Ямар ч тогтолцоо байлаа гэсэн түүнийг АМИЛУУЛДАГ нь сонгуулийн эрхтэй ИРГЭН та

Өнөөдөр 11-р сарын 26. Хаант засгийг халж Бүгд найрамдах улсаа 96 жилийн тэртээ тунхагласан учраас энэ өдрийг бид тэмдэглэдэг билээ. Бүгд найрамдах улсын тогтолцоо нь дэвшилт тогтолцоо байсан нь маргаангүй. Англиар “Republic” гэдгийг бид “Бүгд найрамдах улс” гэж орчуулан нэрлэсэн бөгөөд анхны бүгд найрамдах улс нь эртний Ромд м.э.ө 509 онд үүссэн байдаг. 2500 гаруй жилийн тэртээ дээ. Хэдэн зуун жил бүгд найрамдах улс хэлбэрээр оршиж байгаад сүүлдээ эзэнт гүрэн болсон.

Бүгд найрамдах улсад

  1. Төрийн эрх мэдлийг ард түмэн барих болно
  2. Ард түмэн өөрсдийн шилж сонгосон төлөөлөгч нарт эрх мэдлийг олгож, тэд нь ард түмний нэрийн өмнөөс төрийн хэргийг, ард олны эрх ашигт нийцүүлэн залгуулна
  3. Ард түмнийг төлөөлж буй хүмүүс нь цөөн хэсгийн төлөө биш, харин нийт ард түмний элч төлөөлөгч байж, тэдний төлөө зүтгэнэ гэж санан тооцож байгуулсан төрийн хэлбэр юм. Хэрвээ та анзаарсан бол дээр дурдсан гурван шинж чанар манай одоогийн Үндсэн хуулинд тэр чигээрээ байгаа.

Бидний дундаас, бидний жаргал зовлонг мэддэг хүнийг, бид өөрсдөө сонгох учраас тэд:

  1. Иргэдэд тэгш, шударга үйлчлэх хууль гаргаж мөрдүүлнэ.
  2. Хэн нэг эсвэл хэсэг бүлгийг бус харин нийтийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ
  3. Эрх чөлөө хөгжил цэцэглэлт авчирна гэж бодож итгэж бүгд найрамдах улс хэлбэрийг гаргаж ирсэн байдаг. Хэрвээ та анзаарсан бол эдгээр шаардлага нь УИХ-ын эрхэм гишүүдийн андгай, үүрэг нь гэж мөн л Үндсэн хууль, бусад хуулинд тусгагдсан байгаа.

Амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйг та надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа.

Энэ асуудлын хүрээнд нэг зүйлийг онцлох ёстой юм. Эртний Ромын үед ард түмэн гээд байгаа нь иргэн статустай хүмүүс байсан юм. Өнөөдрийнх шиг бүх нийтийн сонгуулийн тогтолцоо байгаагүй. Зөвхөн иргэн буюу нас бие гүйцсэн, эрэгтэй хүн л иргэн байж сонгуульд оролцох эрхтэй байсан. Тэднээс гадна эмэгтэйчүүд боолууд гэх мэт зөндөө л хүмүүс байсан ч тэд төр барих хүнийг сонгох эрхгүй байсан.

Одоогийн АНУ-ын төлөөлөгчидын санал буюу “electoral college” гээд байгаагийн эхлэл ч бас эндээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, биднийг төлөөлөх хүнийг сонгох эрх нь татвараа төлдөг, бичиг үсэг тайлагдсан гэх мэт нэлээн өндөр шалгуур хангасан иргэнд байсан юм.

Мэдээж хэрэг олон зуун жилийн явцад бүгд найрамдах улс загвар нь агуулга, хэлбэрийн хувьд үлэмж өөрчлөгдсөн бөгөөд ялангуяа бүх нийтээрээ санал өгдөг сонгуулийн тогтолцоо хүлээн зөвшөөрөгдсөн (бүх нийтийн сонгуулийн систем яагаад буй болсон үүх түүхийг бичвэл барагдахгүй!!!) тэр цагаас сонгуулийн ардчилал гэдэг нь түгээмэл болсон. Сонгуулийн ардчилал дарангуйлалд шууд хөтөлнө шүү гэж 17-20 зууны гүн ухаантнууд сэрэмжлүүлэн, тун ч их болгоомжилж байсныг бас дурдах ёстой.

Сонгуулийн ардчилал Монгол хөрсөнд хэрхэн бууж буйг ч та бид анзаарч байгаа. Гэхдээ болохгүй, бүтэхгүй юм л гарвал тогтолцоонд нялзааж “за Үндсэн хуулиа өөрчлөе, төр хуулийг өөрчлөе” гэх нь асуудлыг иргэн та биднээс зайлуулаад байна. “Иргэн би буруугүй”, “Эрхэм гишүүн буруугүй, Сайд буруугүй” – тогтолцоо л буруутай гэсэн хандлага газар авч буйг зөвтгөх аргагүй.

Ямар ч тогтолцоо байлаа гэсэн түүнийг АМИЛУУЛДАГ нь хүн, тодорхой хүн, сонгуулийн эрхтэй ИРГЭН та. Таны хариуцлага гэж байгаа шүү гэдгийг энэхүү баярын өдөр эргээд нэг санахад илүүдэхгүй л байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *