Эдийн засгийн реформын политэкономи

Тэгэхээр ямар ч болсон сонгуулийн тогтолцоогоо зөв гольдролд оруулах, түүний үр дүнг хүлээн зөвшөөрдөг соёл бүрдтэл бидэнд нэлээд хугацаа шаардагдах бололтойдог. Хэдий сонгуулийн аль ч тогтолцоо нь өөрийн давуу сул талтай ч өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн пропорциональ тогтолцоог сонгох нь зүйтэй.

Цуврал лекц 2. Төсөл

– Сул Засгийн газрыг илэрхийлдэг хэд хэдэн шинж байдаг.

ЛЕГИТИМНОСТЬ ба сонгуулийн тогтолцоо

Сул төр засаг. Ялангуяа жилээс жилд эрч хүч нь суларч буй гүйцэтгэх засаглал манай нийгмийн өнгөрсөн 20 жилийн өнгийг тодорхойлж ирлээ. Цаашид ч нэг хэсэгтээ энэ хандлага өөрчлөгдөх янзгүй.

Төр засаг сул байгаагийн нэг гол шалтгаан нь түүний легитимность /хууль ёсны байдал/ юм. Хэдий ард олны саналаар анхны ардчилсан Засгийн газар байгуулагдаж, Дашийн Бямбасүрэн гуай толгойлон, үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч үгүйсгэсэн ил далд ажиллагаатай учирсан юм. Юуны өмнө хэдхэн сарын өмнө эрх дарх эдлэн, бүхний хувь заяаг шийдэж байсан ортодокс /тууштай үзэлтэн/ коммунистууд сэхэл авч, Д.Бямбасүрэнгийн Засгийн газрыг ганхуулан огцруулах бүхий л арга хэмжээ авч эхэлсэн билээ.

Ялангуяа Ардын Их Хурлын депутатуудын дунд экс Улс төрийн товчооны гишүүнээр толгойлуулсан бүлэглэл Засгийн газрыг унагаах хуйвалдаан зохион байгуулж, АИХ-ыг нэн даруй хуралдуулах шаардлага тавьж байсан юм. Тэр үед улс орны эдийн засгийн байдал туйлын хүнд, чухамхүү хэрхэн оршин тогтнох эсэхээ шийдэж ядан байхад ортодокс коммунистуудын өдүүлсэн эсэргүүцэл, мөн тэдний зориудын санаатай зарим үйлдэл нь ёстой л ар нуруунд хутга зоохтой адил зүйл болж байсан юм.

Харин эл нөхцөлд П.Очирбат, Д.Бямбасүрэн гуай нар өөрсдөө МАХН-ын гишүүн байсан явдал, ардчилсан хүчнийг Да.Ганболд, Д.Дорлигжав нараар төлөөлүүлсэн хамтарсан Засгийн газар оршин тогтнож байсан явдал, мөн шинэ Үндсэн хууль батлагдмагц бүх нийтийн сонгууль явуулах нь тодорхой байсан зэрэг статус кво-г хадгалах бололцоо олгосон билээ.

Үүн дээр Д.Бямбасүрэн гуайн уран нүүдэл: Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг АИХ-аас оруулсан, П.Очирбат гуайн найруулгаар АИХ-ын хуралдааныг бүсчлэн зохион байгуулах замаар ортодокс коммунистуудад нэг дор нэгдэх бололцоог олгохгүй байх зэрэг алхмууд хийгдэж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж үлдсэн юм.

1992 оны УИХ-ын сонгуулийн дүн бас л Засгийн газрын легитимность чанарт эргэлзэхэд хүргэсэн гэж хэлж болно. Ардчилсан хүчнийхэн нийгэмд 30-40-өөс доошгүй хувийн дэмжлэгтэй байгаа нь илт байсан боловч УИХ-д арав хүрэхгүй хувийн суудалтай байсан. Хэдийгээр сонгууль хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байсан ч нийгмийн хүлээлтийг хөсөрдүүлэн, сонгуулийн хуулиар дамжуулж манипуляци /нарийн арга хэрэглэх/ хийх замаар Засгийн эрхийг авч болдог гэдгийг бидэнд харуулсан билээ. Арваад жилийн өмнөх 2000 оны УИХ-ын сонгууль ч мөн адил нийгмийн сонголтыг хангаж чадаагүй юм.

Тиймээс нийгмийн сонголтыг бүрэн тусгах сонгуулийн тогтолцоог мөрдүүлж чадахгүй бол аль ч Засгийн газрын легитимность байнга тавигдаж, тэр хэрээр улс төрийн тогтворгүй байдал үүсч, эдийн засгийн шинэчлэл хавчигдах болно.

1996 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан хүчнийхэн олонхи болсон хэдий ч түүний легитимностыг МАХН хүлээн зөвшөөрөөгүй юм. Сонгуулийн маргааш нь л “энэ хэдэн бацаанууд ингэж л байг, жилийн дараа унагаагаад өгнө” гэж МАХН-ын шаралхсан лидерүүд хашгирч явсан байдаг. Тэгэхээр далан жил засаг барьж, төрийн эрхэнд байсан нам сонгуульд ялагдан, үнэхээр шоконд орсон нь ойлгомжтой.

Сонгуулиар байгуулагдсан Засгийн газрын легитимностыг хүлээн зөвшөөрч, цааш урагшлах хэрэгтэйг ухамсарласан нэг хэсэг байхад дийлэнх нь чин сэтгэлээсээ үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа.

Энэ байдал нь төр, засгийн ажлыг МАХН,түүний гишүүдийн зүгээс бүх шатанд санаатайгаар тасалдуулах, хааж боох хэлбэрээр орон даяар илэрч байсан юм. Ийм эсэргүүцлийн шинж чанартай үйл ажиллагаа 1999-2000 онд дээд цэгтээ хүрч байлаа. Энэ бүгдийг гардан удирдаж, МҮАН-ыг унагах гэж улайран дайрч байсан нь … юм.

2004 оны сонгууль, түүний үр дүнгээр байгуулагдсан УИХ өөрөө өөрийнхөө легитимность чанарыг үгүйсгэж, ёстой л онигооны баатрууд болсон нь харамсалтай.

2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг зувчуулсан явдал, Долдугаар сарын 1-ний үйл явдал зэрэг нь Монголын ардчиллын түүхэнд хар толбо болж үлдсэн төдийгүй, УИХ, Засгийн газрын легитимностыг дурын хүн эргэлзээнд оруулдаг, үгүйсгэдэг хэмжээнд хүргэсэн юм.

Тэгэхээр ямар ч болсон сонгуулийн тогтолцоогоо зөв гольдролд оруулах, түүний үр дүнг хүлээн зөвшөөрдөг соёл бүрдтэл бидэнд нэлээд хугацаа шаардагдах бололтойдог. Хэдий сонгуулийн аль ч тогтолцоо нь өөрийн давуу сул талтай ч өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн пропорциональ тогтолцоог сонгох нь зүйтэй.

2 Comments

  1. Ерэн оноос хойш хамаг юм болохоо байсан мэтээр ярьдаг хүмүүсийг би ер ойлгодоггүй. Өмнөх тогтолцоо ямар байсныг сайн мэдэх амьд гэрчүүд өчнөөнөөрөө байна шүү дээ. Дал, наяад оны Үнэн, Хөдөлмөр гэх мэт сонинуудыг эргүүлээд нэг харахад илүүдэхгүй л байх. Тооны хойноос хөөцөлдөөд чанар гэж авах юм алга гэсэн гомдлоор дүүрэн.

    Нэгэнт л хүний нийгэм юм болохоор хүн бүр адилгүй. Нийгмийн ямар тогтолцоо байгуулж байгаагаас хүний язгуур мөн чанар өөрчлөгдөхгүй. Авхаалжтай, сэргэлэн, гүйлгээ ухаантай хүмүүс хаа газар байж л таараа. Тийм хүмүүс тогтолцооны сул талыг маш гярхай ажиглана. Аманд орсон сул тосыг зүгээр өнгөрөөнө гэж огт байхгүй.

    Жишээ нь гологдол шууд илрэхгүй. Харин тоо, хэмжээ шууд үнэлэгдэнэ. Төлөвлөгөө, норм давуулан биелэх нь чухал. Бөөний үйлдвэрлэл бол жар, далаад оноос монголд нэвтэрсэн эд. Хөдөлмөр зохион байгуулалтын алдаа гарч болно, үүнээс улбаалан бүтээгдэхүүний гологдол гарч болно гэдгийг төсөөлөөгүй юмуу эсвэл гологдлын хувь хэмжээг хэвийн хэмжээнд барьж болно гэж тооцсон юмуу. Бүхнийг машинд даатгасан.

    Үйлдвэрлэлийн өсөлт (тоо хэмжээ), чанарын хооронд урвуу хамаарал байхыг гярхай хүмүүс хамгийн түрүүнд олзолсон байдаг. Үйлдвэрлэлийн үйл явц, шат дамжлагуудыг хурдасгаж чадаж байсан боловч чанарын шалгалтыг хурдасгаж чадаагүй. Чанарын төлөвлөгөө зохиох нь өсөлтийн тооцоо бодохоос хамаагүй нарийн түвэгтэй ажил шүү дээ. Өрнөдөд гол төлөв түүвэр судалгааны аргачлал зонхилдог. Харин монголд энэ ажил үндсэндээ мухардалд орсон. Алдар нэр хөөцөлдсөн, гавъяа шагналд дуртай хүмүүст энэ нь хулгай хийх жинхэнэ алтан боломж гэсэн үг. Эргэх холбоо байхгүй, байлаа гэхэд маш удаан. Хүмүүсийн хулгай хийхээсээ айдаггүйн гол шалтгаан магадгүй энэ. Агуулахаар дүүрэн өрсөн бараанаас хэд нь чанартай, хэд нь чанаргүй, хэн нь хичнээн гологдол гаргасныг тооцох бараг боломжгүй. Чанар шалгагчтай хуйвалдлаа гэхэд л үйлдвэрийн төлөвлөгөө биелээд явчихна.

    Гавъяа шагнал хүртснээ хамт олны буян гэж ярина. Үйлдвэрийн нэр төр гэж юм байна. Олон гавъяат, олон баатруудаараа бахархана. Тэр хэмжээгээрээ байр орон сууц, амралт зугаалга гээд элдэв урамшуулалтай. Тэгэхлээр дутагдал, доголдлыг гадагш задлах боломжгүй. Харин дотроо бол одоо миний ээлж, чиний ээлж гэж алалцана. Одон авах гэж, цол авах гэж тэр шүү дээ. Начны найраа маягтай. Энэ нь нийгмийн бүх салбарыг хамарсан хавтгайрсан үзэгдэл болсон болов уу.

    Тухайн цагтаа энэ асуудлаар хүмүүстэй санал солилцоход энэ бол буруу гэдгийг бүгд хэлдэг, гэхдээ өөрчлөе гэж хэн ч хэлж байгаагүйг сайн санаж байна. Энэ гажуудал яваандаа арилна, засарна, тэгэхлээр ийм боломж дахиж гарахгүй гэсэн үг, тиймээс чи одоо цаг алдалгүй хурдан хөдөлж өөртөө дориухан ашиг гаргах хэрэгтэй хэмээн хүн бүр зөвлөнө. Дөнгөж сургууль төгсөөд амьдралын бичигдээгүй хуулиудаас сонсож байсан анхны зөвлөгөө энэ юм болов уу. Гэхдээ би хувьдаа энэ замаар явахыг хүсээгүй. Нэгэнт буруу гэдгийг нь мэдэж байгаа бол үүнийг засах нь мэдлэгийн үүрэг гэж ойлгодог. Надтай ижил ойлголттой хүмүүс олон бий гэдэгт би бас итгэдэг.

    Яг энэ өнцгөөс харвал монгол орныг хамгийн их сүйтгэж, улс орныг элгээр нь мөлхүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хорлон сүйтгэгчид бол хөдөлмөрийн баатар, гавъяатууд. Улсын сан хөмрөгийг хоослон цөлмөгчид. Хүн яахаараа ингэж эвдэрдэг байнаа хэмээн хар багаасаа л эргэцүүлэн бодож учрыг нь олох гэж оролддог байлаа. Тэдэн шиг адилхан хүн болохгүй юм шүү гэдгийг өөртөө ямагт хэлж байлаа. Алдар нэр хөөцөлдөх шиг гутамшиг алга. Улс гэрээ сүйрүүлж байна шүү дээ. Өнөөдөр яагаад сургамж авахгүй байна вэ?

    Үнэхээр улс орныхоо төлөө өөрийгөө золиослох хүн байхгүй л байгаа шүү дээ. Нэг л их гавъяа ярьсан хүмүүс. Тэр тусмаа улс төрчид. Гэтэл жирийн хүмүүс огт өөр бодолтой байна. Өөр өнцгөөс харж байна. Амьдралын үнэнийг хайж байна. Худал, хуурмаг явдлаас залхаж байна. Бүтэн далан жил, дээр нь дахиад хорин жил худлаа ярилаа.

    Ингэхэд улс төрчдийн амлаад байгаа эрх чөлөө гэж юу юм? Эд хөрөнгө үү, заль мэх үү, нэр алдар уу, хүн чанар уу? Бид эрх чөлөө рүү ойртоод байна уу, эсвэл улам бүр холдоод байна уу? Хүч чадлын нууц юунд оршино? Тогтолцоог мянга солиод нэмэр байна уу? Хуучин тогтолцооны сэтгэлгээ яг хэвээрээ байна. Харин ч улам төгс боловсронгуй болон хөгжиж байгаа юм биш үү? Бид хэнд, юунд итгэх ёстой вэ?

  2. Tanii bichsentei sanal neg b,na ….. …. Haramsaltai ni bid mash ih hugatsaa aldaj b,nda

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *