Засгийн шийдвэр эерэг хүлээлт үүсгэж чадах уу?

Шийдвэр гаргахдаа иргэд, нийгмээ биш харин эрх баригчдад, түшмэдүүдэд хялбарыг боддог: “хаа”, “зогсоо”, “хорь” гэхээс өөр юм мэдэхгүй төр - сул төр.

Засгаас эдийн засгийг дэмжих 23 арга хэмжээ төлөвлөсөн гэж зарлаж байна. Ерөнхийлөгч өрх бүрд сая төгрөг олгоё гэдэг санал гаргаж байна. Аль нь олонд илүүтэй хүрсэн бол? гэсэн асуултын хүрээнд судалгаа хийвэл манай нийгэм эдийн засгийн бодит дүр төрх тодорно. 

Засгаас хэрэгжүүлж буй мөнгөний болон сангийн бодлого нь эдийн засагт нөлөөлдөг хэдий ч чухам яаж үйлчлээд байгаа нь тодорхой биш юм. 

Жишээ нь, Засгаас эдийн засгийг дэмжих хүрээнд авах арга хэмжээ гээд зарлаж байгааг аж ахуйн нэгж ч бай, хувь хүн ч гэсэн хүлээн авч өөрийн үйл ажиллагаандаа залруулга хийж явна гэж онолын хувьд үздэг. Өөрөөр хэлбэл, зарлахаас өмнө/дараа/ нь тодорхой хүлээлт үүсдэг. 

Иймэрхүү хүлээлт хир бодитой вэ? хэрвээ бодитой бол хувь хүн, аж ахуйн нэгжийн үйл хөдлөл нь Засгийн шийдвэрийг даган түргэн өөрчлөгдөж байх учиртай. Харин амьдрал дээр засгийн макро бодлого болон эдийн засгийн ерөнхий орчин уур амьсгалыг анзаардаг нь тун бага, сул гэсэн судалгаа байдаг. 

Яагаад тэр билээ, яагаад засгийн шийдвэрийг “тэд” тоохгүй байна? 

Нэгд, мэдэхгүй, засгаас зарласан арга хэмжээ нь тэдэнд хүрээгүй. Тухайлбал, энэ сарын 18 нд зарласан 23 арга хэмжээг мэдэж байгаа хүн байна уу, ойлгож байгаа хүн байна? хэрэгжих магадлалтай юу? Харин Ерөнхийлөгчийн санал болгосон “нэг сая өрх бүрд” гэдгийг мэдэж “зөв, буруу” гэж талцаад эхэлсэн. Харин засгийн шийдвэрийг хүргэх төдийгүй, яаж хүргэх нь эерэг хүлээлт үүсгэхэд чухал юм. Товчхондоо, Ерөнхийлөгчийн пиар баг нь Засгийнхаас илүү, үр дүнтэй байна. Үнэндээ ч , иргэдэд 23 арга хэмжээ гэх мэт толгой эргүүлсэн зүйл огт хэрэггүй: сая төгрөг өгөх эсэх, гарч орох эрх чөлөөтэй байх эсэх, архи зарах эсэх, сургууль завсарлах эсэх гэх мэт тийм – үгүй гэсэн хариулт шаардсан зүйл л чухал, бусад нь ерунда. 

Хоёрт, итгэл үгүй. Засгаас зөндөө л юм ярьж байдаг, тэртээ тэргүй надад наалдтал хаа ч билээ, өгвөл сайн л биз, өгөхгүй хүртэхгүй бол тэр л биз. Тэртээ тэргүй хүртэхгүй гэдгийг мэдэж байсан гэсэн хүлээлт. Тиймээс маргаашийн “өөхийг” хүлээснээс, “өнөөдрийн уушги” гээд хорио цээрийг зөрчөөд ч гэсэн зүтгэж байгаа дийлэнх хэсэг байна. 

Тэдний хувьд, ойр хавийн, өөр шиг хэн нэг нь засгаас юм хүртсэн байвал Засагт гомдож, атаархал, үзэн ядалт, зуулт үүснэ. Алагчлан хэрэгжсэн, итгэл төрүүлэхгүй засгийн шийдвэр нийгмийн уур амьсгалыг эвдэж, нийгмийг улам л хагаралдуулна. Хагарал, эгдүүцэл бухимдал өсөж буйг мэдэрсэн эрх баригчид яаралтай “цайруулах” ёстой болж, улам ихийг амлаж, тэжээлгэх сэтгэлгээг өөгшүүлнэ. Олны итгэлийг хөсөрдүүлсэн Засаг нийгмийн хүлээлтийг залах бус харин түүнд хөтлөгдөж эцсийн дүндээ нийгэм “дэлбэрэх”юм. 

Гуравт, Засгаас зөв зүйл зарласан ч хэрэгжүүлэх нь үр дүнтэй байж чадахгүйг зөнгөөрөө мэдэрдэг нэг хэсэг. Ийм данхар, түшмэл болгон гарын үсгээ мөнгө болгох гэж улайрдаг, ингэтлээ авилгад идэгдсэн төрийн алба аливаа санаачлагыг зөв хэрэгжүүлэнэ гэдэгт итгэх хүн ховор. Харин тэр авилгал хахуулийн сүлжээнд багтаж, өөрийгөө л болгоод авья гэсэн сэтгэлгээ үүднэ. Хамгийн тод жишээ нь, шуугиан дэгдээсэн тусгаарлалтын хүмүүсийг байрлуулсан амралтын газар. 

Дөрөв, нийгмийн ухамсрыг залдаг нэг хэсэг байдаг. Тэдний “амын зугаа гаргах” гэж Засаг шийдвэр гаргадаг байж болохгүй. Үнэндээ, нийгмийн сүлжээнд санаатай санаандгүй өрнүүлсэн (сэвсэн) сэдэв тойрсон Засагтай болсон. Нийгмийн сүлжээнд хэн нэг нь гал асаадаг түүнийг унтраах гэж Ерөнхийлөгчөөсөө багын дарга хүртэл уханадана. Нөгөө талаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нарын сөргөлдөөн, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн зөрчилдөөн нь нийгмийн сүлжээнд анхлан эхэлж, гадна дотнынхон түүнийг нь өрдөж, бусдын “идэш” болно. 

Товчхондоо: үүсээд буй нөхцөл, хатуу хорио тогтоож байгаа байдал зэргээс манай төр ямар сул дорой болох нь илт харагдаж байна. Шийдвэр гаргахдаа иргэд, нийгмээ биш харин эрх баригчдад, түшмэдүүдэд хялбарыг боддог: “хаа”, “зогсоо”, “хорь” гэхээс өөр юм мэдэхгүй төр – сул төр

Ажилгүйдэл 11-13 хувиар нэмэгдэж, өрхийн зарлага 1\3 ээр буурсан, хуримтлуулсан хэдийгээ барсан  байдалтай хүнд хахир өвөл, хавартаа золгох иргэд нэг зүйлийг л сайн ойлгох ёстой: энэ хямрал сүйрлийг давж гарна аа, харин хямралаас баячууд нь улам л баян, ядуучууд нь улам л ядраад гарна. 

Жич: Засгаас зарлаж буй арга хэмжээ нь өрх, иргэд, аж ахуйн нэгжийн хүлээлтэд хүчтэй нөлөө үзүүлдэггүй шүү. 

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply