Моргейж бол ”ажилтай хүн л орон сууцтай” гэсэн агуулгатай тогтолцоо юм

Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж буй зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр бараг хэрэгжих шатандаа орох гэж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцэх байх. Та  ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр бол үнэхээр зөв бодлого.  Зургаан хувийн зээлийн хүү гэдэг бол өнөөгийн банкны зээлийн хүүтэй харьцуулахад бага юм шиг харагдаж байгаа боловч бас тийм ч бага тоо биш ээ.  Учир нь орон сууцны зээлэнд эрсдэл гэж бараг байдаг­гүй.  Хүн барагтай бол орон сууцаа алддаггүй. Тиймээс энэ төрлийн  зээл  хамгийн найдвартайд тооцогддог.  Гэхдээ зөв бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр  асуудал бий. Одоогоор хөтөлбөр хэрэгжүүлэх хэлбэр нь хоёр өөр чигтэй яваад байна.  Ганцхан удаагийн хөрөнгө оруулалтаар орон сууц бариад түүндээ бага орлоготой иргэдийг оруулаад  дуусчих хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байх юм.  Энэ бол буруу. Харин юу нь зөв юм бэ гэвэл Засгийн газар хоёрхон зүйл дээр санаа тавьж оролцох ёстой.  Нэгдүгээрт, Засгийн газар тэр зээлийг хямдхан болгохын тулд хүүнд нь татаас өгдөг байх ёстой. Орон сууцны санхүүжилтийн эх үүсвэр зах зээлийнхээ жамаар өөрөө бүрэлдээд цаашдаа хэдэн жилээр ч хамаагүй үргэлжилдэг байх учиртай.  Тэгэхээр зах зээлийн жамаар санхүүжих тогтолцоог нь бий болгох ёстой. Сүүлийн хэдэн жил энэ тогтолцоог ерөөсөө анхаараагүй. Харин одоо анхаарах байх. Засгийн газар бол зах зээлээс бүрэлдэж буй эх үүсвэрийг иргэдийн гар дээр зээл болж очдог моргейжийн зөрүүг л зохицуулахад  оролцох үүрэгтэй. 100 тэрбум төгрөг дээр  таван тэрбумын зөрүү гардаг ч юм уу. Нэг тэрбум төгрөг дээр хэд гардаг ч юм бэ. Үүнийг нь л улсын төсөвт суулгаж өгөх ёстой. Түүнээс биш бүх эх үүсвэрийг жил бүр Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хийдэг  болгож болохгүй.

Харин  Засгийн  газрын хоёр дахь оролцоо нь юу байх ёстой вэ?

Хот төлөвлөлт, дэд бүтэц ногоон байгууламж, барилгын чанар, стандарт гээд энэ бүхэнд Засгийн газар оролцох ёстой.  Ийм хоёр зүйл дээр л тэднийг оролцоосой гэж хүсч байна. Гэтэл өнөөдөр энэ хоёр оролцоо аль, аль нь алга. Харин Засгийн газар өнөөдөр өөрсдөө барилгаа бариад,  зээлээр ороорой гээд л оруулчихна гэж яриад байх юм. Энэ бол зах зээлийн дүрэм биш. Энэ бол зүгээр л социалист тогтолцоо. Улирч баларсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас ялгарах юм юу ч алга. Засгийн газар оролцож бариулсан орон сууц иргэдийн гар дээр очихоор ямар ч стандартгүй чанаргүй барилга болдог. Эхнээсээ хөдөө орон нутагт харагдаж л байна. ОСК (Орон сууц корпораци)-ийн бариулсан орон сууц зарагдахгүй л байна шүү дээ. Гэтэл адилхан үнэтэй боловч арай чанартайг нь иргэд худалдаж аваад байгаа. Чанарын ялгаа ердөө л энэ.

Засгийн газрын зүгээс барилгын салбарт үзүүлж буй энэ санхүүжилтийг харин ч нийгэм ам сайтай хүлээн авч байгаа юм биш үү?

Бодлого нь зөв гэж хэлсэн шүү дээ. Нийгэмд, нийслэлчүүдэд утаанаас эхлээд тулгамдсан асуудал олон бий. Улаанбаатарчуудын дөнгөж 30-40 хувь нь л орон сууцтай. Тэгэхээр бодлого зөв байна. Харин хэрэгжүүлэх хэлбэр нь буруу тийшээ явах гээд байгааг анхааруулах ёстой. Засгийн газар энэ салбарын хэвийн ажиллагааг хангахын тулд зөвхөн эхлэлийг нь тавиад өгөхөд л хангалттай. Зөвхөн зээлийн хүүний татаасыг л төсвөөс хариуц. Харин байнгын цусны эргэлтийг  хангаж байх нь Засгийн газрын үүрэг биш. Засгийн газар өөрөө байраа барьдаг, өөрөө захиалдаг. Засгийн газрын охин компани нь өөрөө зардаг, өөрсдөө үнээ тогтоодог, бас өөрөө стандартаа тогтоодог байж болохгүй биз дээ. Энэ бүхнээс Засгийн газар өөрөө зугтаах ёстой.

Яагаад?

Энэ бүхнийг чинь дэлхийн олон орон хийж үзсэн юм. Тэгээд бүгд татгалзсан. Учир нь хамгийн бага орлоготой хүмүүсээ цуглуулаад хамгийн хямдхан барилга бариад оруулчихаар тэнд чинь гэмт хэргийн бүлэглэл үүсдэг. Дараа нь тэр гэм хэрэгтэйгээ тэмцэж таслан зогсоох гээд бардаггүй  юм. Тэгэхээр энэ бол манай Засгийн газрын явах зам биш.  Ялангуяа сүүлийн үед Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрүүд ядуу бага орлоготой иргэдэд гэж хаяглагдаад байх боллоо. Тэдэнд зориулсан бага хүүтэй зээл гэж ярих болсон. Орон сууц нийгмийн асуудал учраас инфляцитайгаа уялдаад  хүү нь хоёр хувиар доогуур байх нь хэвийн л үзэгдэл. Гэхдээ ядуу хүмүүст зориулав энэ тэр гэж популист хандлага гаргах нь зохимжгүй юм. Нэр томъёогоо ч анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч моргейжийн систем бол орон сууцны систем болохоос ядууст зориулсан зүйл биш шүү дээ. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин түүний оронд бага орлоготой гээд байгаа тэр иргэдэд байнгын баталгаатай ажлын байр бий болгож өгөхийг л Засгийн газар анхааралдаа авах ёстой.  Түүнээс шууд л байрыг нь барьж өгөөд, оруулаад, мөнгийг нь төсвөөс гаргаад байж болохгүй. Энэ бол зах зээлийн дүрэм бус. Харин байнгын баталгаатай ажлын байртай болгочихвол эх үүсвэрийг нь шийдчихлээ л гэсэн үг шүү дээ.

У.ОРГИЛМАА

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

2 Comments

  1. goy medeelel bn thanks

  2. uul ni zov yarij bna. gehdee ene delhii ertonts chini humuunleg yos gej bhaa boliloo shuu dee

    hen negen ni hen negendee tuslah ni humuuni yos.

    bid buh amidraliinhaa turshid bie bieteigee temtsej amidarval ene horvoo ertonts orshin togtnohin argagui shuudee

Leave a Reply