Ардчилсан Намын цуглаанд хэлсэн vг

Ардчилсан Намын цуглаанд хэлсэн vг

Монголчууд бидний эрхэмлэж явдаг энэ талбай дээр засгийн газар гутамшигт үйлдэл өчигдөр хийлээ.

Тэд өвгөд хөгшид рүү, эмэгтэйчүүд эхчүүд рүү халджээ
Тэд иргэний хөдөлгөөнийг нухчин дарах гэж оролджээ
Тэд өв уламжлалаа умартан монгол гэрийг хүртэл эвдэн сүйтгэсэн байна.
Тэд иргэдийнхээ үндсэн хуулиар хамгаалагдсан дархан эрхэд халджээ.

Надад энэ Засгийн газраас асуух зүйл байна!

Та нар өвгөд хөгшидыг эмэгтэйчүүд эхчүүдэд халдаад авилга хээл хахуулаасаа салах уу? Гэж ерөнхий сайдаас асуумаар байна.

Та нар энэ талбай дээр байсан гэрийг машинаар чирж нураагаад монгол газар шороогоо, байгалын баялагаа харийн хүйтэн сэтгэлтнүүдээс хамгаалах юм уу?

Хүний эрх эрх чөлөө, шудрага ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэх, Түүх соёлынхоо уламжлалыг нандиглан өвлөж байхаа тунхагласан Монгол улсын үндсэн хуулинд энэ засгийн газар захирагдах ёстой үү? Үгүй юу?

Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуулинд байдаг. Засгийн бүх эрхийг эдлэх ёстой ард иргэдийнхээ үгийг сонсож, хүлээж аваад уулзах нь засгийн газрын үүрэг биш гэж үү? Ард иргэдээсээ нуугдан зугтаад байдаг засгийн газар гэж байдаг юм уу?

Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон “төрийг удирдах хэрэгт оролцох”, “сайн дураараа эвлэлдэн нэгдэх”, “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх” эрхээ эдлэх гэж яваа ард иргэдээ нухчин дарах гэсэн үйлдлийг чинь юу гэж ойлгох вэ?

Монгол улсын иргэн “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтөи илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтөи” гэсэн үндсэн хуулийн заалтыг өвгөд хөгшидрүүгээ дайрч, тэднийг зодож нүдэж, айлган сүрдүүлэх замаар хангадаг засгийн газар байж болох уу?

Энэ талбай дээр бараг 10 хоног тайван замаар үзэл бодлоо илэрхийлэн, төр засагтаа хандан бидний үгийг сонсооч, бидний яриад байгаа асуудлыг ил тод хэлэлцээд өгөөч гээд байгаа иргэдээ айлган сүрдүүлж, эрх чөлөөнд бүдүүлгээр халдан, тэднийг зодож нүдээд энэ засгийн газар юу шийдэв? Нийгмийн өмнө тулгамдсан, шийдлээ хүлээж буй асуудлууд бахь байдгаараа байж л байна шүү дээ!

Иргэдээ биш харин асуудалд хүчээ гаргаач засгийн газраа!

Энд байгаа хэдэн гэрийг нурааж, унь ханыг нь машинаар чирж талбай дэгүүр давхиад ядуурал, авилга, хүнд суртал зэрэг асуудал шийдэгдэх үү?
Энд байгаа хэдэн гэрт биш асуудалд ид хав аа гаргаач засгийн газраа!
Иргэдээ нухчин дарвал ядуурал үгүй болох мэт
Иргэдийнхээ эрхийг хумиад байвал авилга хээл хахууль арилах мэтээр ойлгодог коммунист засгийн газар бидэнд хэрэггүй ээ

Ард иргэдийнхэээ үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаад, тэднийг айлган сүрдүүлээд, өвгөд хөгшидыг зодож нүдэж байгаад нийт ард түмний минь өмч болох байгалын баялагыг ямарч хараа хяналтгүй, Фридлайн мэтийн хүмүүстэй нийлэн завшина гэж бодож байгаа бол дэндүү том эндүүрэл болно шүү!

Монгол ахан дүүсээ,
Монголчууд авилга ядуурал хүнд сурталаас ангид төр засагтай болох цаг ирж л таараа!
Монголын газар шороо, эрдэс баялаг Монголчуудын төлөө үйлчлэх цаг ирж л таараа!

Энэ цагийг ойртуулахын тулд бүгдээрээ хүчээ нэгтгье.
Мөнх тэнгэрийн хүчин бишрэн ардчилал, шудрага ёсны төлөө зүтгэе Монголчууд аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *