Шинэчлэлийн Засгийн газар ба хямралын шинэ “үнэр”

Сайтар анзаарвал хэн  нэгэн найруулагчийн дэглэсэн туйлын алсын бодолтой эхлүүлсэн том жүжиг, ухуулга суртачилгаа, маш том пиар дэгдэж байгаа нь тодорхой болов

Шинэ Засгийн газрын сайд нар, эрхэм гишүүд бүгд л эдийн засгийн хямралын тухай яриад эхэллээ. Телевиз, сонин хэвлэл, сайтууд өнгөрсөн долоо хоногийн турш хямралын сэдвийг онцгойлон хөндөж эхэллээ. Гэхдээ нэг л сэжигтэй. Сайтар анзаарвал хэн  нэгэн найруулагчийн дэглэсэн туйлын алсын бодолтой эхлүүлсэн том жүжиг, ухуулга суртачилгаа, маш том пиар дэгдэж байгаа нь тодорхой болов. Тэр тусмаа гадны томоохон хөрөнгө оруулагчид эл сэдвийг өндөр давтамжтай цацаж байгаа нь ч илт байна.

Евро бүс учраа олохгүй үймж сандран, Хятад, Энэтхэгийн эдийн засгийн хурд саарч, Америкаас таатай мэдээ дуулдахаа больсон зэрэг нь глобаль эдийн засгийн хямрал бодит зүйл болж байгааг илтгэж байгаа нь үнэн. Монголд үнэртэж эхлээд байгаа, цаашид улам бүр чангарах хямралын тухай энэхүү шуугианы талаарх мэдээллийн шуургын цаана үнэхээр хямрал, түүний үр дагаварт санаа зовж шийдэл хайх зорилго агуулагдсан бол сайн хэрэг.

Харин үүний зэрэгцээ “Хямрал гэгч хэн ч учрыг нь олдоггүй юманд бүх алдаа, “но”-гоо чихээд авъя. Энэ бол хариуцлагаас мултрах  хамгийн шилдэг бөгөөд цэвэр арга нь энэ юм байна” гээд уг сэдвийг өрдөөд байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байгааг нуугаад яах вэ. Учир нь 2007 онд бас ийм арга хэрэглэж “Хямрал бүхэнд буруутай” гээд сайд, дарга нар хариуцлагаас зугтсан шүү дээ. Одоо ч бас амлалтаасаа ухарч, хаа сайгүй хууль зөрчин, төрийн албыг “төрлийн” алба болгох аян өрнүүлж, шинэтгэл нэрээр халхавчлан хий хоосон хөөрч, ажил хэргийн мэдлэггүй, асуудлыг шийдэх чадваргүйгээ далдлах, төрийн мөнгө, сан хөмрөгөөр тоглож, үүнийхээ бүх бурууг хямрал гэгч эзэн биегүй “хий үзэгдэл” рүү чихэх мэдэхээр дүр зураг харагдаж байна. “Хямрал айсуй”, “Энэ удаад бүр хүчтэй давлагаа ирж мэднэ” гэх мэт зохиомол айдас, хүлээлт үүсгэн олон нийтийн сэтгэл санааг төөрөгдүүлэх ажиллагааг зохион байгуулж сурсан улстөрчид өнөөдөр төр, засгийн өмнө үүрэг хүлээж, эрх мэдлийг эзэгнэчихээд байна.

Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-2009 оны хямралын тухай ярих ёстой баймаар юм.  Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. Эрдэмтэн судлаачид 2005 оноос эхлэн хямралын тухай бичиж эхэлсэн. Энэ тухай миний бие тодорхой баримттайгаар дурьдаж байдал төвөгтөй болж байгаа тухай статья хүртэл бичиж байсанаа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь Ерөнхий сайдад зориуд сануулж, 2008 оны хавар Ерөнхий сайд, Сангийн сайдад анхааруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. “За, за” гээд л өнгөрсөн. Тэр байтугай “Хямрал  Монголыг тойроод гарна гэж хүртэл зарим сайд ичгүүртэйгээр мэдэгдэж байсан даа. Манайхан л болсон хойно “Ниргэсэн хойно нь хашгирсан”. Хямралыг гэтлэх хөтөлбөр санаачилж нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч хожимдсон байлаа.  Тэр ч байтугай хандивлагчдыг урьж, 1,5 тэрбум ам,доллар л байвал хямралыг давчихна” гэж сурталчилсан ч тэд яалаа гэж итгэх билээ дээ. Ингээд Засгийн газар 1,5  тэрбум ам,доллар хайсаар байтал “Хямрал дуусчихаж гэнэ”. Инээдтэй үлгэр байгаа биз. Ингэж л эдийн засгийн өсөлт биш харин агшилттайгаар 2009 оны өнгөрөөж билээ. Тухайн үед хямралд хамгийн их өртөж, улстөрчдийн тоглоом болсон барилгын болон банкны салбар нарийн яривал одоо ч тэр үеийн шокоосоо гараагүй байгаа. Тэд улстөрчдийн золиос болсныхоо хариуд хэтэрхий өндөр үнэ төлсөн дөө. Тиймээс үнэхээр хямралын төлөө санаа зовниж байгаа нь үнэн бол 2007-2009 оны хямралын тухай ярих ёстой юм. Энэ хямралаас бид ямар сургамж бид авсан бэ.

2007 оны хямралд бид яагаад бэлтгэлгүй байсан бэ
Хямралын эсрэг сценарийг хэн хариуцаж хаана боловсруулах ёстой вэ
Хямралын нөхцөлд салбар хоорондын уялдаа холбоог хангах шуурхай удирдлагын  механизм ямар байв
Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг  хэн, хэзээ, ямар нөхцөлд, ямар зориулалтаар зарцуулах эрх мэдэлтэй вэ
Хямралын үед парламентын үүрэг роль ямар байх ёстой вэ
Хямралын үед Засгийн газрын эрх мэдэл ямар байв,  түүнийгээ ямар арга замаар хэрэгжүүлэв
Хямралын эсрэг тусгай хороо байгуулах ёстой байсан уу. Эсвэл Засгийн газар дангаараа хариуцаад явах уу
Хямралын үед УИХ-аас баталсан хөтөлбөрийн хэрэгжилт ( бараг хэрэгжээгүй л дээ) түүнд хийсэн дүн шинжилгээ
УИХ Засгийн газрын хамтын ажиллагааг хангах (үл хангасан) механизмууд юу байв
Хямралын нөхцөлд ажиллах туршлагатай боловсон хүчнийг татан төвлөрүүлэх арга зам нь ямар байв
Салбар тус бүрээр нь байдал ямар байсныг дүгнэх гэх мэт маш олон асуудлыг тусгайлан судалж маш тодорхой сургамжийг ялангуяа төрийн ой санамжид тусгах ёстой юм.

Дээрх болон бусад олон асуултад нэн түрүүнд хариу өгч цаашид яах ёстой талаар ажил хэрэгч шийдэл хайсан яриа өрнүүлэхийн оронд хямралын тухай их л мэдэмхийрэн ярьж байгаа нь Ерөнхий болон бусад сайд нар хариуцлагаас мултрах арга замаа эртнээс хайж байгаа мэт харагдаж байна.

Жич:  Хямрал Монголд  ямар сувгаар, яаж орж ирэх, ямар үр дагавартай байж болох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нөөц хувилбарууд юу байна гэх зэрэг асуудлыг би дараагийн удаад тусад нь хөндөнө гэж бодож байна.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

7 Comments

  1. Батцэцэг
    Батцэцэг

    За танд баярлалаа. Энэ их бялууны vед манараад байгаа улсад дотно, болоод vнэнч хvн л шударга шvvмж хэлнэ. Энэ бол хамгийн чухал vvргээ гvйцэтгэж байгаа иргэний л жишээ. Let’s continue our support for democracy in this way.

  2. Үргэлжлэлийг хүлээж байна.

  3. Энхжаргал
    Энхжаргал

    Үргэлжлэл хэзээ тавигдах вэ

  4. батсайхан
    батсайхан

    маш их бодууштай зүйлийг бичсэн байна. тэхдээ одоо яг энэ асуудлаар /хямралын монгол дахь нөлөөлөл/ хэлэлцүүлэг явуулж болох уу монголд мундаг эрдэмтэн судлаачид их байна тэдний санаа бодлыг тусгах нь маш чухал.
    дээр нь та монгол улсын өрийн асуудал дээр ямар байр суурьтай байгаагаа бичвэл их зүгээр байна

  5. Бид нар угаасаа хямарсан улс. Европын хямрал, Хятадын хямрал бол манай хямралтай харьцуулах зүйл биш. Бидний хямрал гамшгийн байдалд орсон. Бид нар зүгээр л тоглуулаад байна.

  6. Bat-Orgil Altankhuyag on Facebook
    Bat-Orgil Altankhuyag on Facebook

    Ингэхэд таны блогийн шинэ загвар их аятайхан болсон байна. Хямралтай холбоотой хийх ажлаа төлөвлөхдөө энэ удаа монголын төр засаг мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсоосой. Яг л энэтхэг ардын үг “Эцэс төгсгөлгүй бөмбөр нүдэж байхад пийпаа хөгжмийн ая сонсогддоггүй” гэдэг шиг бүх хүн л хямралын тухай шуугиад унахаар мэргэжилтнүүд юу хэлээд нь байгааг нь анхаарахаа байчих юм.

  7. Байнгын уншигч. Танд баярлалаа

Leave a Reply