Дордсон ч биш, дээрдсэн ч биш, байдаг л Их хурал

Монголын мэдээ сонины сэтгүүлч Д.Баярхүүтэй хийсэн ярилцлага

Өнгөрсөн хугацаанд хэрхэн амласнаа биелүүлсэн болон ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар доорхи асуултыг тавилаа.

А. УИХ-ын ээлжит сонгууль удахгүй болно. Та сонгуульд нэр дэвших үү. Танай намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт чухам ямар асуудал тусгалаа олоосой гэж гишүүнийхээ хувьд хүсч байна вэ?

Х. Нэр дэвших бодолтой байгаа, гэхдээ нам шийднэ. Одоохондоо намаас шийдвэр гараагүй байна. Сая мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг хэд хэдэн үе шаттайгаар хийж, ард иргэдээс саналыг нь асуусан. Сүүлийн үед яригдаад байгаа “Арван зөв бодлого” гэдэг маань түүний үр дүнд орж ирсэн юм шүү дээ. Саналыг нь багцлаад 10 зөв бодлого гэсэн хэлбэрт оруулаад явж байна.Эдгээр санал миний хэлж байсан саналууд орчихсон байна. Тухайлбал, төрийн хаагчдын зээлийн тухай асуудал байна. Мөн дэд бүтцийг хөгжүүлэх, сансрын холбоог хөгжүүлэх асуудал орчихсон байгаа.

А. Та хэрэв ирэх сонгуульд нэр дэвшвэл сонгогчдын олонхийн саналыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу. Яагаад?

Х. Итгэлтэй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд надад итгэл хүлээлгэж сонгосон сонгогчдын нэрийг улайлгаагүй гэж бодож байна.

А. Та өнгөрсөн сонгуулийн үеэр амлаж байснаа өнөөдөр биелүүлж чадсан гэж үзэж байна уу. Мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг хэдэн хувьтай гэж үнэлэх вэ?

Х. Хувилж үзэхэд бараг 100 хувь биелчихсэн. Би тэр үед бие дааж нэр дэвшсэн учраас цөөн хэдэн заалт тусад нь оруулсан, тэр заалтууд бүгд биелсэн байгаа. Тухайлбал, айл болгоныг компьютертэй болгох юм. Энэ заалт аль ч намын мөрийн хөтөлбөрт байгаагүй. Ямар ч хүн дэвшүүлээгүй миний оруулсан заалт. Энэ заалт явсаар эцийн дүнд УИХ-д бүхэл бүтэн бие даасан байнгын хороог бий болгож, Мэдээлэл харилцаа холбоо технологийн байнгын хороотой болгож байсан. Энэ байнгын хороо холбогдох хууль эрх зүйн актыг боловсруулж өгсөн.Компьютерийн технологи, программ хангамжийн асуудлууд, гаалийн татвараас чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдэж өгсөн. Түүний үр дүнд өчнөөн тоног төхөөрөмж орж ирсэн. Яг энэ асуудлыг хариуцсан агентлаг байгуулагдлаа. Мэдээлэл харилцаа холбоо технологийг зохицуулах газар нь байна. Энэ бүх санаа маань Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад хэрэгжиж байна. Мөн 3600 километр шилэн кабель бүх аймгууда руу татагдсан бөгөөд одоо сумд руу татагдаж байна. Урьд нь 500 ам.долларын үнэтэй байсан нэг мегавайтын интернетийн хурд хэд дахин бууж, одоо 250 болсон. 2004 оны байдлаар 60-аад мянган өрх гэртээ компьютертэй байсан бол одоо 120-иад мянган өрх компьютертэй болсон гэсэн судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл, нийт улс орны таван өрхийн нэг нь компьютертэй болчихсон байна. Энэ нь цаашдаа үргэлжилж бүх сургууль цэцэрлэгүүдэд уялдаа холбоотойгоор оношлогооны тогтолцоо эрүүл мэндийн тогтолцоо өөрчлөгдөнө.

А. Өнөөгийн УИХ үүргээ гүйцэтгэж чадсан уу?

Х. Үгүй яахав. Бусад Их хурлаас нэг их илүү гараад байх юмгүй, бас дордоод байх ч юмгүй. Энэ их хурал хэрүүл маргаан, хэлэлцүүлэгтэй эвлрэлтэй бүх л асуудлыг хэлэлцэж тухайн үед нь шийдвэрээ гаргаад явж байсан. Оносон, алдсан юм их байна. Тэгэхдээ нэг зүйл тод харагдаж байна. УИХ хүчтэй сөрөг хүчинтэй байхад тэр хэмжээгээр улс орны амьдрал урагшилдаг юм байна гэдэг нь тод харагдсан.

А. УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирлээ. Дөрвөн гишүүн гэдэг УИХ-ын бараг зургаан хувь нь. Бага тоо биш. Нэг үгээр УИХ-ын гишүүдийн ийм их хувь нь гэмт хэрэгт сэжиглэгдлээ. Энэ өнөөгийн УИХ-д өгч байгаа тодорхой үнэлгээ мөн үү?

Х. Эцсийн дүнд нэг л зүйл байна. Бид хариуцлагаа ухамсарлах ёстой. Улс төрийн намын хариуцлага, улс төрийн хүчний хариуцлага, төрийн хариуцлага, иргэний хариуцлага, сонгогчийн хариуцлага гэж байна. 2.6 сая хүн байна, түүн дотроос санаандаа нийцсэн 76 хүнийг шигшээд гаргаад ирэх чадвар сонгогч олон түмэнд байх ёстой. Тэгэх юм бол хариуцлагаа аль аль талдаа ухамсарлаж, зөвхөн төр рүүгээ чихээд байх явдал гарахгүй.

А. Стратегийн ач холбогдол бүхий томоохон ордод хөрөнгө оруулах боломж яагаад одоо хүртэл биелэхгүй байна вэ. Ер нь асуудлыг яг одоо шийдэх нь зөв үү. Эсвэл огт шийдэхгүй байх ёстой юу. Монголчууд ашигт малтмалын томоохон ордуудаа эргэлтэд оруулахгүй удах нь хэнд ашигтай вэ?

Х. Стратегийн тухай асуудал нь олны анхаарлын төвд байх асуудал. Байж ч байна гэж ойлгож байгаа. Энэ шийдлийг улс төрийн нам хүчнүүд хоорондоо нэлээд сайн зөвшилцөж, нийгмийн эрх ашгийг нэгд тавих тийм шийдлийг олох ёстой. Тиймээс улс төрийн намуудын асуудал хариуцаж байгаа гол хүчнүүд хамтарсан зөвшилцлийн тогтолцоо механизмыг бүрдүүлж чадах юм бол асуудлын шийдэл нь гараад ирнэ. Гол асуудал нь Монголчууд бид өөрсдөө юу хүсээд байна, тэр хүсэлдтээ яаж хүрэх вэ? Ингэхийн тулд хамтрасан шийдлээ яаж гаргах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой.

ЭХ СУРВАЛЖ: Монголын мэдээ, 2008.02.19, сэтгүүлч Д.Баярхүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *