А.БАТПҮРЭВ (USYD) Бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн тухай

А.БАТПҮРЭВ (USYD) Бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн тухай

МВ бодлогын хүү болон зайлшгүй барьж байх нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан надаас сэтгүүлчид олон юм асуугаад байсан. Ажил төрөлөөс хамааран хариу өгөх бололцоо муу байгаа учраас Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөгчдын файсбүүк (http://www.facebook.com/groups/ifealumninetwork/) хуудас дээр хэн нэг нь хариулаад өгөөч гэж хүссэн юм. А.Батпүрэв товчхон бичээд ирүүлсэн байна.  Та нар үүнийг уншаад санал дүгнэлттэй нэмэрлээрэй. шүүмжлье гэвэл хэтэрхий ерөнхий байна гэж нэгдүгээр хэлмээр, хоёрт үр дагавар нь чухам аль салбарт яаж илэрхийхийг тодорхой болгож өгвөл сэтгүүлчдэд тус болсон материал болно гэж бодлоо.

Амаржаргал Р

А.БАТПҮРЭВ (USYD) Бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн тухай

Аль ч улсын төв банкны хамгийн гол зорилго үнийн тогтвортой байдлыг бий болгох явдал байдаг. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлж улмаар хүн нэг бүрийн сайн сайхан аж байдлыг хангах үндэс болж өгдөг.

Монгол улсын Төвбанкны тухай хуульд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт –төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” (ТБТХ, 1996) гэснийг Монголбанкны зүгээс төгрөгийн гадаад тогтвортой байдал буюу бусад валютын эсрэг ханш, дотоод буюу хэрэглээний үнийн тогтвортой байдлыг хангах нь бидний зорилт юм гэж тайлбарласан байна. (Монголбанк, 1992)

Тэгвэл энэхүү зорилго хэрэгжүүлэхийн тулд Төвбанк юу хийдэг вэ? Юуны өмнө Төвбанк мөнгөний захын арилжаанд оролцож зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх юмуу багасгах ажиллагаа явуулдаг. Үүнд төв банкны үнэт цаас буюу бондын арилжаа, банк хоорондын захын арилжаа зэрэг хэрэгслүүд багтдаг. Энгийн жишээ авахад Төвбанк зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг багасгахыг хүсвэл өөрийн үнэт цаасыг арилжиж бэлэн мөнгийг татан авч болно. Ийм үнэт цаасанд төлж байгаа (богино хугацаат) хүү нь Монголбанкны бодлогын хүү хэмээн ашиглагддаг. Уг хүү нь мөн банк хоорондын арилжааны суурь хүү болдог тул бүхэлдээ Монгол улсын зах зээл дээрх зээлийн хүүгийн хэмжээг тодорхойлогч хүү буюу бодлогын хүү гэж нэрлэгддэг.

Төвбанкны мөнгөний бодлогын өөр нэг хэрэгсэл нь арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээ юм. Арилжааны банкууд нь мөнгийг нэг талаас татан төвлөрүүлээд нөгөө талд зээл болгон олгож байдгаараа зах зээл дээрх мөнгийг нэмэгдүүлдэг нэг төрлийн нийлүүлэгч болж байдаг. Иймд тэдний татан төвлөрүүлсэн мөнгөнөөсөө заавал бэлнээр байлгах ёстой нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр эргэлтэнд орж байгаа мөнгөний хэмжээг багасгах өөр нэгэн арга хэрэгсэл болдог.

Монголбанкны 4-р сарын 17-ны шийдвэрийн тухайд

Дээрх учир шалтгааны улмаас бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар, заавал байлгах нөөцийн хэмжээг 1 нэгж хувиар нэмэгдүүлсэн Монголбанкны шийдвэр нь ямар нэг онцгой зүйл биш, зайлшгүй хийгдэх ёстой энгийн үйл ажиллагаа болох нь харагдана. Энэ шийдвэрээс Монголбанкны хүлээж буй үр дүн нь мөнгөний нийлүүлэлтийг хумиж инфляцийн өсөлтийг хязгаарлах явдал бөгөөд эдийн засагт үзүүлэх нөлөө нь богино болон дунд хугацаанд өөр байна.

Богино хугацаанд мөнгөний нийлүүлэлт хумигдснаар зах зээлийн нийт эрэлт (хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт) буурч энэ нь нэрлэсэн ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Ийнхүү эрэлт, түүнийг даган нийлүүлэлт буурч зах зээл дээр үнийн шинэ(багассан) тэнцвэр бий болно.

Хэт удаан хугацаанд бодлогын хүүг өндрөөр баривал эдийн засагт хөрөлт бий болж өсөлт зогсох эрсдэлтэй тул үйл явцыг зах зээл дээрх үнэ Төвбанкны зорилтот түвшинд хүрэх хүртэл үргэлжлүүлэх ёстой. Үүний дараа тохируулга буюу үнийн шинэ түвшинд эрэлт, нийлүүлэлт нь хугацааны өмнөх тэнцвэрийн түвшинд очих процесс явагддаг. Эцсийн дүнд дунд хугацааны эдийн засгийн өсөлт хэвийн үргэлжлэх болно.

Монголбанкны судлаачдын 2008 онд явуулсан судалгаанаас үзэхэд хүүгийн өөрчлөлт нь эдийн засагт 8-9 улирлын дараа хамгийн хүчтэй нөлөөллөө үзүүлэх бөгөөд бодлогын хүүгийн 1 нэгж өсөлт нь дангаараа инфляцийг 0.3 нэгжээр бууруулдаг байна. (Д.Батням-нар, 2008) Мөн хүү нь төгрөгийн нийлүүлэлтээр дамжиж валютын ханшид нөлөөлөх бөгөөд валютын ханш нь импортоор дамжиж Монголын инфляцид шийдвэрлэх нөлөө үзүүлдэг болохыг нотолсон байна.

Гэхдээ 2008 оноос манай эдийн засгийн динамик ихээхэн өөрчлөгдсөн тул бодлогын хүүгийн инфляцид үзүүлэх нөлөө, хугацааны хоцролтыг шинээр үнэлэх шаардагатай болов уу.

Ойрын хугацаанд инфляци буурах уу? Дараах хэд хэдэн учир шалтгааны улмаас ойрын хугацаанд инфляци өндөр хэвээр байх төлөв байдал ажиглагдаж байна.

1. Дээр дурьдсанчлан Төвбанкны бодлогын хүүгийн хэрэгсэл нь тодорхой хугацааны хоцролттой явдаг бөгөөд уг хүү 2010 оноос 2011 оны дунд үеийг хүртэл өөрчлөгдөөгүй тул үр дүн гарах болоогүй.

2. Гадаад зээл, хөрөнгө оруулалтын огцом өсөлт нь мөнгөний нийлүүлэлтийг Монголбанкнаас хамааралгүйгээр эрс нэмэгдүүлж байна.

3. Бэлэн мөнгө тараалт, цалин, тэтгэврийн нэмэгдэл, төсвийн асар их хэмжээний хөрөнгө оруулалт зэрэг төсвийн зарлага нь сонгуулийн өмнө оргилдоо хүрч байгаа тул сангийн бодлого мөнгөний бодлогоосоо эсрэг чиглэлд илүү хүчтэйгээр үйлчилж байна.

4. Доктор Ц.Батсүхийн эмпирик судалгаанаас дүгнэхэд Монгол дахь инфляцийн 50 гаруй хувь нь М1 мөнгөний нийлүүлэлт, цалингийн өсөлт болон валютын ханш гэсэн мөнгөний хүчин зүйлсээс, үлдэх 50 шахам хувь нь валютын ханш, шатахууны үнэ, гадаад худалдааны алдагдал зэрэг мөнгөний бус хүчин зүйлсээс үүдэлтэй байна. (Ц.Батсүх, 2008)

5. Монголбанкны хэрэгжүүлэхээр бэлтгэж буй Инфляцийг онилох бодлогын загварт хэрэглэгчдийн инфляцийн хүлээлт нь бодит инфляцид шийдвэрлэх нөлөөтэй байдаг. Энэ оны 3 дугаар сарын байдлаар хэрэглэгчдийн үнийн өсөлтийн хүлээлт өндөр хэвээр байгаа бөгөөд инфляци хоёрдугаар улиралд 16% жилийн эцэст 14% байна гэж хүлээж байна. (А.Ананд, 2012.03)

Ашигласан эх сурвалжууд:

А.АНАНД 2012.03. Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа. In: Д.БОЛДБААТАР-Н.АМАР (ed.). УБ: Мөнгөний бодлого, судалгааны газар, Монголбанк.

Д.БАТНЯМ-НАР 2008. Монголын инфляцийг таамаглах хураангуй загвар SIMOM. УБ: Монголбанк. МОНГОЛБАНК. 1992.

Монголбанкны албан ёсны вэб сайт [Online]. 2011: Монголбанк. Available: http://www.mongolbank.mn [Accessed 21/04 2012].

ТБТХ 1996. Төвбанкны тухай хууль. In: УИХ (ed.). УБ.

Ц.БАТСҮХ 2008. Инфляцийн эсрэг Макро эдийн засгийн бодлого. УБ: СЭЗДС.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *