Дэлхийн эдийн засаг яагаад байна

Дэлхийн эдийн засгийн байдлын талаар тааламжгүй мэдээ тасрахгүй ирэх боллоо. Санхүүгийн зах зээлийн хямрал нь эдийн засгийн бодит секторын хамран улмаар дэлхийн эдийн засгийг бүхэлд нь ганхуулж эхлэв бололтой. АНУ-ын эдийн засаг хямралд автагдаж бусад эдийн засаг ухарч эхэллээ.

АНУ-ын болон өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг хямралд орсон эсэх, орсон бол шинээр хүчирхэгжиж байгаа Хятад, Энэтхэгийн эдийн засагт энэ нь хэр нөлөөлөх, санхүүгийн секторын доргион эдийн засгийн бодит секторт хэр хохирол учруулах болон энэ нөхцөлд Төв банк болон Засгийн газрууд ямар нэгэн арга хэмжээ авч чадах эсэх нь Глобаль эдийн засгийн байдлыг тодорхойлох юм.


Жилийн өмнө л санхүүгийн зах зээлийн зовиур гэж байсан нь өнөө илээн хүнд өвчин болон хувирч нилээд үргэлжлэх янзтай гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Юуны өмнө банкны систем хүндрэлд орлоо. Өнгөрсөн 12 сард, мөнгөний зах зээлийг бэлэн мөнгөөр хангахад чиглэсэн АНУ, Англи болон Европын Төв банкны хамтрасан үйл ажиллагаа нь банк хоорондын зах зээлийг түр зуур ч гэсэн хүнд байдлаас гаргаж, шуугиан намдаасан хэдий ч байдал дээрдсэнгүй. Харин ч улам том том банкууд алдагдал зарлаж эхэллээ.

Түүнээс гадна маш нарийн үнэт цаасны хэлбэртэй активуудыг үнэлэх дахин үнэлэх асуудал хурцаар тавигдаж байна. Орон сууцны барьцааны үнэлгээнээс үүдэн цаашид ямар хэмжээний алдагдал хүлээхийг банкны төлөөлөгчид өөрсдөө ч хэлж чадахгүй байна. Ямар ч болсон Кредит Свис, UBS зэрэг банкууд хэдэн арван тэрбумаар алдагдал бичиж эхэллээ. Нөгөө талаас банкны зээлийн эрэлт нэмэгдэж тэр хирийн нийлүүлэлт байхгүй учраас зээл “картанд орлоо”.

Энэ нөхцөлд банкууд мөнгөний зах зээлээс өндөр хүү тогтоож зээлдүүлэх, зээлийг хязгаарлах, зарим хэрэлэгчдээс татгалзах ёстой болно. Ямар ч болсон зээлийн нийлүүлэлт хумигдаж эхэллээ. Гэтэл банкны зээлээс хараат эдийн засгийн секторууд – орон сууцны ипотек, арилжааны үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой – хүнд байдалд орох нь гарцаагүй. Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгодог банкуудын баланс улам муудаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал муудах хирээр зээлийн өрийн үйлчилгээ ч муудаж компаниудын ашиг орлого нь доошлон улмаар дампуурлын давалгаад хүргэх магадлалтай. Орон нутгийн өрийн бичгүүд ч рейтингийн хувьд юм унах бол энэ нь эргээд банкуудад хүндээр тусах юм.

Дэлхийн макро эдийн засгийн прогноз хийдэг институтууд үнэлгээгээ шинэчлэж байна. Тухайлбал, энэ жил өндөр хөгжилтэй улс орнуудын өсөлт 2.6-аас 1.8 хувь болтлоо буурна гэж ОУВС тооцож байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 2.2 хувь болно гэж тооцоож байсан бол энэ жил 1.5 хувь болно гэж тооцсон байна. Өнгөрсөн оны 4 улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт жилийн дүнгээрээ 0.6 хувь хүртэл унасан юм. Орон сууцны барилгын салбар унаж, ажил эрхлэлт болон хэрэглээний зарцуулалт уруудан, үйлчилгээний салбар ч хумигдаж байгааг АНУ-ын статистик мэдээ өгүүлж байна.

Европд ч байдал дээргүй байна. Доллартай харьцуулбал евро чангарч байгаа нь энэ бүсийн экспортыг хязгаарлаж эхэлсэн бөгөөд нефтийн болон хүнсний үнэ нэмэгдэж хирээр инфляцийг хязгаарлах асуудалтай тулсгарсан европын төв банк зээлийн хүүг бууруулах бололцоогүй болоод байна. Англи, Швейцар, Германы олон банк хямралд өртөж эхэллээ.

Японд байдал харьцангуй гайгүй байгаа ч барилгын төслүүд удааширч байгай нь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна. Японы эдийн засаг, ялангуяа экспорт нь АНУ-аас их хамааралтай гэдгийг ч санах ёстой. Инфляци, хэрэглэгчдийн итгэл унаж байгаа зэрэг нь хямралд орох эсэхийг цаг хугацааны асуудал болгож байна.

Энэ нөхцөлд аврал шинээр хүчээ авч байгаа орнуудаас ирэх болов уу гэж харж байна. Хөгжингүй орнуудад эхэлсэн уналттай дүйцэх болбол илүү гарах эдийн засгийн өсөлтийг Хятад, Энэтхэг хангаж чадах эсэх нь гол асуулт юм. Гэтэл эдгээрийн эдийн засаг нь хөгжингүй орнуудынхаас хамаарал өндөртэй. Олон улсын санхүүгийн институтууд бас бараандуй прогноз хийж байна. Тухайлбал, Азийн эдийн засгийн өсөлтийг 8.6 хувь гэж өнгөрсөн оныхоос нэг пунктээр буулган төсөөлж байна. Дэлхийн банк Энэтхэгийн өсөлтийг нэг пунктээр бууруулан 8.7 хувь гэж тооцож байна. Харин Хятадын эдийн засаг нь нэг пунктээр нэмэгдэж 11 хувь болно гэж ОУВС тооцжээ.

Бүхэлдээ, нааштай шинж тэмдэг хомс бөгөөд хамгий зовлонтой нь мөнгөний бодлогоор дамжуулан үр дүнд хүрэх арга зам бараг байхгүй байгаа юм. Тиймээс сангийн бодлогыг өргөн ашиглахыг ОУВС хүртэл дэмжиж байгаа юм. ОУВС иймэрхүү зүйлийг дэмжинэ гэдэг байдал нилээн хүнд байгаагийн шинж гэж дүгнэхээс өөр аргагүй. Сангийн бодлогыг ашиглан тодорхой арга хэмжээ авч эхэлсэн цорын ганц улс нь АНУ юм. Бусад өндөр хөгжилтэй улс орнуудын инфляци хөөрөгдөхөөс айгаад нэг л зүрхлэхгүй байна.

Ямар ч болсон энэ бүх үйл явдал хэсэг хугацаанд манай эдийн засагт нэг их хүчтэй нөлөөлөл үзүүлэхгүй хэдий ч өрнөлийг нь бид анхааралтай ажиглаж байх ёстой юм.

One comment

  1. Sonirholtoi saihan bichjee. Bayarlalaa. daraa dahin orj irj bichij ulam ihiig medej avj bainaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *