МОНГОЛ УЛС ямар 10 жилийг ардаа орхив?

har tsagaanШинэ зууны эхний арван жил шувтарлаа, юу гэж дүгнэх вэ? Алдагдсан, зогсонги, дэвшилт …

Хачин сайхан арван жил байлаа гэж хэн ч хэлэхгүй байна. Гэтэл өнгөрсөн арван жилд манай улсын эдийн засаг дөрөв дахин өссөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) бараг тав дахин өссөн. Солиотой үзүүлэлт шүү дээ.

Тэгвэл яагаад сэтгэл дундуур байна вэ? Улс төр нийгэм, эдийн засаг, соёл уламжлал, үүх түүх гэх мэтийн нийлбэр, хольц, бүхэлдээ нэг л иймэрхүү сэтгэгдэл үлдээж байна. Монголын өнөөг тодорхойлогч төр, бизнес, нийгэм гэсэн гурван том субъект бий. Эдгээр гурван хүчин зүйл хэл амаа ололцолгүй өдий хүрсэнд хэргийн учир байгаа юм.

Энэ гурвын харилцан хүлээн зөвшөөрсөн нийгмийн зөвшилцөл, нийгмийн гэрээ, хэлцэл хэмээх чухал хөшүүрэг үгүй өдий болтол явсан учраас бид нэг “иймэрхүү л” байна. Төр, нийгэм, бизнес гуравт 20 жилийн өмнө харин тохиролцсон зүйл бий. Тэр нь хуучнаа эвдэх, нураах. Гэтэл нураачихаад эргээд яаж бүтээх, хэрхэн босгох вэ гэдэг дээр харилцан тохиролцоонд хүрч чадаагүй юм. Тиймээс тус тусдаа амиа бодож, бие биенээ үгүйсгэн зүтгэсээр ирсэн.

Эл гурвын хооронд харилцан ойлголцол, үр ашигтай хамтын ажиллагаа бүрдүүлэх үйл ажиллагаа орхигдсон. Тэд нэгэн зүг чигт хүчээ нэгтгэн, бие биенээ хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө хүндэтгэн хамтран ажиллаж чадаагүй юм. Үүнээс улбаалан асар их боломж, бололцоог алдсан. Тэгээд ч бид сэтгэл дундуур арван жилийг үдэж байна.

Харин одоо төр, нийгэм, бизнесийн гурвалсан “хаан” гэрээ, тохиролцоо, зөвшилцөөг байгуулах цаг шинэ арван жилийн босгон дээр тулж ирлээ. Энэхүү гэрээ нь хэн, ямар эрх, үүрэгтэйг тодорхойлж өгөх юм. Жишээ нь, хэрэв өнгөрсөн арван жилд төр 60 хувийн жин татаж, бизнес 20, нийгэм мөн 20 хувьтай байсан бол ирэх арван жилд энэ харьцаа 40:40:20, түүний дараах арван жилд 25:50:25 болно хэмээн тохирч болох юм. Энэ тоо бол миний л субъектив үзэл, чухам ямар байх өөрөөр хэлбэл, хэн хэдий хүртэл ямар хүндийг үүрэхийг “нийгмийн гэрээндээ” тусгах ёстой болно.

Өнгөрсөн жилүүдэд нийгмийн дэг журмыг сахиулан, төр гэж байгаа шүү гэдгийг харуулах үүргээ төр гүйцэтгэсэн. Ирэх арван жилд харин нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүргийг төр илүү анхаарч гүйцэтгэх байх.

Түүний дараах арван жилд төр иргэддээ үйлчлэгч байх, тэдэнд хэрэгцээт чанартай үйлчилгээг хүссэн газар, цагт нь хүргэж өгөх хэмжээнд хүрэх бололцоотой.

Бизнесийн хувьд өнгөрсөн жилүүд хөл дээрээ босож өндийх, эргэн тойрондоо учир начраа олох цаг хугацааны шалгарал байлаа. Төрийн өмчийн нэгжүүд бусдадаа орон зайгаа тавьж, үндэсний хэмжээний компаниуд соёолж эхэлсэн.

Ирэх арван жилд үндэсний том хөрөнгөтнүүдийг, үндэсний хэмжээний томоохон компаниудыг бодлогын чанартайгаар дэмжин өсгөн бойжуулж, дэлхийн зах зээлд түрэн гаргах цаг ирэх байх. Үндэсний томчууд араасаа өч төчнөөн жижиг, дунд үйлдвэрийг (ЖДҮ) дагуулан байж нийгмийнхээ ач буяныг хариулах юм. Тиймээс ирэх гуравдахь арван жилд эдийн засгийн тулгуур болсон дундаж анги хамгийн эрч хүчтэй (динамик) ЖДҮ дээр тогтох юм.

Нийгмийн хувьд өнгөрсөн жилүүд амаргүй байсан. Аливаа юмны эхлэл түүчээ нь байж, нийгмийг манлайлах гэсэн санаа нь иргэний нийгмийн анхдагч эд эсийг бүрдүүлж өгсөн. Тэгсэн хэдий ч төрөө дагах, төртэйгээ тэрсэлдэхгүй байх, шилжилтийн хүнд хэцүү сонголтын үед төрөө дэмжиж түших үүрэгтэй нүүр тулсан юм. Ирэх арван жилд төр, бизнестээ итгэл үзүүлэх, үнэнч байх нь нийгмийн үндсэн үүрэг байх болов уу.

Төрийн бус байгууллага (ТББ) улам бүр идэвхтэй ажиллах болно. Харин түүний дараагийн арван жилд жинхэнэ утгаараа иргэний нийгэм ноёрхсон байх юм.

Ямартаа ч нийгмийг бүхэлд нь хамарсан зөвшилцлийг төр, бизнес, нийгэм буй болгож, үндэсний хэмжээний хөгжил, дэвшлийн үзэл баримтлалыг саадгүй хэрэгжүүлэхүйц нөхцөл бүрдүүлэх түүхэн сорилт одоогоор бий болжээ.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

2 Comments

  1. 10 жилд бид эдийн засгийн эрх чөлөө буюу оочергүй талхаа авдаг, “мөнгө” -ийг хуулийн аргаар олох эрхч чөлөөг олж авсан. Харин бидний үе тэнгийнхэн гэгддэг Зүүн Европ сэтгэлгээнийхээ эрх чөлөөг олж авсан гэж боддог. Одоо бид энэ их баялагийн хийрхэл дундуур бүдчин илүү хүнд зам болох оюун санааны эрх чөлөөгөө олж авахаар пүүгээгээ баглаад замдаа гарах гэж байна. Харин энэ хагуул дуусахад гэртээ л эзэн шиг сууж байгаасай л гэж хүсэж байна. Эс бөгөөд өөрсдийгөө бид хорлоод л ердөө хэн хэний дагуул болчих вий дээ. Би биенийхээ дээр гарах гэж 3 дахь эх үүсвэрээр баталгаажуулах гэж уралдсаар байгаад Манжид дагаар орсон шиг л үзэгдэл болох вий.

    Хүндэтгэсэн,

    Амарсанаа.Б (metamorphoser)

  2. МОНГОЛ УЛС ямар 10 жилийг ардаа орхив нийтлэлийг уншиж үзлээ. Олон зүйл тунгааж үзлээ. Ер нь бид өнгөрсөн хугацааныхаа алдаа оноог зөв дүгнэж байж ирээдүйн зорилт зорилгоо зөв тодорхойлж амжилтанд хүрэх болно гэдгийг илүү ойлгож ухаарлаа. Ховд аймаг Жаргалант 2-р 12 жил сургуулийн захирал Н. Сэрээнэндорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *