Би ингээд хэлчихвэл яах бол гэж эмзэглэдэг үеэ өнгөрөөчихсөн хүн

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг “Илэн далангүй яриа” буландаа урилаа. Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, гурван удаа парламентад сонгогдон ажиллаж буй түүнийг тулхтай улс төрчдийн нэг гэж үнэлдэг. Найз нөхдөөсөө “Тогтуун хүч” гэдэг тодорхойлолт авсан Р.Амаржаргал гишүүн тун бухимдуу сууна билээ. “Ховд аймгийн 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн баярт оролцохын зэрэгцээ тойргийнхоо хэдэн суманд ажиллах санаатай. Би чуулганы завсарлагаанаар жилд хоёр удаа тойрогтоо ажилладаг юм” гэснээр бидний яриа эхэллээ.

-УИХ, хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны гурван жил нь өнгөрчихлөө. Ажлыг нь дүгнэхэд ерөнхий ноён нуруу харагдахаар хугацаа шүү?

-Хий бужигнасан, шуугисан гурван жил өнгөрлөө. Энэ хугацаанд хамтарсан засаг үүнийг хийсэн дээ гээд тоолоход хийж хэрэгжүүлсэн ажил нь гарын таван хуруунд ч цөөдөхөөр байгаа шүү дээ. Бодлогын чанартай томоохон ажил хийдэггүй юм аа гэхэд буруудаж, уруудаж байгааг нь зөв тийш нь зүглүүлж, чиглүүлсэн тоймтой юм алга. Хийж бүтээснээсээ алдсан боломж нь хэтэрхий их байгаа учраас сэтгэл тун дундуур байна. Сүүлийн үед Засгийн газар сураг чимээ алдарлаа, Ерөнхий сайд гэдэг хүн байгаа, үгүй нь мэдэгдэхгүй жил гаруй боллоо шүү дээ.

-Эдийн засгийн хямралыг эрсдэл багатай давсан, төсвийн орлого зарлагаасаа давсан гээд Засгийн газрын ажлыг магтдаг шүү дээ?

-Би үүнтэй санал нийлэхгүй. Эдийн засгийн хямралын үед авч болох олон арга хэмжээ байсан ч Засгийн газар дутуу ажилласан. Монголын эдийн засаг жаахан, гаднаас хэтэрхий их хараат учраас эрсдэл багатай давсан мэт харагдаж байгаа юм. Одоо улсын төсвийн орлого төлөвлөснөөсөө 1,4 их наяд төгрөгөөр давсан гэж яриад сууж байна. Энэ бол бидний хөдөлмөрлөж бүтээсэн мөнгө биш, импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн татвар шүү дээ. Макро эдийн засгийн талаас авч үзвэл энэ гурван жилд их боломж байсан. Үүнийг дутуу ашиглаж, маш их боломж, цаг хугацаа алдсан гэж би дүгнэнэ.

-Засгийн газар тэргүүлж байсан, мэдлэг, туршлагаараа Монголдоо нэрлэгдэх эдийн засагч хүний хувьд тухай, тухайн үед нь болж бүтэхгүй байгаа зүйлээ хэлж, дуу хоолойгоо гаргахгүй яасан юм бэ?

-Тухайн үед нь хэлж байх нь яасан юм бэ гэж хэлж болно л доо. Тэгж болох л байсан. Би хүнээс дутахгүй харсан бүхнээ шүүмжлээд байж чадна. Гэхдээ надад тэгж хүний хийсэн хөдөлгөөн, хэлсэн үг бүрийг шүүмжлээд байх нь чухал биш. Асуудлыг хэлэлцэж байх үед нь санаа оноогоо тусгаад, алдаа оноог нь залж чиглүүлээд явахыг боддог. Болж өгвөл нийгмийг шуугиулаад доргиогоод байхгүй юмсан гэж боддог. Болсон болоогүй асуудал босгож ирээд орилж чарлаад, үсэрч харайгаад, өдөр болгон хэрэгтэй хэрэггүй хуулийн төсөл өргөн бариад явах хэрэггүй шүү дээ. Заримдаа манай парламентад бөөн шоумэнүүд цугларсан юм шиг харагддаг. Хүний анхааралд өртөх, оноо авах ямар л боломж байна, тэр бүгдийг ашиглах гэж гүйдэг өчүүхэн сэтгэлгээтэй хүмүүс байна. Миний хүмүүжил, өссөн орчин, эзэмшсэн боловсрол өөр болохоор тэр хүмүүсийг ойлгодоггүй. Монгол хүний, төрийн түшээгийн намба гэж баймаар даа. Би хувьдаа асуудлыг зөөлрүүлж, залж чиглүүлээд, эвийг нь олоод явахыг хичээж, жийргэвч маягийн үүрэг гүйцэтгэж байгаа болов уу гэж боддог шүү дээ. Хооронд нь мөргөлдүүлчихгүй, мөргөлдлөө гэхэд тэсрэлт үүсгэчихгүй юмсан гэж аль аль талд нь очиж зөөллөж өгдөг үүрэг гүйцэтгэж ирлээ. Үүндээ нэг их сэтгэл хангалуун байгаа юм биш. Арай өөр юм хийчих боломж байсан байх. Гэхдээ энд тэнд гал ноцоочихгүй, энэ нийгмийг төвөөс зугатах хүч нь бус төв рүүгээ тэмүүлэх хүч нь давамгайлж нэгдэж нягтраад яваасай гэсэн санаа надад явдаг. Гэхдээ хэлэх үедээ хэлэлгүй яах вэ. Хэлж байгаа маань энэ. Тухайн үед нь хэлэх, хэлэхгүй зүйл гэж байна. Бүр болохгүй болохоор нь нийгэмд хандаж хэлж байна.

-Ардчилсан нам, МАН-тай хамтран энэ Засгийн газрыг байгуулсан, одоо ч хамтран ажиллаж байгаа шүү дээ?

-Манай нам 2008 оны УИХ-ын сонгуулиар “Иргэдэд байгалийн баялагийг хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж, тэр хувьцааны үнэ  цэнэ нь өссөн дүнгээрээ нэг сая төгрөг хүрнэ” гэж амласан. Үүнийгээ ажил болгохын тулд Засгийн газрыг хамтарч байгуулаад амлалтаа хэрэгжүүлсэн. Тийм болохоор Ардчилсан нам Засгийн эрхийг хуваалцаад явах шаардлага одоо байхгүй. Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах цаг нь болсон.

-Ардчилсан нам, МАН чинь Засгийн газрын хоёр багана шүү дээ. Ардчилсан нам Засгийн газраас гарна гэдэг нь хамтарсан Засгийн газар огцорно гэсэн үг үү?

Ардчилсан нам Засгийн газраас гарна гэдэг нь манай намын гишүүд Засгийн газраас гарна гэсэн үг биш шүү дээ. Засгийн газрын гишүүд нь ажиллаад бүрэн эрхийн хугацаагаа дуусгах хувилбар байж болно. Ардчилсан нам бол одоо сөрөг хүчний байр суурин дээрээ эргэж зогсож, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг хэлэх ёстой. Бид гурван жил амаа үдүүлсэн маягтай явлаа шүү дээ. Хамтарч Засгийн газар байгуулчихаад битгий шүүмжлээд бай гээд юм яриулдаггүй. Энэ чинь ардчиллын зарчимыг гажуудуулж буй хэрэг. Улс төрийн намуудын дотоод ардчиллыг бэхжүүлэх асуудал орхигдож, нэлээд том орон зай гарлаа. Парламентын тогтолцоонд улс төрийн намуудын гүйцэтгэх ёстой үүрэг байхгүй боллоо. Энэ бол их гунигтай зүйл.

-Үнэхээр өнгөрсөн гурван жилд сөрөг хүчингүй байснаас ч юм уу, намууд байгаа үгүй нь мэдэгдэхгүй, хэвлэлийн мэдээнд ч магтсан өнгө аяс давамгайлж байлаа шүү дээ?

-Мөнгө хөрөнгөтэй томоохон бүлэглэлүүд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд шургалчихаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг хүртэл “базаж” байна шүү дээ. Нийгэм рүү өөрсдийгөө магтан дуулсан, энхрийлэн хайрласан захиалгат мэдээллээс өөр юм цацуулахгүй байгаа нь анзаарагдаж байгаа. Төр засгийн үйл ажиллагааны тухай мэдээллийн 90 хувь нь магтан дуулсан л юм байна.

-Хэрэв та Засгийн газарт орж ажилласан бол ярих зүйл чинь арай өөр байх байсан болов уу?

-Би ингээд хэлчихвэл яах бол, тэр намайг эвгүйгээр бодчих болов уу гэж эмзэглэдэг үеэсээ өнгөрчихсөн юм. Хэлэх зүйлээ хэлж, хийе гэснээ хийхээсээ хэнээс ч айхгүй. Зарчмын асуудал дээр санаа оноогоо хэлээд л явдаг. Өмнө нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа ч санал зөрөх асуудал гарахад шулуухан л хэлчихдэг байлаа.

-Та 2004 оны сонгуулиар намынхаа шийдвэрийг дагасангүй гэж намаасаа хөөгдөж байсан. Энэ бас таны хэнээс ч айдаггүй зангаас болсон уу?

-2004 оны сонгуулиар нам намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаж, би бие даан нэр дэвшээд намаасаа хөөгдөж байлаа. УИХ-ын сонгуулийн 64-р тойрогт ялалт байгуулж, гишүүн болсны дараа гишүүнчлэлийг маань сэргээсэн. Тэгээд би хөөгдснөөсөө хэдхэн сарын  дараа намынхаа дэд дарга болсон шүү дээ. Ер нь эцсийн эцэст миний энэ үйлдэл Ардчилсан намын төлөө л байсан. Монголд ардчилсан нийгэм байгуулах зорилгоо бүү гажуудуулаасай, иргэд сонгох, сонгогдох эрхээ битгий хасуулаасай гэсэн тэмцлийн нэг хэлбэр байсан гэх үү дээ. Үр хүүхдээ эрүүл саруул нийгэмд амьдраасай гэсэн хүслийн үүднээс үүнийг хийсэн.

-Таны үнэлэмжээр бол бид одоо хэр элүүл нийгэмд амьдарч байна вэ?

-1990 онд эрүүл саруул нийгэмд амьдрахыг хүссэн залуус Ардчилсан хувьсгал хийсэн. Үүнийхээ төлөө явж л байна. Бас ч гэж чамлахааргүй зүйлийг хийж бүтээсэн. Гэхдээ өмнө байгаа зорилттой харьцуулах юм бол бидний хийсэн ажил дөнгөж эхлэл. Зарим салбар урагшаа дажгүй сайн явж байна. Зарим нэг нь хэцүүхэн байна. Эрх биш ирж яваа цаг болохоор ерөнхий хандлага нь гайгүй байна. Гэхдээ бидний тооцож байгаагүй олон асуудал гарч ирж сэтгэл эмзэглүүлж байна.

-Жишээ нь юунд таны сэтгэл эмзэглэж байна вэ?

-Манай байгалийн баялагийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Ажиглаад байхад тэд Монголын төрийг хүчгүйдүүлэхийг хүсэж байна. Аль болох төрийг сулруулъя, төрийн албан хаагчид, сайд, дарга нарыг худалдаж авч өөрөөсөө хараат болгоё, УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг бизнестээ оролцуулъя, авлигадах нэгийг нь авлигадъя гэсэн бодлого барьж байх шиг санагдах юм. Зөвхөн гадаадын ч биш, дотоодын бизнесийн бүлэглэлүүд ч адилхан. Тэд хүчтэй, дотроо бодолтой, доороо суурьтай хүнийг шийдвэр гаргах түвшинд байлгах хүсэл багатай байдаг юм байна. Ийм үзэгдэл гарч болохыг бид 20 жилийн өмнө бүү хэл 10 жилийн өмнө ч хараагүй л байсан. Өнөөдөр байдал ийм л байна. Харахад хөрөнгө оруулалт орж ирж байгаа мэт боловч цаана нь гаргаж буй үйлдлийнх нь үр дагавар ийм дүгнэлт хийхэд хүргээд байна. Мөнгөтэй хүмүүс төрд алба хашиж байгаа хүнийг хахуульдаж эрхшээлдээ оруулаад албан тушаал ахих тусам нь нэр нөлөөг нь ашигладаг, тэднээрээ дамжуулж өөртөө ашигтай шийдвэр гаргуулах явдал бол байдаг л юм байна. Үүний эсрэг дархлаа манайд алга. Өнгө мөнгө дагаж гүйдэг, дарга сайд харахаараа бялдуучилж, хэн нэгнийг магтан дуулж байж нэг албан тушаалд очоод, албан тушаалд очингуутаа гарын үсгээ мөнгө болгож ашигладаг үзэгдэл хавтгайрсанд харамсаж байна.

-Хаврын чуулган үүргээ хэр гүйцэтгэсэн гэж та дүгнэж байна вэ?

-Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах нь өнгөрсөн намар, энэ хаврын чуулганы хийх ёстой гол ажил байсан шүү дээ. Үүнийгээ хийж чадсангүй. Энэ янзаараа ирэх намрын чуулганаар ч батлах найдвар бага харагдаж байна. Яаж ийгээд ирэх намар энэ хуулийг баталлаа гэхэд хэн нэг иргэн Үндсэн хууль зөрчсөн хууль баталжээ гэсэн өргөдөл ҮХЦ-д гаргаж, ҮХЦ “Сонгуулийн хууль Үндсэн хуультай зөрчилджээ” гэсэн шийдвэр гаргавал бид Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулж чадахгүй ирэх сонгуультай золгох нь байна шүү дээ. Өөрөөр хэлбэл цаг хугацаа дэндүү бага үлдлээ. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж чадахгүй бол намуудын хамтарч ажиллая, улс төрийн шинэчлэл өрнүүлье, сонгуулийн тогтолцоогоо өөрчилье гэсэн гэрээ хэлэлцээр талаар болно.

-Ээлжит бус чуулган зарлана гээд байгаа шүү дээ?

-УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн. УИХ-ын гишүүдэд энэ талаар тодорхой хэлсэн юм алга. Шийдлээ хүлээж байгаа Сонгуулийн хууль, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, төвсийн тодотгол зэрэг тулгамдсан асуудал байгаа. Гэвч энэ гурван асуудлын аль нь ч ээлжит бус чуулган зарлаж шийдэх хэмжээнд хүртэл бэлтгэл нь ханасан гэж бодохгүй байна. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлах нь юу л бол.

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэж хоёр сарын өмнө мэдээлж байсан?

-УИХ-ын гишүүдэд энэ талаар тодорхой мэдээлэл ирээгүй. Хэвлэл мэдээллээс Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэж уншсан. Сураг дуулахад Засгийн газрын шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцээд “Түүхий байна, дахиж авч үзэх ёстой” гэсэн дэг ээ. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол бол эдийн засгийн гэхээсээ илүү улс орны аюулгүй байдал, гадаад бодлоготой холбоотой асуудал. Тиймээс үүнийг ингэж яаран сандран УИХ-д оруулахгүй болов уу.

-Төсвийн орлого зарлагаасаа даваад байгаа. Энэ мөнгийг юунд зарцуулахыг шийдэх шаардлага байгаа шүү дээ?

-Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээсээ давж, 1,4 их наяд төгрөг хуримтлагдсан. Нөгөө талд “Хүний хөгжил” сан мөнгөгүй болж, энд тэндээс урьдчилгаа аваад байгаа. Улсын төсвөөс илүү гарсан мөнгөө “Хүний хөгжил” сан руу шилжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Үүнийг яах вэ гэдэг асуудал байгаа. Олдсон хэдэн төгрөгөө өмнөх жилүүдийнх шиг эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй хүн бүрт хүртээж, энд нэг дээвэр, тэнд нэг шал зас гээд хуваачихад нэг их хугацаа шаардахгүй байх. Сангийн яам бол “1,4 их наяд төгрөг байна, Тавантолгойн гэрээ байгуулагдахаар дахиад нэг их наяд төгрөг орж ирнэ. Үүнийг нийлүүлж байгаад хуваая” гээд байгаа. Гэхдээ агуулга талаас нь харвал эдийн засгийн шинэтгэлийн гол хөшүүрэг, хөгжлийн гол салбар руугаа санхүүжилтээ чиглүүлэх ёстой.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2011.07.22-ны өдрийн А1, А5 нүүр, сэтгүүлч Х.Уянга

 

 

One comment

  1. Энэ хүн л үнэний ортой юм хэлэх ёстой гэж хүлээдэг цөөхөн улс төрчдийн маань нэг сайхан ярилцлага өгчээ. Таныг дэмждэг. Та Ерөнхий сайд болвол монголчууддаа ямар их тустайг бүтээх бол. PR- аа арай илүү хийж болдоггүй юмуу. Гол нь ядарсан монголчуудынхаа төлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *