Наана нь мангар зүйл хийчихгүй бол инфляци өсөхгүй

“Нийгмийн толь” сонины сэтгүүлч М.Ариунтуултай хийсэн ярилцлага.

Улсын Их Хурлын гишүүн, эдийн засагч Р.Амаржаргалтай эдийн засаг дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Amarjargal

А. Энэ жилийн төсвийн тодотголыг Сангийн яамнаас зардал, зарлагаа хумисан хэмээн тодорхойлж байгаа. Таныхаар энэ нь хэр бодитой вэ?

Х. Эрх зүйн хувьд Монгол Улсын төсвийг УИХ-аар оруулж хуульчлан баталдаг. Хэрэв нэгэнт хууль батлагдсан тохиолдолд энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ягштал мөрдөгдөж, хэрэгжих учиртай. Гэхдээ тодорхой хэдэн бодит хүчин зүйлээс хамаарч төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гардаг ч ховор үзэгдэл байх ёстой. Манай улсын төсвийг харахад тодотгол хийдэггүй жил гэж алга. Миний мэдэхээр сүүлийн долоон жил тасралтгүй тодотгол хийлээ. Заримдаа жилд хоёр ч удаа төсөвт тодотгол хийж байсан. Үүнээс макро эдийн засгийн чиг хандлагыг харж тооцож, тулгуурладаг тогтолцоо байхгүй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийгээд байгаа нь ажлаа хийхгүй л байна гэсэн үг шүү дээ.

А. Сүүлийн үеийн ярианы сэдэв нь ямаачдад 30.5 тэрбум төгрөг өгөх байна. Таны бодлоор энэ мөнгийг өгөх нь зөв үү?

Х. Цэвэр макро эдийн засгийн тогтолцооны үүднээс харахад энэ нь зөв зохистой шийдэл биш. Хотын иргэдийн нүдээр тэдний тавиад байгаа шаардлагыг харсан ч ийм л байна. Харин хөдөө амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг бодоход энэ арга хэмжээ зөв л дөө. Гэхдээ 30.5 тэрбум төгрөг ямаачдад олгочихоод юу шийдэх гээд байгаад хэн ч хариу өгөхгүй байна. Хэд хоногийн өмнө Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг ярилцаж байхад Сангийн сайд С.Баярцогтоос “За яахав 30.5 тэрбум төгрөг өгчихлөө. Хамгийн гол нь юу шийдэх гээд байгаа юм бэ” гэж асуусан. Тэрбээр хариулаагүй. Үйлдвэр худалдааны сайд нь малчдын орлогыг нэмэгдүүлж байгаа утгатай зүйл ярисан. 30.5 тэрбум төгрөгийг өгөөд орлогын асуудал нь шийдэгдчихдэг бол сайн л байна. Гэтэл тэгэхгүй нь тодорхой. Маргааш нь нөгөө малчдын амьдрал байдгаараа л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, суурь асуудлууд нь шийдэгдэхгүй үлдэж байна. Миний хувьд цэвэр улс төрийн шийдэл гэж ойлгож байгаа. Сонгуулийн үед тодорхой амлалтууд өгчихсөн. Одоо тэр амлалтаасаа буцах эрхгүй, гарах гарцгүй болох гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна. Нөгөө талаас үр дагаврыг нь аваад үзэхэд 30.5 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн л мөнгө. Зүгээр сайд, дарга нар нь халааснаасаа гаргаад өгөөгүй. Энэ мөнгийг авсан малчид ч ямар асуудлаа шийдэх эсэх нь тодорхойгүй. Тухайлбал, малчдын орлогын эх үүсвэр болсон малын сүү, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүний зах зээл дээрх үнийг тогтвортой байлгаж чадахгүй байгаа. Мөн нөгөө талаас малчин өрхийн орлогын эх үүсвэрийг баталгаажуулж байна уу гэхээр чадахгүй л байгаа. Малчин өрхүүд өнөөдөр өрийн сүлжээнд автаж, арилжааны банкуудын хараанаас мултарч чадахгүй байна гэж л байна. Гэтэл өрийн асуудлыг нь шийдсэн юм алга. Энэ өнцгөөс нь аваад үзэхэд тийм ч зохистой зүйл биш. Улс төрийн халууралдаа автаж амласан зүйл нь эдийн засагт ямархуу дарамт болж байна гэдгийг харуулсан жишээ боллоо.

А. Ямаачдад олгох 30.5 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулахад их, бага гэлтгүй олон зүйл бүтээж болно. Тухайлбал, боловсролын салбар. МУИС, ШУТИС 20 мянган оюутантай, жилийн төлбөр нь 700 орчим мянган төгрөг. Энэ хоёр сургуулийн оюутны жилийн төлбөрийг бүрэн даах хэмжээний мөнгийг л өгөх гээд байна?

Х. Энэ хамгийн энгийн жишээ. Үүнээс их зүйл хийж болно. Тухайлбал, хөдөө, орон нутагт өвөл, зунгүй дээврээс нь дусаал дусдаг барилга бишгүй л байна. Нүдэн балай, чихэн дүлий явдаг тулдаа л болж байна гэхээс тэнд хүүхдүүд амьдарч, сурахад үнэхээр хүндрэлтэй. Мөн зам, харилцаа хөгжүүлнэ л гэнэ. Энэ мэт олон асуудлыг шийдэж болох байхад хийхгүй байна.

А. Улстөрчид ямаачдад найр тавин 30.5 тэрбум төгрөг зүгээр өгөх нь бараг шийдэгдэж байна. Гэтэл төв, суурин газрын иргэд үнийн өсөлтөд нэрвэгдсэнийхээ нөхөн төлбөрийг авах ёстой гэж ярих боллоо. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Х. Энэ яриа 30.5 тэрбум төгрөг бүтэл муутай зүйл рүү шидэгдэх гэж байна гэдгийг харуулж байгаа хэрэг.

А. Одоо яригдаж байгаа төсвийн тодотголын даац аль хэдийнэ хэтэрсэн хэмээн ярьж байгаа. Гэтэл улс төрийн хоёр хүчин сонгуулийн үеэр 1-1.5 сая төгрөг иргэн бүрт өгөх батламж тарааж байсан. Хэрэв энэ мөнгийг ямар нэгэн хэлбэрээр тараасан ч даац нь хэтэрсэн төсөв, эдийн засгийн хямралд хүрэх байх даа?

Х. Эдийн засгийн байдал хүндхэн байна гэж яриад байгаа. Гэхдээ ямар шалгуурыг авч үзээд хүнд, хөнгөн байна гэсэн нь тодорхойгүй. Энэ асуудлыг хийсвэр утгаар ярьж болохгүй. Макро эдийн засгийн шалгуураар авч үзэхэд инфляци өндөр болчихлоо. Энэ нь эдийн засагт болон улсын төсөвт дарамт болж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн зарлага нь үр ашиг муутай, бүхэл хэлбэрээр тусгагдсан байхыг үгүйсгэхгүй. Инфляцийг бууруулахын тулд улсын төсвийг хумиж, танах нь зөв зүйтэй юм шиг. Үнэнийг хэлэхэд би хувьдаа ойлгохгүй байгаа юм. Энэ нь Сангийн яам УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол дээрээ урсгал зардлаа нэмж байгаа мөртлөө хөрөнгө оруулалтын зардлыг 50 хувь хасчихсан байсан. Үүнийгээ инфляцитай тэмцэж байна хэмээн тайлбарлаж байна билээ. Зөөлөн үгээр тайлбарлавал эргэлзээ, андуурал болж байна. Харин нөгөө талаас хатуухан хэлбэл эдийн засгийн ямар ч бичиг, үсэг мэдэхгүй хүмүүсийн ярьж байгаа зүйл.

А. Таныхаар тэнгэрт хадсан инфляцитай ямар аргаар тэмцэж, бууруулах боломжтой вэ?

Х. Ердөө л урсгал зардлыг танаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Инфляцитай тэмцэж байна гэж хэлчихээд 30.5 тэрбум төгрөг, өөр бас бус зүйл нэмчихээр ямар үр дүн гарах юм. Энэ жилийн урсгал зардал 60 гаруй тэрбум төгрөг гэсэн байна билээ. Иймэрхүү маягаар инфляцитай тэмцэж болохгүй.

А. Зах зээлийн системд шилжсэн оронд инфляци өсөх нь энгийн үзэгдэл. Инфляци өсч байж дараа нь буурдаг. Энэ нь тухайн улсын эдийн засаг зөв замаар явж байхыг харуулдаг гэсэн?

Х. Инфляци ямар хэмжээнд байхаас хамаарч тухайн улсын эдийн засгийг тодорхойлж болдог. Өндөр хөгжилтэй орнуудын инфляцийн түвшин 3-4 хувьтай л байдаг. Хэрэв инфляцийн түвшин 5-6 хувьд хүрэхэд сандралд орж, бууруулах арга хэмжээ авдаг. Манай орны хувьд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд хамрагдаад явж байгаа энэ үед инфляцийн түвшин нэг оронтой тоонд байхад болно. Гэтэл өнөөдөр байгаа инфляци эдийн засгийг дампууруулж байна. Өөрөөр хэлбэл, жирийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн мөнгийг сааж байгаа гэсэн үг. Жишээ нь, оны эхэнд иргэн таны халаасанд 100 төгрөг байсан бол өнөөдөр тэрнээс чинь 35 төгрөг сох дутаж байна. Тийм учраас инфляци байх ёстой гэж хамаагүй ярьж болохгүй. Чухам ямар түвшинд, аль зэрэг удаан хугацаагаар байх вэ зэрэг нарийн зүйлийг ярих ёстой.

А. Тэгэхээр өнөөдрийн түвшинд байгаа 35 хувийн инфляци манай улсын эдийн засгийг сөхрүүлж байна гэсэн үг үү?

Х. Мэргэжилтнүүд янз бүрээр л ярьж, дүгнэж байна. Наана нь ямар нэгэн мангар зүйл хийчихгүй бол ямар ч байсан оны эцэст инфляцийн түвшин өндөр өсөхгүй байх. Ер нь эдийн засгийн суурь бүтцийг зөв хэлбэрт оруулахгүй удвал инфляци өсөөд л байна. Нөгөө талаас инфляцийн түвшин 35 хувьд хүрсэн нь Засгийн газар , Сангийн яам, Монголбанкнаас явуулж, барьж байгаа бодлого буруу гэдэг нь харагдаж байна.

А. Инфляцийг 12 хувь хүртэл бууруулах боломж бий юу?

Х. Инфляцийг ирэх онд арван хэдэн хувьд барина хэмээн ярьж байгаа. Гэхдээ энэ харьцангуй ойлголт л доо. Оны эхнээс тооцоод явбал есдүгээр сарын инфляци нэг оронтой тоон дээр байгаа. Үүнийг өмнөх сартай харьцуулахад 3-4 хувиар өссөн. Мөн үүнийгээ ангилаад үзэхэд нийслэлд үнийн өсөлт хасах 1.1 хувьтай гарлаа бид мундаг, асуудлыг шийдчихлээ хэмээн яриад байх хэрэггүй. Монголбанкны тайлбар бүр их эргэлзээ төрүүлж байгаа. Тухайлбал, дунд хугацааны мөнгөний бодлого. Үүнийгээ хэрэгжүүлэх хугацаа нь гурван жил хэмээж байсан. Өөрөөр хэлбэл, инфляцийн хэмжээг тооцож үзэхдээ Монголбанк гурван жилийн дунджаар авна гэсэн үг. Хэрэв энэ хэрэгжвэл өөр зүйл болно. Нийгмийн эмзэг хэсгийнхэн 35 хувийн инфляцид ихээр нэрвэгдэж байгаа. Инфляцийн өсөлтөд нэрвэгдсэн иргэдийн алдагдлыг нөхчихөөд дараа нь эрүүл, саруул болгоно гэвэл Монголбанкны мөнгөний бодлого явцгүй гэдэг нь ойлгомжтой.

А. Манай хойд хөршийн инфляци 10.8 хувь байгаа. Гэтэл манай улсын инфляци 35 хувь хүрчихээд цааш нэмэгдэх магадлалтай болчихлоо. Ер нь яагаад хоёр их гүрний дунд оршдог манай улсын инфляци ийм богино хугацаанд тэнгэрт хадчихваа?

Х. Энэ нь мөнгөний алдаатай бодлого, буруу бүтэцтэй холбоотой. Ер нь мөнгөний бодлого нь гурван зүйлээр тодорхойлогддог. Тухайлбал, эдийн засагт байгаа мөнгөний тоо, хэмжээ, валютын ханш, инфляци. Энэ гурвын алийг нь гол болгож ажиллах вэ гэдэг нь асуудлын зангилаа байдаг. Хоёр жилийн өмнө Монголбанк сүр, дуулиантайгаар инфляцийг онилох бодлого баримталж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлогыг л явуулчихвал болно хэмээн ярьсан. Гэтэл өнөөдөр онилоод онилоод байгаа онохгүй байна. Ний нуугүй хэлэхэд Монголбанкнаас явуулж байгаа инфляцийг онилоно гэдэг бодлого нь зөв эсэхэд эргэлзэж эхэллээ. Монгол Улсын эдийн засгийн бүтцийг аваад үзэхэд хэрэглээний бүтээгдэхүүний 80-аад хувийг гаднаас авч байна. Гадаададт гаргаж байгаа нь цөөхөн. Гаргасан зүйл нь дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, бууралтаас хамааралтай байдаг учраас инфляцийг онилно гэдэг бодлого хэр зөв байсан нь ч эргэлзээтэй. Инфляцийн өсөлтийн эсрэг валютын ханшийг ашиглавал илүү үр дүн гарах байх. Энэ мэтчилэн олон асуудал нээлттэй үлдэж байна. Иймэрхүү зүйлийг мэргэжлийн түвшинд судалж, дэлгэн гаргаж байгаа байгууллага алга.

А. Инфляцийг хөөрөгдөгч нь дэлхийн эдийн засаг гэсэн ойлголттой иргэд олон байна. Гэтэл дотооддоо инфляцийг хөөрөгдөх үзэгдэл сүүлийн үед гарах боллоо?

Х. Олон хүчин зүйл инфляцийн өсөлтөд нөлөөлнө л дөө. Манай гол худалдааны түншүүдийн мөнгөн тэмдэгт нь Монгол Улсын түншүүдийн мөнгөн тэмдэгттэй харьцаж байгаа ханш, эдийн засгийн бүтэц нөлөөлж байна. Мөн субьектив шинжтэй зүйлүүд ихээр нөлөөлж байна. Энэ нь бидний арчаагүй бодлого явуулсны үр дүн юм. Өнөөдөр нэг сумын төвд 10 саяын хөрөнгө оруулалтаар байшин барьж эхлээд буруу барьсан гэх шалтгаанаар буулгаж байна. Эргээд улсын төсвөөс 10 сая төгрөг гаргуулаад л барих жишээтэй. Энэ чинь юу гэсэн үг юм бэ. Зүгээр л 10 сая төгрөгийг урчихлаа. Хүн мөнгөө салхинд хийсгэчихээд эргээд түүдэг биз дээ. Үүнийг өнгөрсөн жил төсөв хэлэцэж байх үед ярьж байсан. Манайд хүний үгийг сонсдог нь цөөн хэд байна.

А. Монгол Улсад нэг удаа үйлчлэх хууль сүүлийн үед шил шилээ даран “төрөх” боллоо. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

Х. Өршөөлийн тухай хууль гээд өч төчнөөн нэг удаагийн хууль батлан гаргаж байна. Цаашдаа ч гарах байх.

А. Оны эцэст улсын статистикийн тоо нэгтгэн гардаг. Гэтэл өнөөдөр иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдсан зүйлгүй л сууж байна?

Х. Бид олборлолт явуулж байна л гэнэ. Тийм ч их зүйл газрын хөрснөөс авч чадаагүй байгаа. Гэхдээ оргүй хоосон суугаагүй. Хэрэв би тоог нь андуураагүй бол түүхий нефтиэс жилд улсын төсөвт 43 тэрбум төгрөг ордог. Энэ мөнгө улсын төсөв рүү орчихоод эргээд зарлага болж гарч байгаа.

А. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэх дээр ямар байр суурьтай байна вэ. Цалин нэмэхдээ улсын, хувийн байгууллагад ажиллаж байгаагаар ялгаварлах нь хэр оновчтой вэ?

Х. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмээд юу хожих юм. Гол нь амьжиргааны түвшнийг л нэмэхэд оршиж байгаа. Цаашдаа худалдан авах чадварыг нэмэгдүүлэх л байхгүй юу. Өөрөөр хэлбэл, иргэн танд байгаа 100 төгрөгөөр юу авах вэ гэдгийг яриад байна. Хэрэв энэ асуудлыг шийдэх гэж байвал цалин өөр бусад зүйлийг тодорхой тайлбарлаж, тусгаж өгөх хэрэгтэй.

А. Улс төрийн хоёр хүчин болсон МАХН, АН сонгуулийн үеэр иргэн бүрт 1-1.5 сая төгрөг өгнө хэмээж байсан. Энэ нь халамжийн нэг хэлбэр мөн үү, эсвэл сонгуулийн шоу юу?

Х. Сонгуулийн шоу. Гэхдээ асуудал нь газрын дор байгаа баялгийг Монголын ард түмэн хүртэх ёстой. Хүртээх арга, хэлбэр нь ямар байх вэ гэдгийг ярих явцдаа хялбаршуулж иргэдийн саналыг авах гэж шуугиан болгосон. Гэхдээ цаана нь байгаа бодлого нь одоо байгаа ордуудыг ашиглалтад оруулж, олсон орлогыг хуваарилах байсан. Миний бодлоор бодлогын чанартай асуудлыг барьж ярих ёстой. МАХН-ын ярьсан 1.5 сая бол дайвар чанартай зүйл. Эцсийн эцэст сууж, босохын хооронд хийх зүйл биш.

А. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байна. Энэ нь манай улсын эдийн засагт хэр нөлөөлөх бол?

Х. Мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Зэсийн үнэ цаашид унасаар байвал манай улсын төсөв рүү орох мөнгөн урсгал муудна. Мөнгө нь багасчихвал хөрөнгө оруулалт хийгээд бусад зүйлийн хэрэгжилт удааширна.

А. УИХ-аас иргэд олон зүйлийг хүлээж байгаа. Гэтэл сүүлийн үед ямаа, ямаачин гэхээс өөр зүйл ярихгүй, хийхгүй байна. Таны хувьд энэ л асуудлыг хэлэлцэж, баталчих юмсан гэсэн зүйл бий юу?

Х. Ярих зүйл олон байна. Гэхдээ ярьж байгаа зүйлийнхээ хэлбэр, асуудлыг сайн тодорхойлох хэрэгтэй. Тэрнээс энийг ярих хэрэгтэй гээд микрофон булаацалдахыг хүсэхгүй байна.

А. Хамтарсан Засгийн газар байгуулагдчихлаа. Хоёр нам нэг ширээний ард суугаад хэрэгжих боломжгүй, үр дүн муутай сонгуулийн амлалтыг цуцалж болдоггүй юм уу?

Х. Улс төрийн хүчин хариуцлагыг дээд зэргээр ухамсарласан байх ёстой. Ямар ч хариуцлагагүйгээр бид болгоно, бүтээнэ. Маргааш та нарт диваажин байгуулж өгнө хэмээн амлаж гарч ирчихээд хийсэн зүйлгүй сууж байвал хэрэг алга. Үүнийг ард иргэд нь харж, судлах ёстой. Хэн нь хоосон амлаж байна гэдгийг хүртэл мэдэж, ялгах учиртай. 20 жилийн хугацаанд иргэд өч төчнөөн л сонгуульд орлоо. Энэ хугацаанд юмыг ялгаж, салгаж сураагүй л байна.

А. Үйлдвэржилтийн талаар ямар бодолтой байдаг вэ?

Х. Энэ өнөөдрийн шаардлага. Тэрнээс зүгээр зохиомол зүйл биш. Өнөөдрийн нийгэм зах зээлд шаардагдаж байгаа хамгийн чухал зүйл л дээ. Өнөөдөр идэж, ууж байгаа зүйлээ харахаар нэг л биш байна. Энд нь миламин, мөнгөн ус нь байгаа болов уу гэж бодохоор л…

А. Үйлдвэржилт дотроо жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх талаар ярьж хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч. Гэтэл өнөөдөр үүний үр дүн төдийлөн сайн гараагүй байна?

Х. Зах зээл гэдэг өөрөө өвөрмөц зүйл. Иргэд үүнийг механикаар ойлгоод байна. 10 хүн гутал авдаг. Гэтэл тэд бүгд ижил гутал өмсдөг гэж ойлгоод байна. Тийм биш. Хүн бүр өөр өөрийн гэсэн имижтэй шүү дээ. Үүнээс эрэлт бий болж жижиг, дунд үйлдвэр хөгжих эсэх нь шийдэгдэнэ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх эсэхийг бодлогын хувьд дэмжиж байгаа.

ЭХ СУРВАЛЖ: “Нийгмийн толь” сонин, 2008.10.15-ны Лхагва гариг. сэтгүүлч М.Ариунтуул

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply