Монголын баялаг биднийг “ХЭРЭГТЭЙ” элемент болгоно

Монгол улс 90 оноос хойш нээлттэй болж, глобаль-улс төр, эдийн засгийн өрнөлд улам бүр хамрагдах боллоо. Тиймээс дэлхийд өрнөж буй процессуудыг чанарын талаас нь шинжлэх, улмаар бидний хувьд том асуудлуудыг чухам хаана, ямар байдлаар тусаж болохыг ойлгох ёстой.

Сүүлийн жилүүдэд яригдаж буй гео-эдийн засгийн концепцийг анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Улс гүрнүүд олон улсын болон бүс нутгийн тавцанд явуулах стратеги тактикаа геополитикийн хүрээнд тодорхойлдог байсан бол одоо гео-эдийн засгийн өнцөгөөс хардаг болжээ. Энэ үүднээс үзвэл үндэсний эрх ашиг гэсэн ойлголт шинэ агуулгатай болж байна. Урьд нь үндэсний эрх ашиг гэдэгт аюулгүй байдал, нутаг дэвсрэгийн бүрэн бүтэн байдлыг цэрэг улс төрийн хүч нөлөөгөөр хангах, эдийн засгаар баталгаажуулах, дотооддоо нийгмийн тогтвортой байдлыг хангах, үндэсний элит хөрөнгөтний эрх ашгийг хангах зэргийн нэгдэл багтдаг байсан.

Дурьдсан эдийн засаг гэдэг ойлголтод байгалийн баялаг, үйлдвэрлэл, ажиллах хүч, санхүүгийн капитал зэргийг багтааж ирсэн юм. Харин шинэ агуулгад технологийн статус, технологийн глобаль эрэмблэлд тухайн улсын эзлэх байр суурь, дэлхийн болон бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадварын нийгэм, соёл уламжлалын хөрс шийдвэрлэх ач холбогдолтой.

Монгол улсын хувьд глобаль болон бүс нутгийн эдийн засгийн дагналт хоршилтод ямар нэг хэлбэрээр хамрагдах нь чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, бусдад ямар нэгэн байдлаар “хэрэгтэй” болох шаардлагатай болоод байгаа гэсэн үг. Түүхий эдээ нийлүүлэх байдлаар бусдад “хэрэгтэй” болох нь хамгийн бүдүүлэг хэлбэр боловч дэлхийн баялгийг хэн яаж хуваахийг умард-өрнөд шийдэж байгаа нөхцөлд Монголчуудад сонголт бага үлдэж байна.

Манай улс хөгжлийн дараагийн шатандаа гарахын тулд технологийн глобаль мөчлөгийн “хэрэгтэй” элемент болох шаардлагатай. Бүхэл бүтэн улсын эдийн засгийг технологийн мөчлөгийн элемент болгох бодит бололцоо бий. Энэ эринд ил тод байдал ардчиллыг дотооддоо бодитой хэрэгжүүлэхгүй бол үндэсний зарим нөлөө бүхий хүмүүстэй үгсэн газрын доорхи баялгийг ховх сорж, байгаль орчныг нь сүйтгэн, салхи шуурга шиг хийсээд өнгөрөх гадаадын жижиг, том компани олон байна.

Геополитикийн гол утга санаа нь өөрийн орон зайгаа бэхжүүлэх, боломж олдвол түүнийгээ тэлэх. Энэ утгаараа зөрчилд хөтлөдөг. Харин гео-эдийн засгийн сэтгэлгээ нь бусадтай хоршин хамтарч, шинэ синерги шинэ чанар бүрдүүлэх юм. Энэ утгаараа нь авч үзвэл дор хаяж, аутсорсингийн таатай орон зай бүрдүүлэх нь хөгжлийн шинэ шатанд гарах анхны алхам болох юм.

Нийлүүлэлтийн глобаль гинжин хэлхээний нэг хэсэг, элемент нь болох аваас эдийн засгийн орон зайгаа тэлэх бололцоо бий. Улс хоорондын хөдөлмөрийн хуваарь нэгэнт үеэ өнгөрөөж, технологи, эдийн засгийн үндэстэн дамнасан нэгжүүдийн хүрээнд дагналт хоршилт тавигддаг болсон. Тэр байтугай дагналтад бүтэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх бус харин түүний нэг хэсэг эд анги үйлдвэрлэх түвшин хамрагдаж байна.

Тиймээс Монгол улс ядаж компьютерийн эд анги үйлдвэрлэгч, угсрагч “бөөний цэг” болох бүрэн бололцоотой.

Мөн гадаад эдийн засгийн харилцааг гео-эдийн засгийн загварт тулгуурлан томьёолох шаардлагатай юм. Энэхүү загвар нь тухайн орны соёл, ахуйн уламжлал, улстөр, нийгэм, эдийн засгийн бүтэц, зохион байгуулалтын чухам ямар “хольц” нь глобаль хүрээнд өрсөлдөх чадварыг хангах бололцоотойг тодорхойлох учиртай.

Геополитикийн дэд бүтцэд нь тусгаар улс орнууд, олон улсын байгууллагууд байдаг бол гео-эдийн засгийн дэд бүтцийг юуны өмнө үндэстэн дамнасан корпораци, үндэстэн дамнасан төрийн бус байгууллагууд бүрдүүлж байгааг анхаарах ёстой. Үндэсний эдийн засагаасаа халин тасарсан ҮДК нь үйлдвэрлэл – үйлчилгээ – хэрэглээний тойрог үүсгэж түүндээ хаа хамаагүй зах зээлийг орон зай хамаарахгүйгээр оруулж байна. Хөдөлмөрийн хуваарь ҮДК түвшинд – гол хөдөлгөгч хүч болдог. Энд л ямар нэг байдлаар барьц авч улмаар барьцаа ахиулах ёстой юм. Нөгөө талаас, дагналт хоршилтын гүнзгийрэл нэмэгдэхийн хэрээр харилцан хамаарал хүчтэй болж, тэр хэрээр аюулгүй байдлын баталгаа хангагддаг.

ҮДК, ҮДТББ бүтэц нь байгалийн баялгаа “дээрэмдүүлэхгүй” байх бололцоог буурай улс орнуудад олгодог. Ингэхдээ дотооддоо хагарал зөрчилгүй, хямралгүй байж чадвал бололцоог бодит байдал болгох арга зам байна.

Дотооддоо ҮДК-ийг олныг оруулж, эсвэл өөрөө үүсгэж чадсан улс “хожиж” байна. Үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа харилцаа холбоо зэрэг эдийн засгийн аль салбарт байх нь хамаагүй – гол нь глобаль эрэлттэй ҮДК-тай болох, эсвэл нутаг дэвсгэртээ байршуулах нь чухал байгаа юм.

Эдүгээ улс төр, цэрэг, эдийн засгийн имперализмын оронд технологийн имперализм хүчтэй газар авч байна. Үүний эцсийн зорилго нь хэрэглээний зах зээлийг л хяналтдаа оруулах. Ирээдүйд шинэ гео-соёл бий болох бөгөөд Coca-cola, Nike, Sony, Lee, Ipod г.м бүгд найрамдах улс бий болбол гайхах хэрэггүй болж байна.

Төрийн байгуулалтад гарч байгаа өөрчлөлтийг бас анзаарахгүй өнгөрч болохгүй. Корпоратив зохион байгуулалттай төр бүрдэж байна. Төр нь ҮДК-тай заримдаа хамтран, заримдаа зэрэгцэн төрийн албаараа дамжуулан эдийн засгийн баялгийг шууд захиран дэлхийн зах зээлд ноёрхож байна. ОХУ, БНХАУ үүний тод жишээ болж байна. Мөн капитал, социаль дэд бүтцийг хөгжүүлэх чиглэл бүхий төрийн зохион байгуулалт байна. Үүний жишээ нь Европын улс орнууд болно. Бас примитив хэлбэр ч байгаа. Монголын өмнө тулгарч байгаа сорилтоос хамааран төрийн зохион байгуулалтын ямар хэлбэр давамгайлах, аль элементийг нь авч хэрэглэх шаардлагатайг судлах ёстой юм.

Төр нь корпоратив зохион байгуулалттай бол тэрээр засаглалын монополь субъект болж, улс төрийн нээлттэй өрсөлдөөнийг үгүйсгэж яваандаа улс төрийн удирдлагыг захиргааны удирдлагаар сольдог. Өрсөлдөөнт улс төрийн орон зайд ажиллах хүсэл зориггүй, чадваргүй субъектууд ямар нэг арга замаар улс төрийн өрсөлдөгчдөө дарж авах оролдлогыг эрт орой хийдэг. Улс төрийн эсэргүүцэл, өрсөлдөөний сүүлийн голомтыг сүйтгэх санаа агуулан төрийн бүтэц, механизмыг хөдөлгөөнд оруулах үйл ажиллагаанд том гүрэнд, жижиг улсад харилцан адилгүй тусна. Тиймээс гео-эдийн засгийн өнцөгөөс харвал корпоратив зохион байгуулалттай төрийн тогтолцоо Монголын язгуур эрх ашигт хэр тохиромжтойг бодууштай. Эл бүгдийг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх явцад хөндөөгүй нь харамсалтай.

Дэлхийн эдийн засгийн босоо зүсэлтээс конус маягийн дүрс гаргаж болно. Тэгвэл оройд буй АНУ, Японы эдийн засаг нь технологийн инноваци дээр тулгуурласан нь харагдана. Энэ нь гео-эдийн засгийг тодорхойлж байгаа хэрэг. Доод талд нь шинэ аж үйлдвэрлэлийн эдийн засаг бүхий OECD-ийн бусад орнууд багтана. Түүний дор хуучны аж үйлдвэрт тулгуурласан эдийн засаг бүхий улс орнууд багтана. Гэвч эдгээр улс орнууд түүхий эдийн хавсрага улс байхтай адил болоод байгааг бас анхаарууштай. Эл конусын хамгийн дор буюу өргөн суурь нь түүхий эдэд суурилсан эдийн засаг юм.

Түүхий эдэд суурилсан нөхцөлд ямар хөгжлийн стратеги байж болох вэ. Гурван чиглэл байж болхуйц: Нэгдүгээрт, чөлөөт худалдааны гэрээ, эдийн засгийн иж бүрэн түншлэл зэргээр дамжуулан хөгжингүй улс орнууд, бүс нутгийн хамтын ажиллагааны аль нэгэн меганэгдэлд нэгдэх. Хоёрдугаарт, дэд бүтэц, эдийн засгаа бусдад эзэмшүүлэх, түүхий эдийн хавсрага байх. Гуравдугаарт, глобаль инновацийг хуримтлуулах замаар инновацийн “критический масс”-ыг бүрдүүлэн гео-эдийн засгийн нэг субъект болох. Эдгээрээс гурав дахь хувилбарыг сонгож ашигт малтмалын салбартаа тулгуурлан дотоод хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлэх, дийлэнх хэсгийг инновацийн хуримтлал бүрдүүлэх чиглэлд зарцуулж чадвал гео-эдийн засгийн жижиг субъект болох боломжийг олгох юм.

Гео-эдийн засгийн субъект болохын тулд нэн түрүүнд шинэ сэтгэлгээ хэрэгтэй байна. Тухайлбал, гео-эдийн засгийн дүрэм геополитикийн дүрмээс өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Монголын хөрсөнд байгаа баялаг Монголын өмч гэдгийг бүгд ойлгох ёстой. Гадныхан өмчлөөд байна хэмээн маргаасаар байтал хугацаа алдаж байна. Ашигт малтмалын орд баялагаас хэн юу завших бол гэсэн хардалт хэн хүнд бий. Монгол Улс захиалагч-хөрөнгө оруулагч байх ёстой. Гэтэл түнш – ханган нийлүүлэгчийн байр сууринд өөрсдийгөө аваачиж, эл хэмжээнд ойлгож байгаагаас хардалт, улс төржилт г.м асуудал үүсээд байна. Иймэрхүү сэтгэлгээ ноёрхож байхад ямар ч төсөл байсан хэрэгжихгүй төдийгүй бусдын мөнгийг тоолсоор суугаа үндэсний “бизнес элитийн” санаархал нь олигополиос өөр юу ч үүсгэхгүй байна.

Баялгаа зараад, хуваагаад амьдрах гэдэг ойлголт хий үзэгдэл адил. Харин үйлдвэржүүлэлтийн тодорхой бодлого хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын орлогыг зорилго биш харин зөвхөн хэрэгсэл болгон ашиглаж чадвал урагшлах боломж байна. Манай байгалийн баялаг өөрөө асар том гео-эдийн засгийн тоглоомын объект болчихоод байна гэдгийг ухаарах цаг нэгэнт болжээ.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply