Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах ажлаа биелүүлж чадахгүй байна

Ардын эрх сонинд ѳгсѳн ярилцлага

Шатахуун, бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өвөрмөц байр суурь илэрхийлж байна. Түүнийг уншигчидтайгаа хуваалцахаар товч ярилцлаа.

А. Сүүлийн үед юмны үнэ өсч иргэд бухимдалтай байна. Үүнээс болоод төгрөг үнэгүйдэх шинжтэй боллоо. Эдийн засагч хүний хувьд та үүнийг юу гэж үзэж байна вэ?

Х. Юмны үнэ өсч байгаагийн учир шалтгаан юу байна вэ гэдгийг нарийн авч үзэх ёстой. Судлах ёстой. Үүн дээр надад өөрийн гэсэн хувийн, тодорхой байр суурь бий. Бусад хүн өөр байр суурьтай байж болох юм. Хүмүүс юу гэж тайлбарлаж байна вэ гэвэл юуны өмнө манайд юмны үнийн өсөлт, инфляц бий болоод байгаагийн шалтгааныг гадаад хүчин зүйлээс хайж, инфляц импортоор орж ирж байна гэдэг. Есдүгээр сарын байдлаар 13,3 хувь болчихсон байгаа инфляцийн нэлээд нь гадаад хүчин зүйлээс хамаарсан гэж үздэг. Хоёрдугаарт, Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмээд байгаа явдалтай холбоотойгоор инфляц өсч байна гэж нэг хэсэг нь тайлбарлаж байна. Өөр нэг хэсэг нь Монгол Улсын бөөний болон жижиглэнгийн худалдааны систем үр ашиггүй. Орчин цагийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа учраас түүнээс үүдэлтэй юм гэж байна. Эдгээр хүчин зүйлс нөлөө үзүүлсэн гэдэгтэй би ямар нэг байдлаар санал нэг байгаа. Гэхдээ шийдвэрлэх нөлөө энд байсан уу үгүй юү гэдгийг харах хэрэгтэй л дээ. Өмнөх жилүүдэд бас нэг ийм динамик байдаг байсан. Үнэ наадмын дараа буудаг, тэгээд шинэ жилийн өмнө эргээд өсчихдөг. Энэ жил наадмын дараа үнэ буудаг динамик нь байхгүй болчихсон, үргэлжлээд өсөөд явчихсан. Тэгэхээр өмнөх шалтгаанууд дээр өөр нэг хүчин зүйл үйлчлээд явчихлаа гэж үзээд байгаа юм л даа.

А. Тэр нь ямар хүчин зүйл юм бэ?

Х. Түүнийг би хоёр зүйлтэй холбож ойлгож байгаа. Нэгд, Монгол Улсын валютын нөөц эрс нэмэгдэж байгаатай холбоотой. Өнгөрсөн жилийн өдийд манай валютын нөөц 600-700-гаад сая ам.доллар байсан. Одоо бол тэрбум даваад явчихлаа. Нэг тэрбум нэг зуун сая ам.доллар хүрэх гэж байна уу даа. Тэр хэмжээний мөнгө эргэлтэд орсон гэсэн үг. Тэр хэрээр мөнгөний зах зээл дээр эргэлтэд орсон мөнгөний хэмжээ нэмэгдчихэж байгаа юм. Гэтэл талхны үйлдвэрлэл нэмэгдээгүй шүү дээ. Өнгөрсөн жилийг үйлдвэрлэж байсан бол энэ жил ч түүнийгээ л үйлдвэрлэж байгаа. Нөгөө талд түүнийг сөрж зогсох материаллаг баялаг болж байгаа мөнгөний нийлүүлт нэмэгдчихээр энэ хоёрын хоорондын харьцаа ондоо болоод явчихаж байгаа юм. Үүнийг би туйлын бүдүүлэг жишээ болгож хэлж байна. Дээрээс нь энэ оны гуравдугаар сард Монголбанк шийдвэр гаргасан байна. Зайлшгүй барьж байх нөөц гэж Монголбанкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг их чухал хэрэгсэл байдаг юм. Энэ хэрэгсэл 14 хувь байсныг таван хувь хүртэл бууруулсан байна. Энэ нь мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүллээ гэсэн үг. Монголбанкны удирдлагын өөрсдийнх нь хэлж байгаагаар бол энэ арга хэмжээний үр дүнд 55 тэрбум төгрөг эргэлтэд нэмж оржээ. Мөнгөний эргэлтийн мультипликатор гэж нэг үзүүлэлт байдаг юм. Нэмж орсон мөнгөнөөс болж тэр үзүүлэлт сайжраад ирэхээр эргэлтэд байгаа мөнгөний хэмжээ улам өснө. Мультипликатор хоёр байна гэдэг нь 55 тэрбум төгрөг эргэлтэд оруулсан бол 55 тэрбум биш 110 тэрбум төгрөг болоод хувирчихаж байгаа юм. Иймэрхүү арга хэмжээ авсантай гол нь холбоотой болов уу гэсэн ийм нэг тайлбар хиймээр санагдаад байгаа юм. Валютын ханштай холбоотой тайлбарыг ч хүмүүс хийгээд байгаа. Түүнийг анхааралдаа авах ёстой. Эдгээр хүчин зүйлс юмны үнийн өсөлтөд нөлөөлсөн. Энэ утгаараа Монголбанк Монголын үндэсний валют төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн ажлаа санасан хэмжээнд биелүүлж чадахгүй байна гэж дүгнэхээр байгаа юм.

А. Инфляц хоёр оронтой тоонд шилжлээ. Үүнийгээ ойрын үед бууруулж чадах болов уу. Мөнгө улам үнэгүйдэж нөгөө 50 мянгатын дэвсгэрт гаргана гэдэг нь болох юм биш биз?

Х. Би тэгж бодохгүй байна. Тийм юманд хүрэхгүй байх. Монголбанк нөхцөл байдал ямархуугаар өрнөж байгаа, цаашдаа ямархуу хувилбарууд байж болохыг судалж, шуурхай арга хэмжээ авч байх үүрэгтэй. Энэ ажлаа хийнэ гэж найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Ардын эрх №208/740/

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

4 Comments

  1. Manaihan buruu uyd tsalingaa nemsen baih.Ireh havar hurtel huleeh yostoi bsan.
    Hugjij bui ornuudad uniin usult garah ni todorhoi bsan shd,

  2. tsalin nemeh n zov l doo, gehdee dagaldaj garah ur dagavariig sain tootsoogui n buruu

  3. blogoo bainga shinechilj bai l daa, nom unshih arga ih zugeer sanagdlaa,

  4. Unen heregtee minii bodloor deerhi mungunii niiluulelt nemegdsenees bolood inflation ussun gesen taamaglaltai sanal niilehed hund um. Manai ediin zasagchid erunhiiduu hotsrogdmol bolovsroltoi, helnii berhsheeltei tul golduu Oros metiin hotsrogdson ornoos bolovsroloo olj avsan, urgeljluulen avsaar baidag. Ene ni ergeed ediin zasgiin hamgiin orchin ueiin praktik handlaguudiig oilgohgui nuguuh l ulamjlalt mungunii niiluulelt usuhuur inflation usdug, tsalin nemegdeheer mungunii niilulelt usnu geh metiin umaa yarisaar baihad hurgedeg. Medeej ediin zasagchid ni iim um yariad baihaar uls turchid ni dagaad iimerhuu baidlaar oilgoh ni gartsaagui. Getel orchin ued edgeer handlaguud ni ali hediin ue unguruusun baih um. Orchin ueiin ediin zasgiin praktikt heregleenii asuudal mash hurtsaar tavigdaj baina. Heregleenii dynamic ni IT hugjliin ulmaas sanaand oromgui baidlaar hugjij baigaa ni mash olon onoliig ergej harhad hurgej baigaa um. Negent ediin zasgiin usult ni uildverleld bus /jijig dund uildverleliig martah heregtei/ heregleend tulguurlaj yavdag bolson unuu ued mungunii niiluulelt nemegdeh ni harin ch heregleeg demjih sain hushuurug bolj ugdug ni notlogdood baigaa… Esergeer IT hugjluus bolj medeelel soliltsoh hurd mash hurdan bolson, teeverlelt, logistic-iin asuudal mash saijirch tsag hugatsaag hemneh bolson ni mungunii niiluuleltiin chanartai erelted niiluulegch mash turgen hariu uildel uzuuleh bolomjiig bii bolgoj baigaa um. Iim uchraas mungunii niiluulelt nemegdseniig inflation-ii tuiliin uchir shaltgaan meteer yarih ni burangui zuil boljee.

Leave a Reply