Энэ бол нэг сая долларын үнэтэй асуулт

Эрчүүд, цэргүүд, залуусын тухай яриа

Бюро 24/7 ярилцлагын булан Монгол цэргийн өдөрт зориулж Монгол улсын ерөнхий сайд асан, бэлтгэл ахмад Р.Амаржаргалыг зочноор урьлаа. Тэрээр бидэнд цэрэг эрс гэж хэн болох тухай ярьж, түүхэн хүн, төрийн хар хүн гэж хэнийг хэлдэг тухай өгүүлэхийн хамтад бидний сонирхсон нэг сэдвийг “Сая долларын үнэтэй асуулт” гэж нэрлэлээ.

Тогтуун хүч хэмээн нэрлэдэг улс төрч, бэлтгэл ахмад Р.Амаржаргалтай хийсэн энэхүү ярилцлага гурван сэдвээр өрнөлөө. Монгол улсын Ерөнхий сайдаар залуудаа томилогдон ажилласан тэрээр эр цэрэг, эх оронч үзлийн тухай юу гэж боддогийг нэгдүгээр хэсгээс үзээрэй. Ардчилсан нийгэм монголд тогтсоноос хойш эдийн засгийн чөлөөт байдлыг бий болгох гол зорилгын төлөө ажиллаж, залуугаас өдий хүртэл явсан Р.Амаржаргал гэж чухамдаа ямар хувь хүн бэ гэдгийг ярилцлагын хоёрдугаар хэсгээс тоймлон унших боломжтой. Хамгийн сүүлд та “Энэ бол нэг сая долларын асуулт” байна гэж түүний хошигнож хэлсэн “Монголын эдийн засаг хэзээнээс эргэн сэргэх төлөвтэй байна вэ” гэх асуултын хариуг уншаарай. Мэдээж түүний хамгийн сүүлийн үед хийж бүтээсэн гол ололт амжилт, ойрхи ирээдүйд хийх гэж байгаа зүйлсийнх нь талаар бид асуусан байгаа.

I

Монголд ардчилсан нийгмийг цогцлооход оролцсон төрийн түшээдээс цэргийн албатай холбоотой цөөн хүн байдгийн нэг нь та. Та залуудаа буюу 1990 оноос өмнө нь цэргийн сургуульд багшилдаг байсан. Тухайн үед заадаг байсан таны хичээлээс одоо залуучууд сурч, мэдвэл хэрэг болох зүйлийг тоймлоод ярихгүй юу.

Намайг Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд багшилдаг байхад цэргийн мэргэжлийн хичээлээс гадна ирээдүйн оффицеруудад сэтгэл зүйн хичээл их ордог байсан. Цэрэг гэдэг өөрөө төрийн мундаг институти. Цэрэг батлан хамгаалах тогтолцоог хангаж, эх орноо хамгаалах хамгийн ариун нандин мэргэжил гэж тодорхойлдог. Тэгэхдээ энэ бол ил, гадна талаасаа харагдах зүйл. Үнэн хэрэгтээ бол цэрэг, арми хамаагүй өргөн ойлголттой. Хамгийн энгийнээр хэлбэл цэрэгт олон аавын хүүтэй нэг казармд амьдарч, ааш аашаа авалцаж, юм юмны захыг ойлгодог эр хүний хүмүүжил, хүн болох төлөвшил энд бий. Хүнтэй үерхэж сурах, хүний үнэ цэнийг мэдрэх, тэсвэр хатуужлын хүмүүжлийг цэрэгт олгодог. Үүнийг авч чадсан хүн нийгэмд идэвхитэй үүрэг гүйцэтгэх чадвартай нэгэн болно. Тэр өнцгөөс нь харах хэрэгтэй юм.

Хоёрдугаарт цэргийн хүн мэргэжлийн өндөр чадвартай байх ёстой. Тэгж байж л өмнө нь тавигдаж байгаа үүргийг биелүүлнэ. Яг нарийн ярих юм бол цэрэг мэргэжлийн байна гэдэг маш өндөр ёс суртахуун шаардагддаг зүйл. Ялангуяа цэргийн сургууль төгсөөд гарах оффицеруудын хувьд. Тэд сургуулиа төгссөний дараа салаан захирагч болоод очихдоо өөр шигээ “нялх” залуучуудад бараг л эцэг нь болно. Цэргийн урлаг, тактик заахаас гадна өдөр тутмын амьдралыг нь удирдаж, сэтгэл санаанд нь дэм болж явах хэрэгтэй болдог. Тиймээс л үүнийг хангаж чадах, эцсийн дүндээ цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлж, оффицеруудад эх орондоо үнэнч байх, шудрага байхад нь чиглэсэн сургалт явагддаг байсан.

Энд нэг юм тодруулж асууя. Ер нь цэргийн хүмүүжил авсан эрэгтэй хүн, аваагүй залуу хоёрт ямар ялгаа байна вэ?

Ялгаатай. Хамгийн наад зах нь нэг шанаа авахдаа унжигнаад байхгүй шүү дээ. Хүнээс үг сонсож, дааж сурна. Юманд арай тэвчээртэй, хүлээцтэй, алсын хараатай хандана. Аливаа зүйлийн наадах цаадахыг бодож сурна. Бие бялдрын хувьд ч өөрчлөгдөж, ер нь цэрэгт хүн өдөр, шөнө шиг өөр болчихоод л ирдэг юм.

Энэ сэдэвтэй холбоотой хэдэн асуулт асууя. Монголын түүх саяхныг хүртэл цэрэгжсэн түүх байсан. Таны хувьд манай түүхээс хамгийн сэтгэл хөдөлгөм цаг үе аль нь вэ?

Цаг үе болгон өөрийн гэсэн онцлог, нэг зорилттой. Тэр зорилтуудаас үе залгамжлан авч явсан гол зүйл юу вэ гэвэл Монгол төрийн ариун орших асуудал. Төр улсаа хүчирхэг, ард иргэдээ амгалан байлгах тэр л зорилт. Харин тэр зорилтыг шийдэхэд ямар асуудлууд гарч ирж байсан бэ гэдгээрээ түүхэн цаг үеүүд ялгардаг. Мэдээж анх төрт улс, эзэнт гүрэн байгуулсан цаг үе чухал. Бид хажууд нь байгаагүй, нарийн сайн мэдэхгүй боловч түүхэн баримтуудыг харахад асар том ололт Модун Шаньюйгаас Атилла хааны үе хүртэл байж. Эзэн Чингисийн түүхийг бид мундаг гэдгээс гадна илүү агуу түүх олон зууны өмнө байсан.

Сүүлийн үеийн жишээ, баримт гэхэд манай цэрэг дайчид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, хаа байсан Африк тив болон Афганистанд очиж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Үүнд бусад улс орны генарал, оффицерууд өндөр үнэлгээ өгч байна. Ер нь бол сүүлийн үед манай армид ажиллаж байгаа нөхдүүд улсынхаа нүүрийг их тахалж байгаа.

Монголын олон овог аймгууд цэргийн гарамгай жанжидаараа дэлхийд алдартай. Таны насны хүмүүс түүхээ сайн мэддэг, үнэ цэнийг нь ойлгодог. Таны хүндэтгэж, биширдэг цэргийн ямар зүтгэлтэн байдаг вэ?

Бүгдээрээ л байна. Зэв, Сүбээдэй гээд л эхэлдэг биз дээ? Сүбээдэй баатрын тухай бол хэдэн боть ном бичигдсэн. Мухулай ч мундаг жанжин байсан. Сүүлийн үеийн цэрэг дайчдаас гэвэл Хатан баатар Магсаржав байна. Сүхбаатар жанжин, Лхамжав гуай, Ч.Лхагвасүрэн генаралыг бид гарцаагүй хүндэтгэх хүмүүсийн нэгээр нэрлэх ёстой.

Түүхэн хүмүүс дотор зөрчилтэй дүр гэж байдаг. Нэг талаас харахад сайн авч нөгөө талаас сөргөөр дүгнэгдэх тохиолдол олон. Таны хувьд түүхэн хүмүүсийг ямар өнцгөөс хардаг вэ?

Амьдрал өөрөө эрээнтэй, бараантай болохоор хүн бүр л алдаж, онодог. Бүх юм хоорондоо адилгүй, их харьцангүй шүү дээ. Тухайлбал Английн ерөнхий сайд байсан Уинстон Черчилль гээд алдартай хүн байна. Өдөр болгон нэг шил коньяк уудаг, байнга сигар зуусан, хүүхэмсэг гэж жигтэйхэн хачин нөхөр. Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельт гэхэд өчнөөн олон дутагдалтай. Тэдний дэргэд Гитлер бараг л цагаан хоолтон шахуу. Хүүхэд, амьтанд хайртай гэж жигтэйхэн. Үгүй тэгээд, хэн нь илүү харгис байсан бэ? Хэн нь энэ хүн төрөлхтөнд хамгийн их гай тарьсан, хохирол учруулсан бэ? Цагаан хоолтон нөхөр үү, эсвэл өөр хүн үү? Юм гэдэг их харьцангүй болохоор тэр бүгдийг ялгаж, салгах хэрэгтэй байх л даа.

Амьдралын ийм хоёр талыг тэнцүүлж, зөв арга ухааныг нь олж чадах нь монгол төрийн хар хүний шинж гэж хүмүүс хэлж, бичсэн байдаг шүү дээ. Таныхаар төрийн хар хүн гэж хэнийг хэлэх вэ?

Асуудлын аль нь зөв, бурууг тодорхойлохын тулд бүхэлд нь харж байх чадвар чухал шүү дээ. Харж буй дүр зурагныхаа гурван цагийн уялдаа, зангилааг олж харах чадвар онцгой л доо. Өнгөрсөн, одоо, ирээдүйг харахгүйгээр яваад өгдөг туйлшрал бас байна. Жишээ нь ЗХУ-д нэг хэсэг Сталин хамгийн агуу хүн байлаа. “Эцэг маань” гээд түүн рүү бүгд хашгиран гүйж явсан цаг бий. Дараа нь Хрущёвын үед Сталин шиг муу хүн байхгүй болж хувирсан. Нэг тал руу туйлширч байгаа тэр. Одоо болохоор “Ер нь ч бас дажгүй хүн байсан юм уу” гэсэн яриа гарч эхэллээ. Хятадад түүнтэй дүйцэхүйц нэг хүн байсан нь Мао Зедун. Маогийн 1950-аад онд явуулсан буруу бодлогоос болж гарсан өлсгөлөнд 30-40 сая хүн өртсөн шүү дээ. Чи бод доо! Тийм их Маогийн алдаанаас болж үрэгдэнэ гэдэг аймшигтай биз дээ? Харин хятадууд юу гэж дүгнэсэн бэ гэхээр, “Энэ хүний үйл хэргийн 60-аад хувь нь сайн, 40-өөд хувь нь муу юм” гэсэн байдаг.

Ийм зүйлсийг хүн өөрөө сайн мэдэж, бид ч гадарладаг байх ёстой юм шиг байна. Урд хөршид яадаг билээ, хойно яадаг вэ, тэр далайн чанадад хүмүүс юу гэж боддог вэ гэдгийг нэгтгэж хардаг байх хэрэгтэй. Ер нь бол хүн хэдий чинээ ихийг мэдэж байна, төдий чинээ гүнзгий харна шүү дээ.

Монголд ч бас нийгмийн том өөрчлөлт хийгдээд 27 жил боллоо. Энэ хугацааг хүмүүс хоёр тал руу туйлширсан байдлаар дүгнэж байгаа. Тэгэхдээ яг сайн нь тэд, муу нь төд гэж эн тэнцүү харж дүгнэсэн зүйл бага гардаг. Ер нь тийм дүгнэлт одоо хийх боломжтой юу?

Францын их хувьсгал хэдэн онд болсон бэ?

1789 онд

Түүнээс хойш 228 жил болсон юм байна. Нэг том хүнээс, “Та Францын хувьсгалын талаар юу гэж боддог вэ” гэж асуухад нь, “Одоохондоо хэлэхэд арай эрт байна” гэж хэлсэн гэдэг. Францын хувьсгалыг хоёр зуун жилийн дараа дүгнэхэд арай эрт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дөнгөж хорин настай зүйлийг дүгнэхэд бүр эрт биз дээ? Яваандаа 50, 100 жилийн дараа 1990 оны үйл явцад чухам юу болсон бэ гэдэг нь тодорч, эерэг, сөрөг тал нь илүү бодитой гарч ирэх байх. Би хувьдаа үүнд тодорхой хэмжээгээр гар бие оролцсон хүний хувьд бол гэрэлтэй, эерэг тал нь илүү байгаа гэж боддог.

Ингэж тойм асуусан учир нь гэвэл өнөөдөр 1990 оноос хойш төрсөн, шинэ мянганыхан гэж нэрлэгдэж буй залуу үе гарч ирээд байна. Тэд 1990 оноос өмнө нь амьдрал ямар байсныг мэдэхгүйн дээр өөрчлөлтийн үнэ цэнийг гадарлах нь бага. Тиймээс л бидний ололт юундаа оршиж байгааг асуусан хэрэг.

Хамгийн наад зах нь та бүхэн олон сувгаар телевиз үзэж байна. Урд нь ганцхан суваг байлаа. Тэр байтугай танайх шиг сэтгүүл ч байсангүй. Одоо хүүхдүүд эхээс төрсөн цагаас эхлээд л Cartoon Network, Youtube үзэж байгаа биз дээ? Хүн болгон санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлж байна.

Таны нэг ярилцлагаас би “Аливаа зүйл тасралтгүй шинэчлэгдэж байх хэрэгтэй” гэж уншсан. Тэгвэл хөгжил, шинэчлэлтийн явцад огт орхиж болохгүй зүйлс гэж байна уу?

Мөнхийн зүйлс бас байна шүү дээ. Дэлхийн гурван тэрбум жилийн түүхээс хүний амьдрал хэдэн хувийг нь эзлэх вэ? Хүн үүссэн цагаас эхлээд эх орон, эцэг эх гэж их чухал юм байна гэдгийг ойлгож, хайрлаж хүндэтгэх болсон. Энэ бол маш олон жилийн шалгуураар гарч ирж, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Ялангуяа манай Азид ахуйн болоод нийгмийн чанартай үнэлэмж хамаагүй илүү бөгөөд төлөвшчихсөн байдаг. Барууны орнуудад бол үнэ цэнэ илүү хувь хүнд төвлөрсөн, либерал шинж чанартай, түүнийгээ мөнгөн хэлбэрээр нь тодорхойлж өгснөөрөө ондоо. Яах вэ, тэдний зөв байх л даа. Бид ямар тэр нийгэмд, тийм үнэлэмжээр амьдардаг биш. Бид өөрийн гэсэн үнэлэмжтэй учраас тэрийгээ л бодох ёстой юм шиг.

Та “Хүнлэг чанар гэр бүл дотор бүтнээрээ, найз нөхдийн хувьд хагас, цаашлаад илүү том дүр зураг руу ороод ирэхэд их сарнидаг юм байна” гэж Б.Галаарид гуайд яриа өгөхдөө хэлсэн. Угтаа бол манай улсын 3,1 сая хүнээс 1,3 сая хүн л шийдвэр гаргах хэмжээний эдийн засгийн идэвхтэй амьдардаг. Хүн ам цөөтэй байхыг зарим хүмүүс дутагдал гэж хардаг. Харин ийм цөөхөн хүн өмнөө тулгараад байгаа асуудлыг ойлгоход илүү амар ч юм шиг. Энэ бүх хүмүүс нийтээрээ хүнлэг чанартай байх боломжтой болов уу?

Арай ч дутагдал биш л дээ. Дөнгөж саяхан монголчууд нэг сая хүнтэй байхдаа яаж, ийж байгаад гурван сая хүнтэй болчих юмсан гэж мөрөөддөг байлаа шүү дээ. Одоо бол таван сая болчих юмсан гэсэн хүсэл байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл “Хүн нэмвэл хүнс нэмнэ” гэсэн үг. Хүний тоо нэмэгдэх хэрээр улс орны чадамж, эдийн засаг өсч цар хүрээ нь тэлнэ. Тэгэхдээ зүгээр нэг хүн нэмэгдэх биш, эрүүл бас боловсролтой чансаатай иргэдтэй болох хэрэгтэй.

Хамгийн гол нь бидэнд нийтлэг үнэ цэнэтэй зүйл гэж байх ёстой юу?

Байх ёстой юу гэдэг асуудал байхгүй. Үнэ цэнэтэй нийтлэг зүйл угаас бидэнд бий. Манай монголчууд энэ тал дээр их сүрхий. Сая Цагаан сарын баяраар гэхэд маш тод харагдаж байна. Сар шинээр хүмүүс ямар сайхан явж, хамаатан садантайгаа уулзан золгож байна вэ? Энэ бол Монгол зан заншил, уламжлал гэдэг нийтлэг тэр үнэ цэнэ амьдрал дээр хүчтэй оршиж буйн нэг илрэл шүү дээ. Гэвч бид үнэт зүйл нэгтэй байлаа гээд үүнийг амьдрал дээр хэрхэн авч яваа вэ гэдэг олон талтай асуудал. Жишээ нь чи энэ гурван сая хүнийг хайрладаг уу? Хэрэв тийм бол хайрлаж байна гээд хэлээд орхи доо.

Хайрлаж байна.

Хэлэхэд амархан байгаа биз? Амнаас чинь энэ үг их хурдан гарчихна. Одоо тэгвэл эх орондоо хайртай юу?

Мэдээж.

Хайртай гээд хэлдээ. Чамайг эх орондоо хайртай гэдгийг чинь би яаж мэдэх юм бэ?

Нэгдүгээрт өөрөө бусдад ямар нэг гэм хор болохгүй амьдарч чадах хүн байж, хоёрт миний үйлдэл бусдад аль болох эерэг нөлөө үзүүлдэг байгаасай гэж бодож байна.

Тэгвэл тийм. Зарим нь бол цээжээ дэлдээд, талбай дээр гарч “Би эх орондоо хайртай. Над шиг эх орондоо хайртай, монголын төлөө үхэн хатан явдаг хүн байхгүй” гэж орилдог. Тэр хүн энэ үйлдлээрээ үнэхээр эх орноо хайрлаад байгаа юу гэдэг харьцангүй ойлголт.

Тэгвэл чи гэр бүл, эхнэрээ яаж хайрладаг вэ? Их л хайрладаг ч заримдаа үглэхээр ядаргаатай байгаа биз. Гэсэн ч чи үүнийг эс тоон хайрласан хэвээр байдаг. Түрүүний дурдсан Б.Галааридтай хийсэн ярилцлагад хүний хайр хаана бүтэн, хаана хийсвэр болдог вэ гэдгийг нэг ийм утгаар л ярилцсан хэрэг. Хамгийн гол нь харьцуулж болох, болохгүй юм байна. Микро түвшинд хэрэглэгддэг аргыг зарим хүмүүс макро түвшинд тавьж дүгнэлт хийх гэж оролддог.

Мэдээж бид гарцаагүй нийтлэг үнэ цэнэтэй байх хэрэг байж таарна. Том эрх ашиг гэж байж л таараа. Бидний мах цусанд шингэсэн маш том уламжлалыг хүмүүс харж, бодож л яваа.

Дундаас дээш насны хүмүүс таны энэ яриаг сайн мэднэ. Харин залуучууд олон талаас харж, заримдаа өрөөсгөл, хөнгөмсөг дүгнэлт хийдэг талтай. Жишээ нь зарим залуус эх орноо хайрлах хэрэгтэй гэдгээрээ бахархдаг бол нөгөө хэсэг нь эндээс зугатмаар, өөр газар амьдармаар байгаагаа нийгмийн сүлжээндээ ил тод зарладаг. Үүнээсээ ч болж хоорондоо маргах нь элбэг.

Ер нь бол залуучууд цагаа тулахаар тэртэй, тэргүй энэ бүхнийг ойлгоно. Амьдрал яг чиний хоолойн дээр асуудал тулгаад ирэхээр хүн хэнээс ч илүү эх оронч болж, надаас илүү хол, гүнзгий хардаг болж хувирна. Одоо би та нарт энэ зөв, энэ буруу гэж хэлвэл мянга сонссон уйтгартай зүйлтэй адил ямар ч сонирхолгүй санагдана. “Зорилготой бай, тэвчээртэй бай, нийгэмдээ үйлчил” гэх үгс заримд нь “Ядаргаатай юм бэ” гэж хүлээж авмаар санагдаж магадгүй. “Ном сайн унш, нойроо хас, тав дах өдрийн программаа боль” гэж хэлэх нь яг л элсэнд ус хийж байгаатай адил шүү дээ. Тиймээс миний хэлэх санаа бол өөрсдийнхөөрөө л бай. Тэр эрх чөлөөг манай үеийнхэн та бүхэнд бий болгож өгсөн. Одоо та нар өөрсдийнхөөрөө л амьдрал, ахуйн нугачааг даваад яв. Аяндаа цаг нь ирэхээр та нар хэнээс ч дутахгүй эх орончид болно.

II

Марсель Прустын асуулгаас сэдэвлэсэн цөөн асуулт танаас асуухаар зэхсэн юм. Таны бодлоор үнэмлэхүй аз жаргал юунд оршдог вэ?

Цаг хугацааны л асуудал шүү дээ. Хувь хүнийхээ хувьд хамгийн аз жаргалтай мөч гэж байхаас биш тасралтгүй үргэлжлэх аз жаргал байна гэвэл худлаа байх л даа.

Таны хамгийн хүчтэй айдас юу вэ?

Янз бүр л байсан ч эрх биш хашиж явсан ажил албатай маань холбогдоод явдаг. Яг үнэндээ одоо бол эрх барьж байгаа нөхдүүд маань элдэв янзын алдаа гаргачих вий дээ, дараа нь засч залруулахгүй болчих вий гэсэн айдас байна.

Тэгвэл 30 наснаас өмнөх залуу цагт ямар айдас байсан бэ?

Тэр үед манай ЦСКА Спартактай тоглоод хожигдчих вий дээ л гэж бодож байсан. (инээж байна)

Таны одоо сонирхдог, дуртай спортууд юу вэ?

Залуудаа би хоккей, хөлбөмбөг хоёроо их сонирхдог байлаа. Хожим нь хоккейчин Харламовыг нас барснаас хойш сонирхохоо больсон. Одоо бол Формула 1-ийг нэлээн үзэж, Renualt-ын багийг дэмждэг. Хаяа гольф тоглох гэж оролддог.

Өөрийн ямар зан чанартаа хамгаас дургүй вэ?

Жаахан зөөлдчих гээд байдаг юм даа.

Бусдын ямар зан чанарт хамгаас дургүй вэ?

Худалч, хэлсэн үгэндээ хүрдэггүй, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэггүй хүмүүст дургүй. Товчхондоо урвагч нарт.

Хэвлэлд таны хэлсэн, “Хүнд ерөөсөө худал хэлж болохгүй, тэгэхдээ бас үнэнийг бүтнээр нь хэлэх шаардлагагүй” гэдэг үг хэдэнтэй ишлэгдсэн байдаг. Энэ зарчим хэвээрээ юу? Бас Монголчууд “Сайн нуухаар муу илчил” гэж хэлдэг. Энэ хоёр ишлэлийн дунд үүсэх логик зөрүүг та юу гэж бодож байна вэ?

Тэр яах вэ, танай ахан дүүсийн (сэтгүүлчдийг хэлж байна) нэг жижигхэн заль л даа. Санаа нь юу байсан юм гэхээр, надтай хамт ажиллаж байсан нэг багш 1964 онд Лоохуузын хэрэгт холбогдоод хэлмэгдсэн хүн байдаг юм. Надад тэр үеийн амьдралыг ярихдаа “Үнэнийг бүрэн хэлж болохгүй, тэгэхдээ бас худлаа хэлж болохгүй” байлаа гэж хэлснийг нь би ишлэж, тухайн үеийн улс төрийн амьдрал ийм байж гэж сэтгүүлчдэд ярьсан юм. Үүнээс болоод энэ үгийг миний зарчим мэт бичсэн. Социализмын үед хүмүүс үнэнийг бүтнээр нь хэлэх боломжгүй байсан ч өнөөдөр илүү дэлгэрэнгүй ярьж, гаргах шаардлагатай болсон.

Одоо амьд байгаа хүмүүсээс хэнийг хамгийн ихээр биширдэг вэ?

Миний ажигласнаар хүний нас хэдий чиний нас явна, төдий чинээ ахмадуудаа ойлгож, хүндэлдэг юм байна. Энэ хүмүүс ямар их сэтгэлийн тэнхээтэй, хат суусан хүмүүс, мундаг тэвчээртэй байж вэ гэдгийг нь бодож, яаж тэр асуудлын гаргалгааг нь олж байсныг улам мэдрээд байдаг. Ер нь Монголын түүхийг харж байхад бүх л төрийн зүтгэлтэн тийм. Би ганцхан жишээ хэлэхэд БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Эн Лай Монголд айлчилж, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайтай уулзахдаа, “Танайх үйлдвэржээгүй, арай хоцрогдсон байна. Зам харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Манайх ер нь ажилчдаа илгээж зам тавьж өгье. Зуун мянган хүн илгээчихвэл яах вэ” гэж асуусан байдаг. Ж.Самбуу гуай хариуд нь “Харин л дээ” гэж хэлсэн байгаа юм. “Тэгье, тэгье” гэж уриалгахан хандахгүй ч бас үгүй гэхгүй байгаа агуу хариулт шүү. Иймэрхүү жишээ их бий.

Эрэгтэй хүний ямар зан чанарыг хамгийн ихээр үнэлдэг вэ?
Зарчимч, шудрага. Үнэнч байх хэрэгтэй.

Эрэгтэй хүний ямар зан чанарт дургүй вэ?
Хувийн зохион байгуулалтгүй, сахилга дутуу хүн их муу.

Эмэгтэй хүний хувьд

Эмэгтэй хүн бол бид тэртээ тэргүй хүндэлж, хайрлаж байх ёстой хүмүүс шүү дээ. Ямар ч байсан яах вэ?

Саяхан философийн багш Б.Галиндэв таныг болон бусад цөөн хүнийг нэрлээд “Ийм зэргийн сэхээтэн хүмүүсийг нийгэмд олон болгомоор байна” гэж бичсэн байсан. Сэхээтнүүд яаж олон болдог вэ?

Сэхээтнүүд олон болохгүй л дээ. Угаасаа л нийгэм дотроо цөөхөн байдаг. Тэд аль болохгүй, бүтэхгүй байгаа юмыг гарган хэлдэг. Цөөнх учраас тэр болгон хүмүүс ойлгохгүй, шүүмжилсэнд нь болж харааж, зүхэх нь элбэг. Аль ч газар ер нь тийм байдаг ч яваандаа тэдний зөв гэдэг нь тодорч, нийгэм хүлээн зөвшөөрдөг зүй тогтолтой.

Өнөөгийн технологижиж, даяаршсан үед сэхээтэн гэх тодорхойлолт ямар байх вэ?

Ёс суртахууны маш өндөр стандарт, хэмжүүрийг бий болгож, түүнийгээ тасралтгүй барьж явдаг хүмүүсийг л бид сэхээтэн гэж хэлдэг. Тэрнээс заавал сэхээтэн байна гээд дээд сургууль төгссөн байх асуудал биш. Өөрөө нийгмийн нандин чанарыг олж авч чаддаг тэр хүмүүсийг л хэлээд байгаа юм.

Технологижсон үед та мэдээллийг голчлон хаанаас авч байна вэ? Мөн ямар мэдээллийг илүү харж байна вэ?

Интернэт, хаяа нэг телевизээс. Мөн Economist зэрэг мэргэжлийн сэтгүүлээс.

Сэтгүүл зүйд барууны үзэл бодлыг сурталчилдаг, эсвэл Орос төвтэй эх газрын ашиг сонирхлыг номлодог хоёр тал байдаг. Энэ таны мэдээлэл авахад саад болдог уу?

Үүнийг хүн өөрөө сайн мэддэг байх ёстой. Ямар сэтгүүл уншиж байгаа билээ, энэ сэтгүүл аль талыг нь гаргаж үзүүлдэг вэ гэдгээ танивал сайн. Дэлхийд гэлтгүй Оросын хэвлэл мэдээлэл нэг талдаа Евро-Азийн чиглэлийг баримталж байхад нөгөө хэсэг нь цэвэр барууны талын хүмүүс байдаг. Тэдний хоорондын зөрчил маш хүчтэй явагддаж, сонин, сэтгүүл, телевиз гээд бүгд л хуваагдсан байгаа.

Авахыг нь аваад, хаяахыг нь хаяад, хэт үнэмшиж болохгүй гэсэн санаа юу?

Тийм. Ер нь уншиж байхад буруудах зүйл байхгүй.

Олон нийтийн сүлжээнээс залуучууд, нийт ард түмэн юу хүсч байгааг багцаалах боломжтой болсон. Таны нүдээр харахад ямар дүр зураг харагдаж байна вэ?

Нэг удаа бага хүү (15 настай) Арьяа маань надад хэлсэн үгнээс нь болж би золтой л ухаан алдаад ойччихоогүй. “Аав ердөө 30 секундын дотор хэлэх юм аа хэл. Чадахгүй бол би танд илүү цаг зориулж чадахгүй” гэж авч байгаа юм. (Instagram-ын видео бичлэг хийж байхдаа хүүгийнх нь хэлсэн яриа)

Өнөөгийн дижитал ертөнц ердөө тийм болчихоод байна. Гучин секундээс илүү хүний анхаарлыг барьдаг юм бараг байхгүй, түүнээс илүү гарсан мэдээлэл бараг сенсааци болох нь. Twitter-т 140 тэмдэгт гэж байна шүү дээ. Тэрэн дотор бүх санаагаа багтаа, хэрэв ийм ур чадвар эзэмшээгүй бол ийшээ орох хэрэг байхгүй гэдгийг ойлгуулж байна л даа.


Twitter болон бусад олон нийтийн сүлжээн дэх мэдээлэл цаг зуурын шинжтэй, хэсэгхэн хугацаанд хөөсөрч байгаад хагардаг. Тэгдэггүй нэг зүйл бол ном. Таныг их уншдаг гэдгийг хүмүүс мэднэ. Хамгийн сүүлд ямар ном уншиж байна вэ?

Евгений Сатановский гээд Ойрхи Дорнодыг судалдаг нэг том институтийг удирддаг хүн байдаг юм. Түүний гурван боть номыг би сүүлд Москва явахдаа авсан. Нэг нь ажлын ширээн дээр, нөгөө нь орны дэргэд, гурав дахь нь ариун цэврийн өрөөнд байж байна. Эхнийх нь “Үндэсний үзэл гэж юу юм бэ” гэх сэдэв дээр төвлөрсөн, хоёр дах нь Ойрхи-Дорнодын асуудлыг хөндөж, лалын ертөнцийн үүх түүх нь юу юм бэ, ямар учиртай юм бэ гэдгийг өгүүлсэн. Гурав дах нь төр урлах, төрийн тогтолцоотой холбоотой. Сатановский өөрөө их өвөрмөц, стандарт бус сэтгэлгээтэй нь таалагддаг юм. Дээрээс нь Клаус Швабын “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэсэн ном уншиж байна даа.

Саяны дурдсан сэдвүүдээс та бидэнд Үндэсний үзэл болоод Эх оронч үзлийн ялгааг өөрийнхөөрөө товч хэлэх боломжтой юу.

Үндэсний үзлийн тухай манайд сүүлийн үед их яригдаж, зарим хүмүүс гаргаж ирээд, нэлээн зүтгүүлээд байгаа юм. Миний дотроо бодож байгаа нь гэвэл үндэсний үзлийг үндсэрхэх үзэлтэй хутгаад, холион бантан хийчих вий гэж. “Зөвхөн, зөвхөн, хосгүй, хосгүй” гэсэн үндсэрхэх үзэл нь өөрөөсөө бусдыг дорд үздэг нэг аюул бий. Бид чинь тийм зүйлийг туулаад гарсан, ер нь яадаг вэ гэдгийг мэднэ.

Харин Үндэсний үзэл гэдэг бол энэ улс орныг гэрэлтүүлж, чиглүүлэх луужин болоод хүмүүст бахархал төрүүлдэг зүйл. Үүнийг яаж томьёолох ёстой юм бэ гэдэг нь сүүлийн үед хүчтэй яригдах боллоо. Онолын судалгаа нэлээн шаардсан зүйл учраас яарч, түрүүлж дуугараад байх шаардлага нэг их байхгүй. Ерөнхийдөө явсаар байгаад бүгд хүлээн зөвшөөрөөд ирэхийн цагт хүчирхэг Монголын тухай асуудал гарцаагүй яригдана. Бидэнд 800 жилийн өмнөх цагаа санагалзсан зүйл байж л байгаа. Өнөөдөр чухам бид юугаараа бусдаас тодорч гарч ирэх юм бэ гэдэг л байна. Бидний нэр нөлөөг дээшлүүлэх зүйл юу вэ? Нэг хэсэг нь нүүрс, зэс гэж ойлгож байж болох ч магадгүй хэний ч санаанд ороогүй өөр зүйл бас байж болно. Гол нь үндэсний үзэл дотор хөршүүдтэйгээ харилцах бодлого, гурав дах хөршийн бодлого гээд маш олон зүйл явж байдаг учраас ахуйн түвшинд барьж авч ойлгож болохгүй.

Та гадаад хэргийн яамны сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан учраас залуучуудад үлгэр дуурайл болох хүн. Залуучууддаа хандаж унших ном тавыг санал болгохгүй юу?

Хамгийн түрүүнд “Оюунтүлхүүр”. Ерөнхий боловсролын хүүхдүүд үүнийг бол цээжлэх ёстой юм. Ойлгох, ойлгохгүй нь хамаагүй, ямар ч байсан толгойд нь хийгээд түгжчих хэрэгтэй. Хоёрт бол гарцаагүй “Монголын нууц товчоо”-гоо уншсан байх ёстой. Гуравт Лев Толстойн “Дайн ба Энх” зохиолыг нэрлэмээр байна. М.А.Шолоховын “Хүний хувь заяа” бол их мундаг зохиол. Теодор Драйзерын зохиолуудыг унших хэрэгтэй. Ерөнхий уран зохиолын хувьд бол ийм. Харин тодорхой салбар луу ороод ирвэл түүх, философи, эдийн засгийн гээд олон өөр ном нэрлэх хэрэг болно. Лев Гумилёвын номыг уншихад Монгол хүн огшоод л ирдэг онцлогтой шүү дээ.

Таныг бараг өөрийн юм аа эвдэж байгаагүй хүн гэж сонсож байсан.

Тэр ч арай худлаа. Эвдэнэ шүү дээ. Дотор нь юу байна гэдгийг задлаж харна. Тэгээд хайран юмыг яах гэж шал дэмий задлав аа гэж бодно.

Эрэгтэй хүмүүс их юм цуглуулдаггүй ч гэсэн бугуйн цаг ч юм уу цөөн хэдэн үнэ цэнэтэй зүйлтэй байдаг.

Би цаг зүүхээ болиод долоо, найман жил болж байна. Ухаалаг утас цаг ч, цаг агаар ч хэлээд өгчихдөг. Сонирхдог юм гэвэл компьютер л байна. Энэ чинь миний хувьд зэвсэг.

Таны тамхинаас гарсан түүх сонирхолтой санагдаж байсан. Үүнийг эргэн нэг дурсаж болох уу?

Тамхи гэдэг зүйл өнөө цагт хамгийн адгийн юм болчихоод байна. Америкт тамхи татах газар олдохгүй хэцүү байхаас гадна хажуугаар явж буй хүмүүс “Энэ ямар аймшигтай юм бэ, өөрийнхөө эрүүл мэндийг ингэж сайн дураараа хордуулдаг ийм тэнэг хүн бас байдаг аа” гэсэн янзтай харж байгаа юм. Үүнийг мэдрэхээрээ “Хүмүүст ингэж харагдаад байх нь ямар учиртай ч юм бэ” гэж боддог байлаа. Токио хот “Манай нэг дүүрэг тамхигүй” болж байгаа гэхэд нь “Ямар сонин юм бэ, японууд тамхинаас гарна гэж юу байдаг юм бэ” гэж ч бодож байсан. Одоо тэд бараг хаячихаж. Яг миний тамхинаас гарсан тэр тохиолдлын хувьд гэвэл Улаанбаатараас Лондон руу олон цаг нисч оччихоод, хачин ядарсан амьтан орой нь буудалдаа ирчихээд тамхи татмаар санагдаад болдоггүй. Тэгээд 11 давхраас бууж, гадаа зогсож байхдаа би бараг өөрийгөө хажуунаасаа харсан л даа. “Би ямар адгийн юм харагдаж байгаа бол” гэж тэгэхэд бодоод л тэр чигтээ хаясан.

Мэдээж хүмүүс сэтгэлээ сэргээх гэж тамхи татдаг байх. Бас өөр олон арга бий. Та өөрийгөө сэргээхдээ юу хийдэг вэ?

Кофе ууна. Ер нь бол хамгийн энгийн арга бол их гүнзгий амьсгаа авахад л болчихож байгаа юм. Хэд хэдэн удаа сайхан гүнзгий амьсгаа аваад, нүдээ нэг жаахан анихад их л сэргэчихдэг юм даа.

Энэ арга улс төрийн том, хэцүү шийдвэр гаргаж байх үед ч хэрэглэгдэх үү?

Ер нь бол тархи толгой сэргэг л байвал аливаа зүйлд сайн шүү дээ. Болж өгвөл долоо хэмжиж, нэг огтол гэдгийг гол болгодог. Ер нь амьсгалын дасгал бухимдсан үед ч их хэрэгтэй.

III

Таны улс төрийн карьерыг харахад “Аюулгүй байдал нэгдүгээрт” гэсэн зарчим баримталдаг, ямар нэгэн асуудал гарсны дараа “Би унтраасан” гэж хэлэхээс илүүтэй асуудал үүсэхгүй байх чиглэлд ажилласан юм уу даа гэж бодсон.

Тийм ээ. “Нуур амар бол нугас амар” гэдэг. Ялангуяа төр засаг, улс орон хэдий чинээ амар байна, төдий чинээ хүмүүс ажил амьдралаа аятайхан аваад явна. Тасралтгүй бужигнуулаад хаячихаар л хүмүүс ингээд бүр ядарчихаж байгаа юм. Хүмүүс тамирдаж, бухимдчихсан байх үед бусдын тоглоом болох, элдэв ятгалгад автах магадлал өндөр. Нийгэм хэдий чинээ амгалан байна, тэр хэрээр хүмүүс зөв шийдвэрт хүрнэ.

Эцсийн дүндээ таны монголын улс төрийн амьдралд байсан энэ олон жилийн хөдөлмөрийг хүмүүс яаж үнэлээсэй гэж та боддог вэ?

“Энэ хүн хийх зүйлээ чин шударгаар хийж, хоёргүй сэтгэлээр Монгол төрийн төлөө зүтгэж явсан хүн байна шүү” гэж хэлэхэд л бол оо. Илүү яах билээ?

Амны билгээр ярилцлагын сүүлчийн хоёр асуултыг ирээдүй цаг дээр төвлөрүүлье. Сэтгүүлч Б.Ганчимэг эгчийн хэлдгээр бол таны улс төрийн цаг хэвийх болоогүй байна. Таны ирээдүйн гол зорилго одоо юу байна вэ?

(Санаа алдаж байна) Хувь хүнийхээ хувьд бол тэртээ тэргүй улс төрд хутгалдаад явчихсан учраас би нэг их гарч амжихгүй юм шиг байна. Би өөрөө ордоггүй юм аа гэхэд өрөөл бусад хүмүүс татаад л оруулна. Нэгэнт л холдохгүй энэ дотор байх юм бол хоосон орон зай бөглөөд суух шаардлагагүй байх. Ганц нэг санаа оноо дэвшүүлээд, хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой байх. Гэхдээ тэрийгээ хийхдээ нэг их сүрхий ил гарч, “Би ийм юм хийх гэж байгаа шүү” гэсэн цээжээ дэлдсэн яриа байх ёсгүй л байхгүй юу.

Хоёрхон жишээ хэлье л дээ. Өмнөх их хуралд сууж байхдаа би “Төр, хувийн хэвшлийн түншлэл ба концесс” гэсэн хууль боловсруулах ажлын хэсэг ахалж байсан юм. Тухайн үедээ ямар учиртай хууль вэ гэдгийг нэг их хүн амьтан тоогоогүй. “Амаржаргал нэг юм явуулаад байгааг бодоход болж л байгаа юм байлгүй” гэсэн маягтай чимээгүй батлагдаад гарсан. Өнөөдөр бол концессоор л бүх юм явж байна шүү дээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт зогсчихсон энэ үед засвар үйлчилгээ, шинэ сургууль, цэцэрлэг барих ажил бүгд концессоор явж байгаа. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг нэг хөдөлгөж, чирж яваа маш хүчирхэг эрх зүйн зохицуулалт нь концессын хууль. Тэгээд би үүн дээр нэг их сүрхий орилж, чарлаад, хүмүүсийг сонсоорой гэсэн юм болохгүй байгаа биз дээ? Хийх ёстой юм аа л би хийсэн.

Өнгөрсөн 2012-2016 онд би юу хийсэн бэ гэдгийн өөр нэг зүйл бол НӨАТ-ын жишээ байна. Татварын төлөвлөгөө биелүүлэх, татвараас зугатахыг болиулж, давхар тайлан бланс гаргахыг зогсоохын тулд “Татвар цуглуулах ажилд ард иргэдийг өөрсдийг нь татан оролцуулъя” гэсэн зохицуулалт гарсан. Хүмүүс өөрсдөө татварын байцаагч болсноор татварын бүртгэл сайжирч, орлого нь нэмэгдсэн. Одоо зугатах аргагүй болчихлоо шүү дээ. Өнгөрсөн 2016 онд анхны жилийн үр дүнгээрээ бол 40 гаруй тэрбум төгрөг ард иргэдийн гар дээр буцаан тавьлаа. Үүнээс дутахгүй их хэмжээний мөнгө цаана нь үлдчихсэн. Тэгэхдээ одоо хаа сайгүй л хүмүүс “Баримтаа авъя” гэдэг болсон байна. Чухал ажил байж уу? Чухал ажил байж. Хэрвээ ийм зүйл болоогүй бол хямралтай, цалин хөлс тавих мөнгө дутмаг байхад татварын бүрдүүлэлт яаж сайн цугларах вэ? Үүгээрээ би нэг их орилж, чарлахгүй ч хийсэн үү, хийсэн.

Мэдэх хүмүүс нь мэдэж, мэдэхгүй хүмүүс нь мэдэхгүй л биз. Тэгэхээр хийх ёстой ажлаа хийгээд, буг болчихгүйхэн шиг, хоосон орон зай эзлээд суугаад байхгүй, тодорхой улс төрийн хүрээнд байгаа бол тодорхой нэг юмыг барьж аваад шийдээд явах нь зөв юм гэж бодож байна.

Миний сүүлийн асуулт. Эдийн засгийг мэддэг ч бай, үгүй ч бай бүх л хүнд “Эдийн засаг хэзээнээс эргэн сэргэх вэ” гэсэн ганцхан хүлээлт байгаа. Та макро түвшинд нь хардаг хүний хувьд ойрын хугацааны төлөв нь ямархуу байгааг дуулгаж болох уу?

Наадах чинь нэг сая долларын үнэтэй асуулт байна. Нэг сая доллар өгчих юм бол би чамд дор нь хариуллаа. (инээж байна)

Янз бүрийн түвшний хүмүүс өөр, өөрийн тооцооллоор гаргасан прогноз хэвлэлээр хэлж байна. Таныхыг сонсох нь бас зүйтэй болов уу?

Ерөнхийдөө эргэх, дээшээ өөдлөх чиг хандлага нь бол энэ оны хоёрдугаар хагасын сүүлээс илэрхийлэгдэж эхэлнэ. Зүгээр 2014 оны түвшинд хүртлээ гэвэл хугацаа хэрэгтэй. 2018-2019 он бол элбэг зарцуулагдана. Дандаа уруудаж явсан үзүүлэлт зогсож, хугарлын цэг нь дээш эргэх мөчлөг нь энэ оны хоёрдугаар хагаст. Тэгэхдээ зөв юм хийвэл. Буруу юм хийвэл бас л тэгээд сүйтгээд хаячихна.

Эх сурвалж: http://www.buro247.mn

One comment

  1. Энэ хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *