Эрчүүдийн яриа

R.Amarjargal2010А. Амаржаргал гэдэг их сайхан нэр. Энэ нэрийг танд хэн өгсөн бэ? Ер нь, хүний оногдсон нэр тухайн эзнийхээ амьдрал, хувь заяанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг эсэх талаар та бодож байсан уу?

Х. Амаржаргал гэдэг нэрийг манай өвөө өгсөн юм. Ганданд нэг лам найзтай байсан юм билээ, түүнтэйгээ зөвлөлдөж байгаад л өгсөн гэсэн. Тухайн үедээ бол нэлээд ховор, орчин үеийн нэр байсан гэж ойлгодог. Бага байхад Амараа гэж дуудагдаад бас ч гэж гайгүй л юм байна, харин хөгшрөхөөр энэ нэр хэр зохицох юм бол доо гэж хүүхэд байхдаа боддог байлаа. Харин одоо бол аав, ээжийнхээ өгсөн нэрийг бэлэгшээж, баярлаж явдаг. Хүний нэрний тухай сонин хэвлэл дээр янз бүрээр л бичсэн байдаг. Миний хувьд ямар нэгэн мухар сүсэг бол байхгүй. Гэхдээ бас ч гэж хорвоо дэлхийн юм бүхэн учир начиртай, хоорондоо уялдаа холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

А. Одоо эргээд харахад, таны туулж өнгөрүүлсэн амьдрал хэр амар жаргалтай байж вэ?

Х. Тийм байгаагүй гэж би хэлэхгүй.

А. Таныг хүүхэд байх үед аав тань Зөвлөлт холбоот Улс дахь Монголын ЭСЯ-нд дөрвөн жил жолоочоор ажилласан байдаг. Тэр үеийнхээ дурсамжаас бидэнтэй хуваалцана уу? Тэр цаг хугацаа таны хувьд хэр онцгой цаг хугацаа байсан бэ?

Х. Би тэгэхэд бага байсан. Тавдугаар ангиас наймдугаар анги төгстөл тэнд байсан. Хүүхэд л юм болохоор үеийнхэнтэйгээ тоглоод л өнгөрсөн л дөө. Хамгийн гол нь, тэр үед бага байсан учраас унаган орос хэлтэй болсон. Үүнийхээ ачаар Оросын утга зохиолыг шимтэн уншиж, орос хэлээрээ дамжуулаад ертөнцийг харах цонх нээгдсэн. Тиймээс үе тэнгийнхэнтэйгээ  харьцуулахад энэ талаараа арай илүү байсан болов уу гэж боддог. Ер нь хүүхэд багаасаа гадаад хэл сурах хэрэгтэй, ялангуяа Франц, Англи, Хятад, орос хэлийг зайлшгүй сурах ёстой гэж боддог. Голланд, Швейцарьт л гэхэд иргэн болгон нь 4-5 хэлтэй байдаг шүү дээ.

А. Ямар нэгэн ном зохиолыг англи, орос, монгол хэлний алин дээр нь уншсанаа мартах тохиолдол танд байдаг уу?

Х. Би заримдаа ямар хэл дээр сэтгэж байгаагаа анзаардаггүй юм. Хэл сурна гэдэг чинь тэр хэлээр сэтгэхийг л хэлээд байгаа юм шүү дээ. Магадгүй, папа, мама-тай хүн өөрийгөө орос хэл мэднэ гэж хэлж болно, үүнээс арай өндөр түвшинд эзэмшсэнийгээ ч хэл мэднэ гэж магадгүй. Хамгийн гол нь, тэр хэлээр сэтгэж чадаж байна уу? Тэр хэлээрээ зүүдэлж чадаж байна уу гэдгээр л өөрийгөө дүгнэх ёстой гэж боддог.

А. Хүүхэд сурах аргаа олно гэж байдаг. Таны хувьд, гадаад хэл сурах өөрийн гэсэн аргыг олж эзэмшсэн байсан уу?

Х. Бага байхдаа хүүхэд хэл сурч байна гэдгээ мэдэхгүйгээр сурдаг. Тиймээс хүүхдийг бага байхад нь хэлний орчинд байлгах нь чухал. Том болчихоор хүний тархи өөр болчихож байгаа юм. Логик шийдлийг хайгаад, хүлээгээд байдаг учраас логик шинж чанартай нь холбоод байдаг юм шиг санагддаг. Миний хувьд, нас явсан хойноо, хорин хэдтэйдээ англи хэл сурсан. Гэхдээ хэл сурах тал дээр өөрийнхөө арга барилыг олсон гэж боддог. Тухайн үедээ үг цээжлэх гээд, ярих гээд оролддог байлаа, гэвч сурах бичиг бариад сургалтанд суугаад  ч олигтой үр дүнд хүрэхгүй юм байна, би энэ байдлаар сурахгүй юм байна гэж бодсон. Тэгээд шууд л нэг өдөр зузаан ном аваад орчуулаад эхэлсэн. Эхний нүүрийг орчуулахад хэцүү байсан, бараг үг болгоныг нь толь бичгээс харж байсан. Хоёр дахь нүүрээс 50 хувийг нь харахаа больж байгаа юм, тэгээд дараагийн нүүрийг орчуулахдаа тэрнийхээ 50 хувийг харахгүй байх жишээтэй. Ингэсээр тав, зургаа дахь хуудаснаас  толь бичиг ашиглахгүйгээр орчуулаад эхэлсэн. Ярих тал дээр бол, хүмүүс хэлийг бүрэн төгс сурах гээд хичээгээд байдаг. Нэгэнт хэлний мэргэжилтэн болохгүй юм чинь, ингэх хэрэг байна уу? Зүгээр л, хүнд юу хэлэх гээд байгаагаа л ойлгуулдаг байхад болно. Хамгийн гол нь, буруу хэлчих вий гэж ичихгүйгээр ярьж чаддаг байх хэрэгтэй. Бас FM радио байнга сонсож, хаана явсан газраа сурч байгаа хэлээрээ юм сонсож явах хэрэгтэй. Хүний чихний бөглөө арилна гэж ярьдаг даа, дандаа сонсоод байхаар тэр хэл дасал болоод, үгнүүдийг нь аяндаа ялгаад ирж байгаа юм. Тэгэхээр, миний хэл сурах арга барил бол, нэгдүгээрт, орчуулга хийсэн, хоёрдугаарт, юм сонссон, гуравдугаарт, санаа зовохгүйгээр  ярьдаг байсан. Тэгээд л гурван сар өнгөрөхөд би англи хэлийг төвөггүй хэрэглэдэг болсон доо.

А. Зарим эцэг эхчүүд хүүхдээ багаас нь гадаад хэлний сургуульд сургах нь зүйтэй гэж үзэж байхад зарим нь эхлээд монгол хэлээ сайн сурч байж гадаад хэл сурах нь дээр гэдэг. Энэ талаархи таны бодлыг сонирхоё?

Х. Орос хэлний хувьд, би бага байхдаа сурсан. Ингэлээ гээд монгол хэлээ мартсан юм байхгүй. Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулаад  үзэхээр, би монголоор ярьж байхдаа сул үг бага хэрэглэдэг гэж боддог. Сул үг бага хэрэглэдэг болоход орос, англи хэл эзэмшсэн маань л нөлөөлсөн болов уу.

А. Хүүхэд байхдаа та юу мөрөөддөг байсан бэ? Биелсэн үү?

Х. Багадаа цэргийн дарга болно гэж мөрөөддөг байлаа /инээв/. Гэхдээ би дээд сургууль төгссөн хойноо цэрэгт явсан болохоор 45 хоног карантинд суугаад л офицер болсон.

А. Урьд нь цэргийн алба гурван жилийн хугацаатай байсан бол одоо нэг жилийн хугацаатай болсон. Хугацаа нь ийм богино байгаа атал цэрэгт явахыг хүсэх хүн ховор болжээ. Үүнийг, эрчүүдийн маань яс чанар, тэвчээр хатуужил муудсаных гэж тайлбарлаж болох уу?

Х. Тийм юм байхгүй. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж үг бий. Цэргийн алба гурван жил байхад нийгэм, улс төр, эдийн засгийн амьдрал гээд бүх зүйл өнөөдрийнхөөс огт өөр байсан, өнөөдрийн нэг минут 10 жилийн өмнөх нэг сартай тэнцэх гээд байна. Тиймээс, цэргийн албанд очиж байгаа хүүхдүүд нэг жилийн дотор цэргийн эрдэмд маш хурдан шамдан суралцаад гарч байгаа юм. Энэ хугацаанд эр хүний бүх юм хөгжиж л байгаа.

А. Таны амьдралын хамгийн их ачаалалтай үе хэзээ байсан бэ?

Х. 1990-ээд оны эхэн үе юм уу даа. Ардчилсан хувьсгал ид өрнөж байх, дараа нь Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдоод ажиллаж байх үед нойр, хоол гэдгийг мэддэггүй байлаа. Ажлынхаа байранд унтчихаад л үргэлжлүүлээд ажиллана. Нэг шөнөд гэхэд 2-3 хурлын илтгэл бичдэг байлаа шүү дээ. Одоо бол дийлэхгүй л дээ, бие ч хүрэхгүй байх.

А. Тэгвэл, тэр үетэй харьцуулахад одоо таны ажлын ачаалал харьцангуй бага болсон гэж болох уу?

Х. Бага гэж хэлэхгүй ээ. Их хэвээрээ байгаа. Харин ажлаа зөв удирддаг болж, хэзээ амрах вэ, аль үед нь ачаалалтай ажиллах вэ гэдгээ гадарладаг болчихсон л байхгүй юу.

А. Та түрүүнд өөрийгөө мухар сүсэггүй гэж хэлсэн. Энэ нь, огт шашин шүтдэггүй гэсэн үг үү?

Х. Бурхан багшийн сургаалиа дагана, маанийн долоон үсгээ мэднэ, ганц хоёр тарни уншчихна. Ингэсхийгээд л миний шашин шүтлэгийн боловсрол дуусч байгаа гэж хэлэхэд болно л доо. Гэхдээ би бурхан багшийн сургаал, буддизмыг шашин гэхээсээ илүү философи, гүн ухаан гэж үздэг. Тэр үүднээсээ уншдаг, судалж үздэг. Энэ утгаараа бол би өөрийгөө хэр баргийн ламаас дутахааргүй мэдлэгтэй гэж боддог шүү.

А. Таны хувьд, амьдралаас хамгийн их юм олж авсан цаг хугацаа хэзээ байсан бэ?

Х. Ер нь, амьдрал гэдэг чинь хүнд байнга л юм сургаж байдаг шүү дээ. Үргэлж өчнөөн юм хэлж ярьж сургаж байдаг, гол нь тэрийг сонсож, мэдэрч чаддаг байх ёстой. Хажуугаар чинь өчнөөн хэрэгтэй юм хэлээд байхад анзаарахгүй байх нь харамсалтай л юм даа.

А. Та их сургуулийн жирийн нэг багшаас УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдын албыг ч хашиж байсан. Мэдээж энэ бүх цаг хугацаанд өгсөж уруудаж, унаж босч явсан байх. Ер нь, таны бодолд төрж, оюун санаанд багтаж байсан, хүрч болох хамгийн дээд карьер юу вэ?

Х. Аливаа албан тушаалыг бидний үеийнхэн үүрэг гэж ойлгож хүлээж авдаг. Энэ бол шагнал юм, онцгой эрх дарх юм гэж хүлээж авдаггүй. Би үүнийг гарцаагүй л хийх ёстой, надаас өөр үүнийг хийх хүн байхгүй гэдэг үүднээс тэр албан тушаалыг би аваад дараагийн хүнд шилжүүлж өгөх маягаар л ажиллаж байсан. Тиймээс энэ бол миний үүрэг, хаших ёстой алба гэж боддог.

А. Эдийн засагч хүн эзэмшсэн мэргэжлийнхээ хувьд мэдэрдэг аз жаргал нь юу вэ?

Х. Ахиуц зардал, ахиуц орлого гэсэн эдийн засгийн нэг ойлголт байдаг. Тэр нь юу вэ гэхээр, хүн хэдий чинээ хөдөлмөр шингээнэ тэр хэмжээгээр үнэлдэг гэсэн үг л дээ. Тухайлбал, “эрдэнэ засгийн унага”, “Жаахан шарга” гэх мэт сайхан дуунууд байна. Анх сонсоход залуу хүүхдэд ойлгогдохгүй. Гэхдээ тэрийг сонсоод л байх хэрэгтэй. Хоёр жил, гурван жил, 10 жил, 40 жил сонс. Ингэсний дараа чиний оруулсан ахиуц зардлын хэмжээ багасаад, авах ёстой ахиуц орлого нь нэмэгдээд байдаг. Тэгээд эдгээр дууны анхны нотыг авангуут л маш өндөр таашаал авч, сэтгэл сайхан болоод, уяраад явчихаж байгаа юм. Харин хөдөлмөр шингээгүй юмнаас хүн таашаал авна гэдэг ховор. Хүн үр хүүхэддээ яагаад хайртай байдаг юм бэ гэхээр, хүүхдийнхээ төлөө асар их хөдөлмөрлөж, чармайсан болохоор л тэр.

А. Та сая дуугаар жишээ авлаа. Ингэхэд та ямар хөгжим сонсох дуртай вэ?

Х. Би их консерватив үзэлтэй хүн л дээ, хуучныг  баримтлагч. Бидний үеийнхэн “битлз”-ээр л амьсгалдаг байлаа. Одоо ч гэсэн, мэддэг хэдэн юмныхаа хүрээнд л сонсоно шүү дээ.

А. Тийм ээ, орцонд гитар тоглодог байсан үе. Арай та хүүхэд байхдаа хамтлаг байгуулж байсан юм биш биз?

Х. Бидний хэдэн найзууд нийлээд аль нэг үдэшлэгт банзан гитараа барьж очоод тоглочихдог л байсан. Тэгээд өөрсдийгөө мундаг болчихлоо гэж хөөрцөглөөд л. Тэр үед бидэнд цахилгаан хөгжим байхгүй. Цахилгаан хөгжимтэй газар байхаар очоод царай алдаад л, барьж үзье, дуугаргаж үзье гээд гуйчихна. Тэгээд өөрсдөө банзан гитараа цахилгаан гитар болгоно гээд зөндөөн л юм болдог байсан.

А. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Монголд хөнгөн хөгжим, хөлбөмбөг хоёр хөгжихгүй гэсэн яриа гарч байсан. Харин Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүний хувьд та манайд хөлбөмбөгийн спорт хэр хөгжиж байгаа гэж боддог вэ?

Х. Юм чинь харьцангуй шүү дээ. Ямар нэгэн юмтай харьцуулж байж л  сайн мууг нь мэднэ. Анх 1997 онд намайг Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болж байх үеийг бодвол асар их өөрчлөлт гарсан гэж бодож байна. Тэр үед манайд лигийн тэмцээн явагддаггүй байсан, тэрнээс хойш жил болгон лигийн тэмцээн явагдаж байна, тусгай хичээлүүд ч явагддаг боллоо. Өсвөр үеийнхэн, багачуудад зориулсан хавар намрын тэмцээн тогтмол явагддаг боллоо, энэ тэмцээнд хэдэн зуун мянган хүүхэд оролцож байна шүү дээ.хөлбөмбөгийн баг маань дэлхийн дэвжээн дээр гарлаа, анхны оноогоо авлаа, тэр том том багуудтай тоглож байна. Мэдээж үүний цаана шийдэх ёстой асуудлууд зөндөө байгаа л даа. Угаасаа зүгээр суугаад бүтдэг юм гэж байхгүй, нөр  их хөдөлмөрлөж байж л үр дүнд хүрнэ шүү дээ.

А. Монгол хүн болж төрснөөрөө та ямар үед илүү бахархдаг вэ?

Х. Байнга л бахархдаг.

А. Тэгвэл, монголчуудаасаа болоод нүүр улайх үе танд тохиолдож байсан уу?

Х. Тохиолдож байсаан. Эрдэм шинжилгээний ажил хийгээд Японд би хэсэг хугацаагаар байсан юм. Тэр үед өвлийн олимп болж, манай баг тамирчид урьд орой нь тэнд очсон л доо. Маргааш нь тэмцээндээ орох болсон чинь хаалгачин нь байхгүй, зугтаад алга болчихсон байсан. Спортын ямар төрөл байсныг нь хэлээд яах вэ /инээмсэглэв/. Тэрийг сонин хэвлэл, телевизийн мэдээгээр яриад, маргааш нь ажил дээрээ очихдоо би япончуудаас их л халгаж байсан. Харин тэд энэ тухай юу ч дуугараагүй, дипломат хүмүүс байсан болохоор тэр л дээ. Тэр өдөр миний нүүр маш их улайж байсан.

А. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр та Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнуулсан. Ингэхэд, цол хэргэм, одон медаль гардуулах нь хэрээс хэтрээд байна гэх шүүмжлэл нийгэмд газар аваад байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Х. Асуудал болгоод яваад байвал болох л байх. Гэхдээ миний хувьд, энэ нь Монголын нийгмийн маш чухал асуудал гэж бодохгүй байна. Үүнээс илүү тулгамдсан асуудал олон байгаа л даа. Яах вэ, төрийн одон медалийг өөрчлөх шаардлага, орчин цагийн хэлбэрт нь оруулж, агуулгын хувьд шинэчлэх асуудал бий.

А. Амин чухал асуудал гэхээр, өглөө гараад хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхээр явахад хоолой бөглөчих гээд, багтрах гээд байдаг. Нөгөө л, хотын утааны тухай ярих гээд байна л даа…?

Х. Төр засаг, Улсын Их Хурал, хотын захиргаа, ард иргэд бид бүхний өөрсдийн байгаа байдал л энэ шүү дээ. Үүнийг хэн нэгэн хүн рүү түлхээд байх шаардлага байхгүй. Сүүлийн  10 жилийн хугацаанд нийслэлийн оршин суугчид нэг сая гараад явчихлаа. Энэ хотыг чинь анх 600 хүнд л зориулж бүтээн босгосон. Өнгөрсөн зууны үед Монголы Улсын иргэн хүн хувьдаа машинтай байна гэж тооцоолоогүй, хэдэн дарга нар, хэдэн автовус явна гэж төлөвлөөд л энэ замыг барьсан. Гэтэл энгийн иргэн хүн өмчтэй болоод, машинтай болоод ирэхээр нөгөө зам нь өнөөдрийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Монгол Улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гээд хуулиндаа заагаад өгчихсөн, хотод амьдрана гээд хөдөөнөөс орж ирсэн хүмүүсийг хөөгөөд явуулж болохгүй. Тиймээс хүн бүр л өөрөөсөө хамаарах юмыг хийх хэрэгтэй, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй, мэдээж төр засаг илүү ихийг үүрэх ёстой. Энэ асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хандах хэрэгтэй болоод байна л даа.

А. Иргэн бүрт эх орны хишиг гэж 120 мянган төгрөг өгөхөөр болсон. Ингэж мөнгө тараахыг та хэр оновчтой шийдвэр гэж үзэж байгаа вэ?

Х. Ер нь бол хүн хөдөлмөрлөж байж юм хүртдэг байх ёстой, хөдөлмөр хийхгүйгээр юм хүртэнэ гэдэг харьцангуй ойлголт. Тэр утгаараа хүмүүст мөнгө тараана гэдэг буруу гэж бодож байгаа. Гэхдээ монгол хүн энэ улсын иргэний хувьд байгалийн баялгаасаа хишиг хүртэх ёстой. Үүнийг зохицуулахын тулд хүний хөгжлийн хууль гаргалаа, хүртэх механизмыг нь заагаад өглөө. Одоо амьдрал дээр хэрэгжих л үлдлээ. Зөв хууль уу, буруу хууль уу гэдгийг амьдрал харуулах байх.

А. Танд амьдралаас өгсөн хамгийн том шагнал юу вэ?

Х. Миний хүүхдүүд.

А. Тэгвэл, хамгийн том шийтгэл?

Х. Энэ цаг үед төрөөд, нийгмийн энэ том давалгааны үед амьдарч, шинэ нийгэм байгуулахад гар бие оролцож байгаа маань хувь тавилан гэж боддог. Бидний үеийнхэн чинь юмыг харьцуулах хувь заяатай хүмүүс. Урьд нь ямар байсан бэ, одоо ямар байгаа вэ гэдгийг бид хамгийн их мэдэрч байгаа. Нийгмийнхээ хөгжлийг зөв гольдролд нь оруулахын тулд, ард иргэд минь сэтгэл хангалуун, айдаст автахгүй амьдраасай гэсэндээ, ар өврийн хаалга гэдэг балиар юмнаас хол, амьдралаа залгуулахын тулд хүн бялдуучлах шаардлагагүй, тийм нийгмийг бүтээхийн тулд зүтгэж л байна. Болж бүтэж байгаа юмны хажуугаар болж бүтэхгүй юм ч зөндөө л байна. Заримдаа энэ бүхнийг бодоод нойргүй ч хононо. Гэхдээ үүнийг би үүрэх ёстой ачаа, эдлэх ёстой хувь тавилан л гэж боддог.

А. Нойргүй хонодог гэхээс, ер нь та хэр нойргүйддэг вэ? Тийм үед та яадаг вэ?

Х. Нойр хулжих үе зөндөө байлгүй яах вэ. Тэгээд янз янзын л юм хийдэг. Нойроо хүргэхийн тулд анхаарлаа тодорхой юман дээр төвлөрүүлэх ч юм уу, өөрийгөө залах жижиг жижиг арга бий. Ер нь тиймэрхүү юмыг сурчихдаг юм билээ.

А. Та наймдугаар анги хүртлээ Москвад байсан. Тэр үед орос охидтой найзалж байв уу?

Х. Үгүй ээ, би найз охин гэдгийг хоёрдугаар дамжааны оюутан болсон хойноо л мэддэг болсон. Тэр үеэс өмнө охид байдгийг бараг мэддэг ч үгүй, ганцхан хөлбөмбөг байдаг юм шиг л ойлголттой байсан.

А. Таны залуу байх үеийн эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж өнөөдөр хэр өөрчлөгдсөн бэ?

Х. Хүн чинь хөгшрөөд, миний насан дээр ирэхээр мөн чанарыг илүү сонирхож, өнгө үзэмж сонирхохоо больдог юм байна. Энэ бол жам, чи ч бас тийм болно.

А. Ер нь сайхан эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ? Танд ямар эмэгтэйчүүд таалагддаг вэ?

Х. Зөв хариулахгүй бол их л төвөгтэй асуулт байна. Манай эхнэр шиг л эмэгтэйчүүд л таалагддаг шүү дээ /инээмсэглэв/. За, эмэгтэй хүн бүхэн л сайхан даа. Бурханаас тэгж заяасан. Муухай эмэгтэй гэж байдаггүй. Ертөнцийн сайхан хүүхнүүд, ээж нар гэдэг утгаараа бүгд сайхан.

А. Тэгвэл яагаад сайхан бүсгүй гэж шалгаруулаад байдаг юм бол?

Х. Би тиймэрхүү тэмцээнийг үзэж байгаагүй, оролцож байгаагүй, тийм тэмцээнд нааштай ханддаггүй, нэг их сонирхдоггүй.

А. Таны бодлоор, аль улс орон хамгийн сайхан бүсгүйчүүдтэй вэ?

Х. Надаас чи их л хол юм асуугаад байх юм. Аль нь гоё юм гэж би хардаггүй. Яах вэ, нас яваад ирэхээр агуулга талаас нь сонирхдог болоод, хэлбэрийг тоохоо больдог юм. Ер нь тэгээд ямар ч хүнийг сайхан талаас нь олж харья гэвэл болно шүү дээ.

А. Монголд эмсийн хүрээлэн байгуулна гэвэл та дэмжих үү?

Х. Байгуулах нь зөв гэж боддог. Нэгэнт байгаа юмыг хязгаарлаад байж болохгүй. Харин эрх зүйн хувьд зөв зохицуулалт хийх л хэрэгтэй байх.

А. Эр хүний хамгийн сайхан нас аль нас нь вэ?

Х. Бүх нас л сайхан юм шиг санагдаж байна. Хамгийн гол нь нас насандаа тохирсон таашаал авч чаддаг л байх ёстой.

А. Ямар үед та өөрөөрөө хамгийн их бахархдаг  вэ?

Х. Том ч бай, жижиг ч бай, аливаа ажлыг хийгээд үр дүнг нь харах сайхан байдаг.

А. Таны амьдрахуйн эцсийн зорилго…?

Х. Монгол улсын төлөө зүтгэх.

Танд баярлалаа. Амжилт хүсье.

Эх сурвалж: Гялбаа сэтгүүл, 2010.02 сар

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply