Хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль банк дампуурах магадлалыг нэмэгдүүлсэн

Банкны салбарт үргэлжлэж буй дампуурлын цаана үндэсний баялаг үнэгүйдэх, үнэгүйдүүлэх процесс өрнөж байгааг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Улмаар нийгмийн баялагийг хуваарилах, дахин хуваарилах механизм, арга хэрэгсэлийг гартаа оруулах улс төр, бизнесийн бүлэглэлийн сөргөлдөөн илт өрнөж байна гэж би үзэж байгаа юм.

mailcheckНэгд, Эрх хүлээн авагч “Анод” банкинд очиж байгаа бололтой. Өдий болтол тэнд чухам юу болсныг хэлэх хүн ховор байна. Ямар ч байсан татвар төлөгчид 150 гаруй тэрбум төгрөг төлсөн. “Зоос”-ын дампуурлыг цэгцлэхэд 100 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргаж татвар төлөгчдөд үүрүүлэх янзтай. Ер нь эдгээр банкны өр энэ тэр гээд бараг 400-500 тэрбум төгрөг улсын төсөвт буух янзтай бөгөөд саяхан их л бужигнаж байгаад баталсан төсөв маань 2-3 сарын настай болж таарна.

Зоос дампуурсан гээд хэлчихгүй татан буулгасан гэх мэтээр ярьж байна. Үнэндээ бол дампуурсан. Зоос банкны удирдлага дүрмийн сангаа бараад харилцагчдын мөнгийг идээд банкаа өчнөөн төчнөөн төгрөгийн өрөнд оруулсан хүмүүс. Эрсдэлээ зөв тооцолгүй, буруу шийдэл гаргасан бол зөөлрүүлэн хэлэхэд ажил хэргийн мэдлэг дутсан гэж хариуцлага тооцох л ёстой. Харин шунахайн сэдэл, зохиомлоор хуйвалдан хийсэн бол бүр хүндрэх ёстой.


Нийгмийн баялагийн дахин хуваарилалтыг банкаар дамжуулан хэрэгжүүлэх, эл салбарт бүрдсэн «статус кво»–г төрийн механизм, гадны мөнгө хөрөнгө ашиглан өөрчлөх процесс эхэллээ. Арилжааны банкуудад гадны аудит оруулах, хөгжлийн банк байгуулах, «банкны тоо олон» гэсэн албаны хүмүүсийн мэдэгдэл зэрэг нь хангалттай нотолгоо юм.

Хоёрт, Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль манай аль ч банк дампуурах магадлалыг нэмэгдүүлсэн. Арилжааны банкуудад их хэмжээний хадгаламж байршуулан өндөр хүү авч тодорхой хугацааны дараа татахад л өнгөрнө. Учир нь хадгаламжинд авсан мөнгөдөө хүү төлөн суугаад байх хэцүү. Хадгаламжийн болон зээлийн наслалт нэгээс хоёр жилээр зөрж байдаг учраас цаг хугацааны энэхүү хайчаас гарах зөв менежментийг банкирууд хийж чадаагүй. “Зоос”-ыг дампууруулсан механизм ердөө л энэ.

Банк дампуурах нийгмийн өртөг нь хувийнхаас хамаагүй илүү байдаг учраас, төрөөс банкыг дампууралд хүргэхгүй байх сонирхолтой. Тиймээс ч мөнгөн хадгаламжийг баталгаажуулсан тогтоол гарч байх жишээтэй. Гэхдээ Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг батламагц зэрэгцээд иргэдийн эрх ашгийг баталгажуулах үүднээс Хадгаламжийн Даатгалын тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой байсан юм. Уг хуулийн төсөл нь 2007 онд бэлэн болсон байсан бөгөөд 10 сая төгрөг хүртэл хадгаламжийг 100 хувь баталгаажуулахаар төсөлд тусгасан байсан. Засгийн газар Монголбанк хамтдаа Хадгаламжийн даатгалын тухай хууль УИХ оруулж ирээгүй,  өдөр өнгөрөх тутам банкны салбар улам бүр хэврэгшиж байгаа гэдгийг эрхбиш мэдэж баймаар.

Банк ном журмын дагуу ажиллахад тавих хяналт яагаад үйлчлэхгүй байна. Доод шатанд ажилладаг хүмүүс нь болохгүй бүтэхгүй зүйлийг бүртгэж дарга нартаа хэлдэг ч тэд дарагдуулан юу ч болоогүй мэт өнгөрдөг. Зээлийн мэдээлэлийн тогтолцоо, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог яагаад ном журмын дагуу ажиллуулахгүй байна. Энэ мэт асуултууд цувраад байгаа юм. Энэ холион бантангийн төлөө хэн хаана ямар хариуцлага хүлээж байгаа, хүлээсэн эсхийг хэн ч хэлж мэдэхгүй.

Гуравт, активын үнэгүйдэл. Аливаа банк нь актив пассив буюу хөрөнгө, түүний эх үүсвэрийг илэрхийлсэн баланстай. Энгийнээр, актив нь чиний хөрөнгийг өсгөн үржүүлдэг зүйлс юм. Актив эргэлтэнд орж чамд мөнгө оруулах учиртай. Энэ утгаараа арилжааны болон Төв банкны активт байгаа бараг таван триллион төгрөг бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйлс билээ.

Харин банк дампуурахад яах вэ?  Дүрмийн сангаа идсэн нөхөд активаа зарж өрөө төлөх болно. Бэлэн мөнгөө хамгийн түрүүнд өрөндөө өгнө. Түүний үнэ цэнэ нь нэг их унаж амжихгүй. Дараа нь Засгийн газар, Монголбанк үнэт цаас байвал зарна. Худалдаж авах хүн субьект олох ёстой. Энэ мэтчилэн бүх активаа зарж өрөө төлнө гэсэн үг. Гэтэл зарим нь зарагдахгүй ээ, тиймээс 10-50 хувь хүртэл дискайнт хийнэ. Активаа янз бүрээр үнэлэн дуудлага худалдаа зохион байгуулна.

Банкинд барьцаалсан лицензи, үл хөдлөх хөрөнгө зэрэг нь тодорхойлтоороо олгосон зээлээс илүү үнэ цэнэтэй гэж тооцдог. Гэхдээ онолын хувьд л ингэж тооцоож байгаа юм. Үнэндээ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоо нь төгс биш гэдгийг бас мартаж болохгүй. Ямар ч байсан банк дампуурчихгүйн тулд «fire sale» хийж байгаа нөхцөлд барьцаалсан хөрөнгө тодорхойлтоороо үнэгүйдэж таараа. Энэ мэтчилэн актив үнэгүйдэж эхэлнэ.

Хэн нэгний өмчийг булаан авья гэвэл, хэн нэгний өмчийг үнэгүйдүүлэн хямдаар худалдан авья гэвэл, авсан зээлээ төлөхгүй гэвэл, хугацаагүй, хүүгүй зээл авья гэвэл банк дампууруулах ёстой байх нь л дээ. Зээлийн чадвар муутайг мэдсээр байж зээл олгон төлбөрийн чадваргүй болгож хөрөнгийг нь булаан авдаг тухай, энэ мэтээр иргэдийн мөнгийг дээрэмддэг тухай гадаадын сонин хэвлэлд бишгүй л гардаг. Манайхан ч үүнд гаршиж байна.

One comment

  1. Дээр бичсэн бүх зүйл үнэн. Гэхдээ зоос 2 талтай. Хадгаламжинд баталгаа гаргах явдал дэлхийд байдаг л зүйл. Монголын төр ийм хууль баталснаар банкны системийг авч үлдсэн гэдэгт итгэдэг. Өнөөдөр олон судлаач Lehman Brothers-г аварсан бол дэлхийн санхүүгийн хямрал ингэж гүнзгийрэхгүй байсан гэж дүгнэх боллоо. Харин банкуудын чанаргүй зээл ийм хурдацтай нэмэгдэж банкуудыг сөхрүүлэх болсон нь УИХ, Засгийн газар, Монголбанкны төсөв мөнгөний хариуцлагагүй, сахилга батгүй бодлоготой шууд холбоотой. Эдийн засгийн мөчлөгийг дагасан хэт тэлэх бодлого явуулснаар нэг л өдөр унах үндсээ өөрсдөө л бүрдүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *