Хөрөнгө оруулагчид, ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна

Та сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа
илэрхийлсэнгүй. Ер нь өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?

Томилолтоор ажиллаад ирсэн учраас улс төр яасан гэх мэтээр асуудлын гүн гүнзгий томъёоллыг сайн мэдэхгүй байна. Харин эдийн засгийн хувьд гэвэл Үндэсний баялгийн сангийн институт гэж бий. Энэ байгууллагын Азийн чуулга уулзалт Хонгконгт болсонд урилгаар оролцоод ирлээ. Баялгийн сангийн захирал, удирдах ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсон. Тэднийг ажиглахад нэг триллион гаруй ам.доллартай тэнцэхүйц хэмжээний активыг төлөөлсөн хүмүүс байна. Харин манай улсын нийт бүтээгдэхүүн 10 миллиард ам.доллартай тэнцдэг.

“Энд их том зөрүү байгаа ч бид ДНБ-ээ нэмэгдүүлэх бололцоо байгаа. Уул уурхайн салбартаа тулгуурлаад хөрөнгө оруулалтыг их сонирхож байна. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, эко аялал жуучлал, эрүүл мэндтэй холбоотой гэх мэтчилэн олон салбарт хөрөнгө оруулалтыг татаж үр бүтээлтэй ажиллаж чадах юм бол 3-4 жил тутамд ДНБ-ээ нэг дахин өсгөөд байх боломжтой. Энэ хандлагаа 20-25 жил хадгалах боломж бас бий” гэсэн санааг хэллээ. Миний тэнд хэлсэн дараагийн санаа Монголын хөрөнгө оруулалтын орчны хөгжлийн тухай асуудал байлаа. Монголчууд 1990, 2000, 2010 он гэхэд хөрөнгө оруулалтын орчны ерөнхий динамикийг ярьж өгсөн. “Бид наашаа харсан бүхнийг хөрөнгө оруулагч гэдэг байсан бол одоо сонирхол, цар хүрээ өргөжиж сонголт хийх боломж нэмэгдсэн гэдгийг дуулгасан. Гуравдугаарт нь “Хөрөнгө оруулалтын орчин, том том төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын эрх ашгийг тэнцвэржүүлэх асуудал Монголын хувьд томоохон сорилт болж байна. Үүнтэй өмнө нь учирч байгаагүй ч бид шантрахгүй байгаа. Шийдэх арга зам нь бүс нутгийн хамтын ажиллагаа, үүний механизмуудыг бүрэн гүйцэд ашиглах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох” гэж харж байгаагаа хэлсэн. Ерөөсөө Монголын эдийн засгийг зөв залбал ийм байгаа.

Чуулга уулзалтад оролцсон баялгийн сангийн захирлууд өнөөгийн эдийн засгийн тухай юу гэж байх юм, тэд. Хэр сонирхож байна вэ?

Монголын талаар ихээхэн сонирхож байна. Би 70 орчим нэрийн хуудас аваад явсан. Гэтэл худалдааны эхний өдрийн үдээс өмнө хүмүүс надтай ирж уулзаад нэрийн хуудсаа солилцоод дууссан нь үүнийг илтгэж байлаа. Ямар ч гэсэн сонирхол бас орчин нь байгаа юм байна. Хамтарч ажиллах боломж нь хэр байгаа вэ гэдэг нь хамгийн их анхаарал татсан асуудал болсон. Тэнд нарийн мэргэжлийн хүмүүс оролцож байсан учраас бидэн шиг хуурай, ерөнхий зүйл ярихгүй байна. Ази гэдэг бүс нутгийн хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай хаана өндөр өгөөж байна, яагаад энд хөрөнгө оруулалт хийх ёстой юм гэдгээс эхлээд хөрөнгө оруулалт хийвэл ямар нөлөөлөл байна гэдгийг тодорхой ярьцгааж байна. Мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулалт хийхдээ шаардлага гээд хэлчихэж болох зүйлийг ярьдаг юм байна. Тухайлбал, санхүүгийн тогтвортой байдал. Улсын төсвийн алдагдал нь тодорхой хэмжээнд валютын хэлбэлзэл бараг хөдөлгөөнгүй, өрийн хязгаарыг зайлшгүй өгөгдчихсөн байх ёстой зүйл гэж ойлгогдог. Гэтэл энэ бүхэн Монголд тогтворгүй болчихоод байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд зайлшгүй байх нөхцөл, хангалттай нөхцөл гэж байна. Бид зайлшгүй өгөгдчихсөн байх ёстой зүйл гэж ойлгодог. Гэтэл энэ бүхэн Монголд тогтворгүй болчихоод байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд зайлшгүй байх нөхцөлөө бүрдүүлж өгөх нь бүү хэл мэдэхгүй байна.

Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг оруулж ирсэн. Энэ хөтөлбөр батлагдсанаар эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хэр дэм болох бол?

Өнгөрсөн оны наймдугаар сард төсөвт тодотгол хийсэн дээ. Энэ үеэр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх санаа гарсан юм. Үүнийг хэлэлцсээр УИХ-ын гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр анхны төслөө боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хуулийн дагуу Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 15-ны дотор эргүүлэн өгөх ёстой байлаа. Гэтэл манай Засгийн газар асуудалд ханддагаараа хандаж удаасаар өнөөдрийг хүргэсэн. Өнөөдөр буюу эцэст нь аянга ниргэхээр залбирдгийн үлгэрээр асуудал хурцдахаар тогтоолын төсөл болгон оруулж ирж байна. Миний харж байгаагаар энэ тогтоолын төсөл Монголын эдийн засагт гай болохгүй. Гэхдээ батлагдчихвал бүх зүйл эрчимжих үү гэвэл бас үгүй. Яагаад гэвэл Засгийн газрын өнөөгийн нөхцөл байдал нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа.

Тогтоолын төсөлд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх тодорхой заалтууд байна уу. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт анхаарлын төвд байх шиг?

Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалттай холбоотой заалтаар нь завсарлага авлаа. Ер нь Монгол Улс олон төрлийн баримт бичиг гаргасан, гаргасаар байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гэх мэт. Их хугацаа шаардаж байж боловсруулаад сайн гэж томъёолоод баталсан. Уул уурхайн хууль, ашигт малтмалын хууль гээд элдэв төрлийн баримт бичгүүд бас байна. Энэ баримт бичгүүд маань жинхэнэ төрийн бодлого болж чаддаггүй юм байна гэдгийн илрэл өнөөдөр бий болчихож. Асуудлуудыг харахад учир дутагдалтай, чанаргүй, хоёр сарын нойр даахгүй баримт бичгүүд юм уу эсвэл УИХ нь ийм хэмжээний юм уу гэж уншигдахаар байгаа юм. Хэрвээ төр засгийх нь салбар дахь бодлого нь тодорхой байсан бол Засгийн газар, яам, тамгын газар нь бүрэн гүйцэд хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр ийм зүйл яригдахгүй. Нарийн яривал Оюу толгойн асуудлыг шийдэхэд яам оролцох шаардлагагүй. Магадгүй нэг газар агентлаг шийдээд л явчих боломжтой юм. Энэ нь засаг дэндүү сул байгааг илтгэж байгаа байна. Ийм сул Засгийн газар Монгол Улсыг цааш нь авч явж чадахгүй. Засгийн газрын ажил, ам хоёрын хооронд том зөрүү гарсан л даа. Амаараа нэг зүйлийг яриад байдаг ажил хийхээрээ хөрөнгө оруулалтын орчинг доройтуулсан, эргэлзээ төрүүлсэн, эргэж буцахад хүргэсэн олон үйлдийг хийсэн. Тухайн үед хүмүүс хэлж, анхааруулж байсан ч арга хэмжээ огт аваагүй. Би 2013 оны гуравдугаар сард байр сууриа илэрхийлж анхааруулга өгсөн. Дөрөв, тавдугаар сард эдийн засгийн хүндрэл бий болох гээд байна. Удирдаж байгаа хүмүүст нь асуудал байгаа гэдгийг бас л илэрхийлсэн. Хэн ч, ямар ч хариу өгөөгүй. Явсаар байгаад арваннэгдүгээр сард гишүүнээсээ татгалзъя гэж байгаад дахин асуудлыг хөндсөн. Ингэхдээ “Эдийн засаг хүндэрлээ. Эдийн засаг хүндрэхэд гол нөлөө үзүүлж байгаа хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой” гэсэн ч харамсалтай нь миний үгийг аваагүй юм.

Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстой гэсэн үг үү?

Дорж, Дондог, Дулмаа гэсэн субъектдээ асуудал байгаа юм биш. Тогтолцооны хувьд яаж явах юм. Тулгамдсан асуудал чинь юу юм гэх мэтийн зүйл бол удирдлагын ухааны цагаан толгой юм. Өнөөдөр зорилго байна. Тэр зорилгыг хангаж чадах бүтцийг бий болго. Бүтцийг амилуулаад аваад явж чаддаг боловсон хүчнийг шилж сонгоод тавь. Ердөө л энэ. Эдийн засаг микро түвшиндээ ч тэр, макро түвшиндээ ч тэр маш хүнд байдалд орчихоод байна. Энэ асуудлыг шийдэх гарц нь тогтоолын төсөл биш. Асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Нэгдүгээрт яамдын тоог цөөрүүлж, илүү албан тушаалыг танах хэрэгтэй. Дээрээс нь нэр нүүрээ барчихсан хүмүүсийг байлгах шаардлаггүй.

УИХ-аар хагас жилийн турш хэлэлцсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглох хууль батлагдсангүй. Таны хувьд 2014 онд хэрэгжихийг дэмжиж эцсийн санал хураалтад оролцсон. Яагаад заавал Засгийн газрыг огцруулах, өөрчлөх санаа агуулаад байгаа юм?

Засгийн газрыг огцруулах асуудал байсангүй. Гүйцэтгэх засаглалын тогтолцоог арай өөрөөр харах шаардлагатай юм уу гэдэг үүднээс гаргаж тавьсан асуудал байх. Гүйцэтгэх засаглал үр ашигтай ажиллах ёстой. Ингэхийн тулд зохион байгуулалтын ийм шийдэл нь зөв байна гэж Ерөнхийлөгч оруулж ирээд хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үед улс төрийн өнгө аяс нь давамгайлаад асуудлынхаа агуулга, мөн чанар руу нэг их өнгийсөнгүй. Эцсийн дүнд Засгийн газрыг огцруулах гээд байна гэсэн санааг дэвшүүлж үүнийгээ тойрч шуугисаар байгаад өнгөрлөө. Энэ бол бидний нүүр царай. УИХ-ын байдал, УИХ-ыг бүрдүүлж байгаа намуудынх нь хариуцлагын чанар ердөө энэ. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө эрх үүргийг хэрхэн ухамсарлаж байгаагийн илрэл. Миний хувьд нааштай санал өгсөн. Ийм санал өгөх шалтгаан байсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байр сууриа илэрхийлчихсэн байсан юм. Би өдөр болгон байр сууриа солиод байдаг хүн биш.

Улс төрийн тогтвортой байдал эдийн засагт эерэгээр нөлөөлдөг юм биш үү?

Улс төрийн тогтвортой байдал гэж юу юм гэдгийг бид ойлгох ёстой. Алдаа дутагдал гаргаад түүнийгээ нууж хаагаад байгааг тогтвортой байдал гэдэг үгээр халхлаад яваад байх уу. Эсвэл алдаа дутагдалаа ил гаргаж үүнийгээ засч эзэн холбогдогчид нь хариуцлага хүлээлгэх үү. Зарим нэг хүмүүс хөрөнгө оруулагчид тогтвортой байдал хүсч байна гээд байгаа юм. Тэр үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна. Ажлаа мэддэг, хийж чаддаг, хөрөнгө оруулагчидтайгаа харилцан ашигтай хамтарч чаддаг хүмүүсийг хүсч байна. Ер нь намын эв нэгдэл, намын эрх ашиг гэсэн гоё гоё нэр томъёонуудаар муу муухай бүхнийг хааж, булхайгаа нууж далдаж байгаа бол энэ улсад нэг их тус хүргэхгүй.

Л. Мөнхтөр

Өдрийн Сонин
2014.05.02 Баасан №107 (4747)

One comment

  1. Ерөнхий чиглэл гэхээр юм байхгүй урсгалаар яваад , улс орон бүү хэл айл гэрийн эдийн засаг яах нь тодорхой . Яагаад жинхэнэ эдийн засагчдаасаа тусламж авдаггүйг бодоод олохгүй юм. Чадахгүй байгаа нь ойлгомжтой байхад Алтанхуягыг байлгаад байдаг ямар учир байна. УИХын гишүүн Амаржаргал та ерөнхий сайд хийсэн бол танай нам өдийд ард түмнээр аль муугаар хэлэгдэж , ард түмний амьдрал туйлдах дээр тулахгүй байсан . Монгол улсын тусын тулд бохир аргаар ч болов Алтанхуягын засгийн газрыг унагаачих , хүч хавсарах нөхөд баймаарсан. Улсын төлөвлөгөөний комисс ч гэж байхгүй , улсын (аж ахуйг хөтөлж яваа хүн ) ерөнхий сайд ч эдийн засгийн мэдлэг байхгүй. Эдийн засгийн зөвлөх ч яг хэний төлөөний хүн нь мэдэгдэхгүй. Хэсэг бүлэг эдийн засагчид шүүмжлээд үгийг нь тоосон хүн алга. Энэ чигээрээ аль хүртэл явах вэ. Өрийн асуудал барагл үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхүйц хүндрээд байхад хараадл суух уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *