Р. Амаржаргал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад уламжилжээ. Тэрбээр хүсэлтдээ, “УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж байна” гэжээ. Р.Амаржаргал гишүүнтэй холбогдож энэ талаар тодруулахад, “Удахгүй албан ёсоор мэдэгдэл хийнэ. Одоогоор илүү тайлбар хийхгүй” гэсэн юм. Тэрбээр энэ оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Мөн ҮЗХ-ны гишүүнээс татгалзах хүсэлтээ ч намын байгууллагадаа гаргаад байсан юм.


Р.Амаржаргалын хүсэлтдээ дурдсан УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалт ёсоор УИХ-ын гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гиш үүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх хуулийн заалттай.

Энэ талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.

С.Ганбаатар: Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдвэл Монголын улс төрд нөмөр нөөлөгтэй

-УИХ-ын нэг гишүүн нөгөө гишүүнийхээ байр суурийг дүгнэхэд хэцүү. Тэр хүн өөрийн хүсэлтээр гэхээс илүү Монголын нам, бүлэглэлийн идээ бээр, ялзрал нь эрүүл, өөрийн гэсэн байр суурь, зарчимтай улстөрчдөд маш хэцүү, халгаатай орон зайг бий болгож байгаагийн тод жишээ. Энэ хүн бол МАНАН-гийн зарчимгүй байдлыг эсэргүүцэж өөрийгөө золиосолж, намчирхсан улс төрийн идээ бээрийг олон түмэнд ойлгуулах гэж байна. Бид хоёр дотно байдаг. Би түүнийг манай “үйлдвэрчний хүн” гэж тооцдог. Надад бэрхшээлтэй, хэцүү үе тохиолддог ч гэлээ ард байгаа дэмжигчдийнхээ хүчээр үргэлж урагшилдаг. Р.Амаржаргал УИХ-ын гишүүн хэвээр үлдэж, зарчимтай, үнэн дуу хоолойгоо хүчтэй гаргах юм бол надад болон Монголын улс төрд нөмөр нөөлөгтэй.

Ц.Оюунбаатар: Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзсанаар асуудал шийдэгдэхгүй

-Өргөдөлд ямар шалтгаанаар чөлөөлөгдөхийг хүссэнээ дурдаагүй байна. Өмнө нь Р.Амаржаргал гишүүн “Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна, иргэдийн амьдрал хүнд байна” мэдэгдэл гаргаж байсан. Энэ үндэслэлээр нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзав уу гэж ойлгож байна. Эл үндэслэл маш ач холбогдолтой. Улс орны эдийн засгийн байдал муудаж, Засгийн газрын хариуцлагагүй байгаа энэ үед тухайн гишүүн хариуцлагыг өөртөө авч байгаа нь шударга, эх оронч байр сууриа илэрхийлж байгаа явдал. Гэхдээ Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзсанаар асуудал шийдэгдэхгүй. Харин ч түүн шиг нэр хүндтэй, “цэвэр”, том эдийн засагч төр засгийг шударгаар ажиллуулахын төлөө парламент дотроо байж тэмцэх ёстой. УИХ-ын гаднаас шүүмжлээд улс орны эдийн засагт өөрчлөлт орохгүй. Цаашид өөрөө үлгэр жишээ үзүүлэн ажиллах нь дээр.

Ж.Батзандан: Р.Амаржаргалын араас хэдэн гишүүн бүрэн эрхээсээ татгалзах вэ гэдэг нь сонин байна

-Энэ бол УИХ-ын гишүүний хуулиар олгогдсон эрх, байдаг л үзэгдэл. Р.Амаржаргал гишүүний хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломж хомс байна гэсэн үндэслэлийг хэлж байна лээ. Харин Р.Амаржаргалын араас хэдэн гишүүн бүрэн эрхээсээ татгалзах вэ гэдэг нь сонин байна. Миний хувьд ч мөн адил иймэрхүү маягаар нам, дарга төвтэй улс төрийн тогтолцоонд удаан байхыг хүсэхгүй байна. УИХ-ын гишүүд бид Монголыг өөрчлөх гэж ирсэн болохоос биш нам дагах гэж, намын даргын бөгсийг долоох гэж ирээгүй. Эх орноо өөрчилье гэсэн чин хүсэлтэй гишүүдэд хоёр л зам бий. Нэг бол УИХ-ыг хаяж явах, нөгөө бол эх орноо өөрчлөх, шинэчлэх хүсэл зоригийнхоо төлөө тууштай тэмцэх хоёрхон зам бий. Р.Амаржаргал гишүүний хэлээд байгаа “хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой” гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ хариуцлага хүлээж байгаа субъект нь оновчтой юу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Р.Амаржаргал гишүүн биш Засгийн газар, Н.Алтанхуяг хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ Н.Алтанхуяг хариуцлага хүлээхгүй гэж байгаа бол монгол төрийн нэрийн өмнөөс хэн нэгэн хариуцлага хүлээх л ёстой. Эхнийх нь эрхэм гишүүн болж байх шиг байна. Шаардлагатай бол би ч хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Б.НОМИН 

ӨНӨӨДӨР Сонин

2013.11.12 Мягмар

№261 (5055)

http://www.mongolnews.mn/i/47389

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *