байна.

-Тойргоос намын жагсаалт руу шилжсэнээр 28-ын доогуур бичигдсэн хүмүүсийн сонгогдох эрхэд халдсан гэж Цэц үзсэн. Үнэхээр тийм юм биш үү?

-Эцсийн эцэст юу оруулж ирж байна гэхээр огт сонгогдоогүй буюу ард иргэдээсээ санал аваагүй хүн УИХ-ын гишүүн болох зүйлийг хийгээд өгчихөж байгаа юм. Хэрэв үүндээ тулж байгаа бол энэ гаргаж байгаа шийдвэрийнхээ логик гаргалгаагаар нь цааш нь үргэлжлүүлээд явбал 100 хувь пропорциональ сонгуулийн тогтолцоог хүлээж авах болж байгаа байхгүй юу. Дахин хэлэхэд, Цэцийн сая гаргасан шийдвэр нь үнэхээр инээдтэй санагдаж байна.

Тэгвэл энэ танай намын хувьд харин ч ашигтай биш гэж үү. АН-ынхан пропорциональ тогтолцоо давамгайлах ёстой гэдэг шүү дээ?

– Уг нь бол тийм л дээ. Би хувьдаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд анхнаасаа ганцхан саналтай л байсан. 100 хувь пропорциональ тогтолцоогоор явъя л гэдэг байсан. Ер нь эцсийн эцэст манай Монголын өнөөгийн шатанд энэ нь илүү тохирч байгаа юм байна. Магадгүй нийгэм хөгжиж, улам боловсронгуй болоод, ард иргэдийн амьдрал мэдэгдэхүйц дээшлээд ирсэн цагт жижиг эсвэл томсгосон мажоритар тойрог гэх хувилбарууд байж болох байх.

-Гэхдээ өнөөгийн хөгжлийн түвшин, ард иргэдийн амьдрал ахуй ийм байгаа нөхцөлд, шийдэх гээд тавигдаж байгаа зорилтуудыг аваад үзэх юм бол пропорциональ тогтолцоо нь илүү дөхөмтэй юм байна гэсэн байр суурьтай л байдаг юм.

Дээрхтэй холбоотойгоор дахин хэлэхэд, УИХ нийт ард түмний төлөөллийг аль болох бүрэн дүүрэн хангасан байх ёстой. Нийт ард түмнээсээ 49 хувийн санал авчихсан улс төрийн хүчин огт суудалгүй байна гэдэг бол утгагүй л байхгүй юу. Яг үүнтэй ижил тодорхой хэмжээний шалгуурыг даваад гарчихсан улс төрийн хүчин энэ УИХ дотор сууж л байх ёстой шүү дээ. Яагаад үүнийг үгүйсгээд байгаа юм бэ. Энэ чинь 1990 оны Үндсэн хууль, тухайн үед хийсэн хувьсгал энэ тэрийн гол учир. Эдгээр үйл явц нь парламент гэдэг юман дотроо орж ирээд хэрэлдэж бай л гэсэн шийдэл байсан биз дээ. “Одоо гудамжинд гарч илүү, дутуу зүйл яриад байхгүй шүү. Ярьдаг зүйлээ ярьчихсан, хэлчихсэн. Одоо харин бүгдийг энэ парламент гэдэг дотроо орж ирээд ярь, хэлэлц, бүр зодолдсон ч болно. Гагцхүү энэ дотроо л байж бай. Нийгэм рүүгээ гаргаж, тэднийг талцуулж, хуваагаад байх шаардлага байхгүй шүү” гэсэн сонголт хийж, түүнийгээ Үндсэн хуульдаа оруулж өгсөн нь энэ. Гэтэл тэр заалтыг үгүйсгээд нийгмийн төлөөлөл нь гарцаагүй байх ёстой байтал заавал нэг хэсгийг нь зохиомлоор шахаж гаргана гэсэн санаархал бол Үндсэн хуулийнхаа гол утга санааг ойлгоогүй байна л гэж би хэлэх гээд байгаа юм.

-Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй маргаан өрнүүллээ. Та үүнийг юу гэж харж байв. Шүүхийн шийдвэрийг АН-ын захиалгаар хийсэн хэмээн мэдэгдэх тохиолдол ч гарлаа…

-Шүүх хуулийн байгууллага АН-ын захиалгаар ажиллаж байсан түүхийг сайн санахгүй л байна. Ер нь манай намын хамгийн сул цэг нь энэ салбар байдаг юм.

-Харин Ц.Нямдоржийн хэлээд байгаа зүйлсийг би нэг их тоож сонирхохгүй байгаа. Нууцаар төмөр зам тавина ч гэх шиг, юу ч яриад байгаа юм. Арай ч дээ, 1000 гаруй километр төмөр замыг нууцаар тавина гэж юу ч байдаг юм. Тийм учраас би үүнийг нэг их сонирхохгүй байна.

      Харин Х.Баттулгын яриад байгаа зүйл нь дахиад л миний дээр дурдсан УИХ гэдэг байгууллага хууль баталчихаад байна. Тэр хуулийг нь хэрэгжүүлээч л гэсэн асуудал тавиад байгаа юм шүү дээ. Түүнээс өөр ямар ч зүйл яриагүй.

УИХ-ын 27 дугаар тогтоол гэж гарсан. Дөрвөн заалттай. Түүн дээр маш тодорхой буюу дөрөвдүгээрт нь энэ тухай заасан байгаа. Энэ заалтыг яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ гэдэг асуудлыг л Х.Баттулга тавьсан. Өөрөөр хэлбэл, УИХ гэдэг зүйл байх уу, байхгүй юу, шийдвэр гаргах уу, гаргахгүй юм уу. Хэрэв шийдвэр гаргаж байгаа бол зүгээр л нэг жүжиглэх гэж шийдвэр гаргадаг юм уу, эсвэл амьдралд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан уу гэдэг асуудлыг л гаргаж тавиад байгаа шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 2012.04.10

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

One comment

  1. Сүхбаатар
    Сүхбаатар

    Энэ Амаржаргалаас олон түмэнд наалдастай үг сонсогдоод байх юм. Аргагүй л Монголоо гэсэн сэтгэл өвөрлөсөн залуу шүү. Монгол улсын хувь тавиланг зөв тал руу эргүүлэх боловсон хүчин УИХ дотор төрөөд “ангайхай” үедээ боловсорч байгаа ч юм бил үү. Мунхаг би яаж ч төсөөлөх билээ. УИХ дотор ийм гэрэл гэгээ өөр хэнээс ч туяарахгүй байх шиг.

Leave a Reply