Монголд хариуцлага тооцдог тогтолцоо байгаа юм уу

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Х.Баттөгс хийсэн ярилцлага

УИХ-ын гишүүн Р.Амар­жаргалтай ярилцлаа.

А. Монголбанк ирэх жил инфляцийг 12 хувь бол­гоно гэсэн. Энэ боломжтой юу.

Х. Үүнийг чинь Монголбанк л мэднэ шүү дээ.

А. Та өөрөө УИХ-ын ги­шүүн, эдийн засагч хүний хувьд юу гэж үзэж байна вэ?

Х. Макро эдийн засгийн үүднээс аваад үзэх юм бол үзүүлэлтүүд бол нэг их сайн биш байгаа. Инфляц өөрөө үнийн дүнгээрээ 34.5 болчи­хоод байна. Энэ бол то­дор­хойлолтоороо муу үзүүлэлт шүү дээ. Монгол Улсын Зас­гийн газраас явуулж байгаа үйл ажиллагаанд ард иргэд болон зах зээл өөрөө дүн тавьчихаж байгаа байхгүй юу. Тавыг онц, хоёрыг муу гээд үзэх юм бол үндсэндээ муу болоод явчихаж байгаа хэрэг. Би бол макро эдийн засгийн үүднээс нь ярьж байгаа юм шүү дээ. Монголбанк, Зас­гийн газраас явуулж байгаа үйл ажиллагаанд миний хувьд бол хасах хоёр тавьчихлаа даа гэж ойлголоо. Одоогийн байдлаар бол улсын төсөв алдагдалтай гараад эхэлж байна. Дээрээс нь арилжааны банкуудын үйл ажиллагаа багагүй анхаарал татаад эхэлж. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр байдал маш түгшүүртэй бо­лоод эхэллээ. Хамгийн наад зах нь үл хөдлөх хөрөнгөд зориулсан зээлийн эх үүсвэр алдагдаад эхэлсэн гээд олон зүйл бий. Энэ чинь макро эдийн засгийн үүднээсээ болохгүй байна л гэсэн дохио. Энэ мэт чиг хандлагыг тодор­хой­лоод эхэлж байгаа учраас яг цаг үедээ тохирсон зүйлийг авч үзэх хэрэгтэй. Нөгөө талаар дэлхийн түүхий эдийн зах зээл дээр байдал ямар байгаа билээ. Дэлхийн хөрөн­гийн зах зээл дээр хямрал бий болчихлоо. Тэгэхээр гадаа­даас ирж байгаа тэр дохио гээд макро эдийн засгийн уялдаа холбоог нь авч үзэх нь зүйтэй. Ерөнхийдөө байдал нэг ийм л байна даа.

А. Энэ байдлаас гарах боломж байгаа юу. Жишээ нь Засгийн газар төсвийг хумих тухай яриад, ямаанд 30 тэрбум төгрөгийг гар­галаа. Энэ чинь төсвийг хумих бодлоготойгоо хэр нийцэж байна вэ?

Х. Үгүй яахав дээ. Аман дээрээ нэг зүйлийг яриад ажил дээрээ өөр шийдвэр гаргадаг гэдэг нь харагдаж байна л даа. Макро эдийн засгийн байдал ийм түвшинд хүрсэнд Зас­гийн газар ч буруутай. Нөгөө талаар энэхүү бурууг УИХ өөрөө хүлээх хэрэгтэй юм. Энэ 76 гишүүн бол өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэж би боддог. Яах гэж хэрэгтэй хэрэггүй амлалтууд өгсөн юм, яах гэж болох болохгүй заалтуудыг хийж өгсөн юм. Тийм биз дээ. УИХ, Засгийн газар яг улс орны эрх ашгийн үүднээс асуудлыг авч үзэж байна уу гэхэд учир дутагдал байна. Тэр хэм­жээндээ эдийн засгийн шийд­вэр гаргаж чадаж байна уу гэдэг нь ч тодорхой бус байна. Нэг нь үнэ нэмдэг, нөгөө нь барих гэж оролддог худлаа зүйл байна. Нөгөө талаар зах зээлд төрийн оролцоо арай л их байна гэж би эдийн за­сагчийн хувиар хэлж байна. Өнөөдөр нэг буруу зүйл хий­хэд нэг хувь хүн ч юм уу албан байгууллагыг буруут­гах гээд байдаг. Гэтэл УИХ өөрөө шийдвэр гаргадаг гээд болохгүй асуудал байна шүү. Чухам өөрийгөө хаана нь тавьж байна гэдэг бол яригдах л ёстой асуудал. Улс орны эрх ашгийг хамгаалсан зүйл байна уу үгүй юу, тэр хү­рээн­дээ эдийн засгийн бодлогын шийдвэр гаргах хэмжээний байна уу, үгүй юу гээд ярьж болно. Сая төсөв хэлэл­цэх­дээ бие бие рүүгээ чихээд л байна. Түүний ар дээр өөрс­дөө айгаад байгаа байхгүй юу. Айх юм байхгүй биз дээ. Нэгэнт өөрсдөө хэлэлцэж шийдчихээд тийм үү.

А. Өргөн хэрэглээний ба­раа­ны үнэ гээд л бусад зүй­лийн үнэ өсөхөөр л Зас­гийн газар мөнгө гаргадаг боллоо.

Х. Явуулж байгаа бодло­гынх нь хүрээг аваад үзэхэд юмных нь үнэ өсөөд байдаг, эргэлтийнх нь хөрөнгө бай­даггүй. Бодитой эх үүсвэр мөнгөний бодлого хийгээд эдийн засгийн бодлого нь харагдахгүй байна. Энэ нь эцэстээ явж явж өнөөх жижиг, дунд үйлдвэр явуулж байгаа хүмүүсийн хаалгыг нь хаал­гах нэгэн үндэс болж байна. Тэр объектоо хаах, дампуу­руу­лах, тийм л юм руу энэ бод­лого чинь түлхээд байна шүү.

А. Монголбанкнаас явуулж байгаа бодлогыг та эдийн засагчийн хувьд юу гэж үзэж байна вэ?

Х. Монголбанкны өнөөд­рийн явуулж байгаа бодлого бол цаг хугацааны хувьд ерөн­хийдөө оройтсон бод­лого. Одоо авч байгаа арга хэмжээнүүдийг өнгөрсөн оны сүүлчээр шийдэх ёстой бай­сан гэж би хувьдаа ойлгож байна. Нөгөө талаар өнөөдөр явж байгаа бодлогуудаа Мон­голбанк эдийн засгийн хү­рээндээ бүрэн хүргэж чадах­гүй байна. Тэд тэндээ л нэг юм хийгээд байгааг Сангийн яам нь ч мэдэхгүй, УИХ нь ч мэдэхгүй юм. Магадгүй энэ бол С.Баярцогтын онцгой анхаарах ёстой зүйл байх аа гэж бодох юм.

А. МАХН-ын Эдийн зас­гийн бодлого нь зах зээ­лийн эдийн засаг уу, үгүй юу гэдэг дээр маргаж байна.

Х. Чухам эдийн засгийн бодлого нь хаана юу бай­гааг би тэдний өмнөөс хэ­лэх эрх надад байхгүй. Ер нь зүгээр өөрсдийнх зү­гээс, өөрсдийнх нь хүмүүс тайлбарлана биз.

А. Монголбанкны ерөн­хий­лөгч Батсүх ирэх жил инф­ляцийг 12 хувьтай байл­гахад чухам юу хэ­рэгтэй байна вэ гэхэд ми­ний энэ бодлогыг хэл ам­гүй­гээр УИХ батлаад өгчих юм бол яг 12 хувьтай байл­гана гэж яриад байна?

Х. Ямар ч байсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хо­роонд ороод ирчихсэн байгаа. Тиймээс УИХ бат­лах үүрэг­тэй. Түүнийг батлах явцад ямар ямар төлөвлөгөө хэрэг­жүүлж байгаа юм. Зав­сарт нь ямар бодлого орж байгаа юм гэсэн зүйлүүд тодорхой болно доо.

А. Монголбанк өнгөрсөн онд инфляцийг нэг орон­той тоонд барина гэж бай­сан. Одоо 35 хувьтай бол­сон байна. Үүнд УИХ ямар нэгэн хариуцлага тооцох уу?

Х. Ер нь Монголд хариуц­лага тооцдог тогтолцоо байгаа юм уу.

ЭХ СУРВАЛЖ: “Өдрийн сонин”, 2008.10.13-ны Даваа гариг, сэтгүүлч Х.Баттөгс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *