Золиослогч & түрэмгийлэгч

Хөгжлийн хэрээр нийгмийн сэтгэлгээ улам бүр төгөлдөржиж илүү нухацтай нарийн шийдэл олох чадвартай болох учиртай. Бидний сэтгэлгээ ч 1990 оноос хойшхи өөрчлөлтийг дагаад улам чамбайрсан. Чамбайрна гэдэг нь зөв буруу, сайн муу, шударга, шударга бусыг ялгах чадвар нэмэгдсэн гэж би ойлгож байдаг.

Гэхдээ сайн мууг ялган салгах шалгуур нь яаж тогтож байгаа шалтгааныг тодруулах гэж олон жил судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Асуудлаас хол гэж бодогдмоор эдийн засгийн ухаан ч уг асуудлыг өөрийн аппаратыг ашиглан сүрхий судалсан байдаг бөгөөд Гарри Бэкер 90 – ээд оны эхээр Нобелийн шагнал хүртэж байсан юм.

Хүн угаасаа нэг бол өөрийгөө золиослогч, нөгөө бол түрэмгийлэгч гэж хуваагддаг хэмээн Грейвз К үздэг. “Золиос” бүлэг- өөрийгөө өөрчлөх замаар орчиндоо зохицогч байдаг бол “түрэмгийлэгч” нь харин бусдыг өөрчлөх, өөртөө нийцүүлэн орчноо өөрчлөх маягаар оршдог.

“Золиос” бүлгийг “гэрэлт ирээдүйн” төлөө зүтгэгч (социализм байгуулчихаад дараа нь сайхан амьдрана, эсвэл одоо зөв явбал хойд насандаа диваажинд очно, зарчмаасаа ухрах, хэдий өөрөө дургүй ч, бусдад тал засах гэх мэт) сэтгэлгээ, үнэлэмжтэй хүмүүс илэрхийлдэг бол өөрийгөө ямар ч үнээр хамаагүй илэрхийлэгч, ингэхдээ бусдыг санаатайгаар ашиглаад хаях сэтгэлгээ, үнэлэмжтэй нь “түрэмгийлэгч”-дийн төлөөлөл юм.

Мэдээж хэрэг энэ 2 том бүлэг нь дотроо бас дэд ангиудад хуваагдан, тасралтгүй харилцан сүлбэлдэн, сүлжилдэж байдаг л даа. Жишээ нь, өөрийгөө золиослогч нь авторитар хүний нөлөөнд маш хурдан автагдаж, байр суурь, итгэл үнэмшлээ амархан солино. Бусдыг ашиглан хүссэндээ хүрдэг “түрэмгийлэгч” өөрөө л “яс махаараа”олж мэдэрсэн туршлага, мэдээлэлд тулгуурлан байр сууриа өөрчлөхөөс биш хажуунаас нь мянга хэлж заагаад нэмэргүй. Харин бусдыг ашиглахгүйгээр өөрийгөө илэрхийлэгчид нь мэдээллийн эх сурвалжийг харгалзахгүй байр сууриа өөрчилдгөөс гадна тэд бусдаас хамаагүй олон шийдэл олж дэвшүүлдэг байна. Тэдний шийдлийн мөн чанар, түүнийг олохдоо зарцуулж байгаа цаг хугацаа нь бусдаасаа илт давуу байдаг. Тэгсэн мөртлөө оюун ухаан, сэтгэлгээний индекс, сэтгэл хөдлөл зэргээрээ бусдаас бараг ялгаагүй.

Хүмүүс байр сууриа өөрчлөхдөө хэр уян хатан байх нь тухайн үедээ чухам золиос, түрэмгийлэгч аль бүлэг, ангилалд хамаарагдаж байгаагаас шалтгаална. Манайхны хэлдгээр хүний мөс нэг тэнцвэрээс нөгөө рүү аажмаар шилждэг. Шинэ тэнцвэр нь өмнөхөө чанаржуулсан бөгөөд дараагийнхаа үе шатны суурийг бэлтгэсэн спираль (ороомог) маягийн мөчлөгүүд байдаг байна. Хамгийн сонирхолтой нь, тухайн үе шат дахь хүний мөн чанар, үйл хөдлөлийн тэнцвэр нь, ёртөнцийг үзэх маш тодорхой систем, үнэ цэнэ бүхий  зүйлс, үзэл суртлын илт  тодорхой шүүлтүүртэй юм байна.

Олон жилийн энэ бүх ажиглалт, судалгаандаа үндэслэн Грэйвз спираль маягийн мөчлөгтэй психо-био-социаль системийн загвар гаргаж ирсэн юм.  Энэ загварыг хялбарчлан тоймловол;


1. Нэгдүгээр шат:
анчин-инстинкт бүхий түрэмгийлэгч: зорилго – биологийн амьтны хувьд орших. Ухамсартай тодорхойлсон зорилго байхгүй. Өлсгөлөн, үржих гэх мэт примитив, цэвэр биологийн хэрэгцээгээ л хангах үүрэгтэй. Өдийд ийм маягаар амьдардаг хүмүүс бараг байхгүй. Гэхдээ дайн дажин, байгалийн гамшгийн дараа иймэрхүү байдал үүсч болох юм. Ялангуяа нийгмийн том хямрал, хугарлын дараа ажиглагдах талтай. Гудамжны, траншейны хүмүүс нэг иймэрхүү дүр төрхтэй байж болох юм. Нийгэмтэй харилцах суваг нь тун хязгаарлагдмал өөртэйгээ адил хүмүүстэй ч ховор тааралдана. Эдгээрийг нийгмийн өөр бүлэг татаж авахгүй бол яваандаа устана. Өдөр тутмын идэх уух, толгой хорогдох хэрэгцээгээ хангасан нөхцөлд шинэ тутам асуудалтай учирч түүнийгээ дангаараа шийдэж чадахгүй гэдгээ ухааран адил төстэй нэгтэйгээ хамтарч эхэлнэ. Энэ харилцаа нь удаан үргэлжилвэл шинэ чанарт шилждэг. Бусдыг эрх мэдэлдээ оруулах нь өөрөө амьд үлдэх баталгаа гэдгийг мэдэрсэн хүмүүс төрж эхэлдэг.

2. Хоёрдугаар шат:
Овог аймаг – золиос: овог аймгийн эрх ашгийн төлөө хувь хүнийг төвөггүй золиослоно. Зорилго – аюулгүй байдал, овог аймгийн амгалан, тайван оршин тогтнох бололцоог хангах. Уламжлал тогтож эхэлнэ. Ахлагчийн үгийг дагана. Байгаль, гадаад орчноосоо айдаг учраас өргөл барьцаар тайтгаруулах гэж оролдоно. Бөө маягийн зүйл газар авна.

3. Гуравдугаар шат: Түрэмгийлэгч: өөрийгөө ямарч үнээр хамаагүй өргөмжлөх хүсэлтэй, импульсив хүмүүс. Овог, аймгийн дэг журамд эргэлзэн, ахлагч нартайгаа санал нийлэхээ больсон “залуучууд” түрсэн нийгэм. Зорилго – эрх мэдэл, албан тушаал, нөлөөллийн хүрээгээ тэлэх. Эрх мэдлийн өлсгөлөнд автагдсан хүмүүс. Ах зах гэсэн ойлголт байхгүй. Нийгмийг ёстой бусниулж өгдөг, Амин хувиа хичээсэн хүмүүс. Хүрээлэн буй орчноо    “ширэнгэн ой” гэж үзнэ, хүчтэй нь ялна гэсэн итгэл үнэмшилтэй. Тиймээс гэмших, буруугаа хүлээх гэсэн ойлголт байхгүй. Хааяа л нэг ичих тохиолдол гарч магадгүй. Том хотын хүмүүсийн сэтгэлгээ давамгайлсан. Юуг ч худалдахад бэлэн хүмүүс. Төрөлхийн тэмцэгчид. Ийм хүмүүсийг ширээний ард суулгаад сургана гэж бараг байхгүй, харин ажил дээр нь сургах бололцоотой. Мөнгийг нэн даруй олох хүсэлтэй, урт удаан хугацааны хөрөнгө оруулалт нэг их сонирхлыг нь татахгүй. Тиймээс ч өнөөдөр байгаа албан тушаалаа дүүрэн ашиглах бодолтой. Өдөр тутмын хар бор чимхлүүр ажлаас зугатана. Эзэнт гүрэн, хаант засаг, дээрэмчид, мафи хэлбэрийн зохион байгуулалт бүрэлддэг. Дарангуйлагчид  олноор төрнө. Нэг хэсэг нь хулгайч, алуурчид болж нөгөө хэсэг нь баатрууд болдог. Шинэ шинэ нээлтүүд гарч ирнэ.

4. Дөрөвдүгээр шат:
Үзэл санааны төлөө зүтгэгч – золиос: өнөөдөр ядарсан ч маргааш жаргана гээд л зүтгээд байдаг. Хоёрдугаар шатанд бусдын төлөө өөрийгөө золиослож байсан бол энд үзэл санааны төлөө өөрийгөө золиослогчид гарч ирнэ. Хорьдугаар зууны бидний л өвөг эцгүүд шиг юм уу даа. Хүлээсэн үүрэг, хариуцлага – ялангуяа нийгэм, хамт олны өмнө    – нэн чухал. Зорилго – тогтвортой байдал, дэг журам, ёс жаяг дагах. Аливаа юмсыг голдуу хосоор харна: цагаан улаан, манайх танайх, зөв буруу, сайн муу г.м.

Энэ шатанд том том шашин бүрэлдэнэ. Хойд нас гэдэгт итгэсэн хүмүүс. Өөр шашинтай (өөр үзэл бодолтой) хүмүүсийг ад үзнэ, төвөггүй алж хядна. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, терроризм, нам, үйлдвэрчний эвлэл, цэргийн зохион байгуулалт, шамбалын дайн зэрэг нь эндээс гаралтай. Яваандаа коммунизмд амьдрана гээд зүтгүүлээд байдаг, сүүлдээ нөгөө коммунизм чинь хаана байна, бид яагаад тэр коммунизм гэдэг үл гүйцэгдэх юмны чинь төлөө өнөөгийн амьдрал, аз жаргалаас татгалзах билээ гэж асуусан “залуучууд” гарч ирнэ. Нүглээс айна. Японы самурай нар нэг иймэрхүү, нэр төрөө дэндүү эрхэмлэнэ. Альтурист  хүмүүс олонтой. Нутгархаг үзэл энд багтана. Нутгийн хүү л бол хэн байсан ч хамаагүй сонгоно. Ирээдүйг төлөвлөх хандлагатай, иймээс өндөр насны тэтгэвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зэрэг ойлголт энд багтана. Нийгмийн зохион байгуулалтын бүтэц нь илүү дээшилсэн: дээрээ даргатай түүнийгээ дагана, бас өөрөө дороо цэрэгтэй, түүнийгээ удирдана. Гэмших гэсэн ойлголт өргөн дэлгэрсэн. Сургалтын тогтолцоо нь их газрын систем. Өөрөөр хэлбэл давтах цээжлэх, буруу хариулбал, мөн дүрэм зөрчвөл шийтгэнэ – “буланд зогсооно”. Энэ төрлийн доод цэгт фанатикууд, новшнууд дээд цэгт нь зохистой үйлчилж буй төр засаг бизнес, төлөөллийн ардчиллын систем бүрдэнэ.

5. Тавдугаар шат: Томоор тоглогчид, овсгоотнууд -түрэмгийлэгч. Экспрессив төрлийн хүмүүс. Өөрийгөө илэрхийлэхдээ бодолтой хандана, бусдыг ашиглахыг урьтал болгоно. Өөрөө ард нь үлдээд байх санаатай. Өмнөх үеийн ул мөр бүрэн арилаагүй учраас зальтай, араа бодсон. “Би түүнээс дор гэж үү”, “би илүү сайн хийж чадна шүү дээ”, “хүнээс дутахгүй амьдрана” гэсэн бодолтнууд. Гол төлөв мөнгийг эрхэмлэгчид. Өмнөх түүхийг зарим нь гадарлах, зарим нь мэдэх учраас төлөвлөж сурсан. Зорилго дэвшүүлж сурсан. Дүрэм журам дагах ёстой гэдгийг мэднэ. Яавал би хожих вэ? Юу надад ашигтай вэ гэдгийг их бодож тооцно. Бусадтай өрсөлдөгч, гэхдээ үйл явцыг  үр дүнгээс илүүд үздэг хүмүүс. Хожоод хожлоо буцаагаад өгнө, дахиад тоглох хүсэлтэй. Мэргэжлийн спорт, гоо бүсгүйн уралдаан үүснэ. Зорилго – амжилт нөлөөлөл. Дэлхийг тэр чигээрээ бололцоо гэж үздэг. Тиймээс дүрэм журам саад болж байвал зөрчөөд л явна. Өөрсдөө дүрмээ зохионо. “Чадаж байхад яах юм бэ чи”? Ёс зүй байхгүй гэж болохгүй, гэхдээ эднийхээр бол нөхцөл байдалдаа нийцсэн ёс зүй. Хамелеон маягийн сэтгэлгээтэй хүмүүс амжилтад хүрэхийн тулд хэд л бол хэд дүрдээ хувирна. Байгаа орчин сэтгэлд нь нийцэхгүй: илүү сайжруулах, өөрчлөхийг хүснэ. Гэхдээ өөрийгөө л эхэнд нь тавина. Үхсэн хойноо диваажинд очих биш харин энэ байгаа насандаа диваажинд амьдрах хүсэлтэй хүмүүс. Диваажинг материаллаг талаас нь илүү ойлгосон хүмүүс. Шинжлэх ухааныг хувийн ашиг сонирхолд нийцэж байгаа гэсэн үүднээс дээдэлж эхэлдэг. Зөв менежмент хайна, цагийг мөнгө гэж үзнэ. Үдээс өмнө үдээс хойш, эсвэл сарын эхэн, сарын дунд, сарын эцэст гэсэн цагийн баримжаатай хүмүүс зэрлэг мэт ойлгогдоно. Энд чи ч хож, би бас хожъё гэсэн сэтгэлгээ үүсч эхэлнэ. Мэдээллийн босоо болон хэвтээ урсгалтай, эрх мэдлийг шилжүүлэх тогтолцоо бүрдэнэ. Эрх мэдлийг шилжүүлж авсан хүмүүс шийдвэр гаргана. Асуудлыг шийдэх үндсэн хэрэгсэл нь шинжлэх ухаан, технологи. Зүтгэж зүтгээд асар их хөрөнгө хуримтлуулаад мухардалд орно. Яах гэж хэмээсэн асуултад хариу өгөх гэж зовно. Байгаль орчноо сүйтгэн, бусдыг мөлжиж хоослон, хүнлэг чанар зэргийг үгүйсгэн байж олсон зүйл маань ямар ач тустай вэ гэдгийг бодож эхэлнэ. Шинэ шатанд шилжих эхлэл тавигдана.

6. Зургадугаар шат: Хүмүүнийг эрхэмлэгч\консенсус бүрдүүлэгч – золиос төрөл. Энэ удаа хожихын тулд “бод” шидэх хүсэлтэй. Энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл үгүй гэж үздэг. Бусад хүмүүсийн хэрэгцээ эрэлтийг анхаардаг. Байгаль орчин хамгаалах асуудал гарч ирнэ. Цагаан хоолтон дэлгэрнэ. Эмэгтэйчүүдийн, ижил хүйстэн зэрэг цөөнхийн эрхийг хангах гэж тэмцэгчид гарч ирнэ. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тухай ярина. Нийгмийн халамжийн тогтолцоог өргөмжилнө. Одоогийн скандинав маягийн хэлбэр мэт. Америкийн кинонд нэг цагаан, нэг шар, нэг хар арьстан хамтдаа сайн үйлсийн төлөө зүтгэж байгаагаар гардагтай адил юм уу даа. Ингэхгүй бол нийгэм нь хүлээж авахгүй. Улс төрийн соёлгүй хэрэг болно. Улс төрийн соёлтой хэл яриа, үйлдлийг эрхэмлэнэ. МАХ нам гэж хэлэхгүй, МАХН гэж ярина. Зорилго – хөг нийлсэн зохицол, хамтдаа дэвших, хамтран ажиллах. Хүн бүрээс асууна. Хамгийн муу хүн залагч, удирдагч болж хувирна. Үйл ажиллагаа, үр дүн хомс. Материаллаг гэхээсээ оюунлаг зүйл илүү үнэлэгдэж эхэлнэ. Бүгд хожих шийдэл хайна. Хэн нэгэн хохирохоор бол шийдэж чадахгүй. Дэвшүүлж буй зорилтууд нь биет биш энх тайван, зохицол, шударга ёс, эрх чөлөө, хайр сэтгэл гэх мэт. Ялгаварлах гадуурхах, шийтгэх зэргийг үзэн ядна. Өчнөөн төчнөөн хамтлаг, бүлэглэлүүд олширно. Бясалгал хийх, бариа засал, зүү бумба тавих гээд л шинжлэх ухааны эмнэлгээс гадуур зүйл дэлгэрнэ. Утай гүмбэн, Түвд зэрэг рүү цуварч эхэлнэ. Мульдашев мэтийн хүмүүс хамгийн “модный” нэр нөлөөтэй болно. Бусдыг өөрийн бүлэглэлд хамруулах гэж оролдоно. Гэхдээ эрх мэдлийн төлөө тэмцсэн хэвээр. Бүлэглэлийн гишүүддээ дарга, сайд, нийгмийн нөлөө бүхий хүмүүсийн эхнэр, хүүхдийг элсүүлж, тэднээр дамжуулан нөлөөгөө өргөжүүүлэх далд санаатай. Жирийн иргэдэд үлгэр шиг юм амлана. Нөгөөдүүл нь итгэмтгий гэж жигтэйхэн. Амархан хууртагдана. Харилцан мэдээлэл солилцох хамгаас чухал учраас гар утас, интернет, мэйл зэрэг нь  зайлшгүй зүйл болно.

7.    Долоо дугаар шат: Интеграци -түрэмгийлэгч. Бусдыг ашиглахгүйгээр өөрөөр хэлбэл бусдыг хохироохгүй өөрийгөө илэрхийлэгчид. Маргаан зөрчилдөөнийг гаргуулахгүй байх, бүх оролцогчийн хэрэгцээ ашиг сонирхлыг тусгах гэж оролдогч. Зорилго – хараат биш байдал, эрх чөлөө, нэр төр, глобаль системд интеграчилагдах. Системт хандлага, нөхцөл байдлыг харгалзагч. Хэн дарга байх нь чухал биш гол нь чанартай л хүн байх ёстой гэж үздэг. Өөрийг нь хүчлэх гэвэл (ажлаас хална, шагнал урамшууллаас хасна, өндөр албан тушаалаас огцруулна    гэх мэт) тоохгүй. “Тэг л дээ, наад албан тушаал чинь надад огт хэрэггүй” гээд л гараад явна. Өөрт нь таалагдахгүй бол юуг ч гэсэн орхиод л явна. Үнэндээ ч өндөр албан тушаалаас огцорлоо гээд юу ч алдахгүй бие даасан, хараат биш хүмүүс. Овог аймаг, нутаг усархах, нэг ангийнхан, нэг байгууллагынхан гэсэн өөриймсөг боловч явцуу гэмээр үзэл байхгүй хүмүүс. Манай нутгийн юм “дэвшүүл” гээд аашлаад байвал туйлын гайхана. Бусдыг бие хүний хувьд хүлээн зөвшөөрнө. Улс төр гэх мэтийг тоохгүй, тиймээс улс төрийн амьдралд бараг орохгүй. Бусдад нэгдэж нийлээд байхгүй. Ганцаар л ажиллана, эсвэл санаа нийлсэн цөөн хэдэн хүнтэй ажиллана. Ялгарал, олон ургальч соёл, үзэл бодлыг эрхэмлэнэ. Эндээс л  шинэ юм гарч ирнэ гэдгийг мэддэг болсон. Нийгмийн зохион байгуулалтын хэлбэр нь матриц. Менежмент нь дарга зөвхөн удирдах бус харин туслах, дэмжих, ханган нийлүүлэх үүрэгтэй тогтолцоо болно. Сургалт нь ганцаарчилсан – өөрсдөө сурах чадвартай, тиймээс гол нь мэдээлэл өгөх, мэдээллийн урсгалыг чөлөөлөх. Би өөрөө ертөнц гэхдээ түүнээс том ертөнцийн нэг хэсэг гэдгийг гадарлаж эхэлнэ. Шинэ шатанд шилжинэ.

8. Наймдугаар шат:
Глобаль ухамсар. Одоохондоо энэ түвшний шинж чанар тодорхой бус. Золиослогч төрөл. Дэлхий нийтийг төлөвшүүлэх үндсэн хэрэгцээнд захирагдагч. Глобаль нийгэмлэг, дэлхий нэг тосгон, соёлын түвшинд интеграчилагдаж эхэлсэн. Америк соёл. Физик ба метафизик нэг л зүйл байна шүү дээ гэдгийг ухамсарласан хүмүүс байх. Тиймээс өмнөх нэн ялангуяа эртний үеээс хэрэгтэй зүйлээ авахыг хүснэ. Бөө мөргөл, биет биш ертөнц, оюун санааны аялал зэргийг сонирхож эхэлнэ. Хэрэгжүүлнэ. Энерги, сүнс зэргийг ямар нэгэн айдас сүрдэлтгүй хүлээн авч, тэдэнтэй харилцаж эхэлнэ. ДОХ, цөмийн зэвсэг, терроризм, байгаль орчныг сүйтгэх зэрэг ямар их гай гамшиг өмнөх үеийнхэн учруулсныг ойлгоно. Тийм зүйлийг давтуулахгүй байх чадвартай болно.

Ажиглаад байхад түрэмгийлэгч төрлийн хүмүүс нь голдуу үр дүнг эрхэмлэсэн бол золиос төрлийн хүмүүс нь илүү үйл явц талыг барьсан, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа зөв явж байгаа эсэхийг сонирхдог байна. Мэдээж хэрэг түрэмгийлэгч талынхан өмнөхөө үгүйсгэн гарч ирээд, хэсэг хугацааны дараа өөрөө золиослогч төрөлд шилждэг.

Хүн бүр хэд хэдэн төрөлд зэрэг хамаарагдах бололцоотой бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөн, өөрийн үнэлэмжтэй нь зөрчилдөөд ирвэл хүмүүс байр сууриа өөрчлөнө, үнэт зүйлсээ, татгалзана, шинэ зүйлсийг эрхэмлэж эхэлнэ. Нэг түвшнээс нөгөөрүү өгсөх маягаар шилжих нь жам бөгөөд илүү л хүнлэг өгөөмөр тогтолцоо руу яваад байгаа юм. Зөв буруу, нүгэл буян гэсэн ойлголтууд улам бүр хүмүүн чанартай болж ирнэ. Гэсэн хэдий ч эргэж буцах бололцоо байнга оршино.

Монголын өнөөгийн нийгмийн хүмүүс хоорондын харилцааг би хувьдаа сэтгэл дундуур хүлээж авдаг. Хүний мөс муудлаа, бүхнийг зоосны нүхээр харах боллоо, шударга юм гэж алга, эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэгчид гарч ирлээ, ичиж зовохгүй эрх мэдлээ ашигладаг хүмүүс л хожиж байна, тиймээс ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлд хүр, хүмүүсийг ашиглаад л хаяад бай, авилга  аваад л бай, тийм хүмүүс нь хожоод байна, хэдий чинээ том луйвар хийдэг нь хожино гэх мэт ойлголт тархаж, энэ бүгдийг шинэ журам, хэм хэмжээ, үнэлэмж болгон өргөмжилж байна.

Нийгмийн нэг хэсэг нь дээрх үнэлэмжийг хүлээн аваад зогсохгүй туйлын “амжилттай” хэрэгжүүлж, “хожиж” буйд багтаж байна. Харин нийгмийн дийлэнхи хэсэг нь иймэрхүү үнэлэмжийг хүлээн зөвшөөрч, дасан зохицож чадахгүй учраас бухимдан ардчилал, зах зээл, төрийн тогтолцоо гээд л өөрөөсөө холдуулан, бусад бүхнийг буруутган, хуучнаа санагалзан, “хатуу гар” хүсч байна. Нэгэнт нийгмийн дийлэнхи хэсэг нь ийм сэтгэгдэлтэй байхад бусдыг ашиглагч –түрэмгийлэгч бас зүгээр суухгүй, “улс төр” хийж байгаа нь нууц биш л дээ.

Нийгмийн харилцаан дахь үнэлэмжийн энэ том хугарал нь аль хэр удаан үргэлжлэх, энэхүү зөрчилдөөн ямар эерэг, сөрөг үр дагавартайг анхаарахгүй байж бас болохгүй юм. 1990 оноос өмнөх нийгмийн ухамсрын тогтолцоонд хоёр, дөрөв, зургадугаар шатны холимог давамгайлж байсан бол 1990 оноос хойш гурав, тавдугаар шатны шинж нь хүчээ авч, цар хүрээгээ тэлж байна. Хоёр, дөрөвдүгээр хүрээний сэтгэлгээтэй хүмүүс хий л бухимдаад, жигшээд байгаа ч угаасаа сэтгэлгээний онцлог нь дайчин биш учраас гурав, тавдугаар  хүрээний төлөөлөгчдийн  өөдөөс юу ч хийж чадахгүй байгаа юм.

Бүр онцгой шаардлага л гарахгүй бол нийгмийн дийлэнхи хэсэг нь өөрсдөө босоод жагсаал цуглаан хийхгүй. Гэхдээ энэ бүх шударга бусыг хэн нэгэн гарч ирэн шийдээд өгөхгүй юм байх даа хэмээн халаглаад л сууна. Гуравдугаар шатны төлөөлөгчид  тодорч ирэх нь гарцаагүй жам хэдий ч, тэд ямар ч зарчимгүй, ах зах гэсэн ойлголтгүй, бусдыг сүйтгээд гэмших нь байтугай, буруу юм хийж байна гэдгээ ч мэддэггүй, өөрт нь ашигтай бол төрсөн эх, эх орноо ч худалдахад юу ч бодохгүй хүмүүс учраас олонхийн дүргүйцэл хүргэж байдаг гэвч төрөлхийн дайчин тэмцэгч тул замдаа таралдсан хэнийг ч, юуг ч арчаад гарна.

Гурав, тавдугаарын төлөөлөгчдийн үйл хөдлөл, ажиллагаанаас нийгмийн томоохон хямрал үүсэх аюултай бөгөөд бодит талаас нь энгийн жишээ авахад төрийн тогтолцоо нь дарангуйллын хэлбэрт шилжих бүрэн бололцоотой, гуравдугаарынхан хувь хувийн дарангуйлал тогтоох туйлын хүсэлтэй.

Нийгэм бүхэлдээ гуравдугаар шатанд шилжсэн байхад (гэхдээ бусад шатлалын хэлбэр, шинж байгаа) лидерүүд нь тухайн нийгмийн сэтгэлгээ, ухамсрын сул талыг баримжаалан аашилж, ажилладаг юм. Жишээ нь, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн ухамсрыг дээш татах, өргөх биш харин ч хамгийн дорд адгийн хүсэлд нийцүүлэн, улам бүр хялбаршуулан бичиж, үзүүлж байж уншигч, үзэгчдийнхээ тоог нэмэн баяждаг. Өөрсдөө зүтгэхийн оронд бурхан, төрийн сүлд, нам засагтаа бүхнийг даатгадаг сэтгэлгээтэй хүмүүсийг гуравдугаар хүрээний төлөөлөгчид  төвөггүй зална.

Хамгийн идеал төр бол шударга төр юм. Платон үүнийг мөрөөдөж байсан. Харамсалтай нь шударга гэдэг ойлголт нь өөрөө хувирамтгай билээ. Гуравдугаар шатны төлөөлөгчийн нүдээр харвал өөрийн нь үйл хөдлөл, үйлдэл хамгийн шударга гэтэл хоёр болон дөрөвдүгээр шатны төлөөлөгчийн нүдээр бол хамгийн шударга бус. Монгол төрийн өнөөгийн тогтолцоонд гуравдугаар шатны төлөөлөгчдийн нөлөөлөл газар авч байдаг.

Тиймээс өнөөгийн гол үзэл санаа нь төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хангаж, ард иргэдээ ая тухтай амьдруулах явдал юм. Түүнчлэн гуравдугаар түвшний үргэлжлэх хугацааг аль болох багасгах, дөрөвдүгээр шатанд шилжих нь чухал билээ.

Шинэ цаг шинэ Монголыг төрүүлж байна. Шинэ Монгол нь илүү прагматик, бизнес хандлагатай, наймаачин сэтгэлгээтэй. Үйлдвэрлэгч, бие даасан монгол хомсдож байна. Байгаль орчинтойгоо амин шүтэлцээтэй монгол ховордож байна. Гэхдээ хүний мөн чанарыг статик мэтээр ойлгож болохгүй. Шинэ орчин, ертөнцийг төсөөлөн бүтээх заяагдмал чадварыг дутуу үнэлсэн төрийн тогтолцоо, шийдвэр гаргах механизм дэвшлийг чөдөрлөдөг. Ялангуяа, Монголчуудын шинэ орчинд зохицох чадварыг мөлжиж биш харин зөв ашиглан хөгжил дэвшилд чиглүүлэх ёстой юм.

Нийгмийг бүхэлд нь хамарсан гүнзгий хямрал нь хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн бүхнээсээ ангижрах, хөгжил дэвшлийн цоо шинэ хөрс бүрдүүлэх хүчирхэг давалгаа үүсгэдэг. Энэ давалгааг олж харах, айж сандралгүй асар том боломж хэмээн ашиглах чадвар, чадавхи бүрэлдэх ёстой.

Өмнөх хувьсал, хувьсгалын орон зай, цаг хугацаанд хуримтлуулсан ой санамждаа авах гээхийн ухаанаар хандаж, улам бүр ойртож буй өнгөрсөн ба ирээдүйн тогтолцоог эрүүлжүүлэх чиглэлд анхаармаар.

Мэдээж хэрэг байгалийн хувьсал, нийгмийн хувьсгал харилцан адилгүй боловч ноосферыг бүхэлд нь залдаг заяагдмал хууль, зүй тогтол үйлчилж байгаа. Түүнийг танин мэдэх гэж хамгийн шилдэг оюун ухаантнууд эрэлд гарч байсан ч энэ зуунд л хамтын оюун ухаанаар учир начрыг нь нээх бололцоо бүрдэж байна.

Мэдэрхүйгээрээ дэлхий ертөнцийг тайлан уншдаг байсан хүн өнөөдөр оюун дүгнэлтээрээ ертөнцийг нээж байна. Тэр бололцоог Шинжлэх ухаан, технологи хангаж өгч байна.

Тусдаа амиа борлуулж байсан хүмүүс хамтран, нийгмийн харилцааны эрчим нь урьд өмнө байгаагүй өндөрт гарлаа. Жишээ нь, дэлхий ертөнц өөрчлөгдөж буйг 100 жилийн өмнө мэдрэх, ажиглах хэцүү байж. Гэтэл одоо өнгөрсөн 10 жилээр ирээдүйн 10 жилийг баримжаалах аргагүй болтлоо дэвших болжээ. Хорьдугаар зууны техникийн өөрчлөлтөөс 1000 дахин илүү өөрчлөлт энэ зуунд гарна гэж тооцож байна. Энэ бүх хувьсал, дэвшил төрийн тогтолцоог өөрчлөхийг шаардах нь гарцаагүй. Чухам аль чиглэлд, ямар өөрчлөлт байх ёстой вэ?

Урагшлах хүсэл, дасан зохицох чадавхийн хомсдол нь нийгмийн бухимдлыг (стресс) дэвэргэж, зөрчлийг улам тодруулж өгч байгаа нь илт байна. Энэ байдал ямар нэгэн тэсрэлтээр тайллаа олох болно. Харин дэвшилт хөгжлийн төлөөлөгчид эргэж харалгүй урагшлахын оронд эргэж буцан буулт хийж, ухарч, тэр хэрээр хөгжлийн энэхүү асар их хурдаас нийгмээ бүхэлд нь хоцроож байна.

Нийгэм, нийгмийн хөгжил, өөрчлөлтийн далд гүнзгий учир шалтгаанаас ургуулан монголчууд авлига, албан тушаалд шүтэхгүй, газар шороогоо ухахгүйгээр өнөөгөөсөө хэдэн зуу дахин илүү болж, чинээлэг ахуй амьдралтай, эрх чөлөөтэй байх бололцоо байна.

Өнөөгийн нийгмийн дотоод зөрчлийг нарийвчлан судалж, нарийсч, улам бүр эрчимжиж буй сэтгэлгээний түвшинд шийдэл хайж, Монголыг шударга, ардчилсан зах зээлийн хөрсөнд ойртуулах, эсвэл шударга, ардчилсан зах зээлийг Монголын хөрсөнд буулгах арга замаа олох ёстой.

Үнэндээ өнөөдрийн асуудлууд, өчигдрийн шийдлийн үр дүн. Өчигдрийн бидний шийдлийн сөрөг үр дагавар нь давамгайлах янзтай нөхцөлд шинэ сэтгэлгээ, сэтгэлгээний шинэ соёл үгүйлэгдэж эхэллээ. Эдийн засгийн хувьд газар шороогоо ухаад амьдрах амар бололтой. Харин газар шороогоо ухахгүйгээр илүү чинээлэг, элбэг дэлбэг амьдрах бололцоог олж мэдэх нь нийгмийн захиалга болжээ. Тиймээс шинэтгэлийг шинэчлэх, өөрчлөлтийг өөрчлөх, шилжилтийг шилжүүлэх цаг иржээ.

Үүний тулд төрийг бэхжүүлэх гэдэг нь тусгаарлах, харгислах биш, харин иргэн баян бол улс баян гэсэн санааг авч иргэд ардын автономит байдлыг бэхжүүлэх, ардын хүчээр төрийг баяжуулах, тэдний бүтээлч чадавхийг дээшлүүлэх, өөрчлөлтөөс айдасгүй дархлааг бий болгох, хориннэгдүгээр зууны эрэлт хэрэгцээнд дасан зохицох чадварыг дээшлүүлэх ёстой. Иргэний нийгмийн хүчирхэг төвүүдийг дэмжин, шийдвэр гаргахад иргэний нийгмийн оролцоог улам баталгаажуулан, тэдгээрийг зохицуулах чиг үүргийг төр гүйцэтгэдэг болох ёстой.

Төрийн тогтолцоогоо хөгжүүлэн төгөлдөржүүлж чадсан ард түмэн баян чинээлэг, аз жаргалтай амьдардаг. Ийм улс орон хүн төрөлхтөний хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг билээ.

Эх сурвалж: Монголын мэдээ, 2010.11.29-ний Даваа.  5, 11  нүүрэн талууд

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

2 Comments

  1. Tweets that mention Золиослогч & түрэмгийлэгч | Amarjargal Blog -- Topsy.com

    […] This post was mentioned on Twitter by Batnamjil A, Gantulga T. Tul. Gantulga T. Tul said: "Золиос ба түрэмгийлэгч", бодууштай юм их байна шүү RT @AmarjargalR: http://bit.ly/hvRQlq my a new article. […]

  2. Чамбайрсан хэсэгтэй санал нийлэхгүй байна. Улс төрчдийн ёс суртахууныг харахад л чамбайрсан гэж огт харагддаггүй. Харин ч социализмийн үед хүрээд байсан сэтгэлгээний маш олон ололтоос ухарсан шиг байдаг.
    Мэдлэг нь сайжирсан гэвэл би тийм гэнэ. Сэтгэлгээ чамбайрсан гэж ёстой бодохгүй байна.

    Бас тэр түрэмгийлэгч гэж буруу орчуулав уу эсвэл тэр нөхөр үнэхээр тэгэж шал ташаа нэрлэв үү. Уул нь тэр түрэмгийлэгч гээд байгаа хүмүүс чинь эерэг нөлөөлөл үзүүлэх замаар нийгмийг сайн сайханд хөтөлдөг юм шүү дээ.

    Надад нийгмийг сайн сайхан замд нь оруулах вижн, технологи байна. Би үүнийгээ хэрэгжүүлмээр байна. Хэрэгжүүлэхийн тулд би нийгмийг өөрчлөх ёстой. Одоо явж байгаа буруу замаас нь залж зөв замд нь оруулах учиртай. Харин намайг түрэмгийлэгч гэж нэрлэж болохгүй биз дээ.

Leave a Reply