NTV – Болзоо ярилцах цаг нэвтрүүлэгт оролцон ярилцлага өглөө.
Tag Archives: Ярилцлага
Ерөнхий сайд хууль зөрчсөн бол огцрох ёстой
Зууны Мэдээ сонинд өгсөн ярилцлага.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдад Монголын талаар эерэг дохио очно хэмээн хууль тогтоогчид үзэж байна. УИХ-ынгишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар баталлаа. Зах зээлд ямар дохио очсон бол?
Энэ хуульд хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгье гэсэн санаа байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль маань гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээд сөрөг дохио өгсөн. Ингэхдээ “Ер нь Монгол Улс хөрөнгө оруулалтаа сүрхий авч үзэж байгаа юм байна. Хэр баргийн юмыг оруулахгүй юм байна, дэмжихгүй юм байна” гэсэн ойлголт өгсөн юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын гол сонирхдог салбар болох уул уурхай, бусад салбарыг хүртэл оруулаад, дээрээс нь харилцаа холбооны салбар, санхүүгийн зах зээлийг хүртэл оруулаад стратегийн салбар гэчихсэн. Энд хөрөнгө оруулвал заавал УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг байх ёстой гээд хүнд суртлын механизмуудыг нь нэмэгдүүлээд өгчихсөн учраас буруу дохиолол маягийн юм байсан. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард батлагдсан хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ огт аваагүй. Тэр утгаар нь үзвэл хууль маань осолгүй батлагдчихсан ч аваад хэрэгжүүлье гэхээр юу ч хийгдээгүй. Хүмүүсийн анхаарал нааш цаашаа хандаж, үүнийг тойроод маргаан ч юм шиг, танин мэдэхүйн чанартай ч юм шиг хэлэлцүүлэг маягийн юм өрнөөд, эцэст нь шинэ Засгийн газар яаж шийдэх вэ гэдэг нь хурцаар тавигдлаа. Шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдыг дэмжихээ илэрхийлэх гэж энэ хуулийн төслийг өргөн бариад УИХ-аар түргэн шуурхай хэлэлцүүлж баталлаа. Нэгэнт хүмүүс өмнө нь энэ хууль буруу, бүтэхгүй гэдгийг ярьж л байсан. Хоёрдугаарт, энэ хуулийг өөрчлөгдөнө гэсэн хүлээлт байсан. Тэр хүлээлтийнхээ дагуу энэ асуудлыг шийдээд явж байна.
Намынхандаа УИХ-ын дарга болъё гэдгээ хэлсэн, хүлээж аваагүй
Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлага
Таныг саарал ордныхон ажил таслаж үзээгүй, байнга өрөөндөө сууж байдаг гишүүн гэж онцолдог. Гэтэл УИХ-ын Тамгын газрын гаргасан судалгаанаас харахад та ажил тасалсан гишүүдийг манлайлсан байх юм. Өрөөндөө л байхаас биш чуулганы танхимд суухгүй байгаагийн учир нь юунд байна?
Тэр судалгааг нэг их тоохгүй байна. Хэн, ямар шугамаар яаж бүртгэсэн юм, бүү мэд. Миний хувьд хэдэн зүйл онцолж хэлье. Нэгдүгээрт, өнгөн талаасаа УИХ-ын чуулган 10.00 цагт эхэлж байгаа. Гэхдээ товлосон хугацаанд чуулганы танхимд орж ирээд суудаг гишүүн УИХ-д байхгүй. Яахав, сонгодог утгаар нь авч үзэхэд ажил тасалсан байна гэж болно. Тасалдаг гишүүн ч бишгүй бий. Хоёрдугаарт, цаг хугацаандаа оролцохгүй, хуралд нь суухгүй байгаа бол түүнийг өөр талаас харж үзэх хэрэгтэй. Хэлэлцэж байгаа хуулийн төсөл, журам болоод дэгтэй холбоотой асуудалд сэтгэл дундуур эсвэл эсэргүүцэж байгаа учраас хуралдаа суусангүй гэж ойлгох хэрэгтэй.
Энэ утгаараа авч үзэхэд Р.Амаржаргал хуралд суугаагүй нь эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр байжээ гэж уншиж болох юм. Гуравдугаарт, Р.Амаржаргал гэдэг гишүүн бол чуулганы танхимд хурал эхлэхээс 5-10 минутын өмнө орж суудаг. Түрүүлж ороод суучихдаг гэсэн үг. Намайг ороод суусны дараа нөгөө том дарга нар залардаг юм. Гэсэн ч чуулган хэзээ ч хугацаандаа эхэлдэггүй. Хугацаандаа эхлэхгүй байгаа нь хурлын удирдлага болоод олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний асуудал. Тэдний хариуцлагын асуудал байхгүй юу. Түүнээс биш би өөрийгөө шийтгэж байгаа юм шиг хоосон танхимд хэдий болтол суух юм бэ. Бусдыг хүлээж суух шаардлагагүй гэж бодоод гараад явчихдаг юм. Энэ бол болж байгаа үйл явдал. Дөрөвдүгээрт, төрийн тогтолцооны тухай. УИХ түүний дотор гишүүний статусын тухай гэсэн үг. УИХ-ын гишүүн бол сонгогдсон цаг мөчөөсөө эхлээд нийт ард түмний төлөөлөл болдог субьект. Энэ субьектийн үйл ажиллагаа нь ямар нэгэн дарамт шахалт, түрэмгийлэлд ямар нэгэн хэлбэрээр орох учиргүй. Бие даасан, хараат бус байх ёстой. Тэр хэмжээгээрээ ард түмний төлөөлөгч гэх үүргээ биелүүлэх боломж нээгдэнэ. Үндсэн хуульд ч гэсэн тэгээд заачихсан. Гэтэл гишүүдийг энэ үүргээ биелүүлэхэд нь ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэх, ялангуяа захиргааны аргаар дарамтлах хандлага сүүлийн үед ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, юу ярих, юу ярихгүй байхыг нь захиргааны аргаар зааж өгч байна. Үүнийг зөвхөн өнгөрсөн намрын чуулганыг хараад хэлээд байгаа юм биш. Сүүлийн 20 гаруй жилийн түүхээс анзаарагдсан үзэгдэл. 1990-ээд онд УИХ байгуулагдаад удаагүй байхад УИХ-ын гишүүн бол тухайн хэлэлцэж байгаа асуудлыг эсэргүүцэх, хурал хаях эрхтэй байлаа. Энэ нь хожим явсаар байр сууриа өөрчилж ирцээр дарамтлах шалтгаан болжээ. Төвөггүй буюу хялбар арга хайж олсон хэрэг. Уг нь УИХ-ын гишүүнээс “Яагаад хурал хаяв” гэж асуух ёстой. Хурал бол зөвшилцлийн механизм. Энэ механизмыг хэрэгжүүлэхийн оронд захиргаадлын аргаар буюу ирцээр нь барьдаг системд орсон байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд ирц гэдэг юу вэ гэхээр кноп дарагч л байхгүй юу.
Та ийм л учраас суудаггүй гэж үү?
Засгийн газар чамаар хийлгэхгүй гэж хүчирхийлсэн нь буруу
-Олон жил ярьсан төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн хавар эхэлсэн ч Шинэчлэлийн Засгийн газар төслийг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Та энэ шийдвэрийг зөв, буруу аль талаас нь харж байгаа вэ?
-Монгол Улс ойрын жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт дагасан төмөр замын ачаа эргэлтийг жилд 30 сая тоннд хүргэнэ гэж байгаа. Энэ их хэмжээний бүтээгдэхүүнийг автомашинаар зөөгөөд бүтэхгүй гэдгийг өнөөгийн байдал харуулсан. Шинэ төмөр зам ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна экологийн хувьд ашигтай. Тиймээс төмөр зам байгуулах ажлаа яаралтай шийдээд, тээвэрлэлтээ тогтвортой явуулах ёстой. Гэтэл говьд барьж эхэлсэн төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газар өөрөө барина, чамаар хийлгэхгүй гэж хүчирхийлсээр байгаад хувийн хэвшлийнхнээс авчихлаа. Хувийнхан энэ бүтээн байгуулалтад оролцож, эрсдэлээ хариуцаж, улсын нуруунд ирэх ачааллыг нимгэлэх учиртай байсан. Барьж байгуулсныхаа дараа төр концессын гэрээ болон бусад хуулийн дагуу өөрийн мэдэлд 51 хувиа авах ёстой юм. Гэтэл төр буруу шийдвэр гаргачихлаа.
-Хувийн хэвшлийнхэн 2015 онд төмөр замаа ашиглалтад оруулна гэж байсан. Харин төслөө өөрөө гүйцэтгэхээ мэдэгдсэн төрийг хүлээвэл Монгол Улс төмөр замаа хэдийд ашиглаж эхлэх бол?
Эрдэнэт рүү бараа шахдаг байсан бол Таван толгой руу болж өөрчлөгдлөө
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар өнгөрсөн мягмар гаригт Ерөнхий сайдад асуулга тавьсан. Ямар шалтгаанаар асуулга тавих болсныг нь тодрууллаа.
-Компаниудын тухай хуулийн хэрэгжилтийг сонирхож байгаагаа та мэдэгдэж Ерөнхий сайдад асуулга тавьсан. Яагаад энэ асуудлыг онцолсон юм?
-Монголын эдийн засгийн анхдагч буюу нэгж хэлбэр нь компани юм. Бид өмнө нь аж ахуйн нэгж, хувьцаат компанийг тэр бүр ойлгодоггүй байсан. Шууд хэлбэл хувьцаат компани, төрийн өмчит компани нь эдийн засгийн гол хэлбэр. Тэгэхээр орчин үед компаниудын үйл ажиллагааг зөв гольдрилд нь оруулах шаардлага гарч, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй болжээ. Энэ асуудлыг шийдэх зорилгоор хоёр жилийн өмнө компаниудын тухай хуулийг хэлэлцэж баталсан юм. Ер нь Компанийн тухай хууль нь ардчилал ялсны дараа батлагдсан хуучин хуулиудын нэг. Үүнээс хойш 10 гаруй жил болж байж Компанийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Ингэхдээ босох суухын хооронд хэлэлцээд баталчихаагүй. Хоёр жилийн турш хэлэлцэн, боловсруулж байж баталсан юм. Аль ч өнцгөөс нь харсан, хэрэгжих ач холбогдлыг нь аваад үзсэн ч анхаарал татах учиртай. Тэгээд ч хууль хэрэгжвэл Монголын эдийн засаг ямар байхыг шууд тодорхойлох хүчин зүйл болж хувирна. Зөвхөн эдийн засгийн хүрээнд зогсохгүй бусад салбарын асуудлыг ч хамардаг учраас тэр. Тиймээс Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан юм. Хуулийн хэрэгжилтийг хариуцдаг субъекг нь гүйцэтгэх засаглал шүү дээ.
-Тэгээд хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Зонхилон ямар заалтууд нь зөрчигдөж байгаа юм бол?
Continue reading