Улс төрч хүн ямартай ч харгис байж болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа. Эдийн засаг, гадаад бодлого, спорт гээд түүний оролцоогүй, санааг нь зовоодоггүй салбар гэж үгүй ээ.
гого.мн-ын Ч.Болортуяа сурвалжлагч.

Цагаан сарын баяр болоод өнгөрлөө. Сар шинэдээ сайхан шинэлэв үү?

Сайхан шинэлсэн. Очиж золгох айл ерөнхийдөө дуусчихсан. Сайхан жил гарч байна.

Шинийн нэгэнд ордны золголтонд та харагдаагүй.

Ирээгүй. Сар шинийн баярыг би илүү гэр бүл тал руугаа хандсан баяр гэж ойлгодог.

Төрийн золголттой холбоотой хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн нэг нь та байсан.

Э.Бат-Үүл гишүүн хуулийн төсөл санаачлаад би гарын үсгээ зурж дэмжсэн. Санаа нь бол төрийн золголтыг төгөлдөржүүлж, иргэд төр хоёрыг жаахан ойртуулах л зорилготой хууль шүү дээ.

УИХ-ын ээлжит чуулган завсарлачихсан байна. Сонгууль дөхлөө. Тойрогтоо очиж ажиллаж байна уу?

Арай очиж амжаагүй байна. Цагаан сарын өмнө хийсэн ажлаа тайлагнасан сэтгүүл айлуудаараа хүргүүлсэн байгаа. Уламжлал ёсоороо 30 өндөр настанд тавгийн боов хүргүүлчихаад байж байна. Одоогоор ийм байна. Чуулганы завсарлаганаар сонгогчидтойгоо тогтмол уулздаг. Чуулган эхлэхээс өмнөхөн уулзалтаа нэг хийнэ ээ.

Өөр амжуулах ажлаасаа сонирхуулаач?

Ойрын хугацаанд хийх хэд хэдэн ажил байна аа. Яг санаа тавиад хийж байгаагаас нэг нийтлэл эхлүүлчихсэн байгаа. Түүн дээрээ хоёр сар гаруй сууж байна. Энэ сард болох нэг хуралд илтгэх тавих хүсэлт ирчихсэн байгаа. Тэр илтгэлийнхээ материалийг үзэж хараад сууж байна. Мөн байнгын хорооны шугамаар ганц нэг яам, хөдөө орон нутгаар явж хуулийн хэрэгжилттэй танилцах ёстой байгаа. Одоогоор Завхан аймаг явахаар саналаа өгчихсөн сууж байна.

Юуны тухай нийтлэл бичиж байгаа талаар чинь сонирхож болох уу. Эдийн засгийн холбогдолтой юу?

Үгүй ээ. Философийн шинж чанартай. Өнөөгийн нийгмийн дүр төрхийг тодорхойлох гэж оролдоод байгаа юм ш дээ.

Таны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна?

Би ч 100 хувь л гэж яриад байгаа юм. Би бие дааж нэр дэвшсэн. Цөөн хэдэн зүйлийг томъёолоод мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Мөн Ардчилсан намын гишүүний хувьд Их хуралд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөө чадлынхаа хэрээр зүтгэсэн. Яагаад гэхээр АН-ын мөрийн хөтөлбөрийн боловсруулалтад би өөрөө оролцож ажилласан болохоор. Сонгуулийн үеэр л жаахан холдуулчихсан болохоос биш. /инээв/

Ер нь бол сэтгэл хангалуун байгаа. Сөрөг хүчин байсны хувьд олон зүйлийг санаачилж, хэрэгжүүлж чадсан. Хувь хүнийхээ хувьд ч мөн хэд хэдэн аятайхан зүйл эхлүүлж чадсан. Тухайн үед ам гарсан хэсгийн эмнэлэгүүдийг бүгдийг нь эхо аппараттай болгож өгнө гэснээ биелүүлчихсэн. Хоёрдугаарт танай салбартай холбоотой. Айл бүрийг компьютертэй болгоё гэсэн санаачлага гаргасан. Энэ маань хэрэгжсэн явдалд сэтгэл хангалуун явж байгаа. Миний хувьд зүгээр л санаа дэвшүүлсэн явдал. Энэ санаа ажил болоод маш амжилттай явсан. УИХ-д Мэдээлэл, харилцаа холбоо гэдэг байнгын хороо гэж байгуулагдаад нэлээд олон ажил хийгдсэн. Дараа нь Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар, Харилцаа холбоо зохицуулах хороо гэж хоёр байгууллага байгуулагдсан. Энэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаад үйл ажиллагаа болгоод өнөөдөр үр дүн нь 3600 км шилэн кабель бүх аймаг руу татагдчихлаа. Дээрээс нь интернэтийн үнэ хямдарлаа. Таван өрхийн нэг нь компьютертэй гэсэн мэдээ гарч байна. Энэ үр дүнг харахад надад сайхан байдаг.

Энэ жилийн төрийн өндөр албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авах хугацаа саяхан дууслаа. Та хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байх. Өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдсөн зүйл бий юу?

Энэ жил нэг их сүйдтэй нэмэгдсэн юм байхгүй ээ. Төр засгаас харин цалин мөнгө нэмэгдэж, тэр хэмжээгээр орлого жаахан нэмэгдсэн байх. Өөр сүртэй зүйл алга.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж байхад УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь ямар нэгэн компани, корпорацийн хувьцаа эзэмшдэг байсан. Өнгөрсөн жилийн таны хөрөнгө орлогын мэдүүлэг дээр ямар нэгэн компани энэ тэрээс хувьцаа эзэмшдэг гэх зүйл харагдаагүй.

Бид нарын хийж болох зөвшөөрөгдөх зүйл чинь их бага ш дээ. Түүн дотроо л юм хийх юм. Ном бичих, хичээл заах, зөвлөгөө өгөх гээд.

Цалин нэмэгдлээ гэж байна. Тэр хэрээр хэрэглээ чинь нэмэгдэж байна уу?

Үгүй яах вэ, гайгүй. Залуу байхад хэрэглээ их өндөр байдаг юм шиг. Орон байртай болмоор байдаг. Машин тэрэг ч хэрэгтэй байдаг. Үр хүүхдүүдэд ч мөнгө хэрэгтэй байдаг. Миний насанд ирэхээр нэг их тэр гоё ганган хувцас хунар, элдэв янзын юм хэрэглэхээ больчихдог юм байна л даа. Өдөр тутмын хоол хүнс гэх мэт зүйлийн зардал л гарах юм даа.

Өдөр тутам хэрэглээд байгаа тэр зүйлүүдийн үнэ нь нэмэгдээд байна шүү дээ.

Үнэ нэмэгдэж байгаа. Түүнийг ямар хэмжээтэй, хаанаас яаж авах уу гэдгийг гэрийн эзэгтэй л мэдэх асуудал даа.

Насаараа улсын ажил хийгээд явсан хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахаар 200, 300 сая төгрөгтэй гэх л юм.

Ер нь бол улс төр хийж байгаа хүн эдийн засгийн хувьд хараат бус байх ёстой гэж бодоод байгаа юм. Тэр бол маш чухал юм байна. Эдийн засгаараа хараат байхаар нэг ажил гарахаар зайлшгүй хүнээс очиж гуйдаг байх жишээтэй. Тэгээд яах уу хүнээс юм гуйсан хүн чинь эргээд нэг туслах хэрэг гарна аа даа. Энэ үзэгдэл бидний үед арай гайгүй. Одоо залуу улс төрчид үүн дээр анхаарах хэрэгтэй.

Эдийн засагч хүний хувьд таниас нэг зүйл асууя. Өнөөдөр манай улсын төсөв урьд өмнө байгаагүйгээрээ өслөө гээд байна. Гэтэл ард иргэдийн амьдрал бодит байдал дээрээ дээшилж чадаж байна уу. Ядуурал нэмэгдээд байдаг. Тэгсэн хөгжөөд байна л гээд байдаг. Монгол улс хөгжөөд ч байгаа юм шиг, нэг бол ухраад ч байгаа юм шиг.

Тэгж харагдаж байгаа нь үнэн. Харагдаад байгаа ч юм биш тийм байна л даа. Хөгжлийн хурдац нэмэгдэж байна. Энэ сайн зүйл. Төсвийн орлого, зарлага урьд өмнө гарч байгаагүй тоо гардаг боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд тав, зургаа дахин нэмэгдлээ. 2004 онд биднийг ажил авч байхад улсын хэмжээнд 92 миллиард төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийдэг байж. Гэтэл энэ жил гэхэд 680 гаруй миллиард төгрөг болчихлоо. Тэгэхээр зургаа дахин өсчихсөн байгаа биз. Төсвийг ямар ч байдлаар тооцсон гэсэн таваас зургаа дахин нэмэгдсэн байгаа юм. Энэ бол гайхамшигтай зүйл. Энэ хэрээр шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, эрчим хүч, интернет иргэдэд очиж байна гэсэн үг л дээ. Танай Gogo-г хөдөө суманд байгаа хүмүүс үзэж, харж санал бодлоо илэрхийлэх боломжтой болно гэсэн үг.

Нөгөө талаар эрчимтэй хөгжлийг дагаад яг тэр хэмжээгээрээ их зүйлийг сүйтгэж байна. Байгаль орчинтой холбоотой асуудлууд түгшүүр зарлахаар болчихлоо. Бүр дотогш нь ороод харахаар бас нэг сонин юм харагдаж байна. Энэ их бүтээгээд байгаа баялаг яаж хуваарилагдаж байна вэ. Хэнд яаж очиж байна вэ гээд. Яг ний нуугүй хэлэхэд нөгөө баячууд нь улам баяжаад л. Жаахан доогуур байгаа улсууд нь нэг их дээшилж чадахгүй л байна. Тэгэхээр манай явж буй энэ механизм явуургүй болчих гээд байна.

Энэтхэг шиг болчих гээд байна гэж үү?

Баячууд нь хязгаагүй баян. Нөгөө хэсэг хэтэрхий ядуу болчих магадлалтай болчихоод байна. Энэ тохиолдолд төр өөрийн бодлогоо боловсруулж, төрийн орлогыг зөв хуваарилах хэрэгтэй. Би адилтгаж хуваана гэж хэлээгүй. Гэхдээ жигдрүүлж өгөх хэрэгтэй л дээ. Энэ тал дээр нэлээн сайн бодож хийх зүйл их байна.

Яг энэ асуудлаар хүчтэй яригдаж эхэллээ л дээ. Эх орны хишиг гэх нэг зүйл гарч ирлээ. 50.000 төгрөгийг хүмүүст тараана гэж. Ер нь ингэж хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө тараах нь хэр зөв үзэгдэл юм бэ?

Уул нь бид нар чинь 90-ээд онд нэг том өөрчлөлт хийгээд, түүний дотоод агуулга нь энэ бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салъя гэсэн санаа байсан юм ш дээ.

Тиймээс энэ үед зарчмын хувьд ингэж бэлэн мөнгө тараах нь буруу байгаа юм. Нөгөө талаас нийгэм их том хугаралд орохоор нэг хэсэг нь дасаад, өөрийгөө аваад явдаг. Тэр хүмүүс нь ч их тод харагдаж байна. Шинэ баячууд гээд байгаа. Нөгөө хэсэг нь дасаагүй байгаа. Миний насныхан, надаас жаахан ахмад буюу завсарын үеийнхэн үнэхээр хэцүү байдалд орчихож байгаа байхгүй юу. Энэ үеийнхнийг орхиод урагшаа явах хэцүү болоод байдаг. Орхихгүй байх нэг хэцүү. Яг энэ утгаараа нийгмийн баялгийг хуваарилж өгье гэсэн ухагдахуун байж болох талтай.

Нөгөө талдаа нийгмийн ухамсар нэлээн дээшилчихсэн байх ёстой байгаа юм. Нийгмийн дундаж ухамсар нэлээд дээшилсэн үед энэ механизм зөв голдиролд ороод явах боломжтой л доо. Швед, Канад ч ийм зүйл байдаг л даа. Цаашдаа ард иргэдэд тустай зүйл болохыг үгүйсгэхгүй. Гол санаа зовоож байгаа зүйл бол одоохондоо энэ сонгуулийн шоу болчих вий гэж эмээж байна. Сонгууль дөхөж амлалтаараа уралдаж эхэллээ л дээ.

Тухайлбал та 50.000 төгрөг авбал юу хийх вэ?

Би авбал хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгоно. Манайд чинь бодууштай зүйлүүд бас байна л даа. Би 15 жилийн дараа тэтгэвэрт гарна. Тэр үед би өнөөдрийн амьдарч байгаа амьралын түвшинг нэг их унагаачихгүй, хадгалаад явах бололцоо юу байна гэдгийг л харж байгаа байхгүй юу. Хараад байхад улсаас авч байгаа албан ёсны тэтгэвэр л байна. Тэр тэтгэвэр нь бага байх юм бол л хэцүү байдалд орохоор байна. Би бол бизнес эрхэлдэг хүн биш. Тэгэхээр тийм мөнгө ирэх юм бол тэтгэвэрийн зориулалтаар л хадгалана даа. Ер нь ингэж гар дээр бэлэн мөнгө өгөхийн оронд банкинд хадгаламж нээгээд өгчиж болно. Тэр хадгаламжаа барьцаалаад иргэд орон сууц, хүүхдийнхээ төлбөр юу байдаг юм түүнийх нь зээл авах боломжийг нээгээд өгөх хэрэгтэй. Мөн хувьцаа маягаар ч тарааж болж байна. Түмэн хувилбар байна л даа. Үүнийг ард иргэдийн өөрсдийн оролцоотойгоор зөв шийдлийг олох нь зүйтэй байх.

Энэ мэтчилэн шийдлүүдийг гаргаж ирэхээр иргэд маань наад зах нь хөрөнгийн зах зээлийн талаар ойлгоц алга. Дэлхийн эдийн засгийн өсөлт уналттай бид салшгүй холбоотой болоод ирж байна. Хөрөнгийн зах зээл гэдэг үг бидний хувьд чихэнд нэг их наалдацтай бус байсаар байна.

Үнэн үнэн. Манайд энэ эдийн засгийн хөгжлийг аваад явахад хоёр зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт мэдээж эрх зүйн зохицуулалтыг нэлээд цэгцэлж өгмөөр байна. Цоо шинэ эргэлт гаргах ёстой. Нөгөөх нь санхүүгийн зах зээл. Үндсэндээ бол банкнаас өөр санхүүгийн эх үүсвэр гаргадаг газар алга байна ш дээ. Тэгээд банкны хүү нь өндөр байна. Банктай өрсөлддөг санхүүгийн эх үүсвэр гаргаж ирдэг тэр тогтолцоо хаана байна. Банкинд очиж мөнгөө хадгалуулахаас өөр ямар газар мөнгөө хадгалуулаад өсгөдөг тийм бололцоо юу байна. Үүнийг бид хайж гаргаж ирэх ёстой. Миний харж буйгаар ирэх дөрвөөс зургаан жилд энэ санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх нэгдүгээр зорилт болгож ажиллах хэрэгтэй байна.

Ерөнхий сайд байсан хүний хувьд одоогийн Ерөнхий сайдыг хараад үүнийг нэг ингээд хийчих юмсан гэж боддог л байх.

Бодолгүй яахав. Түүнээс гадна зовлонг нь сайн ойлгох юм аа. Одоо Ерөнхий сайд С.Баярыг хараад бодох л юм. Нэг юм хийе гэхээр дэмждэг хүн нь ч цөөхөн. Нам дотроос нь олигтой дэмжээд өгч байгаа хүн алга. Уул нь их зөв зөв санаа дэвшүүлээд байх юм. Тэр таван төгөлдөршлийн асуудлыг би гарцаагүй байх ёстой гэж бодож байгаа. Тийм ч учраас тухайн үед нь албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. “Өөрийн чинь дэвшүүлж байгаа зорилтыг дэмжиж байгаа” гэж. Тэгээд энэ сонгуулийн жилд ажиллаж байгаа Ерөнхий сайд нар их хэцүү байдаг л даа.

Ер нь таныхаар зөв улстөрч гэж хэн бэ?

Харьцангүй ойлголт л доо. Миний бодлоор улс төрч хүний нэр хүнд, албан тушаал хэдий чинээ өндөр, сайн байна төдий чинээгээр хүнлэг, хүмүүнлэг чанар их байх ёстой гэж боддог. Тийм хүн л улс төрд үлдэх ёстой. Хүнийг ойлгож, хайрлаж чаддаг тийм нээлттэй улс төрч л байх ёстой. Сайн зөв улс төрчийн гол шалгуур сайн хуульч, эдийн засагч байх биш. Тэртээ тэргүй хуулийн төсөл энэ тэрийг бэлдээд өгдөг хуульч, эдийн засагч байна ш дээ. Тэгэхээр улс төрч гэдэг дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах, нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн мөн чанарыг олж харж, түүнээс гарах арга замыг хайж, бодлогыг боловсруулах ёстой. Ийм хүн ямартай ч харгис байж болохгүй.

Таниас мөн асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт бол манай гадаад бодлого байна. АНУ-д саяхан нэг Монгол иргэн буудууллаа. Өмнө нь нэг охин буудуулж амиа алдсан. Мөн Англид Монгол хүү хүчингийн хэрэг үйлдэж олон жилийн ял авахаар яригдаж байна. Үүнд Их Британид суугаа манай элчин сайд “бидэнд огт хамаагүй” гэх мэдэгдэл хийсэн. Та Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Мөн одоо Гадаад бодлого, аюулгүйн байдлын байнгын хороонд ажиллаж байгаа хүний хувьд энэ мэт үйл явдлууд манай гадаад бодлогод хэрхэн нөлөөлж байгаад хариулт өгөхгүй юу?

Нэг хэсэг газар манай элчин сайдууд маш сайн ажиллаж байгаа. Ерөнхий манай гадаад бодлогын ноён нуруу сайн байгаа гэж хэлмээр байна.Өдөр тутмын чанартай асуудлууд байна л даа. Гадаадад байгаа Монголчуудын эрх ашгийн тухай асуудал. Үүнд анхаарах цаг хэдийнэ болсон байна л даа. Үнэнийг хэлэхэд энэ задарчихсан байгаа тогтолцоог хумиж авах хэрэгтэй байна. Үүн дээр хийх ажил дэндүү их байгаа. Эхнээсээ авахуулаад хийгдэж байгаа зүйл бас байна л даа. Солонгост байгаа Монголчуудын эрх ашгийг хамгаалах гээд.

Хувийн чанартай хэдэн асуулт тавъя. Эдийн засагч мэргэжлээ хоёр хүүдээ өвлүүлэх бодол бий юу.

За, одоохондоо мэдрэгдсэн зүйл алга аа. Гэхдээ эдийн засагч болгох гэж үзнэ ээ.

Таны гэргий чинь Хөрөнгийн биржид ажилладаг бил үү?

Хөрөнгийн биржид ажиллаж байгаад одоо Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байгаа.

Хоёулаа эдийн засгийн хүн. Санал бодлоо хуваалцана биз?

Ондоо, би чинь илүү макро түвшинд, гэр бүлийн хүн маань болохоор нарийн микро түвшингийн юм хариуцаж байгаа. Гэхдээ мэдээж санаа оноогоо хэлнэ ээ. Ер нь бол төр засгийн ажилд эхнэр, хүүхдээ оруулж болохгүй. Байж болохгүй зүйл.

“Хөлбөмбөгийн холбоо”- гоор сонин юу байна. Өнгөрсөн жилийн хувьд нэлээд амжилттай алхмууд хийгдсэн.

Өнгөрсөн жил Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Монголд айлчилсан. Энэ үеэр аятайхан шийдлүүд гарсан. Түүнийгээ хэрэгжүүлэхэд манай холбооны нөхдүүд ажиллаж байгаа байх. Ний нуугүй хэлэхэд би сүүлийн үед ажилд нь идэвхтэй оролцож чадахгүй байна.

Та хамгийн сүүлд хэзээ хөлбөмбөг тоглосон бэ?

-Өнгөрсөн жил өшиглөх нь өшиглөсөн. Гэхдээ нэг их сүртэй юм биш. Би чинь одоо 20-иод холбоонд данстай явдаг ш дээ.

Та энэ жил Ховдоос нэр дэвших сураг байсан. Үнэн үү?

Тийм мэдээ сонин хэвлэлээр гарсан байна. Албан ёсоор ярьсан зүйл бол байхгүй. Би өөрийнхөө байр суурийг намынхаа удирдлагад маш тодорхой илэрхийлсэн. Ямар ч байсан Баянгол дүүргээс сонгогдсон болохоор энэ тойрогтоо байх сонирхлоо илэрхийлсэн. Хэрвээ болдоггүй юм бол нийслэл дотроо өөр дүүрэгт очъё гэсэн. Надад хандаж хэлэхдээ “арай жаахан хүнд газар очоож, манай нам 17, 18 жил ялж үзээгүй тийм газар очиж, өөрийнхөө нэр төрийг ашиглаж, намдаа суудал авчрах хэрэгтэй байна” гэсэн юм яриад байгаа. Энэ ч бас бодох л ёстой зүйл л дээ. Гэхдээ албан ёсоор яригдсан зүйл байхгүй байна даа.

Ерөнхий сайд байхдаа та нэг ярилцлага өгөх үеэр хэлж байсан. Утсаа асаахад “Аз жаргалыг би өөрөө л бүтээнэ” гэж үг байдаг гэж. Одоо энэ үг байгаа юу?

Байж л байгаа. “Чи аз жаргалтай сайн сайхан байя гэж бодож байвал, аз жаргалтай бай л даа” гэж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *