Цар тахал ба нарийн төвөгтэй систем

2020-11-9

Ковид-19 гэдэг мангастай учраад бараг жил боллоо. Бид дээр дооргүй бишгүй л “тэмцэж” буй ч айдас хүйдэс арилаагүй, эрт урьдын сайхан цаг эргэн ирэх найдвар улам л ширгэж байна. 

Миний ойлголтоор энэ цар тахлыг байгаль эхийн сануулга, хүн гэдэг амьтанд гомдсон гомдлын илрэл гэж боддог. Гэхдээ эл сэдвийг би хөндөх гэсэн юм биш. Харин асуудлыг хэрхэн авч үзэх талаар зарим санаагаа хуваалцъя. 

Аливаа нийгэм- эдийн засаг, улс төрийн систем нь (орчин үеийн хэлээр complex) туйлын нарийн төвөгтэй, эмзэг, адармаатай. Түүнийг төвлөрүүлэн удирдах аргагүй учраас цагийн аясыг мэдэрч, дагаж, дасан зохицох чадвартай субъект буюу хувийн өмч, түүнд тулгуурласан, боломжийн өрсөлдөөнт зах зээл, төвлөрөлийг сааруулан орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар, байж болох эрсдэлийг анхан шатанд тараан байршуулдаг. Гэхдээ тэр орон нутаг, зах зээлд оролцож буй агентууд нь “амьдрах чадвартай, уян хатан, хаттай” байх шаардлага байдаг. 

Цар тахал мөн л нарийн төвөгтэй, адармаатай систем (жишээ нь мутацид тасралтгүй ордог г.м) бөгөөд оршин буй нийгэм эдийн засаг, улс төрийн системтэй урьдчилан таамаглах аргагүй байдлаар холбогдож харилцан үйлчилж байгаа. Тиймээс Цар тахлын аюулыг шийдэх хамгийн боломжийн арга замыг – цаг хугацааны дарамт болон трансакцийн зардлаас хамааран – богино хугацаанд зах зээл болон төвлөрсөн бус систем нь тодруулж чадахгүй. 

Нөгөө талаас асуудал нь дэндүү нарийн төвөгтэй учраас хамгийн боломжийн, нийгэмд хохирол багатай арга зам юу болохыг улс төрийн шийдвэр гаргагчид мэдэхгүй, баримжаа таамгаар явдаг. Аль онож, юу нь онохгүй байгааг таах аргагүй. Мөн цар тахлын эсрэг явуулж байгаа бодлогыг нийгмийн зүгээс хүлээж авах байдал, хэрхэн хандах нь хүлээлтийн хүрээнд яригдах учраас засгийн авч буй арга хэмжээг учир зүггүй дэмжээд өгнө гэж дүгнэж болохгүй. Нийгмийн тэвчээр хэд хоног, хэдэн сар байхыг таах аргагүй. Жишээ нь, нийгмийн дотор ахмад, дунд наснаыхан болон залуус тэс өөр сонирхолтой нь амьдралаас харагдаж байна. 

Эл нөхцөлд асуудлыг амжилттай шийдлээ гэхэд зөв бодлого явуулсан учраас гэх үү, эсвэл аз таарсан, учрал нь тэр байж гэх үү гэдэг нь нээлттэй асуудал юм. Харин мэдээллийн орон зайг эзлэн өөрийн дүгнэлтээ нийгэмд түрүүлж хүргэж чадсан нь “ялагч” болно. 

Аливаа хямрал богино, харин шийдэл нь урт удаан хугацааны байдаг гэдгийг санаж, засгийн өнөөгийн шийдвэр хэдий оновчтой байсан ч цар тахлын дараа төрийн оролцоо, захиргааны аргаар асуудлыг шийдээд байна гэж ойлговол том эндүүрэл болно. Асуудлыг “хөрслүүлэн”, тухайн тухайн газраа хамгийн оновчтой шийдэл олоод явах нь субъект нь хувийн сектор бөгөөд түүнээс өөр найдах зүйл энэ Засгийн газарт байхгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *