Тийм том мэдэгдэл хийсэн хүн худлаа ярьснаа хэлээд явах ёстой

interviewҮндсэн хуульд өөрчлөлт оруулах, улмаар засаглалуудын эрх мэдлийн хуваарилалт, сонгуулийн тогтолцооны асуудлаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

A. Арван найман настай Үндсэн хуульдаа салхи оруулах цаг болжээ гэсэн үгийг олон хүнээс, тэр тусмаа тухайн үед батлалцаж байсан хүмүүсээс ч сонсох боллоо. Хууль төгс байдаггүй болохоор ололтоос гадна дутагдал байж таарна. Өнөөдөр заавал өөрчлөх шаардлагатай ямар зүйл, заалт байна гэж та үзэж байна вэ?

Х. Амьдрал өөрөө баян, цаг хугацааны уртад үйл явц, нөхцөл байдал, дэлхий ертөнц хүртэл  маш түргэн өөрчлөгдөж байна. Энэ нь эргээд Үндсэн хууль маань ямар янзтай хэрэгжиж байна вэ гэдгийг үнэлж дүгнэх шаардлагатай болгож байгаа нь үнэн. Миний хувьд Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэдий ч эргэн харах, сайжруулж янзлах зүйл бий. Ингэхдээ гол үндсэн зарчмаа хөндөхгүй байх нь чухал. Өнөөдрийг хүртэл УИХ,  төр захиргааны байгууллагууд аль болох Үндсэн хуульдаа хүрэхгүйгээр асуудлаа шийдсээр ирсэн. Гэтэл гарцаагүй хүрэх шаардлагатай зүйлс ч ажиглагдаад байгаа юм.

A. Тухайлбал  ямар бодит жишээ байна?

Х. Хоёр, гурван зүйлийг онцолж болно. Үүнийг  жижиг гэж хэлж  арай болохгүй байх. Тухайлбал, Үндсэн хуульд “Монгол Улс нийслэлтэй байна, тэр нь Улаанбаатар юм” гээд заачихсан. Өөр газар хот байж болохгүй. Дархан, Эрдэнэт маань аймаг болчихсон, шинэ аймгууд төрж гараад байгаа. Энэ  мэтээр логик утга нь алдагдаж байна. Тэгээд ч эдийн засгийн төвлөрлийг бий болгох, аж үйлдвэрийн цогцолборууд байгуулах гэхээр суурин тогтолцоонд тулгуурлан хотжсон бүтэц рүү орохгүйгээр хийх боломжгүй юм. Үүнийг шийдэхийн тулд гарцаагүй Үндсэн хуульдаа “хот” гэдэг үгийг оруулж өгөхөөс аргагүй байх жишээтэй.

A. Үүнээс гадна том асуудал гэдэгт засаглалын тогтолцоог хэлж байна уу?

Х. Тиймээ. Засаглалын хэлбэрийг тогтвортой болгохгүй бол дэндүү ойлгомжгүй болчихоод байна. Нэгэнт парламентын тогтолцоог сонгосон болохоор үүнийгээ улам бэхжүүлэх, чанаржуулах чиглэлээр тодотгох зүйлүүд Үндсэн хуульд бий. Мөн засаг захиргааны нэгжтэй холбоотой багц асуудал гэх мэтчилэн эргэж харах асуудал цөөнгүй. Товчхондоо би амьдралаас урган гарсан асуудлуудыг Үндсэн хуульдаа ямар нэг байдлаар, бодитойгоор тусгаж, гарцаагүй оруулах өөрчлөлтүүдийг зоригтой хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

A. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хүрвэл ямар дүрэм журмаар хийх арга механизм нь манайд байдаггүй. Тиймээс АНУ, Англи Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаагүй байхад манайхан гар хүрэх тухай ярих ч хэрэггүй гэж туйлширдаг. Энэ нь бусад хуулиа “цоорхой” төрөхөд хүргэдэг юм биш үү?

Х. УИХ-ын дарга саяхан захирамж гаргаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулал яаж оруулах вэ гэдэг асуудлыг бүгдээрээ судалъя. Эрх зүйн зохицуулалт хийх нь зүйтэй гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулсан. Манай Үндсэн хуульд бас ч гэж өөрчлөлт орсон юм шүү дээ. УИХ Засгийн газрын гишүүн байж болох асуудлыг хөндсөн. Тэр үед улс төрийн хоёр нам хамтарч мэдэгдэл хийсэн болоод тэр нь бүтээгүй, Үндсэн хуулийн цэц дээр унаад хүчингүй болсон. Түүний дараа улс төрийн нэг нам дангаараа шахам эрх барьж байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Ер нь цаашдаа улс төрийн нэг нам дангаараа эрх барьж байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү, эсвэл хоёр нам хоорондоо ярьж байгаад хийчихдэг зүйл мөн үү, өөр механизм байх ёстой юу гэдгийг судлах нь зүйтэй. Хэрэв би зөв ойлгож байгаа бол саяын байгуулагдсан ажлын хэсэг саналаа дүгнэлтээ гаргаж танилцуулах байх. Аль болох ард иргэдийн саналыг бүрэн хэмжээгээр тусгах, сонирхлын бүлэг давхаргын хүсэл эрмэлзлийг хэрхэн тусгах талаар ул үндэстэй дүгнэлт гаргах байх гэж найдаж байна. Ямар ч байсан Үндсэн хуульд хэрэв  өөрчлөлт оруулахад хүрвэл баримтлах дүрмээ хатуу тохирч, түүнийхээ дагуу хаана, ямар өөрчлөлт оруулахаа ярих ёстой болов уу.

A. Үндсэн хуулийн гол ололтыг тайлбарлахдаа ихэвчлэн “ардчилсан төр” гэдэг үгэнд ач холбогдол өгдөг. Тэгвэл тухайн төр ардчилсан байж чадах эсэхийг юугаар тодорхойлоод байгаа юм бэ, хуйвалдааны чанартай шийдвэрүүдийг нь харахаар  тэгж хэлэх нь  хийсвэр ч юм шиг?

Х. Тийм юм байгаа, байгаа. үгүй гэж мэтгэлцээд байх хэцүү. Хүн бүр өөрийнхөөрөө бодож байгаа. Би бол ардчилсан байдлаар явахгүй байгаа зүйл зөндөө байгаа гэж үздэг. Хамгийн наад зах нь сонгуулийн тогтолцоогоо эргэн харах ёстой. Сонгуулийн тогтолцоо нь шударга, ард иргэд нь хүссэн хүнээ дэмжиж өнгө, мөнгөнд хууртахгүйгээр саналаа өгдөг, өгсөн санал нь үнэн зөв тоологддог, эцсийн дүнд төлөөлөл нь бүрэн хэмжээгээр хэрэгждэг тийм л байхыг хүсээд байгаа. 2000 оны сонгуулиар Ардчилсан нам нийт ард иргэдийнхээ 46 хувийн саналыг авсан байдаг юм. Тэгсэн атлаа УИХ-д ердөө ганцхан суудал авсан шүү дээ.

A. Энэ бол можаритари тогтолцооны сул тал тийм үү?

Х. Тийм. Тэгээд энэ тогтолцоогоор явж болохгүй юм байна гээд томсгосон можаритори системээр явахаар сүүлийн үед иргэдийн шүүмжлээд байгаа тойрогт хуваарилах тэрбум төгрөгийн асуудал гарч ирээд байгаа юм.

A. Та эдийн засагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ. Миний ойлгосноор бол дэмжээд байгаа бололтой?

Х. Нэгэнт сонгогдсон УИХ-ын гишүүн тойрогтоо юм хийх, тулгамдсан зарим асуудлыг нь шийдэхийг боддог. Тэр нь чухам ямар ч аргаар байж болно. Зарим нь хөрөнгийг нь төвлөрүүлж байгаад нэг асуудал шийдэж байхад, нөгөө нь хүн болгонд хүртээнэ гэдэг шиг тав, арваар нь тарааж байтал эцсийн үр дүн нь харагдахгүй байх жишээтэй. Үүнд УИХ-ын гишүүдийг буруутгахаасаа илүү сонгуулийн тогтолцоо, томсгосон можаритори систем гарцаагүй тийм зүйл шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ, мөн ардчилсан  бус байдлаар яваад байгаа зүйлүүдийг хязгаарлах, аль болох ард иргэдийн санаа бодол, эрх ашигт нийцсэн хэлбэр рүү оруулах вэ гэдэгт түлхүү анхаарах хэрэгтэй. Хэрвээ би зөв ойлгож байгаа бол үүнтэй холбоотойгоор, УИХ дээр сонгуулийн пропорциональ системийг хүлээж авъя гэсэн уур амьсгал нэлээд ихэсч байх шиг байна. Би хувьдаа ч гэсэн энэ байр суурин дээр хатуу зогсч байгаа.

A. Дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэдэг гэх аль ч тогтолцоо нь Монголын хөрсөн дээр тохирч, зохицохгүй байгаа нь харагдлаа. Тиймээс ч холимог тогтолцоо бий болгох хэрэгтэй гэж яриад байгаа юм биш үү?

Х. Ер нь сонгуулийн тогтолцооны аль ч хэлбэр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Тухайлбал можаритори тогтолцооны давуу тал нь сонгогдсон тойрогтоо ойр байдаг. Хэн нэгэн хийсвэр бус, маш тодорхой хүнийг сонгодог учраас тулж ажиллах, байнга уулзаж ярилцаад, загнуулж, балбуулаад явж байдаг шүү дээ. Сул тал нь гишүүний тэрбум төгрөг мэтийн асуудлаас эхлээд бишгүй бий. Пропорциональ тогтолцоогоор бол үндсэндээ хүнийг сонгохгүй, намыг сонгоно. Өөрөөр хэлбэл тухайн тойргийг төлөөлж, чухам хэн УИХ-д суух вэ гэдэг нь намын асуудал болчихож байгаа юм. Энэ тохиолдолд сонгогч нь тойргоосоон сонгогдсон УИХ-ын гишүүндээ “би чамайг сонгосон” гээд чичилж шүүмжлээд, эсвэл санал бодлоо хэлээд байх боломжгүй. Энэ давуу болон сул талыг зохицуулах гээд холимог хэлбэр энэ тэр гаргаж ирээд яваад байгаа. Би хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр ер нь сонгуулийн хууль үр дүнтэй байх эсэх асуудал бол цаг хугацааны хүчин зүйлээс ихээхэн хамаарна. Анхнаасаа нэг хувилбарыг сонгож аваад, түүгээрээ тууштай явах хэрэгтэй. Бид 1996 онд цэвэр можаритори системийг сонгосон чигээрээ явсан бол болох байж гэж боддог.

A. Түүнд ч бас сул тал бий шүү дээ?

Х. Мэдээж байсан. Тойргийг өмчиллөө, мөнгөтэй хүн гарч ирээд бүхэл бүтэн тойргийг худалдаад авчихлаа гэхчлэн ярьдаг байсан. Үнэн. Гэхдээ нэг хувилбарыг сонгон авч, түүнийгээ улам чанаржуулаад байвал эцэстээ сайн үр дүнд хүрдэг. Жишээ нь Англи, Америк 200-300 жил нэг тогтолцоогоороо явлаа. Ийм хугацааг туулж байж төлөвшдөг байх нь л дээ. Манайхан болохоор арван жил явчихаад л болохгүй нь гэж оношлочихоод байна. Бодоод үз. 1992 онд сонгосон сонгуулийн тогтолцоо 2012 он гэхэд 20 жилийг туулсан байх нь. Гэтэл яг эсрэг байр суурин дээр нь оччихоод байна. Ийм үсрэлтийг хийгээд байх нь сонгуулийн тогтолцоогоо төлөвшүүлэхэд саад болохоос цаашгүй. Тиймээс би “будилж явсаар пропорциональ систем дээр ирэх юм шиг байна. Энэ сонголт дээрээ л 50-60 жил өөрчлөлгүй, тууштай зогсоё” гэж бодож сууна.

A. Пропорциональ системийг сонгосноор намуудын асуудал одоогийнхоос өөрөөр яригдах нь гарцаагүй. Намуудын төлөвшил, улс төрийн намын талаарх иргэдийн болон улстөрчдийн ойлголт гээд олон өөрчлөлтийг дагуулах байх. Эс тэгвээс намын лидер гэгдээд байгаа хүмүүс хүссэн хүсээгүй ноёрхоход хүрэх нь?

Х. Үнэхээр зөв. Юуны өмнө намууд төлөвшсөн байх ёстой. Улс төрийн намууд нь төлөвшөөгүй, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадвар эзэмшээгүй бол пропорцианаль систем нэг хүний дарангуйллыг дээд зэргээр өөгшүүлсэн, аюултай зүйл.  Тиймээс сонгуулийн хуулиас гадна эхлээд улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нэрсийн жагсаалтад орох 76 хүнээ нам нь яаж шилж, сонгож гаргаж ирэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой.

A. Ямар шалгуур байх вэ, таныхаар. Намын даргад таалагдах, үзэмж, өнгө мөнгөний асуудал ноёрхоод байгаагаас яаж ялгаж салгах вэ?

Х. Улс төрийн намууд нэг л дүрмээр тоглох учиртай. Нэг намын дарга нь дарангуйлагч байж, өөртөө таалагдсаныг дэвшүүлдэг байхад, нөгөө намынх нь болохоор анхан шатны байгууллагын хурал, ротаци, ҮЗХ, Гүйцэтгэх хурал гээд олон шат дамжиж байж гарч ирдэг. Ийм хоёр хүн яаж хоорондоо өрсөлдөх вэ, энэ шударга гэж үү?  Тиймээс улс төрийн намын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ бүхэн өнөөх л ардчилал болохгүй, бүтэхгүй байна гэж шүүмжлүүлээд байгаа зүйлийг засч залруулах, хязгаарлах учиртай. Мэдээж энэ бол цаг хугацаа шаардсан, чимхлүүр ажил. Нэг санаа хэлчихээд, түүнийг нь хэрэгжүүлбэл маргаашнаас сайхан болох мэтээр ойлгуулж, хүлээлт үүсгээд байгаа нь асуудлыг удаашруулж, улмаар нийгмийг урагшлахад саад болж байна.

A. Институци хоорондын маргаан 20 жилийн хугацаанд төлөвшиж чадсангүй. Хэзээ эцэслэх бол?

Х. Шийдэх л хэрэгтэй. Улс төрийн янз бүрийн үйл ажиллагаанаас харахад зарим талаараа төлөвшиж эхэлж байгаа нь харагдаж байна. Жишээ нь хүчтэй Ерөнхий сайд байхад УИХ-ын ч, Ерөнхийлөгчийн ч үүрэг роль байхгүй болчихож байна. ­Ерөнхийлөгч нь хүчтэй, амбицтай бол нөгөө хоёрыгоо дараад байна шүү дээ. Нэгэнт л бүх ард түмний хийсэн сонголт тодорхой байгаа тохиолдолд парламентын засаглалаа л дагаж явах ёстой. Тиймээс би ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой, Ерөнхий сайдад УИХ-ыг тараах эрх нь байх ёстой гэж үздэг. Ерөнхий сайд Засгийн газраа төлөөлөөд тухайн оны төсвийг УИХ-д оруулж ирдэг. Төсвийг УИХ хэлэлцэж батлахдаа Засгийн газрын концепциэс зөрөөд, хэн дуртай нь татаж чангаагаад, хүн танигдахын аргагүй болгочихвол Ерөнхий сайд УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулъя. Шинэ УИХ дараагийн Ерөнхий сайдаа сонгоно биз, би хуулиар олгосон эрхийнхээ дагуу энэ төсвийг л зөв, зүйтэй гэж үзэж байна гэж байр суурин дээрээ хатуу зогсч чаддаг байх ёстой. УИХ-ын 76 гишүүн ямар ч хяналтгүй гэсэн яриа яваад байдаг шүү дээ. Тэдний үйл ажиллагааг хязгаарлаж, хянаж байдаг тогтолцоо ингэж гарч ирэх учиртай. УИХ ч нягтарсан хэлбэр рүү орох боломжтой. Ялсан намынхаа улс төрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө явдаг болно. Тэгэхгүй бол нэг намын нэр дээр нэр дэвшиж гарч ирчихээд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь байсаар байтал тэс өөр хөтөлбөр рүү яваад байдаг “сайн дурын уран сайханч” УИХ-д олон байна.

A. УИХ өнөөдөр Засгийн газарт ажиллах боломж, эрх мэдлийг хангалттай олгож чадаж байна уу. Таныг Ерөнхий сайд байсан үеийнхтэй харьцуулбал?

Х. Чадаж байна уу гэвэл чадаж байгаа. Үгүй юу гэвэл бас үгүй юм. Яагаад гэвэл дээр хэлсэнчлэн хүчтэй Ерөнхий сайдтай байгаа тохиолдолд УИХ яаж ч чадахгүй. Олонхиороо дамжуулаад өөрсдийн бодлогыг тууштай явуулаад байж болдог. Сул Ерөнхий сайд бол олонхио зангидаж чадахгүй, бодлого нь сарниад байдаг. Манайд бас нэг сонин юм ажиглагдаад байна.

A. Юу тэр вэ?

Х. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч маш хүчтэй юм шиг байгаа юм. Ерөнхий сайдын томилгооны асуудлыг хүртэл Ерөнхийлөгч оруулж ирэхгүй бол гацчихдаг. Аргаа ядаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ мэтээр УИХ-ын ажиллуулж, бас ажиллуулахгүй байж ч болдог мундаг хүн юм. УИХ нь бас Засгийн газраа огцруулчихдаг, оруулаад ирсэн асуудлуудыг унагаадаг, эсвэл хэн нэг гишүүн толгойд орсноо чангахан дуугаар хэлчихээр асуудал шийдэгддэг байдлууд ажиглагдаад байна. Гүйцэтгэх засаглал нь тийм хүчтэй юм уу гэхээр бас үгүй ч юм шиг. Ерөнхийлөгч дангаараа ямар ч шийдвэр гаргах эрхгүй. Ерөнхий сайд гарын үсгээ зурахгүй бол зарлиг нь хүртэл хүчин төгөлдөр бус. Тэгэхээр Ерөнхийлөгч бол Үндсэн хуульд заасанчлан ёстой л билэгдлийн шинж чанартай, ямар ч эрх мэдэлгүй нэгэн.

A. Гацаах, хориг тавих л үүрэгтэй?

Х. Гацаах гэж хэлж арай болохгүй л дээ. Засаглалын хэлбэрүүдийг тэнцвэржүүлсэн гэсэн томъёолол байдаг юм. Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тэнцвэржүүлсэн ийм санаануудыг Үндсэн хуульд зааж өгсөн. Санаа нь бол зөв. Гэхдээ хэрэгжүүлж буй механизм нь гажуудал үүсгээд байна. Үүнийг цэгцлэхийн тулд парламентын сонгодог хэлбэр буюу Ерөнхий сайд нь парламентыг тараах эрхтэй байх тогтолцоо зайлшгүй шаардлагатай.

A. Тэгвэл Засгийн газрын, сайдуудын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан нь зөв гэж та үзэж байна уу?

Х. Энэ бол аливаа сонгодог  парламентын хүрээнд байдаг зүйл. Парламент ямар нэгэн шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг харахын тулд хяналтын тогтолцоогоо хүчтэй болгох ёстой. Нээлттэй, хаалттай хэлэлцүүлэг өрнүүлдэг, түүндээ яам, тамгын газрын дарга нарыг авчирч, ёстой л чичрүүлдэг байх ёстой шүү дээ. Харамсалтай нь хяналтын тогтолцоогоо хэрэгжүүлдэг механизм нь манайд тодорхой бус байна. Үүний төлөө нэг гишүүн хашгираад байх уу, хүн бүр өөрийнхөө дураар таалагдсан, таалагдаагүй хүнтэйгээ зууралдаад байх ёстой юм уу, эсвэл УИХ, Байнгын хороо, ажлын хэсэг гэдэг институцийнхаа хувьд ажиллах ёстой юу гэдгийг хэлэлцэж тогтох учиртай. Хамгийн энгийн жишээ хэлэхэд аль нэг яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга бусад эрх бүхий албан тушаалтнууд мэдээлэл хийдэг. Тэд нэг зүйлийг хатуу анхаарах ёстой. Ямар ч тохиолдолд худлаа ярьж, худал мэдээлэл өгч болохгүй. Энэ бол маш онцгой зүйл. Жишээ нь АНУ-д Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд ирж оролцож буй хүн бүхэн тангараг өргөдөг.  Би энэ ажлын хэсгийн өмнө зөвхөн үнэнийг хэлнэ  гэдгээ тангараглаж байж асуулт хариултыг өрнүүлдэг. Тэр хүн ямар нэг байдлаар худал мэдээлэл өгсөн бол хувь заяа нь үндсэндээ шийдэгддэг. Манайд бол тийм биш. УИХ-ын мэдээллийн цагаар ч,  ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаан дээр асуудал танилцуулж байгаа хүмүүс заримдаа бүр санаатай гэмээр худлаа мэдээлэл өгөөд байдаг. Эсвэл мэдлэг муутайгаасаа ч болдог байж мэднэ. Тэгэхээр УИХ-ын хууль тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих үйл ажиллагаа  доголдож эхэлдэг.

A. Худал мэдээлэл өгөх гэснээс мэдээллэл нь бодит байдлаас зөрүүтэй, худал гэдэг нь удаа дараа харагдаад байгаа Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэрэв мэдээлэл өгөхдөө тангараг өргөдөг бол худлаа ярьдгаа болих болов уу. Ер нь УИХ өөрийн харьяа байгууллагын энэ хариуцлагагүй удирдлагатайгаа яагаад хариуцлага тооцож болдоггүй юм бэ?

Х. Тэгж болно. Харамсалтай нь дээр хэлсэнчлэн худлаа ярьсантай нь уялдуулаад хариуцлага тооцдог хяналтын механизм нь алга. Яагаад гэвэл УИХ түүний үнэн хэлсэн эсэхийг нь мэдэхгүй, зүгээр л амьдрал дээр уг мэдээллийн үнэн худал нотлогдохыг хүлээгээд л сууж байна шүү дээ. Жишээ нь Монголбанкны ерөнхийлөгч “Миний үед ганц ч арилжааны банк дампуурахгүй” гээд л мэдэгдэж байсан. Гэтэл энэ хүнийг Монголбанкны ерөнхийлөгч болсноос хойш хоёр банк дампуурчихлаа. Л.Пүрэвдорж ямар хариуцлага хүлээв? Уг нь тийм том мэдэгдэл хийсэн хүн худлаа ярьснаа хэлээд явах ёстой. Эсвэл УИХ нь чиний тэдэн сарын тэдэнд хийсэн мэдэгдэл  худлаа байлаа, энэ нь нотлогдчихлоо гээд явуулах ёстой.  Тэр тогтолцоо нь ажиллахгүй, механизмууд нь төлөвшөөгүй байна шүү дээ. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулъя гээд саналууд ойрын амжиж хэлэлцэгдэх байх гэж найдаж байна.

2010.01.20-ны Лхагва гариг, “Улс төрийн тойм” сонин 1 нүүр, сэтгүүлч н.Оргилмаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *