“Баялгийн хараал” гэгчийн тухай өгүүлэх нь (лекц)

…Энэхүү лекцийг 2010 оны 4 сард СЭЗДС-ийн доктрантуудад уншсан болно.

Сайн байна уу? Та бүхний мэндийг эрье.

Нэлээд хэд хоногийн өмнө Хэвлэлийн хүрээлэнгийнхэн  нэг зүйлийг надад арай дэгс   танилцуулсан юм билээ. Юу гэвэл, Монголын эдийн засгийн байдлын талаар лекц уншиж өгнө үү  гэж.

Тэгж ойлгоод,  үнэхээр лекц унших юм байна хэмээн  амьхандаа нэжгээдийг  нягтлан  эвлүүлж  байгаад хүрээд очсон чинь юун лекц байхав. Зүгээр нэг хэдэн минутын мэндчилгээний үг шахуу зүйл  болж таарсан. Тэгээд харамсаад байхгүй юу. Овоо зэгсэн  юм бэлтгэчихсэн байдаг, тэрнийгээ аль ч үгүй орхилтой нь биш.

Тэгсэн, ашгүй манай сургуулийнхан нөгөө Хэвлэлийн хүрээлэн дээр оччихсон, тэдэнтэй болон  сонин хэвлэлд ойр хүмүүстэй хамтарч эдийн засгийн чиглэлээр сургалт хийж байсан нь олзуурхмаар.  Ер нь бэлтгэсэн лекцээ өөрийнхөө багш нарт уншчихъя. Яахав тэр хэвлэл, мэдээллийнхэн хүрч ирээд сонсвол сонсоно л биз.  Сонсвол уг нь өөрсдөд нь нэмэртэй юм даа гэж санасан хэрэг.

Тэгээд лекц маань “Баялгийн хараал” гэгчийн  тухай юм л даа.  Сэтгүүлчдийн сүүлийн үед бичээд байгаа сэдэв.

“Баялгийн хараал” гэдгийг  янз бүрээр тайлбарлаад: тэгж ч байна ингэж ч байна,  болж байна, болохгүй нь,  гэхчлэн олон л зүйл бичээд байгаа. Энэ талаар нэгдүгээрт ярья. Хоёрдугаарт, үүнийг тойруулаад ер нь макро эдийн засгийн бодлого, институциональ талууд нь чухам юу  юм бэ гээд ярья гэсэн санаа байна.

Тэгэхээр нэг асуудал гарч ирж байгаа юм. Баялагтай бол уул нь сайн, баян чинээлэг л байвал бүр сайн шүү дээ. Гэтэл яахаараа тэр нь хараал болчихдог юм бэ. Яагаад баялаг нь болохоо байчихдаг билээ гэдэг асуулт гарч ирээд байгаа юм.  Хариулт хайгаад  үзвэл, үнэхээр тийм гэмээр  хэсэг улс орнууд байнаа. Ангол, Нигер, Судан, Конго гэсэн энэ орнууд нээрээ л асар их баялагтай. Боливи ч гэсэн ялгаагүй.  Тийм их баялагтай хэрнээ ард түмнийх нь амьдрал сайжирч байгаа юм үгүй, эдийн засгийн өсөлт байхгүй, ядуурал дээд зэрэгтээ хүрсэн, улс төрийн тогтвортой байдал алга, байнга л иргэний дайн, тулаан болж байдаг.

Ялангуяа Суданд болж буй үйл явдлуудыг та бүхэн мэдэж байгаа. Арга ядаад манайхаас хүртэл энхийг сахиулах зорилгоор цэрэг, дайчид очиж ажиллаж байна шүү дээ. Конго ч бас өөрцгүй.  Эднийх ардчилсан орон гэгддэг. “Ардчилсан Конго” гэхээр гоё л дуулддаг  нэр.  Гэтэл  ардчилсан Конгод  нэдэр дээрээ хүмүүст нь  хараад, найдаад байх юм үндсэндээ  ховор.   Цаашлаад Боливи гэхчлэн Латин Америк руу зүглэхээр маш их нефтьтэй бас л  гайхуулам улс  юм шиг хэрнээ мөнөөх л  асуудал оршсоор байдаг.

Харин нөгөө талд нь болохоор бас л баялагтай боловч илүү дөмөгхөн аж төрөөд  байдаг улс орнууд байна. Норвеги, Кувейт, Катар, Ботсванаг нэрлэж бид мэднэ.  Энэ улсууд үнэхээр баршгүй  баялагтай, тэгээд ард түмнийх нь ахуй амьдрал ч боломжийн.

Норвеги  бол  амьжиргааны түвшин их өндөр орон.  Африкийн өмнө зүгийг харин зорьвол  тэнд Ботсвана гэж улс бий. Эднийх очир эрдэнэ буюу алмаазын тоймгүй  баялагтай орон.  Тэрнийгээ тун зөв зохион байгуулаад,  удирдаад авч явж чадаж байна.  Дээрээс нь Чилийн жишээг аваад үзье.  Их гайгүй.

Энэ мэтээр  нэг хэсэг улс орнууд нь уналтад ороод, амьдрал ахуй нь доошлоод бүтэл муутай байдаг.  Харин нөгөө хэсэг нь хөлжөөд,  хөгжөөд,  урагштайхан  яваад байдаг…

Та бидний эх орон Монгол гэж нэг улс  байнаа.  Саяхнаас монголчууд бусдын анхаарлыг нэлээд татах болсон.   Тоймгүй  баялагтай.  Зүгээр нэг энгийн жишээ бодъё л доо. “Таван толгой”  хэмээн  сүүлийн үед тасралтгүй яригдаад байгаа нүүрсний уурхайн нөөц нь гэхэд 6 тэрбум 500 сая тонн гэж бичигдээд байна. Уурхайг дээд хүчин чадлаар нь ашиглана гэж бодвол жилд 30 сая  тонн нүүрс гаргана. Тэгээд хуваагаад үзвэл—6,5 тэрбумаа 30 саядаа хуваахаар 220 -иод жил гарч ирж байгаа байхгүй юу.  “30 сая тонн нүүрс  гаргаад л байхад 220-иод жил…” та нар бод доо. Асар их хэмжээний нөөц.

Тэгтэл энэ  “Таван толгойн” нүүрсний уурхай Монголд  ганцхан байгаад, өөр нүүрсний орд байхгүй гэсэн үг бас биш юм. Өөр том том ордууд мөн  байгаа.  Ач холбогдлоороо дутахааргүй, хэмжээ цар хүрээгээрээ ч гэсэн илүү гарахаар ордууд байна.  Зөвхөн нүүрсний хувьд.

Тэрнээс цаашаа газрын тос руу өнгийх  юм бол манай улс  газрын тос экспортлодог орны тоонд орчихлоо. Ер нь бол,  нөөц нь нэлээн боломжийн байж магадгүй сураг гараад байгаа. Түүнчлэн  уран гэж байна. Одоо тогтоогдчихсон  нөөцөөрөө  дэлхийд арван хэдэд орчих гээд буй. Цаашилвал, өнгөт метал, газрын ховор метал гэхчлэн яриад байвал асар их нөөц баялаг бидэнд бий.

Тоолж баршгүй  баялаг байгаад байдаг.  Тэр их баялаг маань Ангол, Нигерийнх  шиг болчих юм уу эсвэл Норвеги, Чили шиг болох уу  гэдэг асуудал гарч ирээд байна.

Энэ чухам юу юм бэ? Үүний цаана яг ямар асуудал байдаг вэ гэдэг талаар,  та бүхэнд  цэвэр эдийн засгийн онолын талаас нь тайлбарлах гэж  оролдъё. Өнөөдрийн лекцийн гол зорилго бол ердөө л энэ.

Нэг үгээр, нэг өнгөөр дуугаръя

Тэгэхээр,  “баялгийн хараал болдог” хэмээх ойлголт хоосон зүйл биш юм шиг байгаа юм. Сакс, Варнер нарын 1995 онд хийсэн анхны судалгаа байдаг.  Түүний дараа 2001 онд дахин  нэг судалгаа хийсэн байна. Энэ хоёр судалгааны дүнд юу гарч ирсэн бэ гэвэл, ерөнхийдөө байгалийн баялаг ихтэй улс, орнуудад эдийн засгийн өсөлт тун доогуур байдаг  гэсэн дүгнэлт гарч иржээ.

Дараа нь 2007 онд Каудер, Карел, Сайд нар судалгаа хийсэн. 2007 он гэдэг бол тун сүүлийн үеийн судалгаа байхгүй юу. Дараа нь Рос, Смит нарын 2004 ? онд хийсэн судалгаанууд бол Сакс, Варнер нарынхыг ерөнхийдөө нотолсон  юм. Ер нь бол нэг хамаарал байна. Тэгэхдээ энэ судалгаа нь цэвэр регресс, цэвэр статистикийн регресс дээр л  тулгуурласан. Тэгээд л нэг коэффициент гаргаж аваад, тэр коэффициентийнхээ дагуу тодорхойлж гаргаад ирж байгаа юм.

Ийм судалгаа байгаад байхад нөгөө талд өөр судалгаа бас байна.  Демокруа гээд 1977 онд хийсэн судалгаа, Дэвисийн 1995 оны судалгаа, Херб хэмээх хүний 2005 оны судалгаа бол сүүлийн үеийнх. Малонигийн 2002 онд хийсэн судалгаанууд юу харуулсан бэ гэхээр ер нь, дээр өгүүлсэн шиг тийм хамаарал байхгүй байна гэж гаргаж ирээд байгаа юм. Тийм хамаарал үгүй байна шүү гэж.

Ингэхээр эрдэмтэн, судлаач, шинжээчид  судалгаа хийчихээд, нэг юман дээр хоёр дүгнэлт гаргаад байгаа биз.  Нэг хэсэг нь, “баялаг”- эдийн засгийн өсөлтийг  хангаж чадахгүй, нөгөө нэг нь үгүй ээ, тийм хамаарал байхгүй,  тэгж хэлж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Үгүй тэгвэл, энэ ямар учиртай юм бэ,  яагаад ийм зөрүүтэй дүгнэлтүүд гараад байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл энэ нь  нэгдүгээрт,  арга зүйтэй холбоотой асуудал байгаа юм. Ямар арга зүйг судлаачид ашиглаж байна вэ гэдгээс ихээхэн хамааралтай.

Жишээ нь, баялаг гэдгийг хоёр янзаар авч үзэх хандлагатай байна.  Яг газрын хэвлий  доор оршин байж байгаа зүйлийг эсвэл тогтоосон тухайн нөөцийг баялаг гэж үзээд, мөнөөх нь их хэмжээтэй байх юм бол “баялагтай орон” гэж тооцоод байдаг. Харин нөгөө  хэсэг эрдэмтэд нь газар доор  их нөөц байхгүй байж болно, гэхдээ дэлхийн зах зээлийн экспортод танай улсын эзэлж байгаа хувийн жин өндөр байх юм бол тэрнийг чинь бид  “баялаг” хэмээн тооцоод үзье гэж.

Яг ний нуугүй хэлэхэд, газар доороо байж байгаа юм чинь эцсийн дүндээ нэг их баялаг биш шүү дээ. Ухаад гаргаж ирэхээр л баялаг. Алт хэзээ баялаг болдог вэ? Газар доор хэвтэж байхдаа тэр юу вэ? Нэг төмөр шүү дээ. Шар шороотой төмөр гаргаж ирээд, боловсруулалт хийчихээр алт болчихож байгаа.

Чухамдаа энэ судлаачид  ямар зүйг баримталж байна, юун дээр тулгуурлаж судалгаа хийв гэдэг нь үнэн хэрэгтээ хамгийн чухал асуудал болоод байдаг юм.

Ер нь энэ том асуудлын хүрээнд миний харж буйгаар бол, урьдчилсан ямар нөхцөл авч байна вэ? Тэрнээсээ хамаараад  асуудлыг дуртай зүг рүүгээ мушгиж болох нь ээ.

Манай эдийн засгийн ухаанд ганц байдаг юм бол тэр шүү дээ. Урьдач нөхцөл гээд үнэ тогтмол байна гэж бодьё—гээд л эхэлдэг. Тэгэх юм бол хадгаламж яах вэ, хөрөнгө оруулалт яах вэ, тэрэндээ тулвал хэрэглээ яах вэ гээд л…

Тэгэхээр,  чухам ямар урьдач нөхцөл авч үзэж байна вэ гэдгээс хамааран, юуг өгүүлсэн  дүгнэлт хийж болох вэ гэдэг нь гарч ирээд байгаа юм. Тэр дүгнэлтийн цаана улс төрийн захиалга ч байж болно, тодорхой сонирхол байж болно, юу ч байж магад.  Нэг тиймэрхүү дүгнэлтүүдийг  эрдэмтэн судлаачид  судлаад гаргаад ирсэн байна, тэр бол гайхалтай нэрт эрдэмтэн хүн, тийм учраас их зөв зүйл ярьж байна, бид  түүнийг нь  дагах ёстой гэж хэлж болохгүй. Үүнийг манай багш нар онцгой  анхаарч, маш сайн мэдэж байх ёстой.

Сэтгүүлчид бол үүнийг эрх биш нэг тунгааж байх ёстой. Яриад байгаа хүн болгоны зөв биш.

Тийм учраас ялангуяа, эдийн засгийн талд,  түүнчлэн бусад салбарт ч нэгдсэн нэг ойлголттой болох нь чухал юм.  “Баялаг” гээд л яриад байдаг. Хүн болгон янз янзаар үүнийг ойлгоно. Зүй нь  нэг хэлээр, нэг дуугаар ярих ёстой байхгүй юу. Нэг арга зүйг хэрэглэж байж, нэг өнгөөр дуугарах цонхнууд чинь гарч ирнэ. Судалгаан дээр ч гэсэн ялгаа байхгүй. Зарим хүний материалыг уншиж байхад, маш анхааралтай шүүмжлэлтэй уншихгүй бол  нэг нүүрэн дээр нэг томъёогоо бараг 3-4 утгаар хэрэглэчихсэн байх тохиолдол зөндөө л гардаг. Чухам ямар утгаар хэрэглээд, ямар урьдчилсан нөхцлөөр оруулж байж, тэрхүү дүгнэлт гарч ирж байна вэ гэдгийг  соргог сайн бодох ёстой. Үнэхээр тэр А гэдэг утгаар нь аваад үзэх юм бол туйлын давуу талын тухай яриад эхэлнэ. Хэрэв Б  утгаар яриад үзэх аваас бид  харьцангуй давуу талын тухай ярьж эхлэх болно.  Энэ хоёр давуу тал гэдэг нь  эдийн засгийн онолдоо ч, микро эдийн засгийн түвшинд ч тэс ондоо дүгнэлтүүдэд хүргэдэг билээ.

Энгельсийн хууль төрсөн түүх

Баялгийн тухай асуудал  өнөөдөр гараад ирсэн зүйл  биш юм. Нэлээд дээхнэ үед гарч ирсэн  байна. Магадгүй, хүмүүс үүнийг янз янзаар сонирхон оролдож байсан биз.  Судалгаа, шинжилгээний ажил ч хийгдэж байсан. Тэгээд ерөнхийдөө хоёр хандлага гарч ирж байгаа юм. Нэгдүгээр хандлага нь,  урт удаан хугацаанд аваад үзэх юм бол /10 жилээс дээш/ түүхий эдийн үнэ өснө гэсэн таамаглал. Учир нь  газар доор байгаа баялаг  нөхөн сэргээгддэггүй ба нийлүүлэлт нь тогтмол байдаг гэсэн хоёр таамаглал тавьчихаж байгаа юм. Ийм хоёр урьдчилсан нөхцлийн хүрээнд ямар дүгнэлт хийх вэ?—Урт удаан хугацаанд түүхий эдийн үнэ  өсөх юм байна гэсэн дүгнэлт хийж болж байна.

Нөгөө нөхөд нь юу гэж ярьж байна вэ гэхээр урт хугацаанд  түүхий эдийн үнэ буурна гэж хэлээд байна. Яагаад буурах вэ гэж асуухаар, энэ бол маш мэдрэмж багатай бүтээгдэхүүн гэдэг. Мэдрэмж нь 1-ээс доогуур гэсэн үг. Өөрөөр хэлбэл орлого чинь 1 хувиар өсөхөд түүхий эдийн эрэлт  нэгээс бага хувиар өсөх гээд байдаг. Энэ нь л Энгельсийн хуулийг гаргаад ирсэн юм.

Одоо яригдаад байгаа Энгельсийн хууль  бол их нийтлэг, сонин хууль байдаг бөгөөд нэлээд гоё томъёологдсон гэж болно.  Орлого нэмэгдэх хэрээр хүнсэнд зарцуулах хувийн жин буурна. Манай Экономикс зааж байгаа багш нар  бүгд энэ тухай нэгдүгээр курсийн оюутнуудад зааж байгаа байх.

Ерөнхийдөө, дэлхийн эдийн засгийн статистикийг авч үзэхэд, хэдий чинээ хөгжлийн түвшин өндөр байна, төдий чинээ нийт орлогын хүнсэндээ зарж байгаа хувийн жин маш бага байдаг.

Тийм учраас Америк орон яаж байна вэ гэхээр, хөргөгчөөр нь дүүрэн хоол, тэгээд хамгийн том асуудал бол таргалалт. Арга ядаад тэргүүн хатагтай нь хүртэл таргалалтын эсрэг тэмцэхээр хөдөлгөөн зохион байгуулаад явж байна. Америкт таргалалт үнэхээр хэвийн бус түвшинд хүрсэн. Энэ нь эдийн засгийн маш их сөрөг үр дагавар дагуулдаг юм байна л даа. Хамгийн наад зах нь машины суудлаас эхлүүлээд л автобусанд ороод суух гэхээр багтахгүй, онгоцонд ороод суухад ч  түвэгтэй… Тэгээд хоёр сандлыг нийлүүлж нэг хүн суулгах болдог. Ингэхэд нөгөө ачаа эргэлт, зорчигч тээвэрлэлт нь яах вэ? Өөрөөр л нөлөөлөөд явчихна.  Үнэ өртөг нь хэрхэх билээ  гэхчлэн  сөрөг үр дагавар нэлээд  байдаг.

Энэ үүднээс л  Энгельсийн  хуулийг түүхий эд дээр хамруулах гэж оролдоод байгаа юм. Яахав, тухайн үедээ уг асуудал нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд яригдаж байсан бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түүхий эд хэмээн ойлгож байсан тул иймэрхүү хуулийг гаргаж ирсэн байх нь.

Тарифын бус хаалтыг ашигласан нь

Үнэ нь буурна гэж үзэж байсан эрдэмтэд нь Паул, Прибиш, Сингерн нарын хүмүүс юм. Эндээс 1950-иад он 1960, 70-аад оны үед импортыг орлуулдаг үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гэсэн философи гарч ирсэн—Импорт орлуулдаг аж үйлдвэржүүлэлт гэж. Дандаа гаднаас,  хүнээс юм авах тухай л даа.

Бусдаас хэрэгцээт зүйлээ авч байгаа учраас бид хараат болчихоод байна. Гадныхны муухай ааш нь хөдлөөд бидэнд гар сарвайхаа  түдгэлзвэл  бид  хэцүүхэн  байдалд орж мэдэх юм.  Тиймээс гаднаас  гуйхаа больё, өөрсдөө  үйлдвэрлэгч болцгооё. Үүний тулд ямар бодлого хэрэгтэй вэ гэвэл чөлөөт худалдаа байж болохгүй, тариф байх ёстой, тарифыг өндөр тогтоох хэрэгтэй.  Хэрэв тариф үйлчилдэггүй  юм бол тарифын бус хязгаарлалтуудыг оруулж өгье гэж.

Ер нь ний нуугүй хэлэхэд, хамгийн либерал эдийн засагтай улс орнууд ч тэр, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улсууд ч  ялгаагүй 1950, 60-аад оны үед тариф, тарифын бус хязгаарлалтын аргыг бүгд л ичиж зовохгүйгээр хэрэглэж байсан. Аман дээрээ тэд гадаад худалдааг чөлөөтэй байлгах хэрэгтэй, либералчлах нь зөв, өргөжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээж байсан ч бодит  амьдралд тулмагц бүгд энэ тарифын аргуудыг хэрэглэж байсан юм.

Жишээ нь, Япон, Америкийн “автомашины дайны” тухай яриа бий.  Америк сөнөлөө. Японы машинууд орж ирээд Америкт автомашины үйлдвэрлэлийн бүхэл бүтэн салбар устах нь гэлцээд л.  Хэрэв 1980-аад оны тоо баримтыг та нар мэддэг бол, тэр үед өдөр бүр л  дайны тухай мэдээ явж байгаа юм шиг,  яг л фронтоос мэдээ цацаж буй адилаар тасралтгүй  телевизийн мэдээ гардаг байсан.  Япончууд ингэлээ, америкчууд тэгж байна гээд л.

Дараа нь Америк-Европын төмрийн дайн. Бас л 4-5 жил үргэлжилсэн. Тэр мэдээг зүгээр л сонсоод байх юм бол энэ дэлхий ертөнц юу болж байна вэ гэмээр толгой эргүүлэм. Юун тэр Чечень. Тэрнээс ч илүү сүртэй юм болж байсан. Тэгээд яасан,  хоёулаа хоёр талдаа мөнөөх тарифын аргыг л хэрэглэсэн.

Үр дүнд нь 1977 онд GATT байгуулагдаад, дараа нь Дэлхийн худалдааны байгууллага болж, эцэстээ энэ бүх зүйлийг Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд  зохицуулах гэж оролдож байгаа юм. Одоо бол, ер нь  ингэж бие биетэйгээ байлдахаа больё. Тарифын нэгдсэн нэг бодлого явуулъя. Аль болох гадаад худалдааг өргөжүүлье, чөлөөтэй болгоё. Ингэвэл аль аль талдаа ашигтай  гэдгийг эрхбиш хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн хэрнээ тарифын бус хаалтуудыг (барьер) ашиглаж эхэлсэн байдаг.  Ялангуяа 1980-аад оны сүүлч 90-ээд оны эхээр өндөр хөгжилтэй орнууд энэ аргыг маш их хэрэглэсэн байна.

Тухайлбал, Энэтхэгээс хөнгөн гутал үйлдвэрлээд Америк руу эсвэл Европын зах зээл рүү оруулаад ирье гэхээр өөрийнх нь нэг үйлдвэр уначих гээд байдаг… Тэгэхээр нь нөгөө тарифын бус саад хоригоо ашигладаг. Танайд хөдөлмөрийн нөхцөл чинь болохгүй байна. Танай энэ ажилчид  маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Ийм нөхцөл байдалд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бид  нутаг руугаа оруулахгүй ээ гэдэг. Тийм учраас та нар, хөдөлмөрийн нөхцлөө сайжруулна уу, анд минь гээд л…

Сонсоход уг нь их гоё санагдаад байгаа юм. Тун зөв зүйтэй юм шиг яриад байгаа боловч үнэн хэрэгтээ тухайн салбарыг  дэлхийн зах зээл дээр гарах эрхийг нь бүрмөсөн хаачихаж байгаа байхгүй юу. Тэгээд зохиомлоор өөрийнхөө нөгөө 50 доллараар үйлдвэрлэж буй гутлаа зах зээл рүүгээ нийлүүлж байх жишээтэй.

Иймэрхүү баримт сэлтийг  харахад хоёрхон л  прогноз байна. Түүхий эдийн үнэ буурах уу эсвэл өсөх үү гэдэг нь урьдчилсан нөхцлөөсөө хамаараад, тэр нь цааш явсаар  тухайн улс орны  гадаад  худалдааны  бодлого, нарийн яривал бүр улам өргөжөөд, дэлхийн  хэмжээний  эдийн засгийн  бодлого  болоод тэлчихдэг  юм  байна.

Бусдынхыг булаах сэтгэхүй

Дараагийн нэг том асуудал бол түүхий эдийнх нь ордын нөөц  тогтмол (fixed) 22-25 байна гэж үзье. Тэгэхээр нэгэнт л тогтмол байна гээд бодчих юм бол 100 ширхэг байгаа бол 101 хэзээ ч болохгүй. Аваад байвал буурна уу гэхээс нэмэгдэх тухай асуудал байхгүй.

Энэ тохиолдолд ямар янзын асуудал гарч ирдэг вэ гэхээр бие биенээсээ булаах,  дээрэмдэх гэж оролддог. Эдийн засгийн нэг бүлэглэл гарч ирээд түүхий эдийн нэг орд дээр өөрийнхөө хяналтыг тогтоочихсон байна. Хэсэг хугацааны дараа орд газрын баялаг дуусна. Яахав, амьдрал дээр тэр нь хэдэн арван жил байх л даа. Гэхдээ хялбарчлаад аваад үзэхэд жишээ нь, арван жилийн дотор баялаг барагдаж дуусна гэвэл нөгөө нэг нөхөр нь бас тэрийг нь хараад сууж байгаа. Яаж хялбархан,  аятайхан шиг сул орлого олоод авчих вэ гэж бодоод эрж хайвал  дээрэм хийх нь  хамгийн ашигтай арга зам болж байгаа юм.

Өнөөдөр манай Монголд бас ялгаа байхгүй шүү дээ. Хөлсөө дуслуулан  байж мөнгө олж авна гэхээсээ илүү,  хүн дээрэмдэж  мөнгөтэй болох нь хамаагүй ашигтай. Үгүй,  яахав дээ нэг хүн зогсож байна, очоод дээрэмдлээ зуун төгрөгийг нь  авчихлаа. Цагдаа хүрээд ирвэл 30 төгрөгийг нь өгчихнө, 70 төгрөг  чамд үлдэж байна. 70 хувийн ашигтай бизнес гэж дэлхийд хаана байна. Ийм бизнес байхгүй шүү дээ. Тийм болохоор юун үйлдвэрлэл, юун хөлс хүчээ шавхаж элдэв янзын юм хийх.  Бусдын хийж байгааг дээрэмд,  рэкет хий.  Ерөнхийдөө л энэ хууль үйлчлээд эхэлчихжээ.

Үүн дээр цаг хугацааны хүчин зүйл  нэмээд оруулаад ирье. Хязгаарлагдмал цаг хугацаанд шахагдчихвал нөгөө орд газраа өмчилж байгаа нөхөр  яах вэ? За даа, аягүй бол тэр.. хүрч ирээд булаана шүү. Эсвэл  сонгуулийн дараа Ардын нам нь гараад ирвэл, нөгөөдүүл нь хүрч ирээд  дээрэмдэнэ гэж бодоод,  ердөө ганцхан зорилготой л болох нь. Өөрийнхөө оршин байгаа энэ үед л амжиж  дээд зэргээр ухаад байя гэхээс  өөр ямар нэгийг сэхээрч,  бодохгүй болчихож байгаа юм.

Ингэхээр дахиад л урьдчилсан нөхцөл маань юу вэ? Чухам ямар хязгаарлалтуудыг оруулж өгөх вэ гэдгээс энэ дүгнэлтүүд болон сая яриад байгаа зүйлс гарч ирдэг.

Өмчийн эрх ба баталгаажуулалт

Манайд эхний ярьсан хоёр зүйлтэй уялдаа холбоотойгоор нэг асуудал онцгой анхаарал татаж байгаа. Тэр бол өмчийн эрхийн тухай асуудал. Хааяа сонин дээр өмчийн эрх гэж нэг тийм үг цухалздаг л юм.  Гэхдээ тэр  чухам юу юм бэ, яг ямар институт юм бэ гэдгийг нь мэддэг, задалж нарийвчилж гаргаж ирсэн тохиол  бараг л  байхгүй.

Тэрхүү өмчийн эрх гэдэг нь баталгаажаагүй учраас булаагаад авч болдог, хамгийн энгийн жишээ гэвэл мөнөөх  “Таван толгой”  юм даа. Нэг хэсэг компаниуд яаж ийж байгаад авчихсан байж л дээ, Таван толгойг.  Авч байх үед нь хэн ч, юу ч дуугараагүй. Дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөөд,  дотоод нөөц нь тогтоогдоод иртэл,  энэ чинь  ийм юм байна шүү дээ гэцгээн бүгд дайрсан. Тэгээд сонин хэвлэлээр шуугисан. Улмаар нийгмийн сэтгэл зүйг нэг талд нь гаргасан. Тэд бол ангийн дайснууд  шахам ойлголтыг төрүүлээд, түүн дээр нь төр засаг орж байгаад бүгдийг нь хурааж авсан.  Сүүлдээ юу болсон юм бэ гэхээр “Ухаа худаг” гэдэг нэг юмыг “Энержи ресурс” хэмээх компанид үлдээгээд нэг хэсгийг нь улс авсан.

Одоо ямар компани, яаж байна вэ гэхээр жижиг Таван толгой гэдгийг залгих компани болж байгаа юм. Тэр нь аль 1990-ээд оны үед хийгдсэн байдаг. Анх  өмч хувьчлал явагдаж байх үед Өмнөговь аймгийн засаг захиргаанаас ямар шийдвэр гаргасан бэ гэхээр тэр жижиг Таван толгой гэж нүүрсний уурхай байна, түүгээрээ орон нутгийнхаа нүүрсний хэрэгцээг хангая. Тухайн үедээ   орчин үеийн хэлбэрт оруулаад ХК болгоод 51 хувийг нь  авчихъя гээд өмчиндөө оруулчихсан  байна. Улсынхаа өмчинд, өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдэлд байдаг 51 хувийн өмч байгаа байхгүй юу. Үлдэж байгаа 49 хувийг  нь харин ард иргэдэд зарсан юм байна.

Тэгээд үүний дээрээс бас улс төрийн нөлөө орж ирдэг. МАН-аас /шинэ нэрээр/ нэр дэвшсэн хүн нь Өмнөговь аймагт гарч ирээгүй. Тэгээд тэрийгээ юу гэж тайлбарласан гэхээр энэ Таван толгойн орд бол бидний мэдэлд байгаа учраас, энэ хувьцаа эзэмшигч нар байгаа учраас ийм байна гээд, булааж авах арга чарга хэрэглээд,  сонин дээр 100 тэрбум төгрөгийн торгууль тавьсан тухай  мэдээ гарсан байж билээ.  Юманд эрүүл саруул ухаанаар хандах хэрэгтэй шүү дээ.

Тэгэхээр өмчийн эрх баталгаажаагүй учраас ямар ч найдвар байхгүй. Өнөөдөр хүн өмчтэй байна гэж найдах ямар ч боломж байхгүй. Хэн ч, хэзээ ч хүрч ирээд булаачих магадлалтай. Жаахан хүчтэй,  чангахан хашгирдаг, орилж чаддаг нь, за тэгээд ганц хоёр илүү мөнгөтэй бол нааш цаашаагаа хүн амьтан худалдаж авч чаддаг бол чиний гэсэн өмчийг булаах бүрэн бололцоотой.

Тэгвэл яг  энэ тохиолдолд, саяны миний яриад байгаа дүр төрх  гарч ирээд, энэхүү дүр зургийг юу гэж нэрлээд байна вэ  гэхээр “баялгийн хараал” гэж нэрлээд байгаа юм. Нөгөө дээрэмдүүлж буй хүн нь бас зүгээр суухгүй шүү дээ. Мөн л эргүүлээд  дайн зарласан шахуу юм болдог. Ингээд л явсаар байгаад улс орон ч хөгжсөн юмгүй, аль байдаг хамгийгаа сүйтгээд дуусдаг.

Өмчийн эрх гэдэг асуудал бол энэ хоёр дээр /орд шавхагдана–булаах, дээрэмдэх оролдлого болон хязгаарлагдмал–хурдан түргэн шавхаад дуусгах/ тулгуурлаж гарч ирж байгаа юм.

Өмчийн эрх гэдэг нь хамгийн их яригдах ёстой зүйл. Өмчийн эрхийг дагаад бас нэг яригддаг асуудал бол хэлцлийн тухай хууль—гэрээ юм. Энэ бас л манайд байхгүй зүйл. Манай Иргэний хууль дээр хэдэн заалт байгаа. Гэхдээ бид  түүнийгээ хэрэгжүүлж бас мэдэхгүй. Тэгэхээр энэ хоёр зүйл нь тэр хараалд өртөх үү, үгүй юү гэдгийн нэг гол урьдчилсан нөхцөл юм гэж би хэлэх гээд байгаа юм. Нэг бол өмчийн эрх байх ёстой, баталгаажсан байх ёстой—тэгвэл чи хөгжинө. Тэр байхгүй бол хөгжлийн тухай горьдоод ч хэрэггүй. Ангол, Судан, Конго, Боливи л болно!

“Хотелинг”-ийн зээлийн хүү

Дараагийн нэг асуудал бол уул уурхайн нөхцлийн тухай юм. Энэ талаар та нар маш сайн мэдэж байгаа.  “Оюу толгой” ордын гэрээний тухай асуудал  байна. Засгийн газар гэрээ байгуулна, байгуулахгүй, комисс нь хүлээж авна, авахгүй гээд бөөн юм болсон. Тэгээд яаж хүлээж авлаа. Эхлээд хэдийг нь авлаа?… Нэг хэсгийг нь авчихаад хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдөх юм бол, сайн тал руугаа эргэх юм бол үүнийг бас нэмээд нөөцөндөө оруулна гэж шийдсэн.

Логикийн хувьд зөв үү. Маш зөв ойлголт шүү дээ. Яагаад гэвэл, яг өнөөдөр өгөгдчихсөн байгаа үнийн түвшинд, өнөөдөр өгөгдчихсөн буй технологийн түвшинд, зөвхөн энэ завсарт ашигтай байгаа юм.

Технологи хөгжөөд, шинэ нээлтүүд гарч ирээд элдэв янзын үйл явдал өрнөх юм бол нөгөө олзворлох өөрийн өртөг буураад явчихна. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх аваас өртөг зардал бас дахиад буурна. Тэгээд тэр хэмжээгээр урьд нь болохгүй гэж байсныгаа ашиглах бололцоо гарч ирж байгаа юм.

Гэтэл манайхан зүгээр, шууд энэ дээр “үзэлцээд” байгаа юм. Юу ч мэддэггүй хүмүүс шиг. Юу ч ойлгодоггүй юм шиг.  Үгүй ээ, чи ердөө тэр бүх нөөцөө л бүртгэх ёстой, нэг хэсгийг нь үлдээсэн үлдээгээгүй гээд л маш их юм болсон. Манай сонин хэвлэлийнхэн, радио, телевизийнхэн хүртэл энэ дээр “гайхамшигтай сайн ажилласан”. Ойлгохгүй байна уу, санаатай тэгээд байна уу гэдэг нь сонин байгаа юм.

Дээрхтэй уялдаа холбоотой онолын асуудлыг дэвшүүлсэн хүн нь Хотелинг /Hotelling dilemma/ бөгөөд тэрээр 1931 онд энэ талаар судалж байсан байна. Өмнө нь бид  ярьсанчлан тэрээр нэг бол урт хугацаанд түүхий эдийн үнэ өснө, нэг бол буурна гэж авч үзсэн. Энэ хүн бол дунджийг нь гаргаад ирж байгаа юм. Ер нь бол түүхий эдийн үнэ зээлийн хүүтэй адилхан өснө гэсэн дүгнэлтийг хийсэн.

Чухам яаж энэ онолоо тайлбарласан юм бэ? Хотелингийн  үзэж байгаагаар тухайн баялгийг эзэмшиж, хөгжүүлж байгаа хүнд хоёр сонголт байдаг. Нэг бол ухаж гаргах эсхүл түүнийгээ багасгаад үлдээгээд байх. Тэгвэл чухам ямар сонголт хийх вэ? Ухаж гаргах уу? Эсвэл үлдээх үү? Ямар сонголт хийх вэ гэдгийг баялгийн одоогийн үнэ цэнийг нь зээлийн хүүтэй нь уялдуулж байж гаргана. Өөрөөр хэлбэл, одоо ухаад гаргаад ирэх юм бол яг одоо мөрдөгдөж байгаа үнээр зарна. Тэгээд энэ үнээр зараад хэдэн төгрөгийн орлого оллоо. Тэр орлогоо яах вэ? Нэг бол Засгийн газрын бонд болгож хувиргана эсвэл хадгаламж болгон хувиргана. Хэрэв хадгаламж болголоо гэхэд юуг илүүтэйгээр анхаарах вэ? Энэ үед хэдэн хувийн хүү авч байна вэ гэдэг нь хамгийн чухал зүйл болдог. Засгийн газрын бонд худалдаж авахад ч тэр бас л хүүнээс хамаарна. Тэгэхээр ухах, ухахгүй гэсэн шийдвэр нь эцсийн эцэст хүүнээс хамаарах нь.

Хэрэв түүхий эдийн үнэ өсөхгүй бол ухаж гаргаад байх сонирхол бага. Өсөхгүй гэж үзэх юм бол өнөөдөр бүгдийг  ухаж гаргах нь байна. Яагаад гэвэл маргааш үнэ нь буурна хэмээн тооцож байгаа учраас. Гэхдээ үнэ нь өссөн ч зээлийн хүүнээс бага өссөн тохиолдолд баялгаа ухаж гаргачихаад хадгаламж, бонд болгоод тавьчихсантай харьцуулахад бас л ашиггүй болчихно. Тэгэхээр зээлийн хүү хөвөгч маягийн болчихож байгаа юм. Энэхүү зээлийн хүү дээш доошоо хөвж байгаад эцсийн эцэст нэг түвшинд хүрээд ирэх ба энэ зээлийн хүүний тогтсон түвшин нь түүхий эдийн үнийн хандлагыг тогтооно гэсэн санаа гаргаж ирсэн. Энэ нь 1931 онд хэлж байсан зүйл боловч одоо болтол ач холбогдлоо алдаагүй юм.

Ерөнхийд нь ажиглаад байхад зээлийн хүү, түүхий эдийн үнийн хамаарал маш тодорхой байгаа юм. Зээлийн хүү өндөр байвал түүхий эдийн үнэ доошоогоо, харин зээлийн хүү бага байвал түүхий эдийн үнэ өндөр байдаг. Та бүхэн Блумбергийн мэдээ, мэдээллийг аваад үз. Алтны үнэ яаж байна? Алтны үнийг яаж тодорхойлох вэ? Алтыг өнөөдөр авах уу, худалдах уу гэдгээ  яаж мэдэх вэ? Юутай корреляци хийж үзэх вэ?…Доллар шүү дээ.

Долларын ханшны хэлбэлзэлтэй л ерөнхийд нь харчихаж байгаа юм. Долларын хэлбэлзэл юунаас хамаардаг вэ гэвэл зээлийн хүүнээс хамаардаг юм. Тэгэхээр энэ зээлийн хүү гэдэг маань үнэхээр энэ түүхий эдийн үнийг тодорхойлоод байгаа хүчин зүйл гарцаагүй мөн гэж үзэж байгаа юм.

Түүхийг нь аваад үзвэл, 1970-аад оны үед зээлийн хүү маш бага байсан. Харин түүхий эдийн үнэ бол ерөнхийдөө өндөр байсан. 1980-аад онд бага байсан. Харин 2003 оноос эхлээд  өсөөд эхэлчихсэн.  Одоо бол өсч байгаа цикл дээрээ байна. Хамгийн сонирхолтой  нь, саяхан FED /Холбооны Нөөцийн Систем/ зээлийн хүүгээ нэмэгдүүлж эхэлсэн.  2003 онд ерөнхийдөө өсөөд эхэлчихсэн зээлийн хүү нь бараг тэг болсон шүү дээ. 2009 оны эдийн засгийн хямралаас гаргахын тулд, бууруулсаар бууруулсаар үндсэндээ хүүгээ  тэг болголоо. Гринспен FED-ийн дарга байхдаа, эдийн засгаа дэмжинэ гэсэн учраас хямд мөнгө нийлүүлж, тэгээд зээлийн хүүг  системтэй бууруулсаар хамгийн доод цэгт нь аваачсан. Тэгээд хямралаас гарах гээд дахиад бууруулаад тавьчихсан. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үнийн бүүм /boom/ болно гэдэг чинь тэр шүү дээ. Харин саяхан FED зээлийн хүүгээ эргүүлээд өсгөж байна. Гэхдээ энэ өсөлт маш бага л даа. Шууд одоо үнийг хэлбэлзүүлэх хэмжээнд хүрээгүй байгаа. Ерөнхийдөө хандлага нь бол яах вэ, хэмээн та нар эрх биш  харж байгаад, өөрсдөө нэг корреляци хийгээд үзээрэй гэж  хэлэх гээд байна.

Цааш нь бас түүх талаас нь авч үзэх юм бол Мальтус мөн оролцсон байдаг. Бид  яагаад энэ хүнийг дандаа муулдаг байсан бэ гэхээр Маркс, Энгельс хоёр энэ хүнийг баахан муулаад, тэгээд Ленин багш дээрээс нь нэмж муулсан. Дээд сургуульд дөрвөн жил Мальтус шиг, ард түмнийг ад үздэг муу хүн байхгүй гэж ярьсаар байгаад бидний үед түүнийг тун тааруухан хүн байх нь хэмээн ойлгоод байв. Яг үнэндээ судалгаа, шинжилгээнийх нь үүднээс авч үзэх юм бол Мальтус гайхалтай эрдэмтэн хүн.

Тэрээр 1798 онд дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлийн тухай асуудлыг дараах байдлаар тайлбарлаж байсан юм. Тогтмол нөөцтэй юм чинь хэрэглээд эхлэхээр энэ маань ховордож эхлэнэ. Ховордож байгаа тохиолдолд нийлүүлэлт нь багасаад, үнэ нь өснө гэсэн ерөнхий үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Тэгэхээр дээр ярьсан зүйлс бас Мальтусын санаан дээр тулгуурлаад л гарсан байх нь.

Аливаад ул суурьтай, нухацтай хандъя

Гэхдээ энд нэг асуудал байгаа. Тэр  юу юм бэ гэдгийг авч үзье. Нөөц тогтмол байж болно. Газрын доор хэвтэж байгаа нөөц дахин нэмэгддэггүй  юм байна л даа. Нэмэгдлээ гэхэд магадгүй, хэдэн зуун сая жилийн тухай л ярина уу гэхээс бидний амьдралын хугацаанд бол тийм асуудал байхгүй.

Харин нийлүүлэлт бол шал өөр асуудал юм. Нөөц, нийлүүлэлт гэдэг бол хоёр өөр категори. Тиймээс салгаж ойлгох хэрэгтэй  байгаа юм. Шинэ орд нээгдлээ гэж бодъё. Нийлүүлэлт нэмэгдэнэ. Шинэ технологи нэвтэрвэл бас л нийлүүлэлт нэмэгдэх жишээтэй.

Түүхий эдийн үнийн динамикийг хараад байхад, сүүлийн хэдэн жилийг өмнө дурдсан жилүүдийг аваад үзэх юм бол нэг ийм динамик гаргана. ДД1 гэдэг нь дэлхийн дайн 1 гэж байгаа юм. ДД2 гэдэг нь дэлхийн дайн 2 гэж байгаа юм.

Түүхий эдийн үнийн динамик

1870 – ДД1 өссөн Аль мөчлөгт судалгаа хийж байгаагаас хамааран өсөлт бууралтыг тайлбарладаг
ДД1 – ДД2 буурсан
1950 – 1970 өссөн
1980 – 1990 буурсан
2000 – 2010 өссөн Богино дунд хугацааны экстраполяци тэр болгон таарахгүй

Тэгэхдээ судалгаа хийж байгаа хүмүүсийн дүгнэлтүүдийг хараад байхаар бас нэг сонин зүйл байна. Жишээ нь, 1980-1990 оны үед судалгаа хийсэн улс ерөнхийдөө экстраполяци хийгээд, ерөнхийдөө буурна гэсэн дүгнэлт гаргасан байгаа юм. Өнөөдөр /2000-2010/ ярьж байгаа хүмүүс бол яах вэ?

Ер нь өснө гээд л байгаа. Манай УИХ-ын гишүүд бол ерөөсөө лут ш дээ. Хүүе, юу ярьж байгаа юм. Наадах чинь ёстой тийм болно гээд ярьж байдаг. Тэгтэл бид  үнэндээ мэддэггүй байхгүй юу.

Та бүхэнд нэг л зүйлийг тодорхой хэлээд байгаа. Маргаашийг их сүрхий  мэддэг маягаар асуудалд ердөө хандаж болохгүй. Дэлхийн эдийн засаг гурван сарын дараа, зургаан сарын дараа юу болохыг, өнөөдөр тааж хэлж чадах чадалтай хүн байхгүй л байна. Олон улсын валютын санг аваад үзье. Зөвхөн докторын зэрэгтэй хүнийг ажилд авдаг. Маш туршлагатай хүмүүс ажилладаг. Ашиглаж буй техник хэрэгсэл нь хамгийн дээд зэргийнх. Математик загварчлалын аппаратууд нь мөн л дэлхийн хамгийн  шилдгүүд. Тэгээд тэр аппаратууд, моделууд дээр авчирч өгөгдөхүүнийг хийгээд, төрөл бүрийн сценари /хөтөлбөр/ буюу загварчлал гаргаж байгаа юм. Ингэх болов уу, тэгэх болов уу хэмээн түмэн янзаар бодно. Бодож тунгааж, ихэд нягталсан хэрнээ л жилийн дараа юу болох вэ гэдгийг хэлж чадахгүй л байна. Тийм учраас IMF жилд хоёр удаа илтгэл гаргадаг. Тэрхүү жилд хоёр гарч буй илтгэлийг нь үзэхээр хоёулаа маш их зөрүүтэй. Ердөө жилийн дараа юу болох вэ гэдгийг хэлж чаддаггүй. Сүүлдээ яасан бэ гэхээр үндсэн хоёр илтгэлээсээ гадна бас тодорхой  асуудлууд дээр бусад нь илтгэл гаргаж эхэлсэн.

Манайхан урьдчилж хараад л, үзмэрч  шиг жилийн дараа ингэнэ, тэгнэ гэхчлэн ярьдаг нь огт худлаа. Тэр бол мэргэжлийн хүн биш,  тийм хүмүүсийг “өдөөн хатгагч”  гэж хэлэх гээд байгаа юм. Монголыг хорлоё гэж байгаа хүмүүс л тийм зүйл ярьж байгаа байх. Аливаад ул суурьтай, нухацтай хандах хэрэгтэй. Тэгж чадвал зөв бодлого гарах ёстой байхгүй юу.

Зөв бодлого гаргахын тулд яах ёстой вэ? Үүнд нэг ийм дүрэм маягийн юм байна. Богино, дунд хугацаанд экстраполяци хийх юм бол тэр болгон таарахгүй. Энэ нь цэвэр аз үзэж байгаа явдал. Тааж байгаа л хэрэг. Таарчихвал өө, би аягүй мундаг, би мэдэж байсан гээд л, харин таарахгүй бол чив чимээгүйхэн та нар мэдэхгүй шүү, үзээгүй, сонсоогүй,  хараагүй шүү гээд явчихдаг.

Энд бид  урт хугацааны хүчин зүйлүүдийг авч үзлээ. Богино хугацааны хэлбэлзлийн тухай асуудлыг яах вэ?  Богино хугацаанд эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж их бага байдаг. Богино хугацаанд бол яах вэ, гэхээр би түрүүн хэлсэн. Богино хугацаан дээр тулгуурлаж, урт хугацааны экстраполяци хийж болохгүй. /Богино хугацаанд ч эрэлт нийлүүлэлтийн мэдрэмж нь маш бага./ Хамгийн энгийн жишээ гэхэд, энэ жил нэлээд хүйтэн өвөл боллоо. Нүүрсний эрэлт ихэснэ. Эрэлт нь ихэсчихсэн юм чинь нийлүүлэлт нь яах вэ? Үнэ нь өсчихсөн. Нийлүүлэлт яах вэ? Өсөх ёстой. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ өсдөггүй байхгүй юу. Яагаад гэвэл, хүчин чадлаа нэмэгдүүлээд  илүү их нүүрс олзворлохын тулд хугацаа хэрэгтэй болдог. Тэгэхээр хоёр цаг хугацааны хооронд завсар, ангал гараад байгаа юм. Нүүрсний үнэ ийм өндөр байх юм байна гэж бодоод, технологийн шийдвэр гаргаж, бөөн хөрөнгө оруулалт хийчихээд байтал үнэ нь буурах буюу цаг агаар дулаараад байвал яах вэ? Тааж хэлж мэдэх ямар ч аргагүй, таашгүй.

Цаашлаад нийлүүлэлтийн саатал гээд: ачиж явсан вагон нь уначихвал яах вэ? Үнэ нь өсч байгаа боловч нийлүүлэлт нь ердөө өсч өгөхгүй. Тэгэхээр энэ мэт хэлбэлзлүүдийг бид тооцож байх ёстой юм.

Харьцангуй давуу талын ач тус

Сая ярьсан хоёр зүйл дээр тулгуурлаад ямар дүгнэлт хийж эхэлсэн бэ гэхээр онолын хүрээнд ялангуяа 50-иад оны хүрээнд, дэлхийн хоёрдугаар дайны дараа 60-аад он колонийн систем задарч унан, шинээр улс гүрнүүд бий болж ирлээ, ер нь хараат биш бол ганцхан арга байна.

Энэ нь эдийн засагт диверсификаци хийх, аж үйлдвэржүүлэх бодлого явуулах. Манай Ардчилсан нам өнгөрсөн сонгуульд орохдоо аж үйлдвэржүүлэлт гэсэн бодлого дэвшүүлсэн. Тун орой. Өөрсдөө бүхнийг байгуулъя гээд байгаа юм. Тэгээд юу гэж үзэж байна вэ гэхээр, аж үйлдвэржүүлэлт  бол эдийн засгийн өсөлтийг авчирна, хөгжил дуудна. Аж үйлдвэржсэн оронд хүмүүсийн орлого өндөр байдаг. Бүх зүйл сайхан болно гэсэн  ерөнхий тулгуур ойлголт дээр л яваад байгаа. Гэхдээ энэ нотлогдсон уу, үгүй юу гэсэн асуудал байна. Онолын үүднээс  үзвэл, Адам Смит, Дэвид Рикардо нарын сонгодог онол ганцхан л юмыг хэлж байна. Тийм зүйл байхгүй. Байхгүй шүү, нөхдөө гэж. Чиний тэр туйлын давуу тал бидэнд ер хамаагүй.  Хамгийн гол нь харьцангуй давуу тал. Та чухам юун дээр харьцангуй давуу талтай юм бэ? Тэрнийгээ л барь. Тэр чинь  хөгжлийг чинь авчирна  хэмээн хэлчихэж байгаа юм.

Дараагийн нэг  шүүмжилдэг зүйл  юу вэ гэхээр, аж үйлдвэржүүлэлт явуулахын тулд төрийн маш хүчтэй оролцоо шаарддаг. Маш хүчтэй. Тэгж байж үүнийг  босгож ирнэ. Асар их хүч хөрөнгө хаяад, хөнгөлөлттэй зээл татаас өгөөд, газар зэргийг тэргүүн ээлжинд гаргаж тавиад л, төрийн зүгээс дэмжиж болох бүх зүйлийг нэн хүчтэй үзүүлж байгаад чирж, босгож ирнэ.  Тэгээд өрсөлдөх ямар нэг салбар гарч ирвэл шууд хааж байгаа юм. Гадна дотноос юм оруулахгүй.  Жишээ нь, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье хэмээн нэг хэсэг пиво оруулахгүй байх тухай бөөн шуугиан болсон. Эцэст нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гэсэн тал  ялаад, гаднаас оруулж ирдэг шар айргийн онцгой татварыг маш өндөр тавьсан юм.

Хэрэглэгч талаас нь үзвэл, энэ бодлого ашиггүй болно. Гэхдээ  сайн ч байж болно, муу ч байж магад.  Юутай ч үр дүнд нь манай дотооддоо үйлдвэрлэдэг шар айргийн үйлдвэрүүд зах зээл дээр гараад ирсэн. Одоо “тайгер”, “сэнгүр”, АПУ-гийн хэдэн пивонууд  байна. Гологдохооргүй, аятайхан бүтээгдэхүүнүүд гэлцдэг. Энэ бүхэн төрийн оролцоог, хувийн жинг нэмэгдүүлчихэж байгаа юм.

Үүнд нэг том асуудал байна. Дэмжиж, татаад гарган ирж байгаа зүйлс нь зөв байвал нэг хэрэг. Гэтэл бурууг нь  дэмжвэл баларна. Дууслаа л гэсэн үг. Ийм сонгодог жишээ байна. Египетэд болсон  явдал. Америкийн хоёр том бизнесмэн хүрч очоод, танайд 100 сая долларын хөрөнгө оруулалт хийе. Хамгийн орчин үеийн, хагас дамжуулагчийн үйлдвэр барья гэсэн байна. Ерөнхийлөгч нь баярлаад хүмүүсээсээ асуусан байна л даа. Энэ талаар хаана, юу байна, яасан гээд эргэн тойрноо харсан чинь Арабын ертөнц ч тэр, Африкийн орнуудад ч тийм үйлдвэртэй орон байхгүй байсан аж. Тэгээд нөгөө үйлдвэрийг ганцаараа байгуулчихвал ч… гээд нүдэнд нь хачин сайхан ирээдүй харагдана биз дээ. Арабын ертөнц тэр чигээрээ миний гарт. Дангаараа монополь эрхээ тогтооно гэж баярлан, зөвшөөрлийг нь өгчихсөн байна.

Мөнөөх бизнесмэнүүд  үйлдвэрийг нь барьж өгөөд, мөнгийг нь авчихаад  явсан. Египетүүд яасан, асар их хэмжээний хагас дамжуулагч үйлдвэрлээд эхэлсэн. Гэтэл борлогддоггүй. Юу болов, яав гэсэн чинь яг тэр үед технологийн хувьсгал болж байсан аж. Хагас дамжуулагчийн оронд хумс шиг чип гарчихсан байж л дээ. Транзисторын үйлдвэрийг тэнд ингэж байгуулаад, амьхандаа аж үйлдвэржүүлж, их л гоё юм бодоод ард түмнээ жаргуулна гэж бодсон аж. Тэгээд л төрөөс татаад, хүчээр мөнгө төгрөг өгч, онцгой нөхцөл бүрдүүлж байгаад босгоод ирсэн чинь нөгөөх нь зах зээлгүй болчихсон.

Энэ л их аюултай юм. Цэвэр субьективны үзэгдэл. Нөгөө шийдвэр гаргасан нөхөр  мэдлэгтэй, боловсролтой байсан бол нөхцөл байдал арай өөр байх байсан биз. Ядаж  физикийн нэг эрдэмтнийг дуудаж  ирээд асуучих ёстой байсан. Хагас дамжуулагч гэдэг чинь юу юм бэ, технологийн хувьд ер нь юу болоод байгаа юм бэ гээд л… Жаахан юм гадарладаг физикч байх юм бол “одоо ер нь лампын үе бараг үгүй болж байгаа” гэж хэлчихэд л болох байсан. Ердөө ганцхан өгүүлбэр. Тэгж амжилгүй, өөрөө бүхнийг толгой мэдэж шийддэг, улс орноо хөгжүүлнэ гээд явсан нөхөр байх нь.

Оносон жишээ гэвэл  Пак Жон Хигийн жишээ юм. Солонгосын цэргийн эрх мэдэлтэн, ерөнхийлөгч.  Солонгосын дайны дараа  Өмнөд Солонгос бол нэлээд ардчилсан орон байсан юм шүү дээ. Ерөнхийлөгчөө ард түмнээсээ сонгоод:  их сургуулийн нэг профессор сонгогдоод тун сүрхий  юм болсон.  Тэгээд л байхгүй.  Пак Жон Хигийн хийсэн нэг том зүйл юу вэ гэхээр, Сөүл Пусан хоёрын хооронд хурдны зам тавьсан явдал. Дэлхийн банкнаас 3-4 тэрбум долларын зээл авсан байгаа юм. Тэгтэл орон даяараа бүгдээрээ гайхаж, эсэргүүцээд л ийм тэнэг ерөнхийлөгчтэй болчих гэж,  бид  яасан хувь заяагүй ард түмэн бэ гээд л… Тэр үед Солонгос үнэхээр ядарсан орон байсан. Сүрэл идэж байсан энэ ард түмэн саяхнаас л мах идэж эхэлж байгаа юм. Дайны дараах Япон ч гэсэн ялгаагүй дөнгөж саяхнаас л махны амтыг авч байна. Тэрнээс бол махны тухай ойлголт байхгүй. Цагаан будаа, сүрэл идчихсэн хүүхдүүд  гүзээ нь цэрийчихсэн гудамжинд, орох орон байхгүй, эдийн засаг энэ тэр байхгүй, тийм л газар байсан.

Тэгээд Пак Дэлхийн банкнаас зээл аваад урагшаагаа зам тавьсан байгаа юм. Хэдэн жилийн дараа, түүнийг тэгтлээ ад үзэж байсан  хэвлэлийнхэн “хайран юм,  мань Пакийг зургаан эгнээ зам тавъя гэхэд нь тавиулчихдаг байж” хэмээн харамсан бичиж байж. Тэр үед Пак шүүмжлээд байсан болохоор ердөө л дөрвөн эгнээ зам тавьсан байдаг. Пакийн тавиулсан замыг дагаад асар том дэд бүтэц хөгжсөн түүхтэй.  Солонгос улс хөл дээрээ тогтсон  нь ийм учиртай.  Мэдээж энэ бол маш  эрсдэлтэй үйлдэл.  Нэг бол чи баатар болно, эсвэл шоронд явна.

Жишээнээс харсан ч,  хамгийн гайгүй тал нь юу вэ гэвэл, ерөнхийдөө харьцангуй давуу талаа дагаж явах нь  ашигтай байх нь. Үйлдвэржүүлэлтийн бодлогыг төрөөс зохиомлоор хүчтэй хийх гэж байгаа үед нэг гайтай юм нь юу вэ гэвэл рент хайгчид юм. Түрүүн миний яриад байсан жишээ. 100 төгрөгтэй хүнийг дээрэмдээд 30-ыг нь цагдаад өгч, өөрөө 70-ыг нь авдаг нөхөд. Энэ жишээ юм л даа.

Үнэгүй нэг сэдвийн тухай…

Ер нь улс төрийн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тодорхойлдог нэг үзүүлэлт байдаг юм байна. Урьд социализмын үед бид  тухайн үед мэдээ, тоо баримтуудыг шалгахын аргагүй  байдаг байв. Энхрий хайрт намын хурал болдог,  нэг дарга гарч ирээд  Монголын ард түмний гайхамшигтай хөдөлмөрийн  дүнд тэддүгээр таван жилийн төлөвлөгөө үндсэндээ биелэгдлээ гэж хэлдэг. Та нар сөхөөд хараарай, бүгд дээр нь “үндсэндээ” гэсэн үг  бий. Тэрхүү “үндсэндээ” гэдэг нь чухам юу гэж байгаа юм сайн мэдэгдэхгүй.  Биелэгдсэн юм уу,  биелэгдээгүй юм уу?…

Тэгээд л хайгаад эхэлдэг байхгүй юу. Илтгэлийг сонсоод байхад монголчууд бүгд л орон байшинтай болчихсон байдаг.  Байшинд амьдардаг гэсэн үг. Хичнээн мянган метр квадрат талбай ашиглалтад өглөө л гэдэг, тийм ч юм өгсөн гэдэг байв. Социализмын үед  нэг давуу тал нь статистик мэдээ харьцангуй  гайгүй байсан явдал.  Харин уялдаа холбоог нь тэр болгон хүмүүс олж хардаггүй байлаа.

Одоо цагт эдийн засгийн чиглэлийн хүмүүс яадаг вэ, юу хардаг вэ гэхээр цонх, цонхны үйлдвэрлэл яаж байна вэ гэдгийг хардаг байхгүй юу. Эрхбиш байшин барьсан юм чинь цонхтой л байж таараа. Тэгээд цонх нь төчнөөн ширхэг үйлдвэрлэсэн гэх юм бол ерөнхийдөө тооцож болдог. Нэг айлын байшинд төчнөөн цонх орно. Тэгэхээр төчнөөн орон сууц ашиглалтад оржээ гэж,  ингэж баримжаалдаг.

Дандаа ийм байдлаар тооцоо хийдэг байхгүй юу. Тэгж байж л эдийн засгийн байдал ямархуу янзтай байна вэ гэдгийг гаргана. Яг түүнтэй адилхан энэ рент хайгч нар бас гараад ирэх магадлалтай.

Өөрөөр хэлбэл, болж байна болохгүй байна гэж манипуляци хийгээд улмаар төр рүү зүтгээд байдаг. Тэрний нэг үзүүлэлт нь юу юм бэ гэвэл их, дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдийн ерөнхий чиглэлийг нь аваад үзье. Хэрвээ бүгд хуульч болъё гээд л, хэлний мэргэжилтэй, нийгмийн ухааны чиглэлээр л явъя гээд байгаа бол төр шиг ашигтай газар алга   байна. Төрд очсон хүн мөнгөн дээр очдог юм байна. Авилгал авдаг, хөрөнгийн эх үүсвэртэй болдог юм байна. Яагаад гэвэл, гарын үсгээ худалдаад сууж байгаа хүмүүс шүү дээ.

Хэрэв инженерийн чиглэлээр оюутнууд сургуульд элсээд  байх юм бол  улс орон  урагшлан хөгжих зам руугаа орж байна гэсэн үг.  Сэтгүүлчиддээ нэг үнэгүй сэдэв өгч байна. Тийм ээ?… Ерөнхийдөө их, дээд сургуулиудын  элсэлт, ерөнхий хандлага, сүүлийн 15 жилийн динамикийг үзээд байх юм бол нэлээд сонин сэдэв гарч ирж магадгүй юм. Ер нь манай нийгэм цаашдаа, одоо энэ яригдаад байдаг авилгал зэргээс салах боломж байна уу, үгүй юу гэдгийг ерөнхийд нь харж болох юм шиг.

Регрессийн зарим хамаарал

Дараагийн нэг асуудал бол тэр хараал болгож байгаа суваг нь юу юм бэ? Хариулт нь: баялгийн төлөө тэмцэл, дотоод зөрчил. Ерөнхийдөө Фейрон, Латин (2003), Коллиер Хофлэр (2004), Хамфрей (2005), Коллиер (2007) зэрэг судлаачдын дөнгөж саяхан хийсэн судалгаагаар юу харагдаад байна вэ гэвэл баялаг ихтэй, түүхий эдээс хараат улс орнуудад иргэний дайн гарах магадлал өндөр байдаг юм байна.

Тэгэхдээ би дахиад та нарт хэлье. Энэ бол цэвэр статистикийн регресс анализ юм. Энэ бол бодлогын дүн шинжилгээ биш шүү. Зүгээр л цэвэр регресс анализ. Гэхдээ ямар ч байсан нэг ийм хамаарал байна. Хөнгөхнөөр, манай жишээн дээр аваад үзэх юм бол  том намуудын хоорондох зөрчилдөөн. Нам доторхи зөрчилдөөнийг бас аваад үзвэл, эцсийн эцэст энэ том баялгийн захиран зарцуулах эрх нь, хэнд байх юм гэдэг дээр л  явагдаж байгаа. Уг зөрчилдөөн хэдий чинээ хурдасна, эрчимтэй нэмэгдэнэ, төдий чинээ нийгмийн тогтворгүй байдал үүснэ. Тэр хэмжээгээр  эдийн засгийн өсөлтийг хангадаг нэг гол хүчин  зүйл чинь байхгүй болчихно. Тогтвортой байдал гэдэг фактор нь байхгүй болчихдог.

Тэгэхээр яг ийм юм болно гэж хэлээд байгаа юм биш. Манай Монгол ингэчихлээ ч гэж дүгнэлт хийгээд байгаа юм биш шүү. Зүгээр л та нарт баялгийн хараал гэж нэг юм байгаад байна. Тэгээд тэр баялгийн хараал чинь биеждэг, хэрэгждэг, бодит байдал болдог ямар, ямар сувгууд байна вэ гэдгийг л тайлбарлах гэж оролдоод байгаа юм шүү.

Өөр нэг асуудал бол магадгүй, хамгийн гол нь институт. Энэ талд маш их судалгаа байдаг. Энд хоёрхон хүний судалгааг л дурдъя.  Хоёулаа сонгодог судалгаа л даа. Нэг нь Барро (1991), их гоё сонирхолтой юм бичдэг хүн. Нөгөө нь Нортын судалгаа (1994) гээд байна—маш том эдийн засагч.

Эдгээр судлаачдын яриад байгаа зүйл бол миний өмнө хэлсэн хоёр зүйл буюу өмчийн эрх, хэлцлийн хууль юм. Энэ хоёр бүр тодорхойлолтоороо байж, улс орон хөгжинө. Энэ хоёр үгүй тохиолдолд цааш ярих зүйл байхгүй.

Of& by”-ийн ялгаа

Дараагийн нэг асуудал бол “rule of law” буюу хууль дээдлэх гэж орчуулдаг, бас янз янзаар хэлдэг зүйл. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр хуулиа үг дуугүй дагадаг тэр механизм бүрдүүлье гэсэн үг. Гэхдээ энд яригдахгүй байгаа зүйл нь юу юм бэ гэхээр шүүхийн тухай асуудал юм. Хууль нь байж болно. Хуулийг нь уншдаг, нөгөө хуулийг дагаж мөрдүүлдэг энэ институт өөрөө ажиллахгүй бол мянган хууль гаргаад хэрэг байхгүй. Тэгэхээр “rule of law” гэдэг маань шүүхтэйгээ нягт уялдаатай зүйл. Бас энд нэг аюул бий. Бүх юмыг хуулиар зохицуулна гээд байна. Хууль л байх ёстой. Хуульгүй ямар нэг юм хийхгүй гэж яриад байгаа.

Гэхдээ хуулийг өөртөө ашигтайгаар гаргаж болж байна, бас өөртөө ашигтайгаар тайлбарлаж  байгаа юм. Энэ бол “rule of law” биш. Үүнийг юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр “rule by law” гэж нэрлэж байгаа юм.  Ялгаа нь юундаа байна вэ? Өмнө нь “of” харин дараа нь “by” гэдэг үгэн дээр байгаад байна.

Би эдгээр үгсийн яг нарийн орчуулгыг гаргаж чадахгүй байгаа юм. Хэлний мэргэжлийн улсууд аль алиныг нь эвтэйхэн орчуулчихмаар байгаа юм. Манай сэтгүүлчид ч гэсэн энэ үгнүүдийг их сайхан орчуулаад, албан ёсоор хүлээн зөвшөөрүүлээд, бүгд  зөвшөөрдөг тийм хэлбэрт оруулчихвал бас л том ажил гэж бодоод байна.

“Rule by law” гэдгийг нь би юу гэж хэлээд байна гэхээр өөртөө ашигтайгаар хууль гаргах, өөртөө ашигтайгаар хуулиа тайлбарлах гээд байгаа юм. Тэгээд яадаг вэ гэхээр хууль байгаа ш дээ, хуулиа л дагаж байна  гэдэг. Нээрээ л хуулиа дагаж байгаа,  гэвч ямар хууль гарчихаад байгаа юм бэ? Хэнд хэрэгтэй хууль гарчихав, яав гэсэн асуудал гарч ирэх нь гарцаагүй байна.

Тийм учраас энэ институт гэдэг асуудал дотор дээр дурдсан гурван зүйл бол фундамент, суурь юм. Энэ гурав байхгүй байгаа тохиолдолд найдвар тун бага. Цаашаа явах юм бол засаглалын хуваарилалт гээд бие биедээ хяналт тавих механизм байна уу, үгүй юу гэсэн Үндсэн хуулийн асуудлууд бүгд энэ дотор ороод ирнэ. За тэгээд институт байхгүй, сул засаг байх юм бол орлогын ялгарал  дээд зэрэгтээ хүрч байгаа юм.

Би энэ тухай асуудлаар сонинд нэг өгүүлэл бичсэн, та бүхэн харсан байх. Жижигхэн цөөн үгтэй. Дарангуйлал, хяналтгүй засаг, боолчлол гээд л бичсэн нийтлэл. Төр засгаас зөв бодлого явуулах ёстой гэж яриад байгаа. Төр, засгийн гаргаж байгаа шийдвэр  зөв байх ёстой гэдэг. Тэгвэл зөв шийдвэр  хэзээ гардаг юм бэ? Нөгөө институтууд нь өөрсдөө байж гэмээ нь, зөв институтууд зөв ажиллаж байж л гардаг байхгүй юу. Тийм учраас би энд зөв макро болон микро эдийн засгийн бодлого бол  эцэст нь энэ институтуудын үүрэг мөн гэж хэлээд байгаа юм.

Энд бас нэг ийм асуудал гарч ирдэг. Тэгэхээр тэр институт чинь яахаараа заримдаа их сайн  болчихоод, нэг бол их муу институт болчихдог юм бэ гэж? Энэ талаар судалж байгаа хүмүүсийг харахаар… би гэхдээ сонирхуулж ярьж байгаа юм шүү,  та нарт  үүнтэй санал нэг гэж хэлэх гээд байгаа юм биш. Би өөрөө олон зүйл дээр маргалддаг. Гэхдээ эндээс ер нь бол,  Европчууд суурьшиж байсан газар тэр “rule of law” чинь байдаг юм байна гэж. Тэр Сингапурыг хар. Ерөнхийдөө цагаан арьстан байсан газар л гэж хэлэх гээд байна.

Бас нэг зарчим нь юу  вэ гэхээр улс орны хөгжлийн түвшингүүдийг нь аваад үзчихдэг. Нөгөө талаас газар зүйн байршлаар нь корреляци хийхээр тодорхой хамаарал гараад ирнэ. Тэр хамаарлаа дүгнэлт болгож тавьчихаад байдаг. Тэр хамаарлын дагуу юу гарч байна гэвэл ерөнхийдөө хүйтэн, хойд зүг рүүгээ 37 дугаар уртраг бил үү, 47 дугаар уртраг бил үү… Тэрнээс хойшоо бол хөгжил нь гайгүй, тэрнээс урагшаа болохоор хөгжил тааруухан болж, улмаар Африк руу очихоор ямар ч найдваргүй. Үнэндээ тэнд ажил хийж байгаа хүн харагддаггүй нь үнэн л дээ. Яаж болоод байдаг юм, их сонин.

Тэгсэн мөртлөө нэг тийм дүгнэлт хийх гээд байдаг. Тэгэхдээ ийм дүгнэлт байдаг юм шүү гэдгийг би та бүхэнд сонирхуулж байна.

Ардчилал бол татварын функц

Нэг сонин нь гэвэл, түүхий эдээс асар их хэмжээний орлого олж байгаа үед бусдаас татвар аваад байх шаардлага байхгүй болчихож байгаа юм. Ард иргэдээсээ, аж ахуйн нэгж байгууллагуудаас татвар авахгүй. Дээрээс нь Кувейт, Арабын орнууд шиг иргэддээ мөнгө өгөөд эхлэхээр иргэдэд нь нэн таатай, тэд ардчиллын тухай ярихаа больчихдог. Яах юм бэ тэрүүгээр. Тэдний хийдэг ажил нь өглөө босоод цай ууна. Нэг филиппин хүн юм уу эсвэл вьетнам, энэтхэгийн нэг нөхөр хүрч ирээд хоол унд хийгээд өгчихнө, хувцас хунар индүүдчихнэ. Гэр орон цэвэрлэж, хүүхдүүдийг нь харчихна. Бүгдийг хийчихнэ. Харин өөрсдөө тэд юу хийх вэ? Гэртээ сууж  хэсэг идэж байснаа босоод дэлгүүр орно. Тэндээс  ирээд өдрийнхөө унтдаг цагт дуг хийчихээд дахиад  дэлгүүрт очно. Тэгээд л орой болчихно. Ямар нэгэн асуудал байхгүй  байгаа биз.

Би энэ лекцийг бэлтгэж байхдаа өөрөө нэг юм гаргасан. Энэ ч арай ч аксиом бишээ. Гэхдээ  ийм дүгнэлт хийх гээд байгаа юм. Ардчилал гэдэг ерөнхийдөө татварын функц юм. Өөрөөр хэлэх юм бол дээр ярьсан зүйлээс харж байхад, ардчилал байлаа гээд эдийн засгийн өсөлт өндөр байна гэсэн тийм нотолгоо байхгүй. Хэн ч нотолж чадаагүй. Ардчилсан оронд эдийн засгийн өсөлт өндөр байдаг юм гэж янз янзаар нотлох гэж үзсэн. Ийм шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

Харин эсрэг бол үнэн. Эдийн засгийн өсөлт байх юм бол тэрийг дагаад ардчиллын институтууд төлөвшдөг юм байна. Гарч ирдэг юм байна. Энэ бол үнэн. Тэрнээс ардчилал өөрөө эдийн засгийн угтвар нөхцөл болдог нотолгоо байхгүй. Би хувьдаа хэлэхэд, ардчилал гэдэг татварын функц юм шүү. Татвар хэдий чинээ өндөр байна, татвар төлж байгаа хүнд нэг бодол төрдөг. Би ер нь хэнд, юу өгөөд байна вэ гэж боддог. Тэгээд тэрийгээ хянах гэж оролддог. Улмаар хяналт тавьдаг механизмуудыг хайж эхэлдэг байна. Мөн татварыг нь зөв, буруу зарцуулах юм бол өөрийнхөө дуу хоолойг хүргэх гэж оролддог юм байна. Энэ утгаараа ардчиллын институтуудыг шаарддаг юм гэж хэлэх байна.

Энэ лекцэнд бэлтгэсний ачаар ардчилал бол татварын функц юм гэж энүүхэндээ шинэ нээлт хийгээд байна шүү дээ. Дараа нь та нар зохиогчийн эрхийг нь хамт ярилцана шүү. Үнэхээр, Р.Амаржаргал гуай тэдэн сарын тэдэнд тэгж ярьж байсан шүү. Дараа нь хэн нэгэн хүн энэ дээр том нээлт хийчих юм бол, та нар яахав миний нэрийг бас хавчуулаарай. Татвар хэдий чинээ өндөр байх тусам төдий чинээ ардчилсан институтууд нь арай өндөр байгаад байдаг. Европын орнуудад маш өндөр шүү дээ. Америк ч гэсэн их өндөр. Жишээлбэл, өв хөрөнгийн  татвар 97 хувь хүрч байсан. Тэгвэл татвар нь хэзээ буусан юм бэ гэхээр Рейган гарч ирээд л татвар буулгасан. Тэрнээс өмнө хязгааргүй өндөр татвартай байсан.

Голланд өвчин ба “бүүм”

Өөр бас нэг зовлонтой хараал болдог юм чинь Голланд өвчин. Тэр бүүм /boom/ гэдэг үгийг би зүгээр тэр чигээр нь биччихсэн—Монголоор бүүм гэдэг үгийг орчуулахаар өсөлт гэж гарч ирээд байгаа юм. Өөр маягаар орчуулж өгөхгүй байна. Өсөлт гэсэн үг л дээ, гэхдээ их түргэн өсч байгаа үзэгдэл юм. Түүхий эдийн бүүм гэдэг нь түүхий эдийн үнэ маш хурдан  өслөө л гэсэн үг. Одоо зэсийн үнэ 7 мянга гараад 8 мянгад хүрч байна. Би сүүлийн үед харахаа байсан. Тэртээ тэргүй өсч байгаа байх гэж бодоод. Уул нь саяхан л хоёр  мянга хэдэн зуу л байсан. Маш хурдан өсөөд байгаа юм.

Энэ Голланд өвчин хэзээ яаж гарч ирдэг вэ гэвэл бүүм нь дуусахаар өвдөж эхэлдэг. Бүүм байгаа тохиолдолд өвчин намдаадаг тариа шиг л яваад байдаг  байна. Үүний гол утга нь буюу Голланд өвчин гэдэг нь ажиллах хүч, газар, хөрөнгө гээд ямар л нөөц орцонд нь орж байна тэр бүх юмс эдийн засгийн хамгийн бүүмтэй салбар руу гүйчихнэ гэсэн үг. Түүхий эдийн салбарт үнэ өртөг байх юм бол тэр нөөц, хөрөнгө, капитал урсчихаж байгаа юм. Бусад салбарт байсан хөрөнгө оруулалтууд нь зогсоод, тэнд байсан хүмүүс нь үйлдвэрлэлээ зогсоож,  нөгөө бүүм болж буй салбарт мөнгөө хийгээд эхэлдэг.

Үүх түүх нь гэвэл Голланд өвчин  нефтьтэй холбоотой. Голланд улс нефть олборлоод,  хэсэг хугацаанд эдийн засаг нь нефтийн салбарт хамаг мөнгөө хийчихсэн. Эргээд харсан чинь бусад салбарт нь байхгүй. Ширээ сандал ч үйлдвэрлэх бололцоо байхгүй. Бүх юм нь зогсчихсон, харин ганцхан салбар байдаг,  тэр нь нефть хий олборлодог салбар л үлдчихсэн байх нь.

Тэгээд де-индустриализаци хэмээх процесс явагдаад бүх  үйлдвэрлэл нь дууссан байгаа юм. Бид  ч ийм өвчин рүү орчих магадлал бас байна. Бүгд хошуураад уул уурхай руу явж байна. Өнөөдөр  лицензтэй болохыг мөрөөддөггүй хүн бараг байхгүй. Монголд бүгд л нэг лицензтэй болох юмсан гэж мөрөөдөж байдаг. Тийм биз?

Тэгэхээр Голланд өвчин гэдэг бол энэ процесс /үйл явц/. Бүгд нэг зүйлд хошуурах. Эдийн засгийн том том салбаруудын хүрээнд байж болох ч, мөн салбар дотроо бас байж болдог.  Тухайлбал, уул уурхайн салбар дотроо нүүрс рүү, нефть рүү ч юм уу эсвэл зэс рүү ч байдаг юм уу, хошууран дагах үзэгдэл байж болно. Бүүм гэдэг нь бүхэлдээ эдийн засагт  ч байна, мөн салбар дотроо ч гэсэн бас байна.

Энэ нь   макро эдийн засгийн ямар үр дагавар авчирдаг вэ гэхээр нэгдүгээрт,  төгрөгийн ханш чангараад эхэлчихэж байгаа юм. Капиталын урсгал их хэмжээтэй ороод ирж байна. Түүнчлэн валютын ханшны тогтолцооноос их хамаарна. Хэрвээ хөвөгч валютын /floating exchange/ ханштай байх юм бол чангарна. Валютын ханш  тогтмол байх юм бол наашаа капиталын асар их урсгал орж ирээд, мөнгө орох нь ихсэнэ гэсэн үг. Нөгөө талд нь юу байх вэ?…

Доллар ороод ирвэл нөгөө талд нь юу байх вэ? Мөнгөний нийлүүлэлт байна биз дээ. 100 доллар ороод ирлээ. Ханш 1410 бол 141000 төгрөг нийлүүлэх ёстой. Ердөө л энэ. Эдийн засагчид үүнийг маш сайн мэдэж байх ёстой. Сэтгүүлчид ч онцгой сайн анхаараарай. Заримдаа,  та нарын бичиж байгаа зүйл дотор ёстой хольж хутгасан юм хаа сайгүй байдаг шүү, нөхөрсгөөр хэлэхэд.

Мөнгө орж ирнэ гэдэг нь гаднаас капитал орж ирнэ гэсэн үг бөгөөд энэ нь яг түүнтэй ижил хэмжээний мөнгө эдийн засаг руу нийлүүлж байна гэсэн үг. Нөгөө money supply гэж яриад байдаг мөнгөний нийлүүлэлт. Гэхдээ Монгол банк биш.

Энэ мөнгөний нийлүүлэлт  нэмэгдэхээр юу болж таарах вэ? Инфляци болж таарна. Тэрнээс биш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлээд инфляци руу шууд очно гэсэн баталгаа байхгүй шүү. Саявтар хөдөлмөрийн хөлсний хэмжээг дээш нь нэмэх үү, яах вэ, өсгөх нь зөв юм уу, үгүй юү гээд  сонин хэвлэл дээр, их хурал дээр ч гэсэн маргаад байлаа л даа.

Инфляци гэдэг нь хоёр чиглэлээр явж байгаа шүү дээ. Нэг нь money supply буюу мөнгөний нийлүүлэлттэйгээ ерөнхийдөө холбоотой. Нөгөө нь supply side буюу cost push, манайхны ярьдгаар суурь өртгийн өсөлт юм. Нефть бүтээгдэхүүний үнэ нь өсөх буюу бензиний үнэ өсөхөөр тээврийн зардал нэмэгдэнэ. Тээврийн зардлаа дагаад бүтээгдэхүүний үнэ өснө. Үүнийг  зах дээр зогсдог манай эмээ нар надаас ч илүү сайн мэдэж байгаа. Яагаад үнэ чинь өсчихсөн юм бэ, гэхээр аргагүй шүү дээ, бензиний үнэ өсчихсөн  гэж байгаа юм. Би сая зөндөө  ярилаа. Бензиний үнийн өсөлт тэр бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөхөд, талхны үнийг өсгөхөд хичнээн их дамжлага дамжиж очдог бэ гэхээр тэр эмээ надаас илүү мэдэж байгаа байхгүй юу. Дээд сургуулийн боловсрол байхгүй ч гэсэн.

Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ гэдэг маань энэ хүрээн дотор яригдах ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ   нэмэгдээд, энэ зардал нь өөрөө өсч байж, эндээ нөлөөлж байгаад, энэ хамаарал байж болно гэж магадлалын түвшинд ярьж байгаа болохоос биш энэ ийшээ шууд ирнэ гэсэн үг бас биш. Хүлээлт үйлчилнэ. Тэгэхдээ хүлээлт чинь өөрөө ийм функц юм—Чангарч байгаа ийм хоёр процесс явагдчихаж байгаа юм.

Дараа нь яадаг вэ гэхээр зэсийн зарлага өсөөд явчихаж байгаа юм. Сая зэсийн үнэ өслөө. 2007 оныг санаж байна уу та нар?… Яалаа?… Өө ёстой авч өгсөн шүү дээ,  улс төрийнхөн.  2008 онд бас хямрал болно шүү, болохоо байна гэж хэлээд байхад мөн л баахан амлалтууд гаргаж ирээд өгсөн. Тэгээд популист амлалт ердөө салдаггүй байхгүй юу. Хүүхдийн арван мянга, залуу гэр бүлийн мөнгө, шинээр төрсөн хүүхдийн мөнгө, сая таван зуун мянга энэ бүхэн цэвэр түүхий эдийн үнэ ханштай уялдаатай гараад ирж байгаа юм.

Бас нэг сонин зүйл гарч ирж байгаа. Тэр  юу вэ гэхээр бараа, бүтээгдэхүүнийг  бид  арилжаалагддаг бараа, арилжаалагддаггүй бараа гэж авч үздэг. Арилжаалагддаг бараа гэдэг нь дэлхийн зах зээл дээр гарч байгаа буюу борлогддог бараа, арилжаалагддаггүй  гэдэг нь дэлхийн зах зээлд гардаггүй бараа.

Тэгэхээр, капитал дотогшоо ороод ирэхээр мөнгөний нийлүүлэлт өсчихнө. Тэр хэмжээгээр газрын үнэ өсчихөж байгаа юм. Газрын үнэ өсөхөөр барилгын үнэ яах вэ? Байрны үнэ бас өснө. Газрын үнэ өсөөгүй байлаа ч гэсэн  байр, орон сууцны эрэлт хамаагүй нэмэгдэнэ.  Цаашлаад хувьцааны үнэ шууд өсөөд явчихна.

Манайд бол капиталын дотогшоо чиглэсэн урсгал сүүлийн үед их нэмэгдэж байгаа. Та нар анзаарч байна уу? Хөрөнгийн бирж дээр брокерын компаниуд гэж байна. Санхүүгийн корпорациуд, санхүүгийн компаниуд гэхчлэн  ихээр байгуулагдаж байна. Яг тоо хэлж мэдэхгүй ч, өөрийн баримжаа мэдрэмжээрээ хэлэх юм бол арван компанийн найм нь гадаадынх. Япончууд, солонгосууд, майлайзууд, хятадууд их орж ирж байх шиг байна. Саяхан нэг сонин дээр байсан. Хөрөнгийн биржийн арилжааны тухай бичиж байгаад тоо баримтууд өгүүлсэн байв. “Өмнөх жилийнхээсээ 16 дахин өссөн байна” гэж бичсэн байсан. Тэрийг хараад толгойгоо тогшоод зогсож байсан. Би жилийн өмнө авчихсан байсан бол одоо 16 дахин илүү үнээр зарах байхгүй юу. Амьхандаа энэ муу хөрөнгийн биржээ голоод байгаа мөртлөө яг жилийн хугацаанд аваад үзэхээр ашиг нь 16 дахин их болсон (16% биш шүү) байх юм. Мянган төгрөг хийсэн бол 16000 төгрөгтэй сууж байх нь. 100 мянгыг хийсэн бол яана, сая төгрөг хийсэн бол 16 саятай л сууж байх нь.

Гэхдээ одоо ч гэсэн оройтоогүй байна. Яагаад гэвэл ерөнхийдөө, хүмүүстэй уулзаад яриад байхад, танай энэ дотоодын үнэт цаасны зах зээлийн ер нь бодит ханш  их доогуур байгаа ч цаашид өсөх асар их потенциал байгаа гэж хэлэх юм. Гэхдээ бас хаана нь, алин дээр нь хийх вэ гэдгээ харах ёстой л доо.

Тэгээд эцсийн дүндээ юу болох вэ гэхээр нөгөө бүүм чинь дуусвал өрөө төлж чадахаа байчихдаг. Яагаад гэвэл бүүм өсөж байгаа тохиолдолд, яахав зүгээр мөнгөөр аваад үзэхэд орлого орж байгаа боловч, энийг дагаад бас нэг сонин үзэгдэл явагддаг нь  зээл их авчихаж байгаа юм. Зээлийг бид дандаа доллараар авна шүү дээ. Тийм биз? Тэгэхээр түүхий эдийн чинь үнэ доллараар байж байгаад, доллараараа уначихаж байгаа юм. Тэрний чинь эсрэг талд болохоор нөгөө долларын чинь хүүгийнх нь хүү нь яах вэ? Доллараараа өсчихөж байгаа юм. Тэр хоёрын хайч чинь  эцэстээ нөгөө өрийг чинь асар их нэмэгдүүлээд өгчихөж байгаа байхгүй юу.

Эзэн нь юмаа мэддэг

Дараагийн нэг том асуудал буюу нөгөө хараалыг үүсгэдэг  гол асуудал бол мөчлөг дагасан макро бодлого юм. Эдийн засаг өөрөө мөчлөгтэй байдаг. Тэр доор эдийн засгийн мөчлөг ч байна, түүхий эдийн ч мөчлөг байна. Ерөнхийдөө л мөчлөгтэй. Янз янзын давалгаанууд явж байгаа. Энэ давалгаан дотроо бас мөчлөгүүд ч гэсэн явж байдаг. Тэгэхээр түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр бид  бүгдээрээ баярлаад, мөнгөний тэлэх бодлого явуулдаг. Улсын төсвөөс мөнгө гаргаад цацаад л байдаг. Нөгөө хямрал нь болчихвол харин юмаа хумиж эхлэнэ.  Эрүүл саруул ухаанаар яах ёстой вэ гэвэл, ядарч байх үедээ зээлээ авчихаад, хөрөнгөтэй болчих юм бол түүнийгээ буцаагаад төлөх ёстой. Гэтэл бид  эсрэгээр нь хийгээд байгаа. Тийм болохоор миний түрүүн хэлсэн үр дагаврууд бүгд л гарч ирээд байдаг.  Валютын нөөц хүртэл нэмэгдэж байгаа юм. Валютын нөөц нэмэгдэхээр чухам юу болох вэ?

Саявтар Монгол банкинд анх удаа миний мэдэхээр, сүүлийн 17-18 жилийн дараа осолдолгүй макро эдийн засаг гадарладаг хүн очсон тэр нь Золжаргал юм. Өнөөдөр Монголд макро эдийн засгийг Золжаргал бид хоёроос өөр гадарладаг хүн үнэхээр байхгүй. Эрүүл саруул ухаантай, юмаа мэддэг хүн чинь очоод чиглэлээ зөв бариад эхэлж байгаа юм. Долларын ханш буураад, төгрөг чангараад ирлээ. Өө, сайн чангарч байна, гэхдээ үүнийг 5 хувиас хэтрүүлэхгүй гэж байна.  Хэрэв таван хувиас хэтрүүлээд төгрөгийн ханшийг чангаруулах юм бол дотоод эдийн засгаа сүйтгэнэ. Дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг сүйтгэнэ. Тийм юм байхгүй ээ. Эргүүлээд баринаа гээд, эргээд 1400 руугаа  орчихож байна.  Энэ бол мэддэг хүний бодлого.

Ийм зүйлийг мэдэхгүй байсан учраас, манай Монголд 2007-2008 оны энэ хямралын жилүүдэд 2009 оныг оруулаад зүгээр л 500 сая америк доллар туугаад тавьсан. Нэг их хүн амьтан мэдээгүй. Шуугиа ч үгүй. Би хувьдаа тэрийг шуугиулах хүсэл байгаагүй. Зарлаад хэрэггүй гэж бодож байна. Гэхдээ та нар бод доо. Монгол улсын нөөцөд байдаг миллиард доллараас 500 сая доллар гаднын хүнд бэлэглэчихэж байна. Энэ бол  гэмт хэрэг байхгүй юу. Монгол улсыг хорлон сүйтгэж  байгаа хэрэг юм. Асар их мөнгө 500 сая доллар гэдэг чинь. Хэдэн миллиард төгрөг болно. Манай улсын төсвийн хэдэн хувь болж байна?… Зүгээр л нэг хүүхэн, дээрээс нь юм мэддэггүй гурван нөхөр сууж байсан. Ийм өндөр үнээр бид хямралаас гарч байгаа байхгүй юу. Зөвхөн валютын нөөц дээрээ гэхэд талыг нь алдаж байж гарлаа шүү дээ. Энэ бол ердөө гэмт хэрэг.

Монголын сангийн бодлого  бас л мөчлөгөө дагасан. Үнэ өслөө зарцуулах дээр нь нэмээд л байдаг. Тэгээд хамаг юмаа нэмэгдүүлдэг. Цалингаа ч нэмнэ, тэтгэврээ ч нэмнэ. Нөгөөдүүл нь ч гэсэн нэмүүлэх ямар ч дуртай юм. Гурван жил цалин нэмсэнгүй, хэцүүдлээ  гээд л  багш, эмч, сувилагч нар  жагсаад бас хэцүү юм байгаа.

Энэ бол баялгийн хуваарилалтыг зөв хийж чадахгүй, механизмууд нь зөв явахгүй болохоор тэр өсөлтүүд ч гэсэн олигтой үр дүнгээ өгөхгүй байна. Тэгэхдээ ер нь нэмээд л байгаа, нэмээд л байна.  Ямар ч үр дүнгүй цэвэр стрелизаци маягаар, тэр нь алга болж байгаа юм.

Төрийн албан хаагчдын тоо жишээ нь, нэмэгдээд л байгаа. Цөөлье гэж сүүлийн хоёр парламент ярьж байна. Манай сэтгүүлчид үүнийг  сайн мэдэж байгаа. Хасах нь бүү хэл нэмээд л байгаа. Хөрөнгө оруулалтын төслүүд нэмэгдэж байна. Энэ зөв—төсөл бол сайн. Гэхдээ цагаан заан гэдэгтэй адилхан тийм хосгүй төслүүд байвал хэцүү шүү дээ. Санхүүгийн эх үүсвэр байхгүй. Хэзээ яаж, хэрэгжих нь баталгаажаагүй тийм төслүүдийг бид  маш их эхлүүлдэг.

Зарим арга замын тухай…

Бас нэг  юм болсон. УИХ-ын гишүүд 76 миллиард төгрөг хувааж идлээ хэмээн орон даяар шуугисан. Үнэн хэрэгтээ тэрийг хувааж идээд байгаа юм байхгүй л дээ. Энийг сэтгүүлчдэд тайлбарлаж байгаа юм. Гэхдээ та бүхнийг мэдэж байгаа байх гэж бодож байна. Миний тойрогт л гэхэд Дарви суманд  хүүхдийн дотуур байр нэгийг барьж байна. Буянт суманд мөн  дотуур байр бариулж байгаа. Зэрэг суманд ч  нэг дотуур байр  барина. Тэгээд л дуусчихсан. Тэр дотуур байраар ороод үзэхээр нэг тасагт 14 хүүхэд байж байна. Дотуур байр барих хэрэгтэй юу. Тэрийг яагаад ад үзээд байгаа юм бэ?

Нэг их гоё хөрөнгө оруулалтын төслөөр эхлээд, санхүүгийн эх үүсвэр нь баталгаа байхгүй. Тэгээд урт удаан хугацаанд бариад л байдаг. Бариад л байдаг, дуусдаггүй юмнууд орон даяар бий болох гэж байгаа юм.

Одоо тэгээд яах вэ ямар арга зам байна вэ? Ийм хэдэн арга замууд байдаг юм байна.

Экспортлогч өөрөө гэрээ байгуулах

–          Үнэ гэрээнд заасан.

–          Зэсийн үнэ өсөхөөр гэрээгээ эргэж хянах хүсэл: индексжүүлсэн гэрээ.

–          Үнэ 10 хувь өсвөл орлогоо тэгж хуваана.

Үйлдвэрлэгч өөрөө борлуулах

–          Spot зах зээл: болзошгүй алдагдлаас өөрийгөө сэргийлэх. Forward, future зах зээл.

–          Үнэ буурах үед ЗГ аварсан гэхгүй.

–          Үнэ өсөх үед ЗГ эх орноо худалдсан гэнэ.

Хэрэв экспортлогч өөрөө гэрээ байгуулж байгаа бол гэрээндээ үнээ заачихна. Манайх чинь сая хэрэглэсэн—68 хувийн татвар гэж нэг гайхамшигтай юм гарч ирлээ шүү дээ. Тэр чинь яагаад гараад ирсэн юм, өмнө нь байгаагүй. Зэсийн үнэ ихсээд ирэхээр л гарч ирсэн юм. 3000 ам доллар байхад хэн ч юу ч  ярьдаггүй  байсан. Харин 4000 болоод 5000 гараад ирэхээр, цаана нь цэвэр 300-400 мянган долларын зөрүү гараад, эцэст нь үүнийг ер нь энэ нөхөрт өгөөд байхдаа яахав дээ гээд 68 хувийн татвар тавьчихаж байгаа юм.

Харахад зөв л дөө, тэрнээс асар их мөнгө орж ирсэн. Тэр мөнгөөр хөрөнгө оруулалтын ажлууд хийсэн. Харин хэр зэрэг үр ашигтай байсан юм, тэрийг нь хэлж мэдэхгүй. Гэхдээ тэр маягаар хийсэн. Шийдэл нь яаж явдаг вэ гэхээр, гэрээндээ ердөө үнээ заачих ёстой. Индексжүүлсэн гэрээ юм. Хэрвээ дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ 10 төгрөгөөр өсөх юм бол ашгаа тийм харьцаагаар хувааж авна гэж гэрээндээ зааж өгнө. Энэ хамгийн хялбар, тэгээд тэр 68 хувийн татвар гэж хүн амьтан айлгахгүй, дэлхий даяар амьтны доог болохгүй,  ингээд явах нэг арга нь юм шиг байна.

Хэрвээ өөрсдөө борлуулдаг бол яах вэ? Борлуулдаг бол spot зах зээл дээр hedge хийж /болзошгүй алдагдлаас өөрийгөө сэргийлэх/ өөрийгөө хамгаалдаг. Бүтээгдэхүүнийг борлуулахдаа зөвхөн тийм үнээр борлуулна шүү хэмээн урьдчилаад захиалгаа өгчихдөг аргууд байдаг. Энэ бас нэг үр дагавартай. Үр дагаврууд нь юундаа байна вэ, жишээ нь 100 төгрөгөөр борлуулна гээд би өнөөдөр гэрээ хийлээ. Өнөөдөр зах зээлийн үнэ нь 90 доллар байя гэж бодъё, жилийн дараа би чамд 100 доллараар борлуулна гээд урьдчилаад гэрээ хийчихлээ. Гэтэл жилийн дараа өнөөх үнэ нь 100 хүрэхгүй 80 болчихсон байг. Тэгэх юм бол би хэдээр борлуулж байна? 100-гаар л борлуулна. 20 төгрөгийн ашигтай байна. Чи сайн юм хийсэн үү? Сайн юм хийсэн. Гэхдээ чамайг сайн хийсэн гэж хэн ч хэлдэггүй. Бүгд дув дуугай, сэтгүүлчдээс ганц үг дуугарах хүн олдохгүй, бүр таг дуугай. Хэрвээ өнөөдөр 90 байж байгаад үнэ өсөөд 110 болчихсон гэе. Тэгвэл чи хэдээр зарах вэ? 100-гаараа л зарна. Эндээс 10 долларын алдагдалд орж байна. За энэ үед бол ёстой бүгд барьж иднэ. Эх орноо бодолцсонгүй, адгийн шаарнууд. Энэ уул нь их зөв  байгаа юм. Гэхдээ үүнийг мэргэжлийн маш өндөр түвшинд хийж чаддаг байх ёстой. Хоёрдугаарт улс төр бол их холхон, засаг зэрэг юм руу нь орох хэрэггүй л  байгаа юм. За нэг ийм шийдэл байна.

Дараагийн нэг шийдэл нь өрөнд унах аюул гэж байх юм. Тэгэхээр өрөө бас индексжүүлдэг арга байдаг. Ердөө түүхий эдийнхээ үнэтэй. Түүхий эдийн үнэ өсөөд байна. Өрөө төлөөд байна. Түүхий эдийн үнэ буураад байна. Төлөх өрийн хэмжээ багасна гэж индексжүүлдэг. Энэ нь эдийн засаг руу ирэх шокыг зогсоогоод байгаа арга. Маш хүчтэй хүчтэй цохилтуудыг ирэхээс урьдчилан хамгаалж, тогтвортой байдлыг бий болгох  арга зам.

Тэгээд дээрээс нь бас нэг бололцоо юу вэ гэхээр үндэсний мөнгөн тэмдгээрээ зээл авдаг бололцоо байна. Одоо бид  зээл авна гэхээр еврогоор  авна, доллараар зээл авна гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэтэл одоо бол тийм биш болчихож. Төгрөгөөрөө зээл авах бололцоотой. Түүнчлэн бонд, зээлүүдээ индексжүүлдэг бололцоо бас бүрдчихээд байна. Энэ бас их том бололцоо юм. Дараа нь энэ бүгд маань нөгөө ханшны бодлоготойгоо уялдаж байгаа юм. Хэрвээ тогтмол ханштай байх юм бол гадаад худалдааны зардал буурна.

Transaction cost гэж яриад байгаа, гадаад худалдааны зардал гээд авчихлаа. Ерөнхийдөө ингээд  урьдчилан таамаглахад их хялбар байдаг тул болж байгаа юм. Тэгээд мөнгөний бодлогын нэрлэсэн зангуу үүсч байдаг. Хэдийг нийлүүлэх вэ, яах вэ гэдгээ мэдэхгүй байна. Тэгвэл нэг ийм зангуутай болчихоор ханш өсөөд эхлэх юм бол мөнгөө нийлүүлээд, ханшийг нь буулгачихна. Жаахан чангараад эхлэх юм бол, мөнгөө татаж аваад ханшаа буцаагаад жаахан дээш нь татчихаж байгаа юм. Зангуу бариад л ингээд яваад байх юм. Тэгэхээр нөгөө Төв банкны нэр хүнд  өсдөг юм байна. Энэ бол ер нь их тогтвортой мөнгөний ханшийг бариад байна. Ханш  тогтвортой болохоор  таксины жолооч надад 200 төгрөгөөр км-ээ нэмсэн гэж хэлж чаддагүй.

Хөвөгч ханштай тохиолдолд тэр гадаад худалдааны нөхцөл гэдэг маань өөрөө автоматаар зохицуулагдчихдаг. Энд төр оролцоод байх ямар ч шаардлага байхгүй. Төгрөг чангараад капиталын урсгал өсөөд эдийн засаг хална, валютын нөөц нэмэгдэнэ. Тэгээд яах вэ нэг ийм хоёр нэр томъёо хэрэглээд байгаа юм. Ер нь энэ ханшны бодлогын хүрээнд managed floating гэдгийг л барьж явах нь зүйтэй гэж. Хөвдөг тэгэхдээ бас залдаг гэсэн нэг ийм санаа. Ер нь манай өнөөдөр барьж байгаа бодлого болон Монгол банкнаас энэ аргыг хэрэглэж байгаа. Target zone-basket of currencies буюу олон валютыг нэг багцанд хийж түүнтэйгээ төгрөгөө харьцуулаад хэлбэлзлийг барьж байна. Оросууд жишээ нь, валютын ханшны бодлогоо яаж авч явж байна вэ гэхээр баскет буюу нэг сагсан дотор нэлээн хэдэн валют хийчихээд, тэрнийхээ дунджийг статистикийн аргаар гаргаж ирээд, түүнтэйгээ уяад яваад байдаг. Манайханд одоохондоо тиймэрхүү зүйл хэрэггүй. Энэ managed floating гэдэг нь одоохондоо үйлчлээд яваад байгаа.

Дараа нь өөр бас ямар зангуу байж болох вэ гэхээр алтны үнийг хараад байж болно. Алтны үнийг хараад ерөнхийдөө баримжаа аваад байж болно. Мөнгөний нийлүүлэлт гэж байна, инфляцийг онилох бодлого гэх А.Батсүх ерөнхийлөгч байх үед манайхан нэг их сүрхий зарласан.  Тэгээд  онилоод л буудаад байсан чинь дандаа буруу газар буудаад  байсан л даа. Ердөө олигтой үр дүн гаргаж чадаагүй. Манайд тухайн үед яг мэргэжлийн тийм хүн байгаагүй. Инфляцийг онилно гэдэг нь ч юу яриад байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ, яах ч ёстой юм бэ гэдгээ мэдэхгүй. Ер нь энийг хэрхэн хэрэгжүүлдэг юм бэ гэдгийг ердөө мэдэхгүй байсан учраас нэг бол давуулж буудаад, эсвэл дутуу буудсаар байгаад 2007-2008 оны хямрал руу биднийг чирч оруулсан. Их үнэтэй сургамж болсон л доо.

Мөнгөний хумих бодлого гэж байна. Девальвациас хамгаалаад байгаа юм. Импортын үнэ өснө. Инфляци өснө, тийм учраас девальваци хийлгэхгүй гэсэн санааг барьдаг. Девальваци хийлгэхгүйн тулд  мөнгөө хумиад бай гэсэн санаа. Үндэсний орлогыг бас нэг тийм зангуу болгон ашигладаг. Ерөнхийдөө  тийм хандлага байдаг юм байна.

Дараагийн нэг альтернатив бол экспортын бүтээгдэхүүний үнэнд уячих гээд байгаа юм. Тэгэхээр төгрөгөөр илэрхийлсэн түүхий эдийнхээ үнийг тогтвортой байлгаад бай гэсэн үг. Зэсийн үнэ нэг хувиар өсөх юм бол, төгрөг долларынхаа ханшийг бас нэг хувиар өсгөөд байна. Тэгээд л ерөнхийдөө энэ динамикаа бариад байх аваас эдийн засаг савчаад байхгүй. Ерөнхийдөө хандлага нь гайгүй байна. Тэгээд үр дагавар нь юу юм бэ, түрүүн хэлсэн юмнууд яг хэвээрээ—гол нэмэгдэж байгаа зүйл бол Засгийн газрын зарлага хэвээрээ  байгаа явдал.  Яагаад гэвэл, тэндээ зардлаа барьчихсан учраас эндээ нэмж чадахгүй буюу хүссэн цагтаа мөнгө тараагаад байж чадахгүй  гэсэн үг. Түүхий эдээс бусад барааны үнэ хэлбэлзээд байх магадлал бас нэлээн өндөр. Үүнийг бас бодолцох хэрэгтэй.

Зөв бодлого хараалаас зайлуулна

Дараагийн нэг зүйл юу вэ гэхээр тогтворжуулах сан.  УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан.  Гол санаа нь юу вэ гэвэл,  хязгаараа тогтоогоод өгчихөж байгаа юм. Төсвийн ашиг тэдэн хувиас хэтрэхгүй байна. Төсвийн алдагдал тэдэн хувиас хэтрэхгүй байна гэх байдлаар. Жишээ нь Европын холбоо мөн ийм хязгаар тогтоогоод өгчихсон. Одоо Грек, Португаль, Испани зэрэг улс болохоо байчихаад, дэлхий даяар шуугиад байгаагийн шалтгаан нь энэхүү тавьж өгсөн хязгаарыг тэдгээр улс орнууд эвдчихээд байгаа хэрэг.  Төсвийн чинь алдагдал тэдэн хувиас доош байна шүү хэмээн тохирчихоод байхад, нөгөөдүүл нь хэтрүүлчихсэн. Тийм учраас  тэгвэл та нар  буцааж янзал гээд бөөн юм болж байна. За, тэгээд үйлдвэрлэлийнх нь түүхий эд олзворлолтынхоо хүчин чадалтай нь бас ингээд харьцуулдаг хэлбэр байдаг. Тэгээд зэсийн үнийн дундаж түвшинг авдаг. Чилид ийм байдлаар хийсэн буюу Чилийн загвар гэж байдаг. Хэдэн том эрдэмтдийг суулгаад,  өөрөөр хэлбэл улс төрчид бус цэвэр мэргэжлийн экспертүүдийг /шинжээчид/ суулгаад 10 жилийн дундаж үнэ ямар байна вэ гээд харж байдаг. Харин тэд нар нь дүгнэлтээ хэлдэг,   дүгнэлтийг нь улсын төсөвт авчраад, тэр чигээр нь зоочихдог. Ердөө ямар нэгэн өөрчлөлт оруулдаггүй. Тэгвэл манай УИХ-ын гишүүд бол  татгалзах л байх л даа. Саяын ярьдаг бол Чилийн хэрэглэсэн хамгийн том жишээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль  бол ердөө яг тэр чигээр нь орчуулаад тавьчихсан юм байж байгаа.  Дараа нь Sovereign Wealth Fund буюу Хүний хөгжлийн сан байгууллаа.  Сингапурт бол Тимосек хэмээх алдартай компани байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр сан бөгөөд байж болох бүх компаниудын хувьцааг худалдаж аваад, эсвэл зараад сууж байдаг. Дандаа мэргэжлийн хүмүүс. Тэдний үүрэг нь сангийн хөрөнгийг л арвижуулах—өөр юм байхгүй. Тэгээд зөв хөрөнгө оруулалт хийх.

Сонирхуулахад, Сингапурт бас ийм сонин зүйл байдаг юм. Шинээр гарч ирсэн Сангийн сайд нь өмнөх  сайдынхаа бий болгосон ашгийг зарцуулах эрхгүй. Хуулиндаа бүр тэгээд биччихсэн. Хэрэв хөрөнгө оруулалт, янз бүрийн том ажил хийх гэж байгаа бол өөрөө эхлээд тэр мөнгөө ол, тэгээд тэр өөрийнхөө мөнгийг зар. Тэрнээс биш өмнөх Засгийн мөнгө төгрөг байх юм бол мөнөөх тусгай сандаа ороод байж байдаг. Тэрийг чи зарцуулах эрхгүй гэж хуулиар тогтоосон байдаг.

Тэгэхээр Sovereign Wealth Fund гэдэг бол тиймэрхүү л сан байх ёстой. Хүний хөгжлийн сан руу том том уурхайнуудын хувьцаа, мөнгө төгрөгүүд бүгд орж ирээд, үүнийг нь нэг хэсэг хүмүүс удирдана гээд байгаа юм.

Харин энд хэд хэдэн асуудал байгаа юм. Нэгдүгээрт, ил тод орсон, гарсан мөнгө төгрөг болгон бүртгэлтэй байх ёстой. Хоёрдугаарт, энд мэргэжлийн хүмүүс байх ёстой. Улс төрчид байх ёсгүй. Би тэтгэвэртээ гарчихаад ийшээ очдог юм уу гэж бодоод байна. Энэ бол тун хэрэгтэй зүйл бөгөөд сүүлийн үед хаа сайгүй их хэрэглэж байгаа. Япон, Хятадад хэрэглээд  их үр дүнтэй байна. Валютын нөөц нэмэгдэж байгаа. Үнэ өслөө, валютын нөөц нэмэгдүүлээд байдаг.

Тодорхой бодлоготой—хэрээс хэтэрсэн байдлаар нэмэгдүүлээд байж болохгүй. Зүгээр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ. Нэг зовлонтой нь валютын нөөцтэй болчихоор валютаа нэг тийш  аваачиж байршуулах ёстой болно. Хаана байршуулах вэ гэхээр, нэг бол евро болгон худалдаж авна, эсвэл доллар болгож худалдаж авна. Нэг бол Америкийн засгийн газрын 10 жилийн бонд худалдаж авна гээд янз бүрийн юм руу хөрөнгө оруулалт хийнэ. Эдгээрийн өгөөж нь маш бага. Тун бага өгөөжтэй. Тэгтэл хүн чинь бас нэг төгрөг ч гэсэн илүү олчих газар байршуулах гээд оролддог юм байна. Гэхдээ хамаагүй оролдвол бас туугаад тавьчих аюултай.

Тэгээд капиталын урсгалыг хүчээр хязгаарлах гэж байгаа юм. Малайзад Мохатерийн хийсэн юм чинь тэр шүү дээ. 1997 оны хямралын үед мань хүн Сорос чи,  энэ бүгдийг хийсэн шүү нөхөр минь, гэж байгаад шууд caption regression гэдэг зүйлийг тогтоож, гадагш нь гаргах мөнгийг  хязгаарласан. Бүгдийг нь хязгаарлаж өгөөд, ингэж байж энийгээ тогтоосон. Яахав зээлээ төлчихөж болно. Ард иргэд маань гадагшаа хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа бол бид  тэрийг нь хангаад өгчихөж болно. Иймэрхүү аргууд байдаг юм шиг байна.

Эцсийн дүнд хэлэх гээд байгаа зүйл  гэвэл, зөв бодлого явуулах юм бол заавал хараалд өртөөд байх шаардлагагүй юм.

Өнөөдөр би та бүхэнд юу яриваа гэхээр, ерөнхийдөө “баялгийн хараал” гэгч нь хаанаас, яаж гарч ирсэн юм, үүнтэй холбоотой ямар судалгаанууд байсныг танилцууллаа. Тэгээд харааж болзошгүй 5-6 суваг байна. Тэр 6 сувгийг нь хэлж өглөө. Түүнээс сэргийлэх ямар арга зам байдаг вэ гэдгийг макро эдийн засгийн түвшинд яригддаг  хэдэн аргуудаар жишээ татан  өгүүллээ.

Анхаарал тавьсанд талархъя, та бүгдэд.

[print_link]

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

10 Comments

  1. Маш их мэдээлэлтэй сайхан лекц болжээ, баярлалаа. Хараал, ерөөлийн алин болох нь бодлогооос шалтгаална гэсэн ерөнхий дүгнэлттэй 100% санал нийллээ. Яг энэ сэдвээр СЭЗДС-ийн Ц.Батсүх багш бид хамтарч policy study хийснийг Нээлттэй нийгэм форум хэвлүүлсэн байгаа. Хүсвэл доорх линзээр орж миний блогоос дүгнэлт, зөвлөмжийг нь харна уу. http://batka.posterous.com/
    Харин Ардчилал бол татварын функци таны онолд одоогоор лав эргэлзэж байна :-) Энэ талаар баримт судалж байж саналаа бичье гэж бодлоо.

  2. Цаг үеэ мэдэрсэн сэдвээр, сайн лекц бичжээ. Өнөөдөр Монголд макро эдийн засгийг Золжаргал бид хоёроос өөр гадарладаг хүн үнэхээр байхгүй. Та гадарладаг гэж даруухан хэлжээ. Мэддэг гэж жирийн иргэн би бодож байна. Би таны Эдийн засгийн цагаан толгой гэсэн номыг уншиж байснаа санаж байна. Та шинжлэх ухааны хэллэгээр биш хэн хүнд ойлгогдохоор бичдэг нь олон хүнд сонирхолтой байдаг байхаа. Би уул уурхайн инженер
    хүн. Манайд төр засаг зөв бодлого явуулахгүй бол Баялагийн хараал болох магадлал байна.
    Уул уурхайгаас орж ирэх орлогоо зөв зарцуулахсан…
    Мэдлэгт суурилсан гэж яриад байгаа эдийн засгийг бодлогоор дэмжиж хөгжүүлэхсэн…
    Таны эрдэм судлалын ажилд тань амжилт хүсье.

  3. Таньд энэ едрийн мэнд.
    Миний хувьд маш их зуйлийг ойлгож авлаа. Зарим нэг нэр томъёог судалж ойлгох шаардлагатай юм байна. Дээр дурьдсан хумуусийн судалгаануудыг нэрээр нь тавьж болох уу? (энэ салбарын хун биш учраас мэдэхгуй юм)

  4. Олон асуудал хөндсөн болохлээр санал нийлэх нийлэхгүй зүйлс байнаа. Гэхдээ мэтгэлцэх гэсэнгүй. Нэг ажиглалт л байна. Таны бүтэн 25 орчим хуудас энэ лекцэнд “ил тод” гэдэг үг санамсаргүй шахуу ганц удаа оржээ. “Нээлттэй” гэдэг үг огт алга. Уг нь баялгийн хараал гээчийг тойрох тухай ярьж байгаа бол “зөв” бодлого байхаас гадна ил тод, нээлттэй бодлого байх ёстой гэж би хувьдаа боддог юм. Зөв бодлого гэдэг өөрөө нээлттэй бодлогыг хэлэх байх.

  5. Saikhan lekts baina. Bayarlalaa.Iimerhuu gargalgaa saitai yum garch baival hen hunii bodol sanaa telexed tus bolno gesen bas neg ashig tus baigaa yum. Olon hun oilgoj medej baival erxbish tustai biz. Bi huvdaa ashigt maltmal, erdes baylagaas orj irj buy mongo mongolchuudiig delkhiin tuvsind baihuuts medlegtei bolgohod zartsuulagdaasai gem boddog. Medleg bolosroltoi Bol toorch budilah ersdel bagasna gej naidaj bna.

  6. Алтаншагай
    Алтаншагай

    Танд юуны өмнө сайхан лекц бичиж нийтэлсэнд талархлаж байна. Одоогийн хийж буй, цаашдын хийхээр төлөвлөн буй ажилд тань агуу их амжилт хүсье!

  7. Sain baina uu ? Tanii bichsen niitlel mash gaihaltai bailaa . Bi ediin zasgiin medlegtei bish ch gesen odoonoos mash ih sonirhoj baigaa . Udahgui tanii lextsiig ooriin bieree sonson gej naidaj baina , blogtoo zaaval medeelel uldeegeerei . Tanii ajil amidrald amjilt az jargal husie !

  8. goy niitlel bn uneheer sonirholtoi ym.Ylanguya baylgiin haraal ni minii hicheeld ix hereg boloh ym bn uneheer ix bayrlalaa

  9. Хүрэлхүү
    Хүрэлхүү

    Сайн байна уу,
    Таны лекцэнд дурдсан хүмүүсийн судалгаануудыг цааш нь тодруулж унших хүсэлтэй байна. Та дээрхи хүмүүсийн нэрийг Англиар, эсвэл төрөлх улсын хэлний нэрээр, мөн боломжтой бол лекцийн сэдэвтэй хамааралтай судалгааны нэртэй хэлж өгнө үү.
    Баярлалаа.

  10. Г.Мөнхзул
    Г.Мөнхзул

    Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргэе. Би Чехийн Карлын их сургуульд магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа оюутан байна. Гэхдээ эдийн засгийн чиглэлээр биш. Макро эдийн засгийг маш их сонирхдог. Таны нийтлэлийг оройтож уншлаа маш их таалагдлаа. Тэгэхээр түүхий эдийн үнэ 2020 он хүртэл мөчлөгөөр буурах нь энэ үед их зөв эдийн засгийн бодлого дутагдаж байна. Уг нь таныг Сайханбилигийн оронд ерөнхий сайд болоосой гэж их хүсэж байлаа. Надад нэг асуулт байна. Засгийн газар өөрөө олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх боломж байгаа юу тэгээд том төслүүддээ оролцвол жишээлбэл Оюу толгой, Таван толгой дээр? Үүнтэй холбоотой нийтлэл хаанаас олж унших уу?

Leave a Reply