Инфляци гэдгийн оронд фүдляци гэдэг “юм” ороод ирлээ шүү

News.mn Ярилцлага

Ерөнхий сайд С.Баяр томоохон орд газруудыг төрийн мэдэлд бүрэн авахаа мэдэгдсэнээс хойш нэг хэсэг чимээгүй байсан. Харин одоо “үүц”-ээ дэлгэж эхлэх нь шиг байна. Зарим нэгний шүүмжлээд байгаачлан энэхүү “сонгуулийн кампанит ажил”-ын талаар та ямар байр суурьтай байна вэ?

Зарчим нь юу юм бэ гэдэг асуудал байгаа юм л даа. Үндсэн хуулинд “Газрын хэвлий дэх баялаг бол нийт ард түмний өмч” хэмээн заасан байдаг. Тийм учраас энэ өмчөөс ард түмэн шууд ба шууд бус замаар хүртэх ёстой. Тэдэнд чухам яаж хүртээх вэ, ямар арга механизм байх вэ гэдэг дээр мэргэжилтнүүд санал бодлоо дэвшүүлж, хууль ёсны дагуу хэлэлцэх ёстой байгууллагуудаар нь хэлэлцүүлж байж энэ ажил биеллээ олно байх аа. Үүнтэй холбоотойгоор хоёр санаа байна. Ийм том асуудлыг шийдэхдээ улс төрийн намуудын зөвшилцлөөр шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай.Монгол Улсыг шинэ зуунд авч явах томоохон төслүүдийн тухай ярьж байгаа учраас нэлээд сүрхий хэл амаа ололцож байж, бүх ашиг сонирхлын элементүүдийг нэгтгэн санал бодлоо хуваалцаж байж нэгдсэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Түүнээс биш хэнийгээ оруулах вэ, яаж хуваарилах вэ гэдэг чинь нэг их сонирхолтой асуудал биш шүү дээ. Бид чухам юу хүсээд байгаа юм бэ, түүнийгээ ойлгоё. Энэ бүхнээ цэгцэлчихсэн хойно яах эсэх нь мэргэжлийн хүмүүсийн асуудал шүү дээ. Маргашгүй зарчим гэж бий. Уг зарчим бол ярилцлагын эхэнд дурдсан зүйлсээс урган гарч ирж байгаа юм. Энэ асуудлыг сонгуулийн шоу болгож болохгүй. Дэндүү том асуудал, дэндүү их ач холбогдолтой. Үүнийг дөрвөн жилийн цонхоор юм уу, эсвэл хэдхэн сарын дараа болох гэж буй сонгуулийн нүдээр хардаг асуудал биш. Тийм учраас маш нухацтай бодож, сонгуулийн шоу болгохгүй байх тал дээр ажиллах ёстой л гэж бодож байна.

-Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн орд газраас жирийн иргэд байтугай Засгийн газар ашиг хүртсэн нь юу л бол. Гэтэл хувь хишиг хүртээнэ гэж юу яриад байгаа юм бол оо?

Би тийм нарийн асуудал руу орохгүй байхыг хүсч байна. Хамгийн гол нь Монгол Улс цаашид яаж хөгжих юм, газар шороогоо ухаж хөгжих гээд байгаа юм уу, эсвэл оюун ухаанаа ашиглаж хөгжих гээд байна уу. Үүнийг тодорхой болгомоор байна. Хэрэв газар шороогоо ухаж хөгжинө гэвэл нэг л шийдэл бий. Хэрэв оюун ухаанаа дайчилж хөгжинө гэвэл ашигт малтмалын салбар ямар үүрэг гүйцэтгэх юм бэ. Эдгээрийг цэгцэлж аваагүй байгаа тохиолдолд тэр “юм” руу орчихоор эцсийн дүндээ асуудал нь 35 ч юм уу, 50, 70, 80, 90 хувь гэх мэт асуудлууд тавигдаад байна шүү дээ. Зарчмаа эхлээд тодорхойлох л чухал. Тэгвэл дараачийнх нь аяндаа тодроод ирнэ.

-УИХ-ын намрын чуулганы дундуур Засгийн газар Тавантолгой, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг татсан. Хаврын чуулганы үеэр төслүүдийг яаран сандран хэлэлцэж таарах нь ээ дээ?

Үгүй болов уу. УИХ үүнд нэлээд хариуцлагатай хандах байх гэж бодож байна. Энэ бол олон нийтийн анхаарлын төвд байгаа, байх ч ёстой. Тийм учраас улс төрийн намууд, улстөрчид маш хариуцлагатай хандаж, шийдвэр гаргана биз ээ. Яарч, сандраад байх хэрэг байхгүй ээ.

“Үгүй болов уу” гэснээс Засгийн газар төслөө шинэчлээд оруулж ирсэн тохиолдолд УИХ хэлэлцэж л таарна. Тэндээс ямар нэгэн шийдвэр гарах нь тодорхой биз дээ. Тэгэхээр болох үйл явдал “Тийм гэсэн” хариултыг өгөөд байгаа юм биш үү?

Асуудлыг яаж ч шийдэж болно шүү дээ. Би бол нухацтай хэлэлцээсэй гэж бодож байна. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын чуулган дээр “Үнэхээр өндөр ач холбогдолтой юм шүү” гэж албан ёсоор мэдэгдсэн. Тийм болохоор Засгийн газраас оруулж ирсэн төсөл нь нэлээд сайн боловсруулсан, чамбай байх болов уу гэж найдаж сууна.

-Улстөрчид нухацтай, хүлээцтэй байр суурь баримталж байх зуур гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд далдхан ажиллагаа өрнөөд байх шиг. Монголын Засгийн газар, ОХУ хооронд ч бас томоохон асуудал үүсчихсэн бололтой. Мэдээж хэрэг, энэ бол нефтийн зах зээл тойрсон хэрэг явдал юм. Та энэ талаар тодорхой мэдээлэлтэй байна уу?

Би хэн нэгний хэлсэн явган яриагаар ямар нэгэн дүгнэлт хийж яримааргүй байна. Албан ёсны баримтуудыг албан ёсны журмаар өөрөө авч үзэж байж, байр сууриа илэрхийлэх болно. Өнөөдөр байдал ямар байгааг бүгд л маш тодорхой мэдэж байгаа. Манай улс нефть бүтээгдэхүүний 90-ээд хувийг ОХУ-аас хангаж байна. Хангасаар ч ирсэн. Мөн Хятадаас багахан хэмжээнийхийг, хааяа Казахстанаас нефть импортолдог. Асуудлыг нэг тийш нь болгох ёстой юм, уг нь. Бидэнд туршлага бий шүү дээ. Ямар ч бүтээгдэхүүн дээр ялгаа байхгүй, нэг улсаас хэт их хараат байх нь бас их зовлонтой байдаг. Миний хувьд, Ерөнхий сайд байхдаа эдийн засгийн тусгаар тогтнолын талаар нэлээд хөнддөг байсан. Эдийн засгийн тусгаар тогтнолоороо улс төрийн тусгаар тогтнолоо баталгаажуулах ёстой.

Манай улс ахуйн хэрэгцээгээ хоёр улсынхаа тусламжтайгаар хангах гэсээр байтал эдийн засгийн тусгаар тогтнолгүй болоод байна уу даа. Ер нь Монголд ийм дархлаа тогтоох бодлого гэж байна уу?

Тийм механизмыг бүрдүүлэх нь л төр засгийн гол үүрэг шүү дээ. Дотооддоо үйлдвэрлэлийг дэмжиж, өрсөлдөөнийг дэмжих, дэлхийн болон бүс нутгийн зах зээлд хөл тавих зэргийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй байна. Тиймээс тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй.

УИХ гурил, улаан буудайн нөөц бүрдүүлэх талаар тогтоол баталж, үнийг нь өсгөхгүй байх бодлого дэвшүүлж байгаа ч дэлхийн зах зээлийн аяыг манай улс даахгүй байна. Та улс орны эдийн засагт нүүрлээд буй асуудалд ямар анализ хийж байна вэ?

Ерөнхийдөө харж, ажиглаж байна. Ерөнхий сайдыг нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийх үеэр би энэ тухай хөндөж байсан. “Манай улсад инфляци гэдгийн оронд фүдляци гэдэг “юм” ороод ирлээ шүү” гэж. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь дэлхийн даяар тодорхой харагдаж буй хандлага. Тухайлбал, дэлхий дээр махны хэрэглээ асар их нэмэгдэж байна. Энэтхэг, Хятадад махны хэрэглээ нэмэгдэж, тэр хэмжээгээр буудай, тэжээлийн үнэ нэмэгдлээ. Энэ хэрээр улаанбуудай тариалалтын талбай буурдаг байх жишээтэй. Иймэрхүү бодит шалтгаанаас үүдээд дэлхий дээр улаанбуудайн үнэ өсч байгаа. Манайд эл байдал ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байна л даа.

Засгийн газрын тэргүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улс орны хөгжилд шинэчлэл хийж чадах болов уу. Зургаахан сарын хугацаатай томилогдсон Ерөнхий сайд шүү дээ?

Би Ерөнхий сайд байсан хүний хувьд энэ ажлын жаргал, зовлонг ойлгоно. С.Баяр нийгэмд асар их хүлээлтийг бий болгосон. Түүнээс олон нийт ихийг хүлээж байгаа. Өөрөө ч их чармайж, зүтгэж байна. Харамсалтай нь намынх нь зүгээс олигтой дэмжлэг үзүүлж байгаа харагдахгүй юм. Ажил төрлийг нь дэмжээд өгч байгаа “юм” нэг их харагдаж өгөхгүй байна. Бусад улс төрийн хүчин ч гэсэн сөрөг гэдэг байр суурин дээрээ хэтэрхий зогсоод байгаа юм болов уу гэж бодож байна. Зөв зүйтэй зүйл дэвшүүлж байгаа бол түүнийг нь дэмжихээс өөр аргагүй л дээ. Миний хувьд, С.Баярын дэвшүүлсэн таван зорилтыг зөв гэж үнэлж байгаа.

Ярилцсанд баярлалаа. Хууль тогтоох үйлст тань амжилт хүсье!

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

Leave a Reply