Алс баруун хязгаарт ардчиллын гэгээ тусгагч

Р.Амаржаргал “болсон тарвасны дотор” шиг улайран байсан улс төрийн өнгийг цэнхэр туяагаар сүлээд ирэх нь тэр.

Ардчилал эрийн цээнд хүрсэн ч баруун дөрвөн аймгийнхан сонгууль алгасалгүй МАХН-д саналаа өгсөөр өнөө зуны нүүрийг үзэв. Харин энэ жил ховдчууд Ардчилсан намд нэг мандат өвөрлүүлж алс энэ хязгаарт анх удаа ардчиллын гэгээ туссан авай. Уг нь Ховд аймаг ардчиллын ууган өлгий юм. Тэртээ 1989 онд нийслэлийн Залуучуудын соёлын төвийн өмнө Хонхны дуу эгшиглэж ардчилсан хувьсгалын уухай түрхрэхэд Ховд, Хөвсгөл, Хэнтийн залуус түүнийг хамгийн түрүүнд түрэн буухиалан дэмжсэн билээ. Гэвч юунаас шалтгаалсныг бүү мэд, ховдчууд сонгууль болохоор л МАХН-ын нэр дэвшигчдийг илүү талархдаг болчихсон юм.

Өнгөрсөн зуны сонгуульд эрхэм гишүүн Р.Амаржаргалыг Ховдод нэр дэвшихээр явахад мандат аваад ирнэ дээ гэсэн горьдлоготой зэрэгцээд ер яах л бол доо гэсэн эргэлзээ давхар төрж билээ. “Нийслэлд төрж өссөн, Улаанбаатараас дэмжлэг авч л ялж байсан түүнийг өвөг дээдсийн нутгийнхан нь түшиж авах болов уу, түлхээд явуулах юм биш биз” гэсэн далд түгшүүр намын нөхдийнх нь сэтгэлийг мэрсэн. Гэвч Р.Амаржаргал гишүүн ховдынхны 18 жилийн турш “болсон тарвасны дотор” шиг улайран байсан улс төрийн өнгийг цэнхэр туяагаар сүлээд ирэх нь тэр. Ардчилагчдын анхдагчдын нэг, туршлагатай улстөрч, Ерөнхий сайд асан түүнд удмын холбоотой нутгийнхан нь төр түших эрх олгожээ. Ингэж тэрээр гурав дахь удаагаа УИХ-ын гишүүн болов.

Тэрээр ардчиллын анхны “хөдөлгүүр”-ийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. “Залуу эдийн засагчдын клуб” гэдэг байгууллагыг үүсгэсэн Да.Ганболд, Р.Амаржаргал, Д.Сүх-Эрдэнэ нарын залуус сэм уулзсаар яваандаа Шинэ дэвшилт холбоог төрүүлж, хожмоо Монголын Үндэсний дэвшлийн намын үндэс суурь болгосон түүхтэй. Тэрээр ийм “эрт цаг”-ийн улстөрч юм. Эрхэм гишүүн Р.Амаржаргал 1999 оны зун Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдов. “Ардчилсан холбоо” эвсэл төр барьж, МАХН УИХ-д 26 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин болоод байсан үе. Ардчилагчид дотор жигүүр, фракцууд төрж, эв зүйгээ олохгүй байсны балаг гүйцэтгэх засаглалд аранга болж М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын толгойлсон Засгийн газрууд ээлж дараагаараа огцорч дөрөв дэх Засгийн газрынхаа нүүрийг үзэх болоход Р.Амаржаргалд Засгийн газрын тэргүүний ачааг үүрүүлэхээр нөхөд нь шийджээ. Гэвч түүнийг ногоон гэрлээр Ерөнхий сайд болгосонгүй. Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын даргалж байсан УИХ дахь цөөнхийн бүлэг сөрөг хүчний хувьд гоочилж эхлэв. Өмнөх Засгийн газарт Гадаад хэргийн сайд байсан нь түүнийг ороох шалтаг болсон хэрэг л дээ.

Тэр зуны халууныг хэлэх үү, Төрийн ордон дотор ч бачим бөгчим ноёлсон нэг тийм өдөр Ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргалыг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм. “Буруу шийдвэр гаргаж огцорсон Засгийн газрын нэг гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж оруулж ирсэн нь аль ч талаас нь авч үзсэн төрийн хямралыг гүнзгийрүүлэх болно. Үүнийг үндэслэн Р.Амаржаргалыг УИХ дахь МАХН-ын бүлэг зарчмын хувьд Ерөнхий сайдаар томилуулан ажиллуулах боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна“. Н.Энхбаяр дарга бүлгийн дүгнэлтээ ингэж уншаад индрээс буухад гишүүн агсан М.Зэнээ “Хамтын хариуцлага хүлээдэг Засгийн газар огцорсны дараа нэг сайдыг нь Ерөнхий сайдаар томилж оруулж ирж байгаа нь дэндүү доромж хэрэг. Р.Амаржаргал бол эрдэм боловсролтой эвлэг аятайхан залуу л даа. Гэхдээ энэ хүний улс төрийн карьерыг баллах замыг эвслийнхэн хийчихлээ” хэмээн халаглав. Санал хураалт ч болдгоороо болж, нэр дэвшигч Р.Амаржаргалд Ерөнхий сайд болоход ганцхан санал дутаж эхний даваанд өвдөг шороодсон юм. Тэгэхэд Р.Амаржаргал гишүүн өөрөө санал өгөлгүй үлдчихсэн байж билээ. Өөртөө санал өгч болохгүй гэж хэн ч хэлээгүй ч өөрөө л тэгж шийдсэн байгаа юм. Амбицтай эрхэм бол өөртөө санал өгөөд зогсохгүй хавь ойрынхныхоо саналыг хамах гэж нэлээд юм болно доо. Бас болоогүй ээ, саналын хуудсыг хайрцгаас гаргахад нэлээд олных нь өнцөг дээр томоос том цэг тавьсан тэмдэглэлтэй байж олныг гайхшруулав. Аль нэг фракц нь түүнийг унагахаар үгсээд саналын хуудас дээрээ тэмдэг тавьсан бололтой юм. Одоог бодвол хор найруулах ажлыг бохир хийдэг байж л дээ. Хэд хоногийн дараа дахин санал хурааж байж тэрээр “Ардчилсан холбоо” эвслийн отгон Ерөнхий сайд болов.

Ерөнхий сайд Ардчилсан намын даргаар сонгогдож 2000 оны сонгуулийн хамаг ачааг үүрч зүтгээд бараагүй ээ, нам нь ганц суудалтай хоцорсон. Энэ түүний буруу биш тал тал тийш тарж, амиа бодсон нөхдөөс нь болсон. Ардчилагчид дараагийн дөрвөн жилд улс төрөөс хөндийрч лааз өшиглөхөд тэрээр “Амаржаргал” сан байгуулан эрдэм номын ажлаа хөөсөн юм. УИХ-ын 2004 оны сонгуульд Эх орон-МАШСН-тай эвссэн намынх нь удирдлага түүнд тойрог хялайлгасангүй. Тэр сонгуульд ардчиллын лидерүүд сул хаягдаж ташуурдаад ч урагш ахихгүй нөхөд тойрогт эзэн суусан юм. Р.Амаржаргал үүнд шантраагүй. Бие даан нэр дэвшиж ялалт байгуулан гарч ирснийхээ “шанд” бүр анхнаас нь зүтгэсэн намаасаа хөөгдөж сул хүн болов. Өөрийнхөө бус өрөөлийн намын хүний саналыг хуваан гарч ирсэн түүнд намын дарга М.Энхсайхан хатуурхсан ч сонгогдсон хойно нь “манай хүн” хэмээн тойглосон юм. Гэвч тэрээр зарчимдаа үнэнч үлдэж нэг хэсэгтээ л намын гадна явсан. Тэр зуур түүнийг хөөсөн намын дарга нь шинэ нам байгуулан одож, мөнөөх тойрог өгдөггүй эвсэл ч задран “зам зуурын нөхөд” болохоо харуулсан билээ.

Энэ удаа тэрээр намаасаа нүүр бардам нэр дэвшин төр түшиж, алс баруун хязгаарт ардчиллын гэгээ тусгагч боллоо. Ардчилсан хүчний лидерүүдийн нэг тэрээр хат суусан чанга чамбай улстөрч болохоо цөөнгүй харуулсан юм. Цаашдаа ч Монголын улс төрд олон жил зүтгэх цаг хугацаа түүнд бий.

ЭХ СУРВАЛЖ: http://www.news.mn Сэтгүүлч Д.Оюунцэцэг.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

6 Comments

  1. Танд амжилт хүсье. Дэмжиж явдаг шүү

  2. Ёрөнхийлөгчийн сонгуульд битгий ороорой л гэж хусэх байна!
    Ёрөнхий сайд болох л чухал шуу!
    Хундэтгэсэн Залуу уе .

  3. Би таны фен.Асуудал бүхэнд шудрага хандаж, ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал төрд зүтгэж, халуун хүйтнийг ажралгүй хөдөлмөрлөж байгаад тань талархаж явдаг шүү. Энэ зорилгодоо огоорсон их тэмүүлэлтэй байхыг чинь сэтгэлээсээ хүсэж, эрүүл энх, хамгийн сайн сайхныг ерөөе.

  4. Ховд аймаг Цэцэг сум

  5. mohgoliin turd odoo baigaa tsuuhun tsever shudarga zarchimch uls turchdiin neg ta shu mongol uls ard tumniihe tuluu ih zuil hiigeerei tand amjilt husie.

  6. success in ur work
    i like ur blog

Leave a Reply