Байгаа байдлыг овжноор ашиглан хооронд нь холбох гэж дайрдаг нь МАН-ын гэм биш зан

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг ҮЗХ-д санал хэлээд гарч ирэх үед нь уулзаж ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ хуралдаж, хамтарсан Засгаас гарах эсэх тухай хэлэлцэж байна. Хурлын уур амьсгал нэлээд ширүүхэн болж байна…

-Манай хурал халуун дулаан нь хаашаа ч юм, угаас иймэрхүү л уур амьсгалтай болдог. Тийм болохоор энэ нь тийм ч сүртэй зүйл биш. Харин хэлэлцэж байгаа асуудал нь агуулга, үр дагаварынхаа хувьд маш чухал асуудал юм. Тиймээс ҮЗХ-ны гишүүд ач холбогдол өгч, санал бодлоо илэрхийлж байх шиг байна.

Миний байр суурь бол маш тодорхой байгаа. Хамтарсан засгаас гарах цаг болсон. Би одоогоос жил гаруйн өмнө сонин хэвлэлээр энэ байр сууриа илэрхийлж байсан. Тэр үед хэлэхдээ гарах цаг нь өнгөрсөн гэж хэлж байсан. Гэхдээ одоо хугацаа нь хожуу ч гэсэн уг асуудлыг хэлэлцэж байгаад талархалтай байна.

-Сая таны тавьсан саналд хэд хэдэн чухал зүйлийг хэллээ. Эдгээрээс товчхон дурдахгүй юу?

-Нэлээд олон  зүйл байгаа юм. Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргана гэдэг нэг хэрэг. Гэхдээ нэгэнт улс төрийн нам, улстөрчид байгаа хойно намынхаа нэр хүнд, рейтингийг тодорхой хэмжээгээр өсгөсөн шийдвэрийг ард иргэддээ зөв танилцуулсан байх ёстой. Гэтэл ард түмэндээ буруу тайлбарласнаас болж сөрөг хүчин үүнийг овжноор ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээд зэргээр дайрч доромжилж байна шүү дээ. Зөвхөн энэ үйл явдлыг аваад үзэхэд л намын удирдлага хариуцлагагүй байна гэж үзэж болохоор байгаа юм.

-Хуралдаанд үг хэлж байгаа гишүүдийн хэлж буйгаар үлдэж байгаа зургаан сарын хугацаанд ч гэсэн үзэл баримтлалынхаа хувьд нөгөө намаасаа ялгарч чадах эсэх нь эргэлзээтэй гэж байна…

-Магадгүй. Хамтарсан Засгийн газрын гэрээний асуудлыг дүгнэнэ гээд байгаа. Миний ойлгож байгаагаар энэ гэрээнд заасан биелэгдэх ёстой зүйлсүүд бүгд биелэсэн. Харин ямар нэг зүйл үлдсэн бол тэр нь тодорхойлолтоороо биелэгдэх аргагүй зүйл нь л үлдсэн байгаа. Тиймээс “Зургаан сар хамтарч болох байсан юм. Энэ хугацаанд үүнийг биелүүлчихнэ” гэж ярих нь иргэдийг төөрөгдүүлж, эсвэл дайжигнаж байгаа хэлбэр болно. Тиймээс энэ асуудалд өнөөдөр шууд цэг тавигдана.

-Энэ удаагийн хуралдаанаар намын даргад хариуцлага тооцох асуудал нэлээд яригдлаа. Ингэхийн тулд Их хурлыг хурдан хугацаанд хуралдуулах хэрэгтэй гэх гишүүд байсан?

-Их хурлаа хийх цаг болсон. Манайх Их хурлаа их удаж байж хийх юм. Энэ хооронд МАН хоёр, гурван ч удаа хуралдчихав уу даа. Гэтэл манайх сураг нь ч байхгүй байж байдаг. Сая тодорхой хэдэн хүмүүс Их хурлаа хуралдуулах цаг хугацаагаа товлоё гэж байна. Би үүнийг дэмжиж байгаа.

-Та сая МҮДН фракцынхаа үйл ажиллагааг сэргээнэ гэдгээ мэдэгдлээ. Ямар чиглэлээр идэвхжих вэ?

-Манай намын үзэл баримтлал, үнэт зүйлс гэж бий. Энэ бүхэн хамтарсан Засгийн газрыг байгуулсан цагаас эхлэн мартагдсан. Манай намын дүрэмд маш тодорхой заалтууд олон бий. Тухайлбал, манай намын үнэт зүйлсэд баялгийг бүтээгч чинээлэг, эрх чөлөөт иргэдийг бий болгох, төрийн хязгаарлагдмал оролцоо, чөлөөт өрсөлдөөний зах зээл, хувь хүний заяагдмал эрхийг хамгаалах тухай асуудал, иргэний эрхээр төрийн эрхийг хязгаарлах зэрэг товч тодорхой зүйлсийг дурдсан байгаа. Энэ бүгдээс өнөөдөр манай нийгэмд юу нь байна вэ гэхээр хэлэх үг олдохгүй юм. Бид ердөө нийгмийн хавтгайрсан халамжийг өөгшүүлдэг л хүмүүс болчихож. Энэ нь иргэдээ бяцхан авлигадаж байгаа л хэрэг болчихоод байна шүү дээ. Орлого орж ирэхээр ихэнхийг нь бид авчихая. Чи үүнийг аваад чимээгүй сууж бай гэсэн л үг шүү дээ.

Эдийн засгийн өсөлт 20-30 хувьд хүрээд байна гэх юм. Тэгж л өссөн юм бол ард түмнийх нь амьдрал яагаад дээшилдэггүй, ядуурал нь 20-30 хувиар буучихдаггүй юм. Энэ нь хамгийн сүүлчийн судалгааны дүнгээс харагдана. Үүнд ядуурал нь буурах биш харин ч 39.5 хувь гээд өсчихсөн байгаа байхгүй юу. Харин эдийн засаг өслөө гэж цээжээ дэлдэхээс өмнө ядуурал 36 хувьтай байсан юм шүү. Хаана байгаа юм тэр эдийн засгийн өсөлт чинь. Энэ бүхний учир шалтгаан нь бид намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг мартсанд байгаа юм. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бид явах ёстой. Тэгэхийн тулд МҮДН фракц үйл ажиллагаагаа сэргээлээ хэмээн зарлаж байгаа юм.

-Намын даргын тэргүүлдэг “Алтан гадас” фракц нэлээд бэлтгэлтэй байгаа нь хурлын уур амьсгалаас анзаарагдлаа. Ер нь огцруулах асуудал юу болох бол…

-Энэ бол намын Их хурлын шийдэх асуудал. Өнөөдөр уг асуудлыг огт хөндөхгүй. Харин Их хуралд хөдөө орон нутгаас ирсэн мянга гаруй гишүүд шийдэх учиртай юм. Тэр үед л асуудалд шийдэгдэх байх даа.

-АН-ыг засгаас гарахтай зэрэгцээд шатахууны үнийн өсөлт шуугиан дэгдээлээ. Шалтгааныг нь талууд өөр өөр байр сууринаас тайлбарлаж байгаа. Эдийн засагч хүний хувьд та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Би сүүлийн гурав, дөрвөн хоног сайд дарга нарын ярьж, хэлж байгааг телевиз, радиогоор сонслоо. Товчоор ганцхан зүйл хэлье. Үнэхээр хариуцлагагүй, хийх ажлаа мэддэггүй. Эрхээ нэг юм мэдээд байх шиг байгаа юм. Харин ямар үүргээ хүлээснээ мэдэхгүй байна. Ажлынхаа гүн рүү нь орж, барьж аваад хийдэг төрийн албан хаагч ер нь байхгүй болсон юм байна гэж дүгнэж байгаа.

Чөлөөт зах зээл гэж яриад байна. Гэтэл энэ зах зээл нь Улаанбаатарын 22-ын товчоон дээр ирээд л дуусчихаад байна шүү дээ. Энэ товчоон дээр мах 1750 төгрөг байгаа бол хотод орж ирээд 7000 төгрөг болчихож байна. Энэ өсөлт хаанаас, юунаас болж үүсээд байгаа нь ойлгомжгүй. Үүнийг иргэд ухаад ойлгочихож болно л доо. Эцсийн эцэст түшмэдүүдийн л хийж байгаа ажил. Энэ нь нөгөө авлигыг мафийн маягт шилжүүлж, нөгөө аалзны тор гээч зүйлийг бий болгож байгаа юм. Үүнийг нь АН-аас томилогдсон зарим албан тушаалтнууд бараг зөв гэж яриад байх юм. Тийм зүйл байж болохгүй ээ. Манай намын зарчимд ийм тохиолдолд яах вэ гээд маш тодорхой заачихсан байгаа шүү дээ.

-Шатахууны үнийн өсөлтийг АН-ын буруугаас болсон гэж МАН-ын удирдлагууд тайлбарлаад байгаа…

-Тэд энэ хэмжээний улс төр хийхээ мэдэх байлгүй дээ. Матрын нулимс унагах, тэр хэмжээний үйдэл хийх, ийм байдлыг овжноор ашиглан хооронд нь холбох гэж дайрдаг нь угаас энэ намын гэм биш зан нь. Төрөлхийн зан нь ийм л байсан. Бид үүнд нэг их гайхахгүй байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин, 2012 оны 1 дүгээр сар 12, сэтгүүлч Т.Гэрэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *