УИХ-ыг Засгийн газрын дарамтад байлгамааргүй байна

“Ардын эрх” сонины сэтгүүлч Т.Баярмаатай хийсэн ярилцлага

УИХ-ын дарга нам, эвслийн бүлгийн хэлж ярьж байгаа зүйлд үзэмжээрээ тайлбар хийгээд байх нь зохимжгүй
Улс төрд үүсээд байгаа нөхцөл, байдлын талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

А. Чуулганы нэгдсэн хуралдаан өчигдор болсон боловч Ардчилсан намын гишүүд мөн л орсонгүй. Үүнээс болж УИХ гацаанд орж байгаа юм биш үү?

Х. Уг нь сүртэй юм болоогүй. УИХ-д Ардчилсан нам цөөнх. Цөөнх Үндсэн хуульд олгосон эрх үүрэгтэй, өөрөөр хэлбэл сөрөг хүчний байр суурь баримталж ажиллах ёстой. Алдаа дутагдал юу байна, тэрийг шүүмжлэх эрхтэй. Иймд цөөнх үүргээ л биелүүлж байгаа. Болохгүй байгаа асуудлыг ил гаргалаа, хөндөж тавилаа.

А. Гэхдээ байр сууриа илэрхийлж байна гээд цөөнгүй өдөр өнгөрлөө. Амжилтад хүрсэнгүй шүү дээ?

Х. УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Энэ бол тэдний эрх, үүрэг. Цаашид УИХ-ын дарга ажил төрлөө зохион байгуулах ёстой. Хэдийгээр УИХ-ын дарга МАХН-ын гишүүн ч гэлээ намын өмнөөс гүйгээд байх нь туйлын зохимжгүй. Спикер гэдэг чинь хуралдаан даргалагч. Ийм л үед гарах гарц юу байна, тэрийг олж харж байх ёстой. Түүнээс биш давуу эрх эдлээд, нам, эвслийн бүлгийн хэлж ярьж байгаа зүйлд үзэмжээрээ тайлбар хийгээд байх нь зохихгүй.

А. Улс төрийн энэ зогсонги байдлаас гарах гарц байна уу?

Х. Гарц хангалттай байгаа. Бүр өчнөөн төчнөөн бий. Зүгээр нэг ийм сонин нөхцөл байдал үүсээд байгаа болохоос хүсвэл ямар ч гарц байж болно. УИХ-ын гишүүн хүн хуралд оролцох эрх, үүрэгтэй. Хуралд санал бодлоо илэрхийлж, энэ эрхээ хэрэгжүүлэх бололцоог нь хангаж өгөх ёстой. Ардчилсан намын зөвлөлийн гишүүд ч энэ эрхийг эдлэх ёстой. Хамгийн гол нь энэ бүх бололцоог УИХ хангах ёстой гэж бодож байна. Засгийн эрх барьж байгаа МАХН туйлын хариуцлагатай, мөн МАХН-ын бүлэг санаачилгатай ажиллавал гарах гарц нээлттэй. Харамсалтай нь энэ эрхээ эдлэх бололцоог Засгийн газар хаагаад байна. Засгийн газрын гишүүн Ардчилсан намын гишүүдийг гэмт этгээдүүд гээд хэлчихсэн. Хууль номондоо гэмт этгээдүүд УИХ-д суух эрхгүй. Хуралдаанд оролцох нь бүр ч байж болохгүй. Иймд энэ ойлгомжгүй байдлаас гарах тэр шийдлийг эрх баригчид өөрсдөө гаргаж тавих ёстой.

А. Гэвч У.Хүрэлсүх сайд чуулганы танхимд хэлсэн учраас хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдээд байгаа шүү дээ?

Х. УИХ-ын гишүүн хүн хэчнээн халдашгүй дархан эрхтэй боловч хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй биш. Хуульд бүр тодорхой заасан байгаа. УИХ-ын тухай хуулийн 34.3-т “УИХ-ын гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй.” гэж тов тодорхой заасан байгаа.

А. Өчигдөр Ардчилсан намын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй ч хэд хэдэн асуудал хэлэлцсэн?

Х. Олонхиороо ирцээ бүрдүүлээд явуулбал явуулна биз. Ингэлээ гээд Монголын төр сайхан харагдахгүй байх. Үе үеийн УИХ-аас хамгийн арчаагүй нь болж харагдах байх. УИХ-ын чуулган тасралтгүй, үр ашигтай үргэлжлэх нь эрх баригчдаас хамаарч байгаа. Ардчилсан намын байр суурь үнэтэй. Монгол төрийн ирээдүй МАХН, Ардчилсан намын хамтын ажиллагаанд тулгуурлан цаашаа явах болно. Явцуу эрх ашигтаа хөтлөгдөөд, ялангуяа гүйцэтгэх засаглалын хүрээнд байгаа алдаа дутагдлыг улайм цайм хаацайлаад, нүдэн балай, чихэн дүлий явъя гэвэл явна л биз. Тэгээд энэ байдлаа ард түмэнд зөвөөр ойлгуулахгүй, үргэлж буруугаар тайлбарладаг. Уг нь Ардчилсан нам хийх ёстой ажлаа хийж, тавих ёстой асуудлаа тавьсан. Цаашид ч хийнэ. Энэ бололцоог хангах нь эрх баригчдаас шалтгаалаад байгаа юм. УИХ-ын үйл ажиллагааг дарамтан дор, ялангуяа Засгийн газрын дарамтад байлгамааргүй байна. Үндсэн хуульд УИХ болон Засгийн газрын зааг ялгааг тун тодорхой салгаад өгчихсөн байгаа шүү дээ. Гэтэл УИХ Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Засгийн газрын нэг гишүүний асуудлыг хэлэлцэж байхад нэг гишүүн нь Засгийн газрын асуудлыг дахин тавиад байх юм бол УИХ-ыг тараана шүү гэж дарамталж байгаа нь хэр нийцэж байгаа юм бол. Ийм улайм цайм явдал болоод байхад өмгөөлж, хаацайлаад байгаа нь сонин санагдах юм. Ойлгоход ч хэцүү байна.

А. Ардчилсан намын гишүүд Ерөнхийлөгчид хандсан. Гэвч бас л тодорхой шийдэл гаргасангүй?

Х. Еренхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлсэн гэж ойлгож байгаа. Засгийн газрын гишүүний буруу үйлдэл гэж хэлсэн. Иймд энэ дүгнэлтийг ч МАХН анхааралдаа авах ёстой.

А. Ер нь улс төрийн энэ ойлгомжгүй байдлын улбаа 2000 оноос эхэлсэн. Тухайн үед МАХН олонх байхдаа төрийн дээр намаа гаргаснаас өнөөдөр улс төр ийм сул дорой байдалд орлоо гэсэн байр суурьтай хүн цөөнгүй бий?

Х. Энэ бол миний хувийн ойлголт шүү. Энэ Засгийн газарт Үндсэн хууль, түүний үзэл баримтлал, Монгол төрийн инстутициуд, тэдгээрийн хоорондын харилцааны хамааралтай ойлголттой нөхөд байдаг юм уу гэдэгт эргэлзээд байна. Уг нь УИХ болон Засгийн газрын
бүрэн эрх, үүргийг нь маш тодорхой заасан байгаа. Хэрвээ эдгээр нөхдөд ийм ойлголт байхгүй бол өөрсдөө татгалзах хэрэгтэй. 1996-2000 онд МАХН парламентад сөрөг хүчин байсан. Тэр үед хийж байсан үйлдлүүд харин ч ёстой санаатайгаар төрийг үймүүлж байсан юм шүү. Бүр 45 хоног хурал хаяж, улс төрийн ойлгомжгүй байдал үүсгэж байснаа мартаагүй баймаар юм. Хэлбэл харин ч хэлэх зүйл олон байгаа. Өнөөдрийн энэ улс төрийн ойлгомжгүй байдалд шийдэл бол байгаа. Хамгийн гол нь хүсэл эрмэлзэл байх ёстой. Эрх, үүргээ мэдэрч, хатуу, гашуун ч гэсэн хариуцлага тооцдог байх ёстой. Түүнээс бус бүх юманд толгойг нь илж, асуудал улам лавшраад л байвал улам хурцдах байх.

ЭХ СУРВАЛЖ: Ардын эрх сонин, 2007.01.26, Сэтгүүлч Т.Баярмаа

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply