Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй.

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо манай ард олон Засгийн газрын мэргэн удирдлага дор гялалзсан амжилтаар угтах гэж байна. Саяхан нийгэм эдийн засгийн ололт амжилтын талаар Статистикийн газар ээлжит, бурам шиг сайхан мэдээгээ танилцуулжээ.

Р.Амаржаргал

Памфлет

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо манай ард олон Засгийн газрын мэргэн удирдлага дор гялалзсан амжилтаар угтах гэж байна. Саяхан нийгэм эдийн засгийн ололт амжилтын талаар Статистикийн газар ээлжит, бурам шиг сайхан мэдээгээ танилцуулжээ. 

Өнгөрсөн оны мөн үетээ харьцуулсан статистик мэдээнээс үзвэл, хөдөлмөрийн фронтод ялалт байгуулсаар.  Аж үйлдвэрийн салбарт ажиллагсад 0.4 хувиар өсөж 80.9 мянга болсон бөгөөд бохир ус зайлуулах, хог хаягдлын менежментийн хүрээнд 6.7 хувиар өссөн нь сондгойрсон ололт юм. Ийм сайхан, өчнөөн олон ажлын байр буй болгож буй дарга нарыг төрийн одон медаль, цаашилбал, Засгийн газарт гишүүнээр татан авах тухай ч мэр сэр яриа саарал ордноор явж байгааг, ордны тамхичдын хүрээнийхэн их л нууцлан буйг манай тусгай сурвалжлагч сонссон байна. 

Ер нь статистик мэдээнээс үзэхэд ажилгүйдэл бидний хувьд огт асуудал биш бололтой. Бусад улс орнууд гайтай цар тахлаас болж өчнөөн хүндээ ажлын байрыг нь хадгалж чадахгүй байхад харин манайд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо навч буурсан байна. 16.4 хувиар!!! Үүнийг л амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх билээ. 

Ажиллах хүч гэдэгт багтсан ажил эрхэлж байгаа нь 1.176 мянгад хүрч 1.8 хувиар өссөн тэмдэглүүштэй бөгөөд ажилгүйдэл 8 хувь ч хүрэхгүй байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.6 хувиар буурсан нь манай яруу алдарт төр засгийн мэргэн удирдлага гэхээс өөр юу гэх билээ. 

Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү амжилтыг бататгах үүднээс манай статистикийн хамт олон шинэ бүтээгдэхүүн тогтмол, бүрэн дамжлагын горимоор, үйлдвэрлэж байгаа бөгөөд -“цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч”-   ээлжит шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн халуун гэр бүлд хүч түрэн орж ирж байгаа шинэ давхарга бөгөөд хөдөлмөрийн дутуу ашиглалтын 2.5 хувь буюу 4100 хүнийг гишүүнээр бүртгэсэн байна. Энэ хурдаар яваад байвал ажилгүйдэл гэдэг үзүүлэлт тун удахгүй хэрэггүй болж Засгийн газар яавал ямааг чарлуулахгүй самнах вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулах боломжтой болно. 

Өрхийн дундаж орлого 8.8 хувиар өсөж иргэд маань энэ хэмжээгээр баяжиж байгаа учраас өрхийн зарлага аа 5.6 хувиар нэмэгдүүлснийг сайшаалтай. Мөн нийгмийн даатгалын сангийн бидэнд зарцуулдаг зарлага бүр 23.5 хувиар нэмэгдэж, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авсан хүний тоо ч 11.9 хувиар нэмэгдэж байгаа нь засгийн газраас зарласан тэжээлгэх сэтгэлгээг хүн бүрд хоногшуулах эрхэм зорилго эрчимтэй хэрэгжиж буй нотолгоо юм. 

Өөр бас сайн мэдээ байгаагаас онцловол: эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, халдварт өвчнөөр өвдсөн хүний тоо мундаг цөөрсөн явдал юм. Харин, энэ гайтай цар тахалтай хэдийг яаж ангилах талаар Засгийн газраас шийдвэр ирээгүй байгаа тул тур орхигдууллаа.

Хэрцгий муухай гэмт хэрэг гараад байгааг мэдээг статистик нотлохгүй байгаа бөгөөд тоо худлаа ярихгүй гэдгийг та нар сайн мэдэж байгаа. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг 26.1 хувиар буурсан нь, тухайн салбарынхан шинэ ирж буй дарга даа, эхний хэдэн сардаа ололт амжилтаар бэлэг барьдаг хуучин уламжлал зул болоогүйн илрэл гэлтэй. 

Манай Монголбанкны хамт олон ч бас хэлэх үгтэй сууж байна. Эдийн засагруу цацаж буй мөнгө бараг 10 хувиар өссөн бөгөөд та бид ч Монголбанкаа дэмжиж өр зээлээ тун сайн буцаан төлж байгаа нь зээлийн өрийн үлдэгдэл 65.5 (!!!) хувиар багассан явдал юм. Энэ бол Монголбанк ард иргэдийн нэгдэл нягтралыг нотолсон гайхамшигт хамтын ажиллагаа юм. Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй. Харин хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээл гэх мэтийн дэл сул үзүүлэлт бидний амжилтаас хойш татах гээд байгааг холбогдох нөхөд анхаарна биз дээ. 

Монголчууд бид төрөлхийн интернационалч уг чанартай бөгөөд энэ нь тухайлбал, бусад улсын валютыг тасралтгүй дэмжиж байдгаар илэрдэг билээ. Бид өнгөрсөн зуунд рубль, шилжих рубль зэргийг хэчнээн сайхан дэмжиж ирснийг түүх мартаагүй байгаа. Энэ удаа ч уламжлалаа бататган гаднын валют худалдан авах аа 53 хувиар нэмэгдүүлж чадлаа. Манай төгрөг жаахан гомдолтой буй сураг байгаа ч цар тахалд нэрвэгдсэн, ядарсан америк, япон, солонгос, хятад, европын холбооны гишүүдийг – тэдний валютыг үнэд хүргэж, баталгаажуулах – дэмжиж буй Монголын туршлагыг дэлхий даяар удахгүй нэвтрүүлэх байх. 

Улсын төсвийн орлого олигтой орж ирэхгүй байгаа ч, манай баатарлаг Сангийн яам, төсвийн зардлыг гуравны нэгээр нэмэгдүүлэн, төсвийн алдагдлын шинэ дээд рекорд тогтоож чадлаа. Энэхүү амжилт тогтоохдоо ирээдүйгээсээ зээлсэн нь уран нүүдэл гэж шагшигдан магтагдаж байна. 

Үнийн өсөлтийн тухай мэдээлэхгүй бол ямар статистик мэдээ байх билээ. Инфляц гэдгийг мартаж болно гэсэн баяртай мэдээг та бүхэнд хүргэхэд таатай байна. Ганц хувь ч хүрэхгүй байгаа инфляцыг мартаж болно. Харин зарим нэгэн муу ёрлосон эдийн засагч сэтэртэнгүүд стагфиляци ч гэн үү, хэл хугармаар нэр томьёо гаргаж ирээд, инфляц гэдгийг удахгүй та нар “санандаа санана” гэсэн дуу хүртэл гаргасан байна. 

Бидэнд амжилтын хажуугаар бас алдаа дутагдал байна аа. Тухайлбал, жаахан дүргүй хүргэж буй нь төмөр замын зорчигчид. Тэд огт зорчихгүй байгаагаас зорчигч тээвэр хасах 23.3 хувьтай гарсан нь тэвчишгүй муухай үйлдэл бөгөөд дөнгөж 3.3 хувь буурсан агаарын тээврийн зорчигсдоос тэд сурах хэрэгтэй. Мөн хатуу хөл хорио тогтоож бүх талын бололцоо олгоод байхад кабелын ТВ үзэгчид дөнгөж л 0.3 хувиар нь нэмэгдсэн нь туйлын чамлалттай бөгөөд олны амжилтаас хумсалж буйдаа дүгнэлт хийх цаг болсон гэдгийг хатуу анхааруулъя. 

Товчхондоо,  Монгол улсын эдийн засаг нийгмийн байдал тун өнгөлөг сайхан байгаа учраас иргэд та бүхэн тайван байж,  өнгөт болон өнгөгүй зурагтаасаа холдохгүй төр засгийн мэдээгээ сонсож байгаарай. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *