Хам хум ХУУЛЬ БАТЛАХ гээд дэмий

Зууны шуудан сонины сэтгүүлч Г.Сонинбаяртай хийсэн ярилцлага

А. “Роснефть”-ийн саналыг УИХ-аар хэлэлцэхийг АН-ын Зөвлөл эсэргүүцсэн. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой болчихлоо. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

Х. Миний байр суурь гээд байх юмгүй. АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлсэн. Бид гадуур дотуур явж хүмүүсийн санал бодлыг сонсч байна. Тэд шууд л хэлж байна. Болдоггүй бол тэр үнэтэй бензинийг нь авъя. Ямар ч байсан эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахгүй шүү. Шаардлагатай бол бид тэр эрсдэлийг нь даагаад гарч чадна аа гэж хэлж байна. Тийм учраас эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдуулахад хүргэж байгаа аливаа санаархал элдэв алхам байх юм бол огт дэмжлэг хүлээхгүй юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа.

А. АН-ынхан гурилын үнийг барьж чадаагүй гэж ХХАА-н сайдыг буруутгаж байгаа. Түүнийг огцруулах нь зөв шийдэл мөн үү. Шинэ сайд томилогдоод ажиллах цаг хугацаа бага үлдсэн байна шүү дээ?

Х. Энэ бол зарчмын асуудал. Нэгэнт ажлаа хийж чадахгүй байгаа бол огцордог байх ёстой. Манайханд тийм ухамсартай хүн ховор. Заавал хүнээр хэлүүлж шахуулж, түүнийг нь тойруулж “намайг ад үзэж байна” гэх зэрэг яриа гаргана. Тэр нөхөр сайдаар томилогдохдоо гурилын үнийг 550 төгрөгт барина гэж хэлж байсан нь үнэн. Тэгээд чадаагүй. Энэ нь эцсийн дүнд тэр хүний өөрийнх нь мэдлэг чадвар, сэтгэлгээнийх нь цар хүрээ, төрийн ажлын туршлага ямар байсныг нотолж байна. Тэр үүднээс нь улс төрийн асуудал болгож тавьж байгаа юм. Монголын Засгийн газрыг төлөөлөөд сайдаар ажиллаад явах хэмжээний хүн биш гэдгээ харууллаа. Мөн тэрээр худлаа ярьсан. Энэ бол улс төрийн соёлын асуудал.

А. МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. УИХ-ын хэд хэдэн гишүүн хамтарч өргөн барьсан иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль олны анхаарлыг татаж байх шиг байна?

Х. Ардчилсан нам 2004 оны сонгуульд оролцохдоо энэ асуудлыг хөндөж тавьж байсан. Өрхөд газар олгоно гэдэг чинь нэг л болохгүй байна. Иргэн бүрт газар олгох ёстой гэдгийг тэр үед хэлж байв. Энэ бол угаасаа Үндсэн хуульд тодорхой заачихсан зүйл. Тийм учраас Үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр бид ажиллана. Ямар ч байсан дөрвөн жил “үзэлцсэний” үр дүнд энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй юм аа гэсэн шийдвэр гарлаа. Гэхдээ хуульчилж байгаа юм биш. Харин ямар ч байсан энэ асуудлыг хэлэлцэж ярих нь тодорхой болж байна. Энэ чуулганаар амжих нь уу үгүй юу. Амжихгүй бол дараагийн УИХ иргэн бүрт газар өмчлүүлэх асуудлыг хэлэлцэх байх.

А. Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацаа, өмчлүүлэх газрын хэмжээг заах нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг гэж зарим гишүүн шүүмжилж байсан. Гэхдээ ингэж хэмжээ, хугацаа заахгүй бол газар хэт үнэгүйднэ гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж байгаа юм билээ. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

Х. Газар үнэгүйдэх тухай асуудал байхгүй. Газар дээр хэдий чинээ идэвхтэй үйл ажиллагаа өрнөж байна төдий чинээ үнэд орно. Өөрөөр хэлбэл, ерөнхий эдийн засгийн орчин хэдийчинээ сайн байх нь вэ, хэр зэрэг идэвхтэй урагшаа явж чадах нь вэ. Тэр хэмжээгээр газар үнэд ороод л байна гэсэн үг. Харин ард иргэд газартай харилцах эрх зүйн соёлтой байх, эрхээ эдэлж сурах асуудлын хүрээнд таван жилээр сунгах уу, гурван жилээр сунгах уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Үүнийг хэлэлцэж байгаад шийдвэр гаргачихаж болно. Газар хамгийн үнэтэй цэнтэй зүйл гэдгийг иргэд ойлгож эхэлж байна.

А. Та сүүлд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан хүний нэг. Энэ төсөлд бүтээгдэхүүн хуваах зарчмыг онцолсон нь маргаан, эргэлзээ дагуулж байх шиг байна?

Х. Бүтээгдэхүүн хуваах гэрээг зөвхөн нефть бүтээгдэхүүн дээр л хэрэглэдэг гэсэн хийсвэр ойлголт хүмүүст тогтчихсон юм шиг байгаа юм. Үнэн хэрэг дээрээ тийм биш л дээ. Би УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тодорхой жишээ, баримт харуулж байсан. Зөвхөн нэг л улсын мэдээг харуулсан. Филиппинд гэхэд 180 гаруй нэгж дээр энэ асуудал яригдаж байна. Тэр дотор зэс, алт, хром, никель зэрэг ашигт малтмалууд байна. Алдартай том том компаниуд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл, энэ зарчмыг зөвхөн нефть бүтээгдэхүүүн дээр хэрэглэдэг гэж ойлгож болохгүй. Их олон салбарт хэрэглэдэг. Өөрийн гэсэн давуу талтай. Энэ бүгдийг бид бодитой харах ёстой. Төрийн бодлогын үүднээс аль нь байж болох юм бэ гэдгийг уян хатан сонгож байх хэрэгтэй гэж ойлгосон. Тэр үүднээсээ УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн, М.Зоригт бид дөрөв энэ хуулийн төслийг өргөн барьсан. УИХ ямар ч байсан хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд хүлээн авсан. Чухам яаж хэлэлцэх нь вэ, ямар үр дүнд хүрэх нь вэ гэдгийг одоо хэлэхэд хэцүү байна.

А. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Тамсагийн нефтийн ордоос сургамж авч бүтээгдэхүүн хуваах гэрээнд болгоомжтой хандах хэрэгтэй гэж байсан. Тийм эрсдэлийг тооцож үзсэн үү?

Х. Ц.Нямдорж өөрийнхөөрөө тайлбарлах дуртай хүн шүү дээ. Тэр маягаараа л тайлбарлах гэж оролдож байна лээ. Тамсагийн ордод бид анх удаа бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Тэр үед Монголын туршлага бага байсан. Одоо тэр туршлага дээрээ тулгуурлаад бид цаашдаа ажиллах бололцоотой. Бусад орны туршлагыг ч авч болно. Аль болох өөртөө ашигтай нөхцөл байдлыг бий олгох хэрэгтэй. Өнөөдөр цаг үе өөр болсон. Тэр үед Тамсагийн ордод бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, гэрээ хийх үед Монголын эдийн засаг, нийгэм ямар байлаа. Наашаа харсан болгон руу гүйж очдог байсан. Одоо эдийн засгийн нөхцөл байдал шал ондоо болчихсон. Бид эрс өөр нөхцөл байдлаас гэрээ, хэлэлцээ хийх бололцоотой болоод байгаа. Нөгөө талаас Тамсагийн орд бас ч хоосон байгаад байгаа биш. Монгол Улсын төсвийг аваад үзэх юм бол Тамсагаас төчнөөн төгрөг улсын төсөвт орж ирж байгаа нь тодорхой. Тэр мөнгөнийх нь хэмжээ жилээс жилд нэмэгдээд л байгаа. Цаашид ч гэсэн үйл ажиллагаа нь идэвхжээд цар хүрээ нь нэмэгдэх бололцоотой.

А. Хаврын чуулган үлдсэн хугацаанд эдгээр чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж амжих уу?

Х. Бодит байдлыг аваад үзэх юм бол хэлэлцээд бүгдийг нь баталчих магадлал юу л бол гэж би хувьдаа дүгнэж байна. Миний хувьд магадлал бага байгаа гэж бодож байгаа. Гэхдээ тодорхой ганц нэг асуудал дээр хүч тавиад үзэх юм бол бас ч болохгүй юм байхгүй л дээ. Нөгөө талаас, ний нуугүй хэлэхэд сонгууль дөхчихсөн учраас УИХ-ын гишүүд тойрог руугаа явах, энд тэнд очиж ажиллах сонирхолтой байгаа учраас чуулганы ажиллагаа назгайрах тал руугаа ордог л доо. Энэ бол өнөөдөр болж байгаа биш, урьд өмнөх парламентын үед ч болж байсан. Ийм үед асуудалд яарч сандарч, хөнгөн шуурхай хандах магадлал байгаа учраас их чухал ач холбогдолтой хуулиудыг хойшлуулж болох юм. Нэлээд буурьтай суурьтай ярьсан нь дээр. Тэрнээс хам хум, батлахын тулд батлах гээд байх дэмий л болов уу. Үндсэндээ хоёр долоо хоногийн хугацаа үлдлээ. Үүнээс хуваариар нь аваад үзвэл долоо хоног бүр хоёр өдөр чуулган хуралдана гэж бодоход дөрөв хоног, дээр нь нэг өдөр нэмж зарлалаа гэхэд тав зургаа хоногт энэ дараалсан олон чухал асуудлуудыг нухацтай хэлэлцэх магадлал тун бага байгаа.

ЭХ СУРВАЛЖ: “Зууны шуудан” сонин, 2008.05.14, сэтгүүлч Г.Сонинбаяр

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

3 Comments

  1. Энэ жилийн сонгуульд та нэр дэвшиж байгаа биздээ. Таны тойрогт саналаа өгч чадахгүй ч гэсэн дэмждэг дэмжигч чинь шүү. Монгол орондоо ихийг хийж, сэтгэл зүрхнээсээ хандаж, үргэлж үнэнч шударга зөв талд бат зогсож байгаарай. Мөн өөрийн мэргэжилээрээ Монголын эдийн засагт ихийг хийхийг хүсье. Энгийн нэгэн дэмжигч тул шууд энэ гэсэн тусламж үзүүлж чадахгүй ч өөрийн хүрээндээ үргэлж суртчилаж дэмжсээр байх болно. Хичээгээрэй!

  2. танд энэ өдрийн мэнд хүргэе би таны сонгуулийн ажилд ормоор байна

  3. Эрхэм гишүүн таны амар амгаланг айлтган мэндчилье.
    Би танай тойргийн сонгогч, Ховд аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн байна. Миний бие орон нутагтаа цаашид ихийг хийж бүтээх хүсэлтэй байдаг бөгөөд энэ чиглэлд тантай хамтран ажиллаж, нэг баг болон зүтгэх хүсэлтэй байна. Иймд тантай сонгуулийн өмнө уулзаж ярилцахыг хүсч байна. Хөдөө орон нутагт намын сонгуулийн ажилд явж байгаад саяхан ирсэн тул та уулзах боломжтой хугацаагаа товлохыг хүсье.

    Танд эрүүл энхийг хүсье. Утас-99045049

Leave a Reply