Эдийн засгийн бүтцээ олигтойхон өөрчлөх цаг болжээ

Энд хуран цугласан бид макро эдийн засгийн тогтвортой байдлын асуудлаар хэлэлцэн, санал солилцож байгаа хэмээн ойлгож байна. Тиймд өдгөө энэ хүрээнд санаа зовоож буй хэд гурван асуудлыг хөндье гэж бодсон юм.

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны Улсын V зөвлөгөөн дээр хэлсэн үг                        2011-09-19

            -Хэдий болтол бид ирээдүйгээсээ зээлэх вэ-

Монгол Улсад Санхүүгийн шинэ тогтолцоо бүрдсэний ойг тохиолдуулан зохион байгуулж буй арга хэмжээнд оролцогсод Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энд хуран цугласан бид макро эдийн засгийн тогтвортой байдлын асуудлаар хэлэлцэн, санал солилцож байгаа хэмээн ойлгож байна.  Тиймд өдгөө энэ хүрээнд санаа зовоож буй хэд гурван асуудлыг хөндье гэж бодсон юм.

Ер нь өнөөдөр, олон талаас нь хараад үзэхэд хамгийн түвэгтэй  хүнд, хамгийн хүч анхаарлаа хандуулах ёстой сэдэв бол эдийн засгийн бүтцийн тухай асуудал  гэж би хувьдаа дүгнэж байна.

Тухайлахад, ажлын байрыг аваад үзье л дээ. Ажилгүйдлийн талаарх   албан ёсны мэдээгээр бол  40 мянга гэсэн тоо өнөөдөр яригддаг.  Гэхдээ хүн амын тооллогын дүнгээр нийт иргэдийн 10 -11 хувь нь ажилгүй сууж  байна гэх тоо гардаг гэж байгаа. Монгол Улс гурван сая хүрэхгүй хүн амтай, тэдгээрийн тал нь хөдөлмөрийн чадвартай гэж бодоход, арван хэдэн хувь гэдэг нь бас л өндөр тоо. Чухам энэ хүмүүсийг ажлын байраар хангачихвал болмоор ч юм шиг. Амархан юм шиг, тэгтлээ  “толгой өвтгөөд” байх асуудал биш юм шиг харагдах ч үнэн хэрэгтээ яг энэ асуудлыг шийдэж чадахгүй бид  20 жил болж байна.

Үүний учир шалтгаан нь юунд байна вэ гэхээр, манай Монголын өнөөгийн эдийн засгийн бүтэцтэй холбоотой хэмээн би хувьдаа дүгнэж, санаа оноогоо  та бүхэнтэй хуваалцъя гэж  бодсон юм.

Сүүлийн үед  эдийн засаг, зах зээл дээр өрнөж байгаа үйл явдал, ялангуяа уул уурхайг тойрсон асуудлууд нь мөнөөх  голланд өвчний нэг хувилбарыг бидэнд их л тод харуулаад байх шиг.  Ер нь нийгмийн болоод улс төрийн амьдралын бүхий л  салбар руу энэ нь ил тод ороод ирлээ.  Хамгийн ойрын жишээ гэхэд, миний нэг танил компанидаа  гайгүй сайн хуульчтай байсан юм. Тэгтэл тэр хуульчаа саявтар бусдад алдчихсан байна. Хааш нь тэр вэ, гэхээр уул уурхайн компаниас  цалинг нь хоёр  дахин нэмэх санал тавьж,  орон сууц өгөөд  аваад явсан байна.  Гэтэл танилын маань компани тэр  хуульчийг гайгүй сайн ажилтан болгохын тулд долоон жилийн турш бэлтгэж, ажиллуулсан байдаг. Дөнгөж сургууль төгссөнөөс нь эхлээд л хангалттай сургаж, мэргэшүүлэн,  ийш тийш нь явуулж боломжоороо дэмжиж байж. Тэгсэн нөгөө долоон жилийн хөдөлмөр, зүтгэл, хөрөнгө оруулалт нэг л өдөр үгүй болох нь тэр.   Харин нөгөө уул уурхайн компани гэнэт гарч ирээд,  бэлэн боловсон хүчин, мэргэжилтнийг урвуулж  аваад л. Энэ бол  нөгөө голланд өвчний хамгийн тод жишээ ажиллах хүчний зах зээл, хөдөлмөрийн зах зээл дээр ингэж  илэрч байгаа хэрэг юм.

Тэгэхээр энэ байдал Монголд цаашдаа нэлээд гай тарих юм шиг санагдана.  Цаашид иймэрхүү байдлаар үйл явц өрнөөд байх юм бол   уул уурхайн компаниуд Монголын хамгийн шилдэг боловсон хүчнүүдийг цуглуулан авч, харин бусад салбарт ажиллагсдын ур чадвар нь  улам дордоод, гайгүй боловсон хүчин бэлтгэхэд 5-7 жил зарцуулна гэж тооцвол бид хөгжлийн  5-7 жилийг  зүгээр л ямар ч үр ашиггүй алдах магадлалтай юм.

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд манай мэргэжилтэй боловсон хүчний аль гайгүйг нь  сорчлон авч ажиллуулах энэхүү үйл явц нь  макро эдийн засгийн нэгэн том, урт хугацааны  асуудал болж тавигдаж  байна. Энэ асуудалд эрдэмтэн мэргэд, энэ талаарх асуудлыг хариуцан ажиллаж байгаа та бүгд дор бүрнээ анхаарал  хандуулаасай  гэсэн санааг энд би хэлэх гэсэн юм. 

Дараа нь  хэлэх зүйл бол,  манай ерөнхий макро эдийн засгийн орчныг та бүхэн мэдэж байгаа. Улс орон тодорхой хэмжээний орлого олж ч байна. Тэрнийхээ тодорхой хэмжээг мөн хэрэглэж байгаа. Нэг хэсгийг нь хөрөнгө оруулалтад зарцуулж, нөгөө хэсэг нь хэрэглээнд эргэлдэж  буй. Эдгээрийн  дотроос  хэрэглээ, орлого хоёрыг л  аваад үзэхэд бас л их дисбаланс байгаа.

Үнэнийг хэлэхэд, өрхийн түвшинд аваад үзсэн ч ялгаа байхгүй, аймгийн түвшинд  ч тэр  энэ дисбаланс маш тод харагддаг. Тэгвэл орлого маань чухам юу билээ, зарцуулагдах зүйлүүд  маань бас юусан билээ.  Өрхийн орлогын тухайд  бид  400-аад ам. долларын  асуудал л дунджаар  ярьж байдаг. Гэтэл зарцуулагдаж буй эрэлт хэрэгцээ хэрэг дээрээ чухам ямар байдаг билээ.

Орчин цагийн шаардлагыг хангах хэрэглээ хүртэх тухай ярих юм бол асар том дисбаланс энд үүсч байгаа юм. Түүнийг шийдвэрлэчих санаатай хэрэгжүүлээд байгаа нэг арга хэлбэр нь урьд өгч байсан  хүүхдийн мөнгө ч юмуу, эсвэл одоогийн 21,000 төгрөг гэх зэрэг зүйлүүд. Үүнийг эдийн засгийн хүмүүс та нар шоолдог л байх.  Үнэхээр л арга ядсан хэрэг. Гэхдээ л арга ядсан ийм байдлаар  асуудлыг шийдэх санаатай хөдөлж л байна.  Харин үнэн хэрэгтээ  чухам суурь гол асуудал нь юу юм бэ, юуг баримтлан, хэрхэн  зөв шийдэх вэ гэдэгт  хариулт өгч байгаа институт өнөөдөр алга л байна. Үүнийг та бүхэнд хэлэх нь зөв гэж бодсон юм.

 Түүнчлэн энд дурдахгүй өнгөрч боломгүй нэг чухал асуудал бол  хөрөнгө оруулалт, хуримтлалын асуудал байна. Өнөөдөр бид улсын төсвийн тодотгол хийнэ, 800 – гаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа бол энэ нь зөвхөн төсвөөс л оруулах гэж буй  асуудал. Дээрээс нь хувийн хэвшлийн тухай асуудал ярих юм бол үндсэндээ хоёр триллион  төгрөгийн асуудал яригдах юм.  Гэтэл хуримтлал маань хэд байгаа билээ. Үндсэндээ энэ мөнгөний чухам хэдэн хувийг нь бид  өөрсдөө бүтээн гаргаж авч байгаа вэ гэхээр хариулт нь бас л тун хомсхон  болчихоод байгаа юм.  Дээр нь  нөгөө уул уурхайн салбар ирээдүйгээсээ мөнгө зээлээд явж байгаа. Хэд дэх үеэс нь зээлж байгааг нь хэлэхэд хэцүү. Энэ бол бас  нэг том дисбаланс. Ийм байдал  Монголд цаашдаа нэг их олигтой зүйл  авч ирэхгүй  гэсэн айдас надад байдаг юм.

Мөн тэрчлэн макро эдийн засгийн нэг гол үзүүлэлт бол экспорт, импортын харьцааны асуудал юм.  Монголын эдийн засаг туйлын өрөөсгөл, харахад ч зүрхшээмээр  гэдэг нь харагдаж байдаг.

Цааш нь энд  хэлэх гэсэн нэг санаа бол,  капиталын урсгалтай холбоотой асуудал. Сүүлийн үед Монголд асар их капиталын урсгал орж ирж байна. Энийг бид  20 жил хүлээсэн,  их мөнгө орж ирлээ хэмээн  баярлах естой юм. Гэхдээ энэ их мөнгө орж ирсний цаана нэлээн том асуудлууд урган гардаг юм байна гэдгийг мартах ёсгүй. Богино хугацааны капиталын урсгал, урт хугацааны капиталын урсгал хэмээх  энэ хоёр  баланс дээр, энэ хоёр  бүтэц дээр нааштай зүйл  тун ховор харагдаад байгаа юм.  Ялангуяа сүүлийн 4-5 жилийн дотор тод харагдаж байгаа зүйл бол богино хугацааны хөрөнгө оруулалт, үнэт цаасаар дамжуулан, компаниудын хувьцааг худалдаж авах хэлбэр байна. Үүгээр  дамжин орж ирж байгаа мөнгө бол Монголын тогооноос хэтэрчихсэн болов уу гэж  бодогдох юм.

 Энэ мөнгө орж ирэхдээ Монголын шилдэг сор нь болсон бүхнийг   түүж авч байгаа.  Жишээ нь,  Европын хөгжлийн банк гэхэд л Монголын өөдтэй өнгөтэй  бүх аж ахуйн нэгжүүдийн хувьцааг хамгийн түрүүнд худалдан авч байна. Энэ тэндээс асар их мөнгө оруулж ирж байна. Тэр мөнгө нь урт хугацааны мөнгө гэж хэлэхэд туйлын эргэлзээтэй. Урт хугацааны мөнгө, богино хугацааны мөнгө хоёрын  дисбаланс цаашдаа Монголыг ямар ч үед,  хэзээ ч сүйрүүлж магадгүй гэсэн нэг том аюул байгаад байх шиг.

Үүнтэй уялдаатайгаар 2007, 2008 онд болсон үйл явдлуудыг санаж байгаа байх.  Мөнгө гадагш гардаг юм аа гэхэд, гарч байгаа мөнгө урт хугацааных гэж байхгүй. Дандаа богино хугацааных. 2007 онд 500 сая ам. доллараа 14-хэн  хоногийн дотор зүгээр л туугаад тавьчихсан шүү дээ.  Хэн ч энэ тал дээр дуугараагүй, хэн ч яриагүй, хэн ч үүнээс  сургамж аваагүй.  Дахиад хэрэв, мөнгө аваад гарвал 500 саяыг авч гарахгүй, хоёр, гурван миллиардаар  нь авч гарна.  Гэхдээ энийг маш богино хугацаанд авч гарна.  Манайх үүний эсрэг тодорхой ямар нэг арга хэмжээ авсан уу? гэвэл хэлэх зүйл, хариулт тун бага байгаа юм.  Цаашдаа макро эдийн засгийн балансын асуудал, тогтвортой байдлын асуудлыг ярих юм бол иймэрхүү зүйлийг анхаарч, ажил төрлөө зохицуулах ёстой болов уу гэж бодож байна.

Өөр нэг миний хэлэх гэсэн санаа бол, энэ капиталын урсгалыг дагаад өрнөж буй үйл явдал их олон байгаа. Түүн дотроос хоёр гол зүйлийг дурдъя.

  1. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний асуудал. Орон сууц болон бусад юмны үнэ тэнгэрт хадаж байна. Гэтэл Монголын ард иргэд  өөрсдөө тийм  их орлоготой билүү гээд үзэхээр өдөр, шөнө шиг ялгаа гарч байна. Энэ хандлага цаашдаа ч үргэлжлэх юм шиг байна. Энэ  бол их том аюул. Нөгөө нийгмийн ялгарал гэдэг чинь эндээс л улам эрчимтэй,  хүчтэй өрнөх юм шиг байна.  Баячууд нь улам баяжаад, ядуучууд нь улам ядуурч,  ядуусын эзлэх хувийн жин нэмэгдэнэ. Мөн дээрээс нь улс төрчдийн популизм ороод ирэх юм бол юунд хүргэх бол оо?  гэсэн айдас макро тогтвортой байдалтай холбоотой гарч ирж байна.
  2. Үүнийг дагаад бас нэг харагдаж байгаа зүйл бол төгрөгийн асуудал.  Монгол төгрөг бол үнэхээр бидний нандигнан хайрлаж явах ёстой зүйл. Төгрөг маань үнэ цэнэ нь өсч байгаа  бол сайн хэрэг. Өнгөрсөн жил Монголын төгрөг дэлхийн шилдэг валютуудын нэг болж гарч ирсэн. Гэхдээ төгрөгийн ханш ингэж хүчтэй   болж байгаа нөхцөлд макро эдийн засгийн бодлого  ямар байх ёстой юм бэ? гэдэгт хариулт өгч байгаа нь үндсэндээ хаана ч байхгүй. Монголбанк ч,  Сангийн яаманд байхгүй. Энэ байдал нь  эдийн засгийн гажуудчихсан  байгаа бүтцийг улам л гажуудуулж байгаа хэрэг юм.  Экспортын тухай асуудлыг яриад ч хэрэг байхгүй, зүгээр л хэдэн нүүрсээ зөөе, алтаа гаргая, зэсээ гаргая гэхээс өөр ямар нэг асуудал огт яригдахаа больчихож байгаа юм. Тэгэхээр макро түвшний тогтвортой байдлыг барих гээд байгаа бол төгрөгөө яах гээд байгаа юм бэ  гэдгийг  нэлээн сайн бодохгүй бол болохгүй болжээ.

Эцэст нь,  нэг зүйлийг онцолж хэлэх ёстой.  Энэ нь цаг хугацааны баланс, дисбаланс. Өнөөдрийн богино хугацааны зорилт, ирээдүйн Монгол Улсын хөгжлийн тухай асуудал хоёрыг  яаж хооронд нь зөв уялдуулах вэ.  Хэдий болтол бид ирээдүйгээсээ зээлэх вэ. Энэ том асуудал гарцаагүй анхаарлын төвд яригдах ёстой  болж байна.

Иймэрхүү хэд хэдэн асуудлууд макро эдийн засгийн  тогтвортой байдлыг хангахад нөлөөлөх юм шиг байна. Өөр анхаарал татах,  яривал зохих  асуудал олон л  байгаа байх. Тэгэхдээ,  сая та бүхний  энд ярьж байгаа зүйлийг сонсоод, багцалж авснаа онцлон  ярьсан юм.

 Монголын эдийн засгийн бүтцийн асуудалд бид  онцгой анхаарч, үүнд хамаг оюун ухаанаа дайчилж, олигтойхон өөрчлөлт гаргахгүй бол аюул ойрхон байна хэмээн сэрэмж төрж байна. “Голланд” өвчинд нэрвэгдсэн гуравдугаар  зэргийн Африкийн орон байдаг.  Хэн дуртай нь хүрч ирж дээрэмддэг, хэн дуртай нь төрийн эрхийг нь  булааж байдаг.  Тийм эмгэнэлт төгсгөл рүү явчих вий гэсэн болгоомж, айдас заримдаа  төрдгийг нуух юун.

Анхаарал тавьсанд баярлалаа 

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

2 Comments

  1. Yahav ehnii 20-30 jil baylagaaraa hol deeree bosch sain uildverlegch bolchihood yavaandaa 2030-40 onoos tsever huniihee chadvar medleg bolovsrold tushiglesen oyunii ediin zasagtai uls boloh yostoi baih l daa. Ternees nuurs zeseeree 50 jil tejeelgene gevel afrikiin l huvi zaya huleej baina.

  2. Сүхбаатар
    Сүхбаатар

    Үнэн санаанаасаа Монголоо гэсэн сэтгэл, зүтгэл, мэдлэг байгаад туйлаас баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд Монголын ирээдүйг хөтлөх хувь тавилан ч таныг цаг хугацаа хүлээж байгааг сануулая. “Санаж явбал бүтдэг , сажилж явбал хүрдэг” гэсэн түрүү үеийн Монголын шинжлэх ухаан нэгийг хэлэх бөлгөө. Харин санасандаа хүрэхийн өмнө мөнгөний шуналд хөтлөдөг аюулын хар эргүүлэгэнд уураглагдахаас болгоожилоорой. “Хүний дайсан найз нь байдаг” гэдэг үнэн шүү, миний хайртай МАН аливаа юмыг дор нь гашилгана шүү, мөн ч хүчтэй шүү.

Leave a Reply