Намыг шинэчлэх талаар ярьж байгаа нь зөв зvйтэй асуудал

Өдрийн сонины сурвалжлагч Б.Батбаатартай хийсэн ярилцлага

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай уулзаж ярилцлаа.

-Хэд хоногийн өмнө та УИХ-ын гишүүдэд өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд АН цаашид хэрхэн ажиллах талаар өөрийн гаргасан саналаа хүргүүлсэн. Энэ саналд хариу ирж байна уу, гишүүд дэмжсэн, эсэргүүцсэн саналаа хэлж байна уу?
-Шууд санал онолоо хэлж байгаа гишүүн тааралдахгүй байна. Уншаагүй өнгөрөөчихсөн юм болов уу гэж бодох юм.

-Ардчилсан намыг шинэчлэх цаг болсон гэдэгтэй та санал нийлэх үү? Манай нам болохоо байчихлаа гэсэн уур амьсгал давамгайлаад байх шиг.
-Зөв л дөө. Аливаа амьд организм цаг үеэ дагаад өөрчлөгдөн шинэчлэгдэж байх ёстой. АН-ын хувьд ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Шинэ шинэ зорилтууд гарч ирж байна. Тэр бүхнийг хангаж чадах бүтэц, боловсон хүчин нь байна уу, шийдэх арга механизмуудыг бид тодорхойлж томъёолж чадсан байна уу гэсэн асуудлууд гарч ирж байгаа. Эдгээрт хариу хайгаад эхлэхлээр өнөөдөр байж байгаа байдал маань шаардлага хангахгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Тэр ч утгаараа намын олон гишүүн АН-ыг шинэчлэх, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах цаг үеийн шаардлагыг хангасан хэмжээнд авчрах талаар санал бодлоо ил далд янз бүрээр хэлж байгаа. үүнийг би маш зөв зүйтэй асуудал гэж бодож байна.

-Зарим гишүүн ойрын үед намын Онц их хурлыг хуралдуулж, намын удирдлагыг сольж, энэ бүх асуудлаа цэгцлэх хэрэгтэй гэсэн саналыг гаргаад байгаа. Нөгөө хэсэг нь сайтар зөвшилцөх хэрэгтэй гэдэг. Таныхаар яавал дээр гэж бодож байна вэ?
-Магадгүй л дээ. Зарим гишүүн ийм маягаар асуудлыг томъёолж тавиад Онц их хурлыг хуралдуулж асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байж болох юм. Би бол намын дүрмэнд юу гэж заасан байгаа билээ. Онц их хуралд хүргэлгүйгээр наана нь асуудлыг шийдчих арга зам байна уу, үгүй юу гэдэг дээр өөрийнхөө саналыг гаргаж тавьсан юм шүү дээ. өөрөөр хэлэх юм бол, намын удирдах албан тушаалтнууд, намын нэрээр төр, захиргааны байгууллагад өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс болон үЗХ-ны гишүүдийн хамтарсан зөвлөлгөөн хийе гэсэн юм. Тэр зөвлөлгөөний үеэр асуудлуудаа нэг томъёолж тавиад, шийдэх шийдлүүдээ цөмөөр хайгаад, магадгүй нэг шийдэл нь намын Онц их хурал байж болно шүү дээ. Эсвэл арай өөр хялбархан шийдэл ч байгаа юм билүү. Энэ бүгд дээр зөвлөлдье гэсэн санааг дэвшүүлж тавьсан юм. Одоохондоо үүн дээр тодорхой санал сонсогдохгүй л байна.

-Гишүүд манай намын үЗХ бол юу ч биш. Бараг 100 хувь нэг фракцынхан учраас асуудлыг шийдэж чадахгүй гээд байгаа шүү дээ?
-Ийм яриа байгаа нь үнэн. үүнийг үгүйсгэх арга байхгүй. Ер нь тэгж ч уншигдаж байгаа. Байж байгаа өнөөдрийн үЗХ-ны бүрэлдэхүүнийг харахад ч нам доторх нэг фракц бүлэглэл нь илт давамгайлчихсан. Тэр нь нөгөө намынхаа бусад гишүүний санаа оноог сонсохгүй, тэднийгээ өөрийнхөө түнш биш гэдэг утгаар харж ажил төрлөө явуулж байгаа нь шүүмжлэлд өртөж байгаа. Эцсийн дүндээ намын удирдах дээд байгууллага Их хурлуудын завсар үЗХ л байгаа шүү дээ. үЗХ маань аль зэрэг эрүүл саруул байж байна, энэ дотор намын нийт төлөөллийн дуу хоолой аль хэр чөлөөтэй илэрхийлэгдэж байна, тэр нь хэрэгжих бололцоо хэр хангагдсан юм, энэ бүхэн нь намын дотоод ардчилалтай холбоотой асуудал. Намын төлөвшилтэй холбоотой асуудал. Ардчилсан намын чанарыг илэрхийлж байгаа нэг үзүүлэлт шүү дээ. Энэ үзүүлэлтээр нь аваад үзвэл өнөөдөр шаардлага хангахгүй байгаа нь үнэн. Энийг нуух юм байхгүй. Ямар шийдэл байж болохов. Сөргөлдөөд байх уу, хутгалдаад байх уу. Эсвэл хамтарч суугаад асуудлаа илэн далангүй ярилцах уу гэдэгт л асуудлын гол байгаа юм. Хагарч бутраад явчих, хагаралдаад бутраад явчих шиг амархан юм байхгүй. Хаалга саваад гарах амархан. Асуудлыг аль аль талдаа намынхаа эрх ашиг, нийгмийнхээ эрх ашгийг удирдлага болгож байгаад шийдэх гэсэн эрэл хайгуул хийх явдал хэцүү л дээ.

-АН-ыг ардчилалгүй боллоо гэж шүүмжлэх болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэгж би хэлж байгаа. өнөөдөр цөөнхийнхөө дуу хоолойг сонсч чадахгүй байна шүү дээ. Цөөнхөө хүндэтгэдэг тогтолцоо алга байна шүү дээ. Цөөнх нь нэг асуудал хөндөж тавихлаар хувийн асуудал болгож тавиад тэрийгээ гаргаж ирж чадахгүй, хэлэлцүүлж чадахгүй байна гэдэг чинь ардчилал байхгүй гэдгийн маш тод илрэл.

-Ойрын үед ҮЗХ хуралдаж асуудлаа ярилцана гэдэг үнэн үү?
-ҮЗХ хуралдах асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөр бас хэлэлцсэн. Хэрвээ би зөв ойлгосон бол ямар ч байсан энэ ҮЗХ-г ротаци явагдсаны дараа хуралдуулна гэсэн чиг баримталж байгаа юм билээ.

-Ротаци явуулах тухай зар зарим хүмүүст тараагдахгүй байгаа юм гэсэн яриа ч их дуулдаж байна. Нэг иймэрхүү яриа яваад байгаа?
-Тэрийг би мэдэхгүй юм. Энэ асуудал руу би нарийн ороогүй учраас. Тэгэхдээ ротаци гэдэг манай дүрмэнд байгаа чухал элемент гэж би боддог. өөрөөр хэлбэл, намын удирдах байгууллага тогтмол шинэчлэгдэн солигдож байх, тэр утгаараа намын удирдлагад ажиллаж байгаа хүн хариуцлагаа мэдрэх, үүргээ ухамсарлах бололцоог олгож байгаа чухал хэрэгсэл. Ротацийг хэрэгжүүлж байгаа механизмууд гэх юм бол жаахан сэтгэл дундуур байгаа. Ер нь АН-ын нэг онцлог шинж байдаг. Уг нь их дэвшилтэт, шинэ аятайхан хэрэгслүүдийг гаргаж ирчихээд түүнийгээ хэрэгжүүлэх болохлоор дандаа бүдэрдэг. Тухайлбал, намын удирдлагын марафон гэж байна. Уг нь их зөв зүйтэй санаа шүү дээ. Хэрэгжүүлэх болохоор үр дүн нь хүсэн хүлээж байснаас шал ондоо юм болоод явчихдаг. Нэг ийм юм харагдаж байгаа. Ротацийн асуудал байж байна. үүн дээр мөн л ялгаа байхгүй. Нам нь шинэчлэгдээд, өөрчлөгдөөд, шинэ залуу боловсон хүчинд орон зай тавьж өгөөд, тэднийг намын амьдралдаа татан оролцуулаад, туршлага судлуулаад явна гэдэг чинь их том хүчин зүйл шүү дээ. Харамсалтай нь энийгээ хэрэгжүүлж байгаа механизм гэхлээр ер нь үЗХ-д олонхи болохоор өөрийнхөө хүмүүсийг татан чангааж, ямар нэг байдлаар лоббидож байгаад оруулдаг. Тийм механизм руу орчихоод байна. Уг нь үЗХ-д намын эрх ашгийг төлөөлж чадах, намын эрх ашгийн төлөө дайчин байж чадах тийм хүмүүсийг л оруулах ёстой. Энд манай намын гишүүдийн хариуцлагын асуудал ч хөндөгдөх ёстой. Эцсийн эцэст хэнийг би үЗХ руу сонгож, оруулж байна гэдэг дээр эрх биш намын гишүүд маань байр сууриа тодорхой илэрхийлж байх ёстой байх л даа.

-УИХ-д АН өөрийн бүлэггүй болчихлоо. Бүх зүйлд МАХН-ын заавар зөвлөгөөгөөр яваад байна. Бидэнд өөрийн гэсэн зорилго чиглэл байхгүй болчихлоо гээд байгаа?
-Би үүн дээр байр сууриа маш тодорхой хэлээд байгаа. Угаасаа АН Монголын 1990 оноос хойш түүхэн утгаараа тодорч гарч ирсэн ганц том хүчин шүү дээ. Ийм том улс төрийн хүчин өнөөдөр УИХ-д өөрийн гэсэн бүлэг байхгүй, энийгээ хэрэгжүүлэх механизм байхгүй байнаа гэдэг утгагүй зүйл. Монголын улс төрийн гуниг л гэж хэлж болно. Тэгэхдээ яахав. Нэгэнт дүрэм журам нь ийм байгаа бол яаж ажиллахав, ямархуу байдлаар ажил төрлөө зохион байгуулахав гэдэг дээр оюун ухаанаа уралдуулж шийдэл олох ёстой. Хоёр гурван чиглэлээр ажиллах ёстой байхаа гэж би бодож байна. Нэгд, УИХ-д албан ёсны бүлэг гэсэн бүтцийг бий болгох эрх зүйн орчинтой холбоотой чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллах. Энэ дээр нам ажиллах ёстой гэж бодож байна. Нам өөрөө хариуцлага хүлээж байгаа болохоос УИХ-ын хэн нэгэн гишүүн гүйгээд байх биш. Эсвэл дунд нь хаячихаад эзэнгүйдүүлээд байх биш. Энэ асуудлыг нам, намын удирдлага барьж аваад зүтгүүлэх ёстой юм болов уу гэсэн нэг ийм ойлголт байна. Уг асуудлыг шийдтэл энэ УИХ-д байгаа хорин хэдэн гишүүнийг нэгтгэдэг, зохион байгуулдаг механизмуудыг олох ёстой. Зөвхөн УИХ-д АН-ын гэлтгүй бусад намын гишүүдийг ийш нь татан оролцуулах чиглэлийн юмыг хийх ёстой байх. Энэ хүрээн дотор нэг механизм нь юу байж болох вэ гэхлээр тэр зөвлөлдөх зөвлөл байж болмоор санагдаад байгаа юм. өөрөөр хэлбэл, тодорхой асуудлаар зөвлөлддөг зөвлөл. Тухайлбал, өнөөдөр нэг аймгийн төсвийг ярьж байна гэхэд тус аймгаас сонгогдсон гишүүд АН-ын гишүүдийг уриад энэ асуудлаа зөвлөлдье гэж болно. Хичнээн хүн ирэх нь хамаагүй шүү дээ. Хүрч ирээд зөвлөлдлөө, санаа оноогоо нэгтгэлээ тэгээд зөвлөмжөө гаргалаа. Энэ зөвлөмжөө бусад гишүүдэд заавал хүргүүлэх ёстой. Гишүүд түүнийг нь үзээд үнэхээр зөв зүйтэй юм байна гэвэл дэмжээд явчихна. Хэрвээ болохгүй бүтэхгүй зүйл байна гэвэл тэр зөвлөлдсөн улсууд нь түүнтэй уулзаад ямар учиртай юм, яагаад ийм зөвлөмж гаргасан гэдгээ тайлбарлаад ажиллах ёстой юм. Энэ бол их ардчилсан механизм юм шиг надад харагдаад байгаа. Энийг хэрэгжүүлэх л асуудал.

-АН-ын өнөөгийн удирдлагын үед нам шинэчлэгдэж чадахгүй. Намд залуу шинэ лидер хэрэгтэй байна. Тэр үед АН шинэчлэгдэнэ гэсэн яриа яваад байгаа. Таны бодлоор…
-Магадгүй. Би хэлж мэдэхгүй байна. Цоо шинэ хүмүүс гарч ирээд, цоо шинэ үзэл, арга хэлбэрийг намд нэвтрүүлээд, энэ намын ирээдүйг би ингэж харж байна. Хоёр жилийн дараа ийм байх юм. Гурван жилийн дараа ийм болно, ийм зорилтыг хангахын тулд ийм бүтэц, зохион байгуулалттай баймаар байна, орон нутагт ингэж ажилламаар байна, хэвлэл мэдээлэлтэй ингэж ажилламаар байна гээд хөтөлбөрөө гаргаж ирээд өөрийнхөө үзэл дэвшүүлээд зүтгэчих ийм шинэ хүн гарч ирээд намыг аваад явж болно. Би тэрийг огт үгүйсгэхгүй.

-Зарим гишүүн шинэ нам байгуулах талаар яриад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Ер нь дэмий болов уу л гэж бодож байна. Яагаад гэвэл та нар хар даа. АН маань байгуулагдаад 15 жил болж байна. 15 жилийн дараа бид өнөөдрийн энэ түвшинд байж байна шүү дээ. Тэгэхлээр өнөөдөр нэг шинэ нам гарлаа гэхэд 15 жилийн дараа нэг энэ хавьцаа л ирнэ. Магадгүй жаахан урагшилсан, эсвэл хойно байж болно. Тэгэж цаг алдаж байхаар байгаа юман дээрээ цөмөөрөө хамтраад, энийгээ тордоод аваад явчихвал зүгээр. Уг нь материал нь хүн голоод байхаар тордолгоо авахаа больчихсон биш шүү дээ. АН гэдэг чинь нийгмийн бараг тал нь дэмжиж байгаа, зүрх сэтгэлээрээ зүтгэж байгаа гишүүн, дэмжигч маш олон байгаа. Ололт амжилт гараад ирэхлээр баярладаг, алдаа дутагдал гарахлаар өөрийн юм шиг эмзэглэн хүлээж авдаг хүмүүс олон. Энэ хүмүүсийг дайчлах, зохион байгуулах асуудал өнөөдөр юу юунаас илүү дутаад байна гэж ойлгож байна.

М.БАТБААТАР
(өдрийн сонин 2005-11-03 265)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *