Үгэнд учир суманд занги

Эрх барьж буй намын хоёрдахь хүн иймэрхүү дүгнэлт хийгээд байвал төр нь яаж ч олигтой байхав дээ.

“Сүүлийн үед луйварчид УИХ-д орж ирж өөрсдийгөө бүрэн эрх гэж юмаар хамгаалуулдаг болсон байна” (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагаас  2011-1-21)

Энэ бол У.Хүрэлсүхийн сул яриа, ямар нэгэн далд санаа агуулаагүй гэж бодож байна. Гэхдээ албаны хүний амнаас унасан үг болохоор мэдэгдэл хэмээн  үзэж болохоор бөгөөд түүнийг нь ухах бус өнгөцхөн “гүйлгэвээс” хэд хэдэн асуулт өөрийн эрхгүй төрж байх  юм.  Жишээ нь,

1. УИХ бол луйварчдын цуглуулга гэж эрх барьж буй нам үздэг юм байна.

Энэ тохиолдолд: тэднийг нэр дэвшүүлсэн намыг юу гэж үзэх болж байна? Сонгосон иргэд бас нэг юм бодох ёстой болно. Энэ мэтчилэн туйлын эвгүй асуулт цуврана.

2. Тэр луйварчид нь сүүлийн үед УИХ-д орж ирсэн юм байна.

Тэгвэл, УИХ-д  нөхөн сонгуулиар МАХН-аас /хуучин нэрээр/ сонгогдон сүүлд орж ирсэн Дашдоржийн Зоригт хамгийн том луйварчин болох нь ээ дээ. Дээр дурдсан ярилцлага уул нь Ц.Даваасүрэн гишүүнд хамааралтай мэт боловч хийсвэрлээд  дүгнэлээ гэж бодоход Эрдэс баялаг, эрчим хүчний сайд  Д.Зоригт луйварчин болж харагдаад байх жишээтэй.  Цаашилбал, зөвхөн МАХН-аас /хуучин нэрээр/ нэр дэвшин гишүүнээр сонгогдсон хүмүүсийг нэрлэвэл: 2004 оны сонгуулиар Г.Занданшатар, Ц.Цэнгэл, Д.Одбаяр, Р.Раш, Б.Бат-Эрдэнэ /дархан аварга/, Сү.Батболд /Ерөнхий сайд/, Р.Буд, Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва, М.Энхболд, 2008 оны  сонгуулиар Х.Бадамсүрэн, Х.Баделхан, Ц.Батбаяр,  Ж.Батсуурь,  С.Бямбацогт,  Ж.Энхбаяр,  Ц.Даваасүрэн,  Д.Дамба-Очир,  Д.Загджав,  Э.Мөнх-Очир,  Х.Наранхүү,  Д.Очирбат,  Ш.Сайхансамбуу,  Ж.Сүхбаатар,  А.Тлейхан,  Д.Хаянхярваа,  Ч.Хүрэлбаатар,  Б.Чойжилсүрэн,  О.Чулуунбат,  Ц.Шинэбаяр зэрэг гишүүд УИХ-д шинээр орж ирсэн билээ.  Эднийг мөн луйварчин гэсэнтэй агаар нэг болсон бусуу.

3.Тэр ч байтугай Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр болон МАХН\МАН-ын одоогийн дарга Сүхбаатарын Батболд бас сүүлийн үед УИХ-д орж ирсэн хүмүүс. Эднийгээ мөн луйварчид гэж МАХН\МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь үзэж байгаа болж таарлаа.

Энэчлэн У.Хүрэлсүхийн ярилцлаган дахь дээрх үг, өгүүлбэрийг дөнгөж гүйлгээд харах бус харин ч тогтоод “ухаж төнхвөл” олон л утга санаа  цуварч мэдэх нь: УИХ-д сонгогдох биш “орж” ирдэг юм байна, өөрсдийгөө хамгаалах гэж суудаг юм байна, УИХ –аас батлаж буй хууль, тогтоол, шийдвэр  нь хэнд ч хэрэггүй дагаж мөрдөх албагүй “юм” байна гэх мэтээр.

Том дарга нар нь өөрсдийнхөө үг хэлийг хянаж чадахгүй, сэтгэлийн хөдөлгөөндөө автаж, тухайн асуудлаас холдон хаа хамаагүй дүгнэлт хийгээд, түүнийгээ олон нийтэд хүргэдэг байдал нийтлэг болжээ.

Эрх барьж буй намын хоёрдахь хүн иймэрхүү дүгнэлт хийгээд байвал төр нь яаж ч олигтой байхав дээ.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

3 Comments

  1. ug helee bodoj yarihgui bol, gehdee Amaraa bagshiin helsniig unshihaar ineed hureh yum, yostoi goy helsen bna shu, gehdee unen,

  2. Бадамсүрэн
    Бадамсүрэн

    Нээрэн ч тийм л гаргалгаа гарахаас өөр аргагүй юм байна да…

  3. Таны дүгнэлт их мундаг болжээ.
    Гэхдээ ер нь бол эрх баригч намын генсек хэлсэн гэдэг нь л асуудал болохоос биш, үнэн, иргэд бараг бүгд гэхэд хилсдэхгүй, тэгж боддогшт.

    Таныг УИХ дотор байгаа цөөхөн зөв хүний нэг гэж боддог. Санхүү төгссөн хүний хувьд ч тэр, таны тэр сургуулийг хэрхэн өөд татсанаар бахархдаг. PM болчоосой билээ, тэгвэл улсын эдийн засгийг өөд нь татах хүн шүү гэж бодож явдаг.

    Гэвч сүүлийн үед танаас нэг зүйл анзаарах боллоо: намчирхах хандлага. Энэ тань бараг дайсан төвтэй шахуу байгааг тань илэрхий харуулаад байгаа, нэг биш удаа. Итгэлээ хүлээлгэсэн сонгогч иргэн хүний хувьд ядаж тан шиг хүнээс дайсагналцал биш, бүтээлч эв эеийг хүлээх юм даа.

Leave a Reply