АВРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛАХ ЁСТОЙ

-Та уналтад ороод буй эдийн засгийг аврах хамгийн зөв гарц бол өнөөгийн Засгийн газар даруй огцрох хэмээн үзэж байгаа. Өөр гарц шийдэл байхгүй гэж үү?

-Хагас дутуу шийдлүүд байж болно. Гэхдээ асуудлууд бүрэн шийдэгдэхгүй. Өнгө зассан, эмэгтэйчүүдийн хэллэгээр косметик засварын өнгөлөн далдалсан арга хэмжээнүүд байх болно.

-Өнөөдрийн Засгийн газрыг өөрчлөөд ч нэмэргүй. Ялгаа байхгүй. Оронд нь адилхан л хүмүүс гарч ирээд суучихна гэж зарим хүмүүс үзэж байна.

-Credibility гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголт эдийн засагт их чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинээр гарч ирэх засгийн бүтэц үнэхээрийн нүдээ олбол credibility буюу иргэдийн итгэлийг олж болно. Эдийн засгийн зүг чигийг тодорхойлох, зөв голдиролд оруулахад их зүйл хийж болно. Бусад улс орны туршлага, Засгийн газрууд үе үе бүтэц бүрэлдэхүүн, нүүр царайгаа өөрчилдөг. Итгэл найдвар хүлээлгэж, эрх мэдлийг өгөөд байхад ажил унагааж, асуудлыг хүндрүүлсэн бол тэр хүмүүстэй зууралдаад байх шаардлагагүй гэж үздэг. Эцсийн эцэст энэ нь бид хоёрын хоорондын асуудал биш учраас улс орны хөгжлийг аваад явах, чадвартай хүнийг сонгоод өөрчлөөд явдаг практик олон улсад бий. Харин энэ практик манайд хэрэгжихгүй өнөөг хүрсэн нь хувь хүмүүсийн хоорондын харилцаатай холбоотой. Нөгөө талдаа улс төрийн орчиндоо барьцаалагдчихсан байдаг гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, лидер байх чадваргүй, мэдлэггүй, сулхан улс төрч бусдыг аялдан дагах шаардлага гарч ирдэг. Тэр үүднээс асуудалд ханддаг. Гэх мэтчилэн олон зүйл ярьж болно. Гэхдээ зөв хүнээ зөв байранд тавиад явбал асуудлууд шийдэгдэх бүрэн боломжтой. Мөн ард иргэд, бизнесмэнүүдийн зүгээс ч асар их итгэл найдвар төрж, дэмжлэг ирнэ. Алив зүйл итгэл найдвар, дэмжлэг дээр тулгуурлаж явна шүү дээ. Өнөөдөр миний харж буйгаар энэ асуудал хамгийн чухал нь байна.

-Яг өнөөдрийн төвшинд иргэдийн, хувийн хэвшлийнхний итгэл Одоо яах вэ?

-2012 оны сонгуулийн дүн иргэдийн зүгээс бидэнд хүлээлгэсэн асар том дэмжлэг байсан. Урд нь болохгүй бүтэхгүй байсан зүйлсийг шинэчлээч, өөрчлөөч гэсэн мэссэж өгсөн. Ард түмний хүлээлт дээр тоглосон хэрэг болсон л доо. Шинэчилье үг ч гарч ирсэн биз дээ. Тэгээд юу болов. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэгтэй адилхан болов. Иргэд хоёр жил дэмжлээ, итгэлээ, найдлаа, харлаа, хүлээлээ, тэвчээр алдлаа, одоо арга тасарсан байна. Улстөрийн нам, улстөрч хүн улс орон, эдийн засаг, ард түмэн, бизнесийн итгэлийг алдана гэдэг бол үнэндээ том нүгэл гэж би ойлгодог. Энэ тохиолдолд тухайн улстөрч алдаа дутагдлаа ойлгоод явах ёстой. Ийм зан чанар манай улстөрчдөд байх ёстой шүү дээ. Би буруу шийдвэрүүд гаргаж, алдаа гаргалаа, надад итгэл хүлээлгэсэн, надад улстөрийн, санхүүгийн эрх мэдэл өгсөн, надад цаг хугацаа орон зайн боломж олгосон. Гэтэл би зөв бодлогоор улс орныг зөв удирдаад явж чадсангүй, тиймээс цаашид эх орноо, ард иргэдээ улам хохироохгүй гээд өөрөө асуудлаа ойлгоод бууж өгдөг ёс суртахуун улс төрийн намуудад, улстөрчдөд байх ёстой юм аа. Эргээд нь энэ нь хариуцлагын тогтолцоотой холбоотой. Хариуцлагын системгүй учраас хугацаагаа дуустал гүрийдэг,суудалдаа үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байхыг бодож байна.


Улс төрийн нам, улстөрч хүн улс орон, эдийн засаг, ард түмэн, бизнесийн итгэлийгалдана гэдэг бол үнэндээ том нүгэл гэж би ойлгодог.


-Шинэ засаг гарч ирлээ гэхэд тэд юунаас ажлаа эхэлж, яаж ажиллах нь зөв бол?

-Шинэ засаг бол үндэсний эдийн засгийн авралын Засгийн газар байх ёстой. Өвөрмөц бүтэцтэй байх хэрэгтэй. Мэдээж лидер, хүчтэй улстөрчид манлайлж, бамбай болж явах нь зөв. Харин салбар салбарын удирдах төвшний хүмүүс нь өндөр мэргэжлийн, мэдлэг боловсролтой, ёс суртахууны хувьд цэвэр ариун, шударга, чигч шулуун зан чанартай байх ёстой. Ийм бүрэлдэхүүнтэй шинэ Засгийн газрыг байгуулах боломжийг улстөрийн намууд олгох хэрэгтэй. Намууд, улстөрчид өнөө маргаашаа бодоод улс төр хийгээд явж болох байх, гэхдээ дараа нь юун дээр улстөр хийх вэ гэдгээ бодох нь чухал.Тэр утгаар үндэсний хэмжээний эдийн засгийг аврах засгийг бүрэлдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, шинэ Засгийн газрын бүтцийг улстөрийн намуудаас гэж бүү голчлоосой. Улс төрийн намуудын чадвартай төлөөлөл байж болно. Нам бус хүмүүсийг томилох хэрэгтэй.Мэргэжлийн гэдэг рүү гол шалгуурыг авч үзэх ёстой. Гуравдугаарт, хариуцлагын тогтолцоог гол чигээ болгох. Чи энэ албан тушаал дээр ажиллаад цалин авч л байгаа бол ажлаа сайн хийнэ шүү гэдгийг хатуу ойлгуулах. Ийм энгийн зүйлээс ажлаа эхэлбэл бизнесийнхэн, иргэд маш хурдан эерэг дохио авна.Дэмжинэ. Ажлаа саадгүй төлөвлөөд явна.

-Тэгвэл одоогийн Засгийн газар өөрчлөгдөхгүй бол яах вэ? Амьдрал цааш хэрхэн үргэлжлэх бол?

-Бүх зүйл бахь байдгаараа л баяр ёслолын байдалтай үргэлжилсээр 2016 оныг хүргэнэ. Хүрэхгүй, наана нь асуудал дуусаж ч магад. Эдийн засаг тартагтаа тулна. Өөрөөр хэлбэл, дэндүү өндөр үнээр л эрх мэдэлтэй зууралдах нь байна шүү дээ. Улс орныхоо эдийн засгаар тоглож байж л эрх мэдлээ авч үлдэнэ гэсэн үг. Одоо ч ингэж л хандаад байна шүү дээ.
Засаг шинэчлэгдээд гараад ирвэл иргэдэд итгэл төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Юу хийх, яах ёстой вэ гэдэг дээр үнэндээ бол хүн төөрч, гайхаад байх зүйлгүй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яах ёстой, ямар шийдвэрүүд хэрэгжүүлбэл эдийн засаг сэргэх, улс орон хөгжих талаар бичээд яриад байгаа. Энэ бүгдийг нэг бодлогоор зангидаж, эмх цэгцэнд оруулах л асуудал. Тодорхой зөв зүйтэй зүйлийг дэмжиж, тодорхой зарим зүйл дээр үгүй гэж хэлж, хязгаарлалт тавих хэрэгтэй. Өнөөгийн засгийн хамгийн том дутагдал бол тодорхой нэг гол зүйлийг барьж авахын оронд бүгдийнх нь аманд жаахан жаахан юм зуулгаад оршин тогтнох байдалтай явуулаад байна гэж би хараад байгаа. Шийдвэртай зарим нэг асуудлыг ярих ёстой.

-Тухайлбал?

-Улсын төсвийн бүрдүүлэлт. Орлого, зарлагын асуудлыг тодорхой ярих цаг болсон. Олон жил  хий хоосон ярилаа. Санаа нь оноо нь байгаа. Өмч хувьчлалын асуудал явахгүй байна. Хааяа ярих ч амьдрал дээр хэрэгжүүлсэн зүйлгүй л сууж байна. Санхүү, санхүүгийн зах зээл, даатгалын тогтолцоог сайтар бүрдүүлж хөгжүүлээгүй тохиолдолд эрчимтэй хөгжлийн тухай ярихад учир дутагдалтай. Ер нь бид хүй нэгдлийн үед л амьдарч байгаа юм шиг л байна.

-Хоёр дахь Аргентин Монгол гэж олон улсад ярьж байна. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Ер нь манай өрийн менежментийн асуудал түгшүүртэй байгаа. Улстөрөөс гадна эдийн засгийн шийдэл дээр тулгуурлах ёстой. Тэр шалгуур алга болчихсон. Наад захын жишээ нь Чингис бондыг ямар нөхцөл шалгуураар авч, юунд зарсан нь учир нь олдохгүй баахан маргасан. Энэ өрийн өгөөж, үр ашиг, хэзээ яаж юугаар төлөх нь тодорхойгүй. Дээр нь Самуурай бондыг ямар зорилгоор яах гэж авсан, хаашаа орсныг мэдэхгүй. Дараа нь сонсоход Чингис бондынхоо хүүг төлөхөөр авсан сурагтай. Бид сар, жил бүр мөнгө төлж байна. Энэ бүхэн эцэстээ Монгол Улсын өрийн менежментийг тодорхойгүй, учрыг олохгүй болгоод тавьчихлаа. Эрүүл саруул ухаанаар ярьж, хэлэлцэх  шаардлагатай.

Монгол Улс дахин зээл авах нөхцөл нэн тааламжгүй болсон. Үндсэндээ арван  хэдэн хувиас доошоо буух санхүүгийн эх үүсвэр манайд олдохгүй. Санхүүгийн институциуд манай улсын рейтингийг нэлээд буулгалаа.Тэгэхээр өнөөдөр арав гаруй хувийн хүүтэй зээл авах гэж байгаа, ийм шийдвэр гаргах гэж буй хүн бол Монгол Улсын эсрэг гэмт хэрэг хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм шийдвэр гаргаж буй улстөрийн намыг зайлуулж, улстөрийн тавцангаас арчиж хаях хэрэгтэй. Засгийн газрыг нь өчиггүй зайлуулах хэрэгтэй. Энэ бол хоноцын сэтгэлгээ. Миний дараа юу ч болсон яадаг юм, ялангуяа 2016 оны сонгуулийн дараа ямар үр дүн гарах нь хамаагүй гэсэн муухай сэтгэлгээнээс хандаж байна. Одоо Монгол Улсын өр, зээлийг нэмж авахгүйгээр явахад 2016, 2017 оноос хөрөнгө оруулалтын асуудал маш хүнд болохоор байна. Наана нь тодорхой арга хэмжээ авах байх гэж горьдож сууна. Харин ийм нөхцөлд нэмээд зээл авбал үнэхээр хачин юм болно. Босохоос өөр аргагүй.


Өнөөдөр арав гаруй хувийн хүүтэй зээл авах гэж байгаа, ийм шийдвэр гаргах гэж буй хүн бол Монгол Улсын эсрэг гэмт хэрэг хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм шийдвэр гаргаж буй улстөрийн намыг зайлуулж, улстөрийн тавцангаас арчиж хаях хэрэгтэй. Засгийн газрыг нь өчиггүй зайлуулах хэрэгтэй.


-Төрөөс өр зээлийн талаар ил тод, тодорхой танилцуулдаггүй нь юутай холбоотой вэ?

-Танилцуулдаг л юм. Гэхдээ асуудлыг гаргаж танилцуулахдаа өөрт ашигтайгаар өөрчлөлт хийчихдэг. Тухайн асуудлыг ухаж, эрж, хайгаад анализ хийгээд Засгийн газрын танилцуулснаар эдийн засаг, өр зээл ийм байна, бидний авсан мэдээллээр тийм байна гэж ярих хүмүүс ховор байна л даа. Ер нь эдийн засгийг яриад буй улсыг харахад асуудлын гүн рүү орж, анализ судалгаатай ухаж төнхөчсөн нарийн тайлбартай хэлж шүүмжилж буй хүн ховор.

-Эдийн засаг нь өөрөө улстөртэй холбогдох юм. Улс төрийн тогтворгүй байдал, улс төрийн харалган бодлого, шийдвэрийн сөрөг нөлөө эдийн засагт муугаар тусч байна.Улс төрийн залгамж халаа, бодлого, төрийн хүнийг гаргаж ирдэг систем зэрэг асуудал манайд ор тас хаягдсан. Энэ бүхэн улсын хөгжилтэй холбогдож ирж буйг бид сүүлийн үед тод томруун харж байна.

-Яаж өөрчлөх вэ?

-Тухайн үеийнхээ нийгмийн мөн чанарт нийцсэн боловсон хүчний бодлого гэж айхавтар зүйл манайд хуучин байсан. Социализмын, төвлөрсөн төлөвлөгөөт нийгэмд зориулагдсан гээд шүүмжилдэг л дээ. Гэхдээ Монгол төрийн боловсон хүчний бодлого гэж бичигдсэн, бичигдээгүй хууль байсан юм аа. Удам угсаа, нутаг ус, эрхэлж буй ажил төрөл, нэр хүнд, зан чанар, мэргэжил боловсрол, сэтгэлийн хат тэнхээ, хорио цээрийг мэддэг мэддэггүй, уян зөөлөн зан чанар, мөнгөний шунал гэх мэт олон шүүлтүүр механизм байсан. Хуульд яг ийм тийм гэж бичээгүй ч боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх явцдаа эдгээр механизмыг голчилдог байсан. Энэ нь Монголын төрт ёсны олон жилийн түүх уламжлалтай уялдаатай. Энэ системийг 21-р зуунд улам боловсронгуй болгоод ноён нурууг нь аваад явах байсан. Гэтэл ор тас хаясан. Өнөөдөр төрийн боловсон хүчнийг бэлтгэдэг, дэвшүүлдэг шүүлтүүр алга. Дарга нарыг дагалдан гүйдэг, мөнгөөр асуудлыг шийддэг, эсвэл улс төрийн намуудад элсэж орилж, хашхирч, гүйж дэвшдэг механизм өнөөдөр үйлчилж байна. Тиймээс мэдлэг боловсролтой, шулуун шударга зантай, чадалтай, жинхэнэ төрийн ажил хийх хүмүүс гарч ирэхгүй, гарч ирэх ч нөхцөлгүй байна шүү дээ. Арга ядаад UBS телевизээр “Улстөрийн шинэ од төрүүлэх” төслийг хэрэгжүүлэх санаа төрсөн болов уу.

Цаашид Монгол төрт ёсны тогтолцоо, залгамж халаа, боловсон хүчний бодлогыг өнөөгийн нийгмийн онцлогтой уялдуулан холбож авч явах нь зөв байх. Англи, Америк, Японы тогтолцоог шууд хуул гэдэг. Хүчээр оруулж ирээд шууд хуулж болохгүй. Би энд шүүмжлэлтэй ханддаг. Нэн шинэ үеийн түүхэнд ийм зүйл тохиолдож байсан. Тод жишээ гэвэл дэлхийн хоёрдугаар дайны дараа 1950 оны сүүлээр манайх хоёр хөрштэйгээ эв найрамдалтай сайхан байна гээд армиа татан буулгасан. Гэтэл Зөвлөлт, Хятадын харилцаа муудаад ирэнгүүт армийг шинээр дахин босгох шаардлагатай болж, олон асуудал тулгарсан. Хамгийн гол зүйл нь бүхэл бүтэн үе тасарсан. Хурандаа, Хурандаагийн дэргэд бага дэслэгч байх. Энэ хоёрыг холбох ахмад, хошууч, дэд хурандаа нарын үе тасарсан хэрэг. Армийг шинэчлэн зохион байгуулах, боловсон хүчнийг бэлтгэхэд их хүч хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай болсон.

Өнөөдөр бас иймэрхүү зүйл тохиож байна. Нийгэм, үе хоорондын залгамж бодлого тасарсан. Социализмын нэрээр бүх зүйлийг үгүйсгэсэн. Шинээр гарч ирсэн зүйлс нь нийгэмд төлөвшиж амжаагүй байтал одоогийн төрийн тогтолцоо нь өөр үнэлэмжүүд рүү явж байна. Тийм учраас үүх түүхээ сайн мэдэж, ойлгож, авах, гээхийн ухаанаар асуудалд хандах шаардлагатай байна.

-Дэлхийн улс төрийн чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Өнөөгийн намуудын тогтолцоо зөвхөн Монголд бус дэлхийн хэмжээнд явахааргүй харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой асуудал тойрсон, дэвшүүлсэн нийгмийн хамтлаг, хөдөлгөөн, холбоод цаашид улс төрд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, нэлээд хүчирхэгжиж хөгжихөөр байна. Энэ утгаар ард иргэд өөрсдөө хөдөлгөөнт субьект болж хувирна. Тухайлбал, би байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнтэй хамтарч байгаль орчны асуудлаар тэмцэх, маргааш нь унадаг дугуйчдын хөдөлгөөнд элсээд нийслэлд унадаг дугуйны зам гаргах талд хүчтэй дуугардаг болох жишээтэй. Ирээдүй рүү чиглэсэн шинэ цагийн энэ бодлого хүчтэй хэрэгжээд ирвэл улс төрийн намуудын бүтэц бүрэлдэхүүн, зорилгод өөрчлөлт орно. Хатуу гишүүнчлэлтэй байх уу, үгүй юу гэх мэтээр улстөрийн намуудыг төлөвшүүлэхэд ирээдүйн энэ чиг хандлага ихээхэн нөлөөлнө.

-Өнөөдрийн улс төрийн байдал хүмүүсийг Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь ч дээр юм гэсэн яриаг гаргаж байна. Хэрэлдсэн, маргасан, биенээ хэмлэсэн нам, нам доторх олон фракц, улс төрийн хүчин байснаас нэг хүний зангараг удирдлага дор явах нь зөв гэж үзэх хүмүүс байна?

-Би энэ асуудлыг хөнддөг хүнийг нэг. Хөндөхдөө нэг бол Парламент, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх зарчмыг баримталдаг. Өнөөдрийнх шиг өөх ч биш, булчирхай ч биш байх хэрэггүй гэж. 2004 оны сонгуулийн өмнө энэ асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Шийдэх боломж байсан ч чадаагүй. Миний хувьд бол Парламентын засаглалыг илүүд үздэг. Монгол Улс сайн, муу ч ийм засаглалтай байх нь зөв. Гэхдээ сонгодог утгаар нь хөгжүүлэх ёстой гэж байнга хэлдэг. Парламентын засаглал өөрөө гал хамгааллын механизмүүдийг агуулдаг.  Өнөөдөр Үндсэн хуулийг шинэчлэх асуудал яригддаг. Нөгөө талаас бид Үндсэн хуулийнхаа потенциалийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Утга агуулга, үзэл санааг бүрэн мэдэхгүй мөртлөө өөрчлөөд өгье гэх. Үсчсэн байдлаар явж ирсэн нь монгол төрийг ийм хэмжээнд хүргэлээ. Тиймээс одоо асуудалд яарч сандралгүйгээр эрүүл саруул ухаанаар хандах ёстой. Үндсэн хуулийнхаа потенциалийг бүрэн шавхсаны дараа өөр зүйл рүү оръё.

-Эдийн засагч, судлаачид дэлхийн эдийн засгийг сэргэх хандлагатай байгаа талаар ярьж, бичиж байна. Харин манай төрийн түшээд одоогийн хүндрэлийг дэлхийн хямралтай холбоотой мэтээр ярьж иргэдэд ухуулж байгааг Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Наад тайлбар чинь миний инээдийг хүргээд байгаа. Учир нь дэлхийн эдийн засаг жинхэнэ хямарч байхад манайхан огт дуугараагүй. Хямралаас гараад эдийн засгийн өсөлт өөд аажим аажмаар явж буй үед дэлхийн эдийн засаг хямарсан, хямрал нь манайд нөлөөлсөн мэтээр ярихыг би ерөөсөө ойлгохгүй, гайхаад байгаа. Тэгэхээр тэд ямар ч боловсролгүй хүмүүс үү, эсвэл хэл нь хальтирчихдаг юм уу.

Динамикаар харвал дэлхийн эдийн засаг өөдлөх өнгө аяс руу орсон. Америкийн эдийн засаг сайжрах байдалтай. Японых ер нь их гайгүй өнгөтэй явна. Бриксийн орнуудын эдийн засаг өсөлттэй, заримынх нь саарсан. Түгшүүртэй буй нь Евро зон. Гэхдээ улам бүр дордчихгүй болов уу гэсэн хүлээлттэй.  Евро зоны санхүүгийн систем хүндхэн байгаа. Гэхдээ улс орнууд бие биенээ татаж чангаагаад хямралаас гарч буй дүр зураг харагдана. Хоёрдугаарт улс төрийн үйл явдлын өрнөл эдийн засгийн нааштай өсөлтөд саад болох вий гэсэн болгоомжлол бий. Гуравдахь нь технологийн өөрчлөлт. Сүүлийн үед гарч ирж буй технологийн өөрчлөлт дэлхийн эдийн засгийн дүр төрхийг нэлээд өөрчилж байна. Тухайлбал 3 D принтинг. Өмнө нь бид өргөжилтийн хэмнэлт гэж ярьдаг байлаа. Чи 100 төгрөгөөр үйлдвэр байгуулаад нэг ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол өртөг нь 100 төгрөг. Хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл нэгнийх нь өртөг 50, 100 төгрөг бол нэгнийх нь өртөг нэг төгрөг гээд өргөжих тусам хэмнэлт гараад явах загвар. Эдийн засгийн энэ загвар өнөөдөр дэлхийд хэрэгжиж байгаа. Хятадын эдийн засгийн гайхамшгийн гол онцлог нь энэ өргөжилтийн хэмнэлтийн хуульд тулгуурласан тогтолцоо юм. 3D принтингийн гайхамшигтай шинж чанар бол нэгж бүтээгдэхүүний зардал ялгаагүй. Нэгийг ч, саяыг ч үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүний зардал адилхан. Өндөр хөгжилтэй орнууд, үндэстэн дамнасан корпорациуд үйлдвэрээ Хятад руу, хөгжиж буй орнууд руу зөөсөн шүү дээ. Тэгвэл 3D принтинг хөгжсөнөөр энэ байдал тэс өөрөөр уншигдахад хүрч байна. Энэ утгаараа үндэстэн дамнасан корпорациуд үйлдвэрлэлээ эх орон руугаа зөөж эхэллээ.

Америкийн хэд хэдэн компани үйлдвэрээ эх орондоо шилжүүллээ. Германд ийм үзэгдэл ажиглагдах болов. Илүү өндөр технологийн үйлдвэрүүдээ эх орондоо шилжүүлж байна. Ийм процесс дэлхий дахинаа явчихлаа. Ойрын 10 жилийн хугацаанд энэ технологийн хөгжил шийдвэрлэх процесс байх уу үгүй юу гэдэг нь харагдана. Хэрвээ шийдвэрлэх процесс байж чадвал дэлхийн эдийн засгийн бүтэц өөр болно. Тэгэхээр дэлхийн хөгжлийн ирээдүйн хандлага, технологийн хөгжилтэй улс орныхоо эдийн засгийн бодлогоо уялдуулах, алсын хараатай ажиллах шаардлага манайд зүй ёсоор тулгарч байна.

-Засгийн газрын эсрэг үгүй гэж хэлж чаддаг банкийг жинхэнэ Төв банк гэж үзэх шалгуур байдаг юм билээ. Харин манай Монгол банк үгүй гэж хэлсэн түүх байдаг уу?

-Бараг байхгүй. Анх хоёр шатлалтай банкны тогтолцоо гарч ирэхэд Монгол банк  Сангийн яамны харьяанд Засгийн газартаа захирагдана гэсэн асуудал гарч ирж, нэлээд маргасан. Түүнээс хойш илт маргаагүй ч Төвбанкны үйл ажиллагаа нь Засгийн газрын хавсарга байдалтай яваад байгаа шүү дээ. Монгол банкны үе үеийн удирдлагууд Төв банкны эдийн засгийн бие даасан байдал, эрх мэдлийг ухамсарлаж байсан эсэхийг мэдэхгүй. Харин сүүлийн үеийн удирдлагууд ойлгоод байх шиг байгаа юм.

-Зарим хүмүүс Төв банкны явуулж буй мөнгөний бодлогыг дэмжих, нөгөө нь буруу хэмээн шүүмжлэх. Заавал онол дагах бус улс орныхоо өөрийн онцлогт тохирсон мөнгөний бодлого хэрэгжүүлж болох уу?

-Толгой зовоох асуудал энд ерөөсөө байхгүй. Ямархуу арга хэмжээ авах талаар нь сурах бичиг дээр хүртэл онол нь байгаа шүү дээ. Тэр онолоор арга хэмжээ авч болно. Гэхдээ Монголын эдийн засгийн онцлог, бүтцийг судлах хэрэгтэй. Нэг хэсэг нь мөнгөний бодлогоор дамжуулаад зайлшгүй барьж байх нөөцийн хэмжээ, Төвбанкны хүүгээр эдийн засгийн асуудлыг тухайлбал, инфляцийг зохицуулна гэдэг. Гэтэл энэ талаас нь харвал тэр нөлөөлөл нь манайд маш бага. Ном дээр хэрвээ бодлогын хүүг нэмэгдүүлбэл эргэлтэд буй мөнгөний хэмжээ багасгана, эдийн засгийг хумьж байж эдийн засгийн зарим асуудлыг шийдэж болно гэж бий. Манайд ийм бодлого арга хэмжээ авлаа гээд эцсийн дүндээ инфляци буурахгүй байгаа юм. Тэгэхээр онол гэхээс илүү прагматик бодит амьдралд дээр тулгуурласан зөв шийдвэр хэрэгтэй. Монголбанкнаас хэрэгжүүлэх бодлого,арга хэмжээ бол сурах бичгийн онол дагасан шийдвэрүүд.Төвбанк стандартын бус шийдлүүд гаргах гэж оролдсон. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөр нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайтар мэдэрч, авсан сайн шийдвэр. Хоёрдугаарт энэ шийдвэр нь цаанаа улс төртэй холбоотой. Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай давхацсан, өөрөөр хэлбэл, тэр их мөнгийг эдийн засаг руу цацсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд үр дүн гаргах хүсэлтэй холбоотой. Юун дээр алдсан бэ гэвэл цаг хугацааг сунжруулсан. Богино хугацаанд нэг удаа эрчимтэй хийгээд татчих ёстой шийдвэрийг хэтэрхий сунжруулсан. Болж байна, сайн байна, үр дүн гарна гэж явсаар эцэст нь барилгын салбараа унагаад авлаа. Үнэ ханшаа туугаад тавьчихлаа шүү дээ.

-Долларын ханш буураад байгаа?

-Ханш хэдэн төгрөгөөр буурч, өсөх асуудал биш. Хамгийн гол нь сууриа харах ёстой. Ханшийн хувьд суурь нь валютын нөөц. Ямар динамик харагдаж байна вэ. Хоёрт, гадаадын хөрөнгө оруулалт. 2011 онд ДНБ-ий 52 хувьтай тэнцэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 14 хувьд унасан. Уйлмаар байгаа биз. 2014 онд долоон хувьд хүрсэн. Хоёр дахин буурсан. 52 хувьтай байсан хөрөнгө оруулалтыг 14, долоо хувь руу оруулсан “гавьяатай” Засгийн газар чемодоноо бариад хурдан алга болох ёстой. Валютын ханшийг харахдаа эхлээд валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны балансыг хар. Сүүлийн үед гадаад худалдааны алдагдал гайгүй болсон гэж яриад байгаа. Гэтэл гадаад худалдааны эргэлт байхгүй болчихсон шүү дээ. Дараа нь хэнд ашигтай вэ гэдгийг харах. 1300-1800 хүрсэн ханшнаас хэн хожиж байгааг мэдэх хэрэгтэй. Эдгээр үзүүлэлтийг харахад ханшны өсөлт, уруудалт ойлгомжтой болно.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах нэг гарц Оюутолгой мөн үү?

-Мөн. Энэ хорвоо дээр үнэ төлбөргүй юм байхгүй. Оюутолгой бол манай улсын одоогийн улс төрийн үнэн төрх. Ямар УИХ, ямар Засгийн газартай байна, ямар хууль баталж байгааг харуулж байгаа юм. Мөн манай улстөрчдийн чадавх, ёс зүй, суртахуун, шунал, хулгай хийх байдал нь ямар билээ. Энэ бүхний нийлбэр явсаар Оюутолгойг ийм байдалд хүргэсэн. Чи өнөөдөр ямар байна, түүний чинь хариу төлбөр гэж ойлгох хэрэгтэй. Зугтаах гээд хэрэггүй. Хүлээн зөвшөөрөөд дараа дараагийн алхмуудаа зөв зүйтэй хийгээд явах ёстой. Зөв зүйтэй алхам хийх нөхцөлийг бүрдүүлэх учиртай.

-Хөршүүдтэй харилцах эдийн засгийн бодлогыг та хэрхэн дүгнэх вэ?

-Эдийн засгийн асар том потенциал Хятадад бий. Үнийг бид яаж ашиглах вэ гэдэг л асуудал. Зүүн Азийн орнууд Хятадыг бүрэн хэмжээгээр ашигласан. Хятад АСЕАН+1 чөлөөт худалдааны гэрээг АСЕАН-ы орнуудтай байгуулсан. Тухайн үеийн Ерөнхий сайд нь “ Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан АСЕАН-ы орнуудад өрмийг нь өгнө” гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч гэрээнийхээ хамгийн амттай хэсгийг тус орнуудад хангалттай өгсөн. Хятад ч өөрөө Зүүн Азийн маш том зах зээлийг эзэлж авсан, санхүүгийн эх үүсвэрийг татлаа. Бүс нутгийн том өөрчлөлт гарангуут зарим орон сандарч эхэлсэн. Хамгийн их сандарсан нь Япон. Япон Сингапуртай очоод эдийн засгийн Иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулангуут АСЕАН-д нэгдэж АСЕАН+2 болсон. Дараа нь Өмнөд Солонгос орсноор АСЕАН+3 болов. Үүний цаана бүс нутгийн эдийн засгийн боломж, харилцан ашигтай мехнанизмуудыг бүрэн ашиглах хэрэгтэй гэсэн санаа байгаа юм.


Оюутолгой бол манай улсын одоогийн улс төрийн үнэн төрх. Ямар УИХ, Засгийн газартай байна, ямар хууль баталж байгааг харуулж байгаа юм. Мөн улстөрчдийн чадавх, ёс зүй, суртахуун, шунал, хулгай хийх байдал нь ямар билээ. Энэ бүхний нийлбэр явсаар Оюутолгойг ийм байдалд хүргэсэн.


Харин манайх хоёр талын л худалдааны механизмуудыг ашиглаад байгаа болохоос бус олон талт худалдааны механизмаар дамжуулаад Хятадын зах зээлийг ашиглах бололцоог олж хараагүй байна. Одоо дөнгөж эхлээд буй Номхон далайн эдийн засгийн түншлэлийн гэрээнд Монгол Улс нэгдэж орох нь чухал байна.

Хойд хөршийг аваад үзэхээр гунигтай л даа. Хэрвээ би андуураагүй бол Монголын нийт гаргаж буй экспортын 1,4 хувийг ОХУ эзэлж байна. Монголын хувийн салбар, бизнесийнхэн Оросгүйгээр амьдарч болох нь гэсэн үг. Энэ нь ОХУ-аас явуулсан тарифын бодлоготой холбоотой. Энэхүү тарифын бодлого бол монголчуудаа бидэнтэй арилжаа наймаа бүү хийгээрэй гэсэн утгатай агаар нэг.  Үндэсний бүтээгдэхүүн, тухайлбал, Оросын зах зээлд хивсээ зарахаар очихоор өндөр тариф урдаас тавина. Тэгэхээр монгол бизнесмэнүүд хивсээ зарах өөр зах зээл хайна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас авч буй зүйлд бараг л өөрчлөлт ороогүй байна. Нөгөө талаас хойд хөршийн энэхүү харилцааг асар том бололцоо гэж харах хэрэгтэй. Харилцан бие биедээ ашигтай байх зарчмаар худалдааны эргэлтийг эрчимжүүлэх сайжруулах шаардлагатай. Улс төрийн байр суурьнаас энэ асуудлыг зөв илэрхийлэх нь чухал байна.

-Манай иргэд засаг төрд асуудал тавих, хэлж ярих, жагсахыг мэдэхгүй, их тайван хүмүүс. Гадаадад бол аль дээр асуудлыг гаргаж, жагсаад тэмцсэн байгаа даа. Энэ нь монголчуудын зан чанартай холбоотой юу?

-Монгол хүн хүлээцтэй тэвчээртэй байна гэдэг нэг ондоо асуудал. Ер нь монгол хүн дуугаа хураахаараа нэг л өөр болчихдог. Би энэ талаас нь хардаг. Болж байна, бүтэж байна, эсвэл гарч ирж шүүмжилж, орилж хашхираад явбал болж байгаа юм байна гэж дотроо боддог. Ярихаас дөлөөд, зугтаад бүлх залгисан юм шиг л байвал хэцүү байгаа юм байна гэсэн үг. Шинжлэх ухааны үндэстэй шалгуур биш л байх л даа. Гэхдээ би 20-иод жил улстөрд нухлагдаж байна. Хөдөө орон нутгаар явахад ийм зүйл ажиглагддаг.

Ер нь ард иргэдийн ам эргэчихсэн байна лээ. Тэдний итгэл найдварыг сэргээх хэрэгтэй. Энэ нь хувь хүний бус эдийн засгийн, Засгийн газар цаашлаад улс төрийн намын эрх ашиг хөндөгдөнө. Намын үүднээс авч үзвэл иргэдийн итгэл сэтгэлийг сэргээх асуудал чухал байна. Би 2012 оны сонгуулийн өмнө ярьж байсан. Монголд улс төрийн хоёр том хүчин байгаа. Гэрийн хоёр багана гэсэн үг. Нэг багана нь салж бутраад дотроо асуудал үүсэж байна. Тэр тохиолдолд хүнд ачаа нөгөө намд ирэх ёстой. Ардчилсан нам илүү их ачаа үүрч, тэр хэмжээгээр хариуцлагатай байх шаардлагатай. Алдаа байхгүй, дутагдалгүй юм шиг царайлж, эх орны эрх ашиг, эв нэгдэл гэх гоё нэр томьёо ашиглаад халхавч хийгээд өөрийн хариуцлагагүй, замбараагүй, мэдлэггүй, чадахгүй буйгаа нуух хаах байдлаар ажиллах хэрэггүй гэж үздэг учраас би намынхаа төлөө намаа үе үе хатуу шүүмжилдэг.

Эх сурвалж:

Д.БЭХБАЯР (@bekhbayar on Twitter)

“Mongolian Economy” сэтгүүл

http://mongolianeconomy.mn/mn/w/6593

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply