УИХ-ын эрх зүйн орчныг шинэчилнэ

uih_new_lawУИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, Н.Ганбямба, Ж.Энхбаяр, Ш.Сайхансамбуу нарын гишүүд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

Төсөл санаачлагчид УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын хүрээнд:
-Үндсэн хуулийн ойлголт болсон гишүүний мандатын эрхийг хуульчлан баталгаажуулж, гишүүний мандатын эрх болон бүрэн эрхийг салган зааглах

-Олон улсын жишгээр халдашгүй байдлыг мандатын эрхэд хамааруулах чиглэлээр шинэ зохицуулалт хийх

-УИХ-ын орчинд мандатын эрхийн зарчмыг бэхжүүлэхийн тулд мандатын эрхэд суурилсан гишүүдийн ялгамжгүй байдлын баталгааг эрх зүйн болон эдийн засгийн хүрээнд бүрдүүлж, гишүүний төсөв, урамшуулал, ажлын албаны зарчмыг шинэчлэн тогтоох, түүнчлэн гишүүний ёс зүйн дүрмийн үндэслэлийг хуульчлахаар төсөлд тусгажээ.

Мөн Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, төрийн байгууллагын хууль бус, удирдлагын буруутай үйл ажиллагаа, дээд албан тушаалтнуудын хууль болон ёс зүй зөрчсөн баримтыг хянан шалгаж, байцаан шинжих үүрэгтэй Байцаан шинжих түр хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн:
– УИХ дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтын зарим зүйлийг тодотгож, парламентын олонхи, цөөнхийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх

-Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн аудит, Авилгатай тэмцэх байгууллагын хууль тогтоомжийг УИХ-ын хяналтын бие даасан байгууллага байх чиглэлээр өөрчлөх эрх зүйн үндэслэлийг бий болгох,

-Улсын Их Хурлын төсвийг Улсын Их Хурал өөрөө боловсруулан баталж, зарцуулалтад дотоод бүтцээрээ хяналт тавих, ингэснээр төсвийн хувьд хараат бус байх зарчмыг хангасан зохицуулалт хийх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply