Архаг Парламентчийн аргагүйдсэн үйлдэл

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлж дуусах хугацаа талдаа ч ороогүй байна. Харин энэ бүрэлдэхүүний эгнээнээс өөрийн хүсэлтээр гарах өргөдөл өгсөн хоёр дахь тохиолдол өчигдөр боллоо. Тодруулбал Р.Амаржаргал гишуүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ Их хурлын дарга З.Энхболдод өчигдөр өгөв. Гэхдээ тэр УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэдгээ эрт хэлсэн, зарласан. Одоогоос cap гаруйн өмнө чуулганы танхимд Р.Амаржаргал гишүүн энэ төр засагт хариуцлага хүлээх хүн байхгүй бол, би өмнөөс нь улстөрийн хариуцлага хүлээж УИХ-ын гишүүнээсээ татгалзъя хэмээн мэдэгдэж байсан юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэхэд “2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа байдлыг харахад өнгөрсөн жил Сангийн яам ханатай төсөл УИХ- д оруулж ирж байсан. Гагцхүү УИХ өөрөө төсвийг хэлэлцэх явцдаа 1.4 их наяд төгрөгөөр хөөсрүүлсэн. Үүнийг УИХ хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг сүйтгэсэн, үүний төлөө өнөөдөр хэн хариуцлага хүлээх вэ. Ямар нэг субьект байна уу. Юу л байна мөнгө байна, хөдөө орон нутаг яваад ир, хийх ажлын жагсаалтаа гаргаад ир гээд ярьж байсан сайд өнөөдөр хариуцлага хүлээх үү.


Оюутолгойтой гэрээ хийгээд 450 тэрбум төгрөгийг оруулаад ирнэ, чадахгүй бол огцорно гэж ярьж байсан Уул уурхайн сайд хариуцлага хүлээх үү. 2013 оны төсвийг 20-30 хувиар өсгөөд байхад эвлэрээд баталж байсан Ерөнхий сайд, Сангийн сайд нар хариуцлага хүлээхгүй юм уу. Мөн ийм хөөсрүүлсэн төсөв баталсан УИХ дахь олонхийн бүлэг, Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээхгүй юм уу. Сөрөг хүчнийхээ амыг нь таглачихаад, бүлэг байгуулахгүйгээр 2013 оны төсвийг баталж байсан УИХ- ын дарга хариуцлага хулээх үү. Монголын эдийн засгаар тоглочихоод юу ч болоогүй юм шиг царайлаад сууж болохгүй. Хэн нэгэн хүн үүний төлөө хариуцлага хүлээх ёстой. 1.4 их наяд төгрөгөөр Монгол Улсын эдийн засгаар тоглочихоод юу ч болоогүй юм шиг царайлж суугаад байх хэрэггүй. Хэрэв хариуцлага хүлээх хүн байхгүй бол би хүлээе. Би улстөрийн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ татгалзъя” хэмээж байсан юм.

Гэвч УИХ хэнд ч хариуцлага хүлээлгээгүй, харин ч Засгийн газрын хүсэлтээр төсвийн тодотголыг нь үг дуугүй батлан өгч, толгойг нь илсэн. Тиймээс л увайгүй төрийн өмнөөс улстөрийн хариуцлага хүлээхээр шийдсэн бололтой. Өөрөөр хэлбэл улстөрч шиг улстөрч, утсан хүүхэлдэй хоёрын аль нь байх вэ гэдэг хоёр хувилбараас сонголтоо хийлээ, тэр. Үнэхээр манайд хариуцлагын тогтолцоо гэж хаана ч байхаа больсон. Хааяа нэг Ерөнхий сайд хэдэн газрын дарга нараа загнасан дүр үзүүлнэ, УИХ-ын удирдлага сайд нарыг шүүмжилсэн ая харуулна. Үндсэндээ УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аль нь ч хэн хэндээ хариуцлага тооцохын аргагүй гинжин хэлхээгээр холбогдчихсон энэ үед, олонхи дундах цор ганц сөрөг хүчин болж, дуугарч чадаж байгаа архаг парламентчийн аргагүйдсэн үйлдэл энэ байх.

Р.АМАРЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ

Р.Амаржаргал гишүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, намын даргыг хийж үзсэн, туршлагатай парламентч, толгой эдийн засагч. 2004 онд анх парламентын босгоор алхсан юм билээ. Энэ бол МАХН /одоогийн МАН/ парламентад 72 суудалтай, МҮАН-МШАН- ы “Ардчилсан холбоо” эвсэл нэг, Иргэний зориг нам нэг, Эх орон-МАШСН нэг бие даагч нэг суудал тус тус авсан, МАН үнэмлэхүй олонхи болж, засгийн эрхийг дангаар эзэмшиж байсан үе. Харин Ардчилсан холбооны цор ганц суудлын автор нь Р.Амаржаргал байлаа. Тооны олны эсрэг цор ганцаараа шахуу байхдаа татгалзаагүй суудлаасаа өнөөдөр өөрөө буух ишйдвэр гаргаж байгаа нь цаанаа учиртай. Бүр өөрийнх нь байгуулалцсан Ардчилсан нам засгийн эрхэнд гарч, бодлогоо хэрэгжүүлэх бололцоо олдсон үед шүү.

ТҮҮНИЙ СУУДЛЫГ ХЭН ЗАЛГАХ ВЭ

Парламент УИХ-ын гишүүнийг хэд хэдэн үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хуультай. Дээрх тохиолдлоос гадна УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилагдсан тохиолдолд прокурорын байгууллагын          хүсэлтийн дагуу УИХ ажлын хоёр хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Харин Р.Амаржаргал гишүүний хувьд сайн дураараа татгалзаж байгаа гэдгээрээ өөр нөхцөлтэй. Хэрэв түүний хүсэлтийг УИХ хүлээж аваад, бүрэн эрхээс нь түдгэлзүүлчихвэл Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болох юм. Энэ талаар хуульд “Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эргүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна” хэмээн заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл 2012 оны УИХ-ын сонгуульд Р.Амаржаргал гишүүний ард хэн, хэдэн хувийн санал авсан нь хамаагүй, заавал нөхөн сонгууль хийнэ гэсэн үг.

АРДЧИЛСАН HAM Р.АМАРЖАРГАЛЫГ АМАР ТАВИХУУ

УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж буй тохиолдол энэ удаагийн УИХ-д хоёр дахь нь бол, Монголын парламентын түүхэнд зургаа дахь нь болж байна. Өмнө нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нар энэ албан тушаалаас татгалзаж байсан. Мөн Ц.Шаравдоржоос бусдынх нь хүсэлтийг УИХ хүлээн авч, бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн байдаг. БЛхагвасүрэн, Н.Жанцанноров хоёрын хувьд парламент байх ёстой газар нь биш хэмээн хүсэлт гаргасан бол, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын нууцыг задруулсан” гэх хэргээс болж, УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байгаад шалгуулах хүсэлтийг өөрөө гаргасан. Мөн У.Хүрэлсүхийн тухайд гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндийн байдлаас болж гэх үндэслэлтэй. Харин Ц.Шаравдоржийн хувьд өөр албан тушаалд шилжих хүсэлтэй байсан юм.

Тодруулбал тэрбээр УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдох гэж байсан ч, эхлээд гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх болзлыг нь УИХ унагаж байлаа. Харин Р.Амаржаргалыг олонхи болох Ардчилсан нам амар тавьж явуулах боловуу.РАмаржаргалын хүсэлтийг хүлээн авлаа гэхэд Ардчилсан нам нөхөн сонгуульд ялна гэдэг баталгаа байхгүй. Олонхи цөөнхийн харьцаа ойролцоо, засгийн эрхээ дангаараа байгуулж чадахгүй байгаа үед Р.Амаржаргал гишүүн биш юм аа гэхэд, суудал нь Ардчилсан намд чухал. Тиймээс ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзах хүсэлтийг нь хүлээж аваагүй шигээ, ‘Та бол манай намын төдийгүй, Монгол Улсын нүүр царай, улс үндэсний бахархал болсон мэдлэг чадвартай, нэр цэвэр, төр нийгмийн зүтгэлтэн тул…” гэх манж үгээрээ хаяагаа манаад өнгөрөхийг үгүйсгэх аргагүй юм.

Б.ЭНХЖАРГАЛ

Өдрийн Шуудан сонин

2013 оны арваннэгдүгээр сарын 12

№217 (1116)

 http://undesten.mn/s/36790

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *