АН хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон

-Сонгуулиа ямар нэг маргаангүй хийдэг болохгүй бол төрийн дархлаа ганхаж мэдэхээр байна.

Өдрийн сонин 2011.05.16 N122 (3824)

Р.Амаржаргал: АН хамтарсан Засгийн газраас гарах цаг болсон

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Моргейжийн зах зээлийг хөгжүүлэхээр Засгийн газраас 70 гаруй тэрбум төгрөгийн бондыг арилжаалах шийдвэр гаргалаа. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд түлхэц болох болов уу?

-Асуудал юундаа байгаа вэ гэдгээ бид эхлээд ярих хэрэгтэй л дээ. Манай улсын эдийн засгийн бүтэц нь гажиг тогтолцоотой. Үүнийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэхээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэвч санхүүгийн хөрөнгийг дайчилдаг механизм нь Монголд хагас дутуу, сул хөгжжээ. Үндсэндээ хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн нэг л урсгал ноёлж байгаа. Тэр нь ердөө банкны л зээл. Өөр бусад эх үүсвэрүүд байхгүй. Үнэт цаасны болон валютын, хөрөнгийн зах зээл олигтой хөгжөөгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын шинэ их үүсвэрүүдийг гаргаж ирэх, тэр тусмаа институцинал хөрөнгө оруулагчдыг үүсгэх, татах, бэхжүүлэх нь эдийн засгийн суурь зорилт. Энэ зорилтыг хангах нэг арга зам нь моргейж. Өөрөөр хэлбэл, орон сууцаа, үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан зээлийн тогтолцоо гэсэн үг. Манай улс хэдэн жилийн өмнөөс моргейжийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай гэж яриад байсан ч ажил хэрэг болголгүй өнөөг хүргэн. Саяхан Засгийн газар моргейжийн зах зээлд зориулан 70 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэр гаргалаа. Энэ нь оройтсон ч гэсэн яахав эхлэлийг нь тавьж байгаагаараа дэвшилттэй хэрэг.

-Сүүлийн үед монгол төгрөг улам чангарч байна. Энэ нь сайн нөлөөтэй юу эсвэл Монголын эдийн засаг голланд өвчнөөр өвдөж байгаагийн шинж тэмдэг үү?

-Монголд асар их хөрөнгө оруулалт орж ирж байна. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш чангарч байгаа. Энэ нь тийм ч сайн зүйл биш л дээ. Чи ердөө бараа бүтээгдэхүүн импортолж оруулж ирээд бай, өөрөө битгий үйлдвэрлэ гэсэн зүйл рүү түлхдэг гэмтэй. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгч нарыг унагах нэг хүчин зүйл болох сөрөг талтай. Үүнээс үүдээд төгрөгийн ханшийн энэ чангаралтыг тодорхой хэмжээгээр залах асуудал гарч ирж байгаа юм. Гэнэт биш үе шаттайгаар, аажим аажмаар төгрөгийн ханшийг чангаруулах, экспортоо аль болохоор дэмжсэн арга хэмжээг маш идэвхтэй явуулах хэрэгтэй.

-Та Ерөнхий сайд байхдаа эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах зорилт дэвшүүлж байсан санагдана. Тухайн үед таны бий болгоё гэж зорьж байсан зүйл өнөөдөр биеллээ олж уу?

-Эдийн засгийн тусгаар тогтнол гэр үеийнхээс бас чиг овоо л урагшилж байна. Гэхдээ миний хүсч, мөрөөдөж байсан хэмжээнд хүрэх нь өдий л байна. Юуны өмнө бид нэг зүйлд онцгой анхаарах хэрэгтэй. Эрчим хүчээ өөрсдөө бүрэн хангах, нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох шаардлагатай байна. Энэ чиглэлд зоригтой, царайтай алхам хиймээр байгаа юм. Зүүн аймагт илэрсэн нөөцөөс газрын тос олборлодог компанитай манай Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан учир жилд тодорхой хэмжээний түүхий нефтийн квот оногдож байгаа. Үүн дээрээ түшиглэн нефть боловсруулах үйлдвэр яаралтай баримаар байна. Орчин үед техник технологи хурдацтай хөгжөөд энэ төрлийн үйлдвэрийг барихад ч авсаархан болж. Нэг ийм үйлдвэр барьчихвал цаашдаа эрэлт хэрэгцээ нэмэгдвэл модул маягаар шууд залгаад барьж байгуулдаг технологи нэвтрээд байна. Монголын бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөө гаргаад хийе гэсэн хүсэл зориг байдаг юм билээ. Даанч төр засгийн байгууллагуудад давхар санаа оноо байдаг юм уу, эсвэл хардаад байдаг юм уу олигтой дэмжиж өгөхгүй байна.

Хэрэв энэ чиглэлээр зоригтой алхам хийвэл хоёроос гурван жилийн хугацаанд нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаасаа гарчих боломж бий. Хоёрдугаар эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд гэвэл эдийн засгийнхаа ерөнхий бүтцийг өөрчлөх хэрэгтэй байна. Тодруулж хэлбэл түүхий эд л бэлтгэн нийлүүлдэг энэ байдлаар удаан замнаж болохгүй.

Түр зуурын хугацаанд үүнийг хэрэгсэл болгож ашиглан тодорхой хуримтлалтай болчихоод эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт хийж төрөлжүүлэх шаардлагатай. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өндөр байж л байна. Хоёр, таван жилийн дараа байдал яаж эргэхийг хэн ч таашгүй. Ханш унасан үед нусаа хацартаа наагаад уйлаад сууж байхгүйн тулд өнөөдөр бид эдийн засгийн бүтцийг хангах чиглэлд онцгой анхаарлаа хандуулахгүй бол болохгүй. Тэр дундаа хоёр зүйлийг онцолж барьж авмаар байгаа юм.

-Ямар зүйлийг онцлох ёстой гэж ?

-Дэд бүтцийг хөгжүүлэхийг онцгой анхаарах цаг болгон. Барилгын компаниуд орон сууцны үнийг нэмээд байна л гэдэг. Гэвч үнэндээ дэд бүтцийнх нь хүчин чадал чинээндээ тулчихсан. Барилгын компаниудын хүчин чадлыг нь нэмэгдүүлье гэхээр зам, харилцаа, холбоо, эрчим хүч, дулаан, цэвэр бохир усны шугам гээд дэд бүтцийн асуудалд очоод тулдаг. 100 мянган айлын орон сууц барина гэж зарлаад байгаа. Гэвч үнэндээ эрчим хүч, дулааны асуудлыг яаж шийдэх нь бүрхэг байна. Дэд бүтцийг нь бий болгоогүй байж одоо хаана орон сууц барих гээд байгаа юм. Уг нь энэ бүхнийг үе шаттайгаар урьдчилж харж, шийдээд явж байх ёстой. Тэгэхээр төр засгаас дэд бүтцийг нь хөгжүүлэхэд маш их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай байна. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нэлээд зүйл хийх гээд амихандаа гүйгээд л байх юм. Түүнийг нь дэмжиж, тоож байгаа хүн ч алга. Хоёрдугаарт нь боловсролдоо гар татмааргүй байна. Иргэнээ өндөр боловсролтой, чадвартай, мэдлэгтэй болгох нь хөгжлийн гол түлхүүр шүү дээ.

-Хамтарсан Засгийн газрыг та хэр ажиллаж байна гэж боддог вэ?

-Засгийн газар байгаа боломж нөхцөлөө бүрэн дүүрэн ашиглахгүй байна Шүүмжлэлтэй хандах зүйл зөндөө байна. Гэхдээ бүх зүйлийг харлуулах гэж хамаагүй туйлширч болохгүй. Нэг жишээ татья л даа. Оюу толгой дээр 200 мегаваттын цахилгаан станц барина гэж яригдаад л байсан. Одоо нөгөөхөө барих байтугай хятадуудаас 15 центээр худалдаж авна гэж байна. Нүүрс нь бэлээхэн байхад манайхан өөрсдөө цахилгаан станц бариад ийм үнээр нийлүүлж болмоор доо. Гүйцэтгэх засаглалын түвшинд хийж гүйцэтгэж байгааг харахаар шаварт суучихсан хий эргээд байна уу гэмээр л байх юм. Тэгээд ч сонгууль дөхчихсөн болохоор энэ нөхдүүд юм хийе гэсэн сонирхол нь эрс буурчихсан юм шиг байна.

-Таныг гүйцэтгэх засаглалыг толгойлж байхад төсвийн нийт хэмжээ 300 гаруй тэр бум төгрөг байсан байх, тийм ээ?

-Тэр үед хөрөнгө оруулалтад 48 тэрбум төгрөг тавьчихаад ямар их баяр хөөр болдог байсан гээч. Одоо төсөв гурван их наяд гарч хөрөнгө оруулалтад л гэхэд 600,700-д тэрбум төгрөгийг тавьж байна шүү дээ. Харьцуулшгүй ээ. Би анх С.Батболдыг Ерөнхий сайдаар томилолдооны дараахан Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруул, олон зүйл ярихгүй гацаад байгаагийн шалтгаан нь бүтэц зохион байгуулалт нь өнөөгийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой гэж хэлж байсан. ТӨХ гэсэн байгууллага чинь юу хийгээд байгаа юм. ҮХШХ гээд шинэ байгууллага бий болгосон. Үүний эрх мэдэл нь хаана байна. Хаана юу зангидаад байгаа юм. Энэ бүхэн чинь болохгүй байна. Тийм учраас Засгийн газрын бүтцийг өөрчил, илүү үр ашигтай болго, сайд дарга нарын 1001 нэмлээ гээд байдал дээрдэж байгаа юм уу, арав гаруйхан Засгийн газрын гишүүнтэй ажиллаад болоод байсан гэхчлэн асуудал тавьж л байлаа. Ерөнхий сайд өөрөө санаачилга гаргаад үлдэж байгаа хугацаандаа хүчээ ийм, ийм зүйл дээр төвлөрүүлэхээр шийдлээ, үүнийг хэрэгжүүлэхийн тулд ийм бүтэц, зохион байгуулалт хэрэгтэй байна гээд УИХ- д оруулаад ирэх юм бол ойлгоно шүү дээ. УИХ энэ хамтарсан Засгийн газрыг бололцооныхоо хэрээр дэмжиж байгаа. Ийм их дэмжлэгтэй Засгийн газар урьд өмнө байсан ч юмуу даа. Ажиллуулах бололцоог нь олгоё. Олигтой ажиллах болов уу гэж горьдоод л байлаа. Гэвч манай гишүүдийн олонхийн нь горьдлого тасарч эхэлж байна.

-Парламент хяналтгүй боллоо. Эрх баригч намын бөөрөнд сөрөг хүчин нь наалдчихаар буруугч зөв болгож хараад шийдчихдэг юм байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Таны хувьд?

-Би хувьдаа бол АН засгаас гарах цаг болсон гэж бодож байна.

-Танай намын бүлгийн гурван гишүүн ЭБЭХ-ий сайд Д.Зоригтыг огцруулах бичиг өргөн барьсан. Гэвч дахин хамгаалаад үлдлээ?

-Асуудлын гол нь Д.Зоригтод биш байх аа. Харин өнөөгийн улс төрийн тогтолцоо, энэ нам дамжсан хэлхээс, сүлбэлдээн Зоригт шиг залуучуудыг золиослон, сүйтгэж байгаа нь гунигтай л байна.

-Монгол Улсын төсөв босоо тогтолцоотой, дээрээс бүгдийг хуваарилдаг нь төвлөрлийг бий болгож байна гэж Ерөнхийлөгчөөсөө эхлээд шат шатандаа шүүмжлэлтэй хандаж байна. Харин саяхан төсвийн бодлогодоо шинэчлэл хийхээр Төсвийн тухай хууль, Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэн хуулийн төсөл болгон боловсруулан УИХ-д өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар ахиц гарах болов уу?

-Би УИХ-д сонгогдож орж ирснээсээ хойш хоёр, гурван зүйлд л хамаг анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Би мэдэхгүй зүйл рүүгээ үсэрч очоод олон долоон зүйл яриад ч байдаггүй. Тэгж их мэдэгч царайлах ч хэрэггүй гэж боддог л доо. Сонгуулийн тухай хууль, Концессын тухай хууль, Төсвийн тухай хуульд голчлон анхаарлаа хандуулж байгаа гэж ойлгож болох юм. Сонгуулийн тухай хуулийг энэ хаврын чуулгандаа багтаагаад баталчихаасай гэж найдаж байна. Хоёр жил зүтгэж байж Концессын хуулийг батлуулж эрх зүйн орчныг бүрдүүлээд өглөө. Сайн, муу гэж шүүмжилж болно. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт нь үнэхээр сэтгэлд хүрэхгүй байна. Тун хариуцлагагүй байна. Бас мэдлэггүй болохоороо ойлгодоггүй ч юм шиг байна. Энэ Концессын тухай хууль нь улсын төсвийн ачааллыг бууруулах, улсын нуруун дээр овоорсон олон асуудлыг хөнгөвчилж, санхүүгийн асар их дарамтыг зайлуулах хэрэгсэл юм шүү дээ. Гэвч энэ чухал хэрэгслийг Засгийн газар дэндүү явцуу хараад, ашиглаж чадахгүй байна л даа.

Гурав дахь гол хууль энэ Төсвийн тухай хууль. Энэ хуулийн гол утга учир нь юундаа байна гэхээр орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэж, тодорхой заалт тусгаж өгсөн. Эдийн засгийн өсөлт 7, 8, 9 хувьтай гарлаа гээд байдаг. Гэвч иргэдийн амьдралд тэр нь мэдэгддэггүй. Сүүлийн 10 жилийг аваад үзэхэд ДНБ бараг зургаа дахин өссөн байна. Ийм өсөлттэй эдийн засаг дэлхий дээр тун ховор. Энэ нь гайхамшигтай өсөлт байгаа байхгүй юу даа. Тэгсэн мөртлөө өнгөрсөн арван жилийг эргээд харахад сэтгэл дундуур, уурласан уцаарласан, бухимдсан, дийлэнх иргэдийн амьдралын түвшин доогуур хэвээрээ л байна. Уг нь эдийн засаг нь зургаа дахин өссөн байхад баяр баясал болоод л, хязгааргүй сайхан болчихсон баймаар даа. Учир шалтгаан нь юундаа байв гэхээр эдийн засгийн өсөлт нийгмийн давхаргуудад харилцан адилгүй хуваарилагдаж очоод байгаа хэрэг. Энэ нь баян хоосны ялгарлыг хүчтэй болгож байна. Өөрөөр хэлбэл, баячуудыг нь улам л баяжуулаад, ядуучуудыг нь улам ядууруулаад байгаа хэрэг. Үүнийг шийдэх нэг арга зам нь улсын төсвийн бодлогодоо өөрчлөлт оруулах явдал. Төсөв гэдэг нэгнээс нь аваад нөгөө тийш нь өгдөг дахин хуваарилалтын хэрэгсэл. Энэ нь хуваарилалтын механизмдаа өөрчлөлт оруулж, хөдөө орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өгөхдөө амьдарч байгаа хүний тоо, бизнес эрхлэх орчны байдал. Улаанбаатар хотоос алслагдсан байдал зэргийг нь харгалзаж хуваарилах санааг хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь эхний том алхам юм. Энэ хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж. Батлах байх гэж тун их найдлага тавьж байна даа.

-Хэдийгээр байнгын хороогоор Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч батлагдах эсэх нь бүрхэгдүүл байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Сонгуулиа ямар нэг маргаангүй хийдэг болохгүй бол төрийн дархлаа ганхаж мэдэхээр байна. Анхны ардчилсан сонгуулиас эхлээд үр дүнг ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байх зүйл гардаг байлаа. Бүр сүүлдээ 2008 оны сонгуулийн дараа ямар айхтар зүйл болсныг олон түмэн мэдэж байгаа. Ийм байдалд хүргээд байгаа нь олон учир шалтгаантай. Энэ бүгдийг нэг мөр шийдэх зүйл нь Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн сайжруулах явдал. Хамгийн гол нь нийгмийн шаардлагыг хангасан байж сонгуулиа сонгууль шиг хийнэ. Байгуулагдсан төр засаг нь ч хуулийн дагуу, гаргасан шийдвэр нь маргаангүй байх ёстой. Тиймээс Сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах ёстой гэж би хувьдаа боддог. Гэхдээ миний хүслээр болохгүй юм шиг байна. Холимог тогтолцоон дээр санал нэгдлээ гэж байгаа ч нэг л бүрхэгдүү байгаа. Ингэж баахан ярьж байгаад хаврын чуулган дуусгаад завсарлаж, амжиж батлах гээд намрын чуулганаар шуурхайлж мэднэ. Тэр хуулийг нь хэн нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд өгч маргаан үүсгээд унагаж, хуучин байдлаараа 2012 оны сонгуулийг явуулах гээд байна уу гэсэн хардлага надад төрөөд байгаа. Гэхдээ ийм зүйл битгий л болоосой билээ.

Д.ДОРЖПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *